Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 810

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

            Баянгол дүүргийн шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь Эхийн гудамж 41-2073 тоотод оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар ЦА 77052267, Ишбуяндэлгэр овогт Гэндэнжамцын Болормаагийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн Ард Аюушийн 1 дүгээр гудамжны 33 тоотод оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар ФЖ 72022100, Жагар овогт Нямаагийн Бүжидмаад холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 10 368 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Г.Болормаа, өмгөөлөгч Г.Ариунзул, хариуцагч Н.Бүжидмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхзул, өмгөөлөгч О.Чулуунчимэг, гэрч Б.Сарнай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Уранбайгаль нар оролцов.

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Болормаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би Н.Бүжидмаагийн хүсэлтээр 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 7 200 000 төгрөгийг, сарын 2 хувийн хүүтэй, 15 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн, мөнгөө буцаан төлөхийг Н.Бүжидмаагаас шаардсан боловч төлөхгүй байна.Иймд Н.Бүжидмаагаас үндсэн зээл 7 200 000 төгрөг, хүү 3 168 000 төгрөг нийт 10 368 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Г.Болормаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Н.Бүжидмаад 1 200 000 төгрөгийг бэлнээр өгсөн бөгөөд дараа нь би дүү Б.Сарнайд өмнө нь зээлсэн байсан мөнгөө буцаан авч, 6.000.000 төгрөгийг дахин бэлнээр Н.Бүжидмаад өгсөн.Би Н.Бүжидмаад нийт 7.200.000 төгрөг зээлсэн.Манайхыг бичилд амьдарч байхад Н.Бүжидмаа манайд усанд орж, хувцасаа угаахаар ирээд манайд хонохдоо мөнгө зээлж, мөнгө авсан талаар өөрийн гараар бичиг хийж өгсөн.Н.Бүжидмаа зээлсэн мөнгөнөөсөө дансаар нийт 2.095.000 төгрөг төлсөн, би нэгэнт хүү авах эрхээ алдсан тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 5 105 000 төгрөгийг Н.Бүжидмаагаас гаргуулах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Н.Бүжидмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:Н.Бүжидмаа 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 7 200 000 төгрөгийг зээлж аваагүй ба 2015 оноос өмнө 1 500 000 төгрөгийг л зээлж авч байсан удаатай.Уг мөнгийг төлөх үндэслэл байхгүй бөгөөд Г.Болормаа нь хуурамч нотлох баримт цуглуулсан байх тул өөрийн гарын үсгийн хэвийн шинжилгээ хийлгэнэ.Н.Бүжидмаа орцны жижүүр хийж байгаад 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр уг ажлаасаа гарсан байсан.Г.Болормаа нь 1 500 000 төгрөг зээлдүүлчихээд 7 200 000 төгрөг нэхэмжилж байгаа нь шударга бус байна.Уг 1 500 000 төгрөгийг дүү Х.Мөнхзул нь төлөөд дуусчихсан гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Н.Бүжидмаа эгч Г.Болормаа эгчтэй найзалж байхдаа орцны үйлчлэгч хийдэг байсан. Н.Бүжидмаа эгчийн сонсгол муу, хөгжлийн бэрхшээлтэй, сургууль төгсөөгүй, бичиг үсгийн чадваргүй хүн. Н.Бүжидмаа эгч 2015 оны 10 дугаар сард үйлчлэгчийн ажлаасаа гараад Дорноговь аймагт ажиллахаар явсан.Тэр үед Г.Болормаа эгч надруу залгаж, “танай эгч чинь надад их өртэй утас нь холбогдохгүй байна” гэж ярьсан.Н.Бүжидмаа эгч 2012 онд орцны үйлчлэгч хийж байхдаа 1.200.000 төгрөгийг, сарын хүү нь 100.000 төгрөгөөр сар болгон зээлээс хасч байхаар Г.Болормаа эгчээс зээлж авсан. Н.Бүжидмаа эгч тухайн үед сар болгон цалингаасаа 100.000 төгрөг төлж байсан.Миний дансаар Г.Болормаа эгч рүү нийт 2.750.000 төгрөгийг шилжүүлж, бэлнээр нийт 2.100.000 төгрөгийг аваачиж өгсөн.Н.Бүжидмаа эгчийн хүүхдийн мөнгө олгодог хадгаламжийн дэвтэр, монетан эдлэлүүд Г.Болормаа эгчид барьцаанд нь байгаа. Г.Болормаа эгч 6.000.000 төгрөгийг хэзээ, яаж өгсөн эсэхийг өөрөө ч санахгүй байх шиг байна.Манай эгч ийм их мөнгө авах чадвартай хүн биш гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Н.Бүжидмаагийн хувьд 1.200.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна.Тэгэхдээ 1.200.000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээж авсан мөнгө биш.Энэ мөнгөнөөс нь Н.Бүжидмаа 1.000.000 төгрөгийг авсан бөгөөд 200.000 төгрөгийг нь Г.Болормаа, Н.Бүжидмаа нар хамтдаа үрсэн гэж ярьдаг.Н.Бүжидмаад мөнгө хүлээлгэн өгсөн гэх баримт байхгүй.Нэг өдөр нийт 7.200.000 төгрөг зээлсэн юм бол нэгтгэж гэрээг хийгээгүйд гайхаж байна.Эхлээд 1.200.000 төгрөг, дараа нь 6.000.000 төгрөгийн гэрээ хийсэн гэдэг нь ойлгомжгүй байна, 6.000.000 төгрөгт 1.200.000 төгрөг нь багтсан ч байх боломжтой харагдаж байна, иймд нэхэмжлэгчтэй 6 000 000 төгрөгөөс эргүүлэн төлсөн 2 750 000 төгрөгийг хасаад үлдэгдэл дээр эвлэрэх боломжтой, үгүй гэвэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Болормаа хариуцагч Н.Бүжидмаад холбогдуулан үндсэн зээлийн 7 200 000 төгрөг, зээлийн хүү 3 168 000 төгрөг нийт 10 368 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргасан боловч шүүх хуралдаан дээр хариуцагчаас 5 105 000 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэлийнхээ шаардлагын хэмжээг багасгаж байна.

 

Нэхэмжлэгч Г.Болормаа нь Н.Бүжидмаа надаас 7 200 000 төгрөг зээлж аваад 2 095 000 төгрөгийг эргүүлж төлсөн тул үлдэгдэл 5 105 000 төгрөгийг гаргуулна гэж шаардаж байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Н.Бүжидмаа 2012 онд Г.Болормаагаас 1 200 000 төгрөгийг зээлж,  2 750 000 төгрөгийг буцаан төлсөн гэж тайлбарлаж байна.

 

Нэхэмжлэгч Г.Болормаа хариуцагч Н.Бүжидмаа нарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хэлцэл хийгдсэн байх бөгөөд уг хэлцэлд “Ням овогтой Бүжидмаа би Гэндэнжамцын Болормаагаас 1 200 000 төгрөг зээлсэн нь үнэн учир сар болгон 150 000 төгрөг өгөх болно” мөн “Н.Бүжидмаа би Г.Болормаагаас 6 000 000 төгрөг зээлсэн нь үнэн учир сар болгоны 25-30-ны хооронд 400 000 төгрөг өгөх болно” гэжээ.

 

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т зааснаар хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийх бөгөөд мөн зүйлийн 42.2-т зааснаар энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болдог.

 

Иймд талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэстэй байх бөгөөд өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгийг шилжүүлэн өгснөөр бодитоор байгуулсанд тооцно.

 

Мөн хэргийн 4, 5 дугаар талд авагдсан хэлцэлд бичигдсэн Ням Бүжидмаа гэсэн бичвэр нь хариуцагч Н.Бүжидмаагийн гарын үсгийн загвартай тохирч байгаа болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 1426 тоот шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.

 

Нөгөө талаар Н.Бүжидмаа нь зээлийн төлбөрөөс эргүүлж  2 750 000 төгрөгийг зээлдэгчид төлсөн байна гэж үзэх үндэстэй байна.

 

Зээлдүүлэгч Г.Болормаагийн Хаан банкин дахь 5064489524 тоот дансанд Х.Мөнхзулаас цувуулан шилжүүлсэн 665 000 төгрөгийг Б.Сарнайгийн авах ёстой мөнгө гэж үзэх боломжгүй байх бөгөөд энэхүү мөнгийг Б.Сарнайгийн авах ёстой мөнгө болохыг, улмаар 665 000 төгрөгийг Б.Сарнайд хүлээлгэн өгсөн тухайгаа нэхэмжлэгч баримтаар нотлоогүй байна.

 

Гэрч Б.Сарнай шүүх хуралдаанд Х.Мөнхзул бидний хооронд мөнгө зээлж авч, өгдөг байсан гэж мэдүүлж байх боловч шүүхэд нотлох баримт ирүүлээгүй байна.

 

Иймд Н.Бүжидмаагийн зээлсэн 7 200 000 төгрөгөөс түүний эргүүлж төлсөн 2 750 000 төгрөгийг хасч үлдсэн 4 450 000 төгрөгийг Н.Бүжидмаагаас гаргуулан Г.Болормаад олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан Нямаагийн Бүжидмаагаас 4 450 000 /дөрвөн сая дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулан Гэндэнжамцын Болормаад олгож, үлдсэн 665 000 /зургаан зуун жаран таван мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Г.Болормаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 180 838 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж,  Н.Бүжидмаагаас 86 150 /наян зургаан мянга нэг зуун тавин/ төгрөгийг гаргуулан Г.Болормаад олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    З.ДОРЖНАМЖИН