Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 58

 

                                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, ерөнхий шүүгч Д.Байгалмаа, шүүгч Ч.Жаргалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танихмд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч:  А.М-ийн   нэхэмжлэлтэй

Хариуцагч: З.Д-д  холбогдох 

6 824 971 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч А.М, 

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У, 

иргэдийн төлөөлөгч Г.А, 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анхтуяа нар оролцов. 

 

                                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн ЗД-ын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн б/30 тоот тушаалаар үндэслэлгүй ажлаас чөлөөлснийг эс зөвшөөрч тухай захиргааны  хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл  гарган Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 109/ШШ2017/0023 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2017/0488 дугаар магадлалаар  А.М миний биеийг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр цэцэрлэгийн  эрхлэгчээр  эгүүлэн тогтоосон. Уг үндэслэлгүй ажлаас  чөлөөлөгдсөн  2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны цалин болох 4 824 971  төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2 000 000 төгрөг, нийт 6 824 971 төгрөгийг Архангай аймгийн ЗД-аас гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт  хийлгэхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч А.М-ийн  нэхэмжлэлтэй ЗД-д  холбогдуулан гаргасан  нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч А.М нь 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ажлын байран дээрээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхыг Засаг даргын Тамгын газрын ажлын хэсэг  тогтоосон байдаг. Энэ талаар захиргааны хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны явцад гэрчүүд мэдүүлдэг. Нэхэмжлэгч А.М-ийн дээрх үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хуульд заасан шударга ёсны зарчим болон  хариуцлага  гарцаагүй байх зарчмыг тус тус зөрчсөн. Нэхэмжлэгч нь цалин болон өмгөөллийн хөлс гаргуулах  нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Өмгөөлөгчийн хөлсийг төлөх боломжгүй. Учир нь өмгөөлөгчтэй гэрээ байгуулан хөлс төлж эрх зүйн туслалцаа авах нь тухайн  хүний эрхийн асуудал юм. Хэрэг маргааны нөхцөл байдлаас үзвэл өмгөөлөгчийн хөлс хэт өндөр  тогтоогдсон байна. Иймд нэхэмжлэгч А.М-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. 

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Захиргааны байгууллагын зүгээс ёс зүйн хорооны дүгнэлт гаргуулаагүй байна” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангасан. Харин нэхэмжлэгчийн ажлын байран дээр ёс зүйн зөрчил гаргаагүй гэдгийг тогтоосон шийдвэр байхгүй. Тийм учир нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа өөрөө дүгнэлт хийх ёстой байсан. Нэхэмжлэгч ёс зүйн зөрчил гаргасан гэдэг нь анхан шатны шүүхийн шийдвэрээр тодорхой хэмжээгээр болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогддог. Өмгөөллийн хөлс 2 000 000 төгрөгийг нэхэмжилсэн байсан. Энэ нь ажлаас чөлөөлсөн Засаг даргын захирамж гарсантай шалтгаант холбоогүй гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

 

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.М нь хариуцагч ЗД-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 4 824 971 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2 000 000 төгрөг, нийт 6 824 971 төгрөг гаргуулж, 2017 оны 02 дугаар сараас хойших нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагчийн зүгээс бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэх мэтгэлцээний байр суурийг илэрхийлсэн. 

А.М нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн үүрэгт ажлыг эрхэлж байгаад 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн ЗД-ын захирамжаар үүрэгт ажлаас халагдаж Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон, шүүхийн шийдвэрийн дагуу Архангай аймгийн ЗД-ын 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн б/108 дугаар захирамжаар А.М-ийг ажилд нь томилсон гэх үйл баримт талуудын маргаагүй байдлаар өгсөн тайлбар, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 109/ШШ2017/0023 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2017/0488 дугаар магадлалаар тогтоогдсон. 

Шүүх бүрэлдэхүүний зүгээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. 

 

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр А.М-ийг ажлаас халсан Архангай аймгийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгож, ажилд нь эгүүлэн тогтоосон тул  Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.М-ийн ажилгүй байсан 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүртэлх хугацааны хөлстэй тэнцэх олговорыг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй. 

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа болох 7 сар 18 хоногийн хөлстэй тэнцэх олговорыг нийгмийн даатгалын дэвтрийг үндэслэн тооцоход 5 631 920 төгрөг болж байх боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд 4 824 971 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж байна. Гэхдээ нэхэмжлэгчийн цалин болгож нэхэмжилсэн  4 824 971 төгрөг нь нийгмийн даатгалын шимтгэл болон татвар суутгасны дараах үнийн дүн байгаа болохыг дурдвал зохино. 

 

Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангасан, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасан ажил олгогч нь хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх, ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй тул 2017 оны 02 дугаар сараас хойших нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгэх талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж байна. 

 

Харин нэхэмжлэгч А.М нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөллийн хөлсөнд төлсөн гэх 2 000 000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож байна. Учир нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өөртөө хууль зүйн туслалцаа авахаар өмгөөлөгчид төлсөн хөлс нь ЗД-ын  зүгээс түүнийг ажлаас чөлөөлсөнтэй холбогдон гарсан гэм хорын шууд хохирол гэж үзэхгүй болно.  

 

Иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд “Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй” гэх дүгнэлт гаргасан болохыг дурдаж байна. 

 

Хэрэгт авагдсан нотлох баримтын хуваарилалтыг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т зааснаар нотлох баримтыг үнэлэх ажиллагааг хийсэн бөгөөд мөн хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан нотлох баримтуудыг шүүхийн зүгээс үнэлсэн болно. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,  116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                           ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ЗД-аас 4 824 971 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.М-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 000 000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгчийн 2017 оны 02 дугаар сараас хойших нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагч ЗД-д даалгасугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124 150 төгрөгийг орон нутгийн төсөвт хэвээр үлдээж, ЗД-аас 92 150 төгрөг гаргуулан  А.М-т  олгосугай. 

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шийдвэр гүйцэтгэх арга, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. 

 

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

                        

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.БАДРАХ

                                                  ШҮҮГЧИД                              Д.БАЙГАЛМАА       

                                                                                                 Ч.ЖАРГАЛАН