Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 13

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     А.Мийн нэхэмжлэлтэй иргэний

                                                          хэргийн тухай

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 129/ШШ2018/00058 дугаар шийдвэртэй

А.Мийн нэхэмжлэлтэй

Архангай аймгийн Засаг даргад холбогдох

ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 4 824 971 төгрөг, өмгөөллийн үйлчилгээний хөлс 2 000 000 төгрөг, нийт 6 824 971 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

хариуцагчийн төлөөлөгч Ж.Ундармаагийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэсувд, нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.     

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт:

          “Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн б/30 тоот захирамжаар ажлаас үндэслэлгүй чөлөөлснийг эс зөвшөөрч тус аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган тус шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 109/ШШ2017/0023 дугаар шийдвэр, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2017/0488 дугаар магадлалаар намайг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоосон. Ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн  2017.02.03-2017.09.21-ний өдрийг хүртэлх хугацааны цалин 4 824 971  төгрөг, өмгөөллийн хөлс 2 000 000 төгрөг, нийт 6 824 971 төгрөгийг Архангай аймгийн Засаг даргаас гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү.” гэжээ.

 

          Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарт:

          “Нэхэмжлэгч А.Мийн Архангай аймгийн Засаг даргад  холбогдуулан гаргасан  нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч А.М нь 2017.01.06-ны өдөр ажлын байран дээрээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болохыг Засаг даргын Тамгын газрын ажлын хэсэг  тогтоосон байдаг. Нэхэмжлэгч А.Мийн дээрх үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хуульд заасан шударга ёсны зарчим болон  хариуцлага  гарцаагүй байх зарчмыг тус тус зөрчсөн. Захиргааны хэргийн шүүх “захиргааны байгууллагын зүгээс ёс зүйн хорооны дүгнэлт гаргуулаагүй байна” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангасан. Харин нэхэмжлэгчийг ажлын байран дээр ёс зүйн зөрчил гаргаагүй гэдгийг тогтоосон шийдвэр байхгүй. Тийм учир нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа өөрөө дүгнэлт хийх ёстой байсан. Нэхэмжлэгч ёс зүйн зөрчил гаргасан нь анхан шатны шүүхийн шийдвэрээр тодорхой хэмжээгээр болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогддог. Нэхэмжлэгч нь цалин болон өмгөөллийн хөлс гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Өмгөөллийн хөлсийг төлөх боломжгүй. Учир нь өмгөөлөгчтэй гэрээ байгуулан хөлс төлж эрх зүйн туслалцаа авах нь тухайн  хүний эрхийн асуудал юм. Хэрэг маргааны нөхцөл байдлаас үзвэл өмгөөллийн хөлс хэт өндөр  тогтоогдсон байна. Энэ нь ажлаас чөлөөлсөн Засаг даргын захирамжтай шалтгаант холбоогүй. Иймд нэхэмжлэгч А.Мийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

          Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 129/ШШ2018/00058 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Архангай аймгийн Засаг даргаас 4 824 971 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Мт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 000 000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгчийн 2017 оны 02 дугаар сараас хойших нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагч Архангай аймгийн Засаг даргад даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124 150 төгрөгийг орон нутгийн төсөвт хэвээр үлдээж, Архангай аймгийн Засаг даргаас 92 150 төгрөг гаргуулан  А.Мт  олгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шийдвэр гүйцэтгэх арга, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Ундармаагийн давж заалдах журмаар гаргасан гомдолд:

“Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 129/ШШ2018/00058 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч А.М нь тус аймгийн хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа 2017.01.06-ны өдөр ажлын байран дээрээ хамт олонтойгоо согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхыг Засаг даргын Тамгын газраас очсон ажлын хэсэг тогтоосон байдаг. Энэ нь төрийн үйлчилгээний удирдах албан хаагчийн ёс зүйн дүрэм, байгууллагын дотоод журам, үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээг тус тус зөрчсөн гэж үзэн аймгийн Засаг дарга үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэгт түүний дээрх зөрчлийг мэдүүлдэг. Нэхэмжлэгчийн дээрх үйлдэл нь ёс зүйн зөрчил учир ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадсангүй. Иймд Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 129/ШШ2018/00058 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Аймгийн Засаг дарга нь төрийг төлөөлж байгаа ба аймгийн Засаг даргын Тамгын газар нь төсвөөс санхүүждэг төрийн захиргааны байгууллага тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

А.М 2017.11.15-ны өдөр Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 2017.02.03-ны өдрөөс 2017.09.21-ний өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговор 4 824 971 төгрөг, өмгөөллийн үйлчилгээний хөлс 2 000 000 төгрөг, нийт 6 824 971 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг шаардсан байна.

 

Анхан шатны шүүх хариуцагчаас 2017.02.03-ны өдрөөс 2017.09.21-ний өдөр хүртэл хугацааны олговор 4 824 971 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгаж, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.

 

Давж заалдах шатны шүүхэд гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

А.М Архангай аймгийн Эрдэнэбулган сумын хүүхдийн IV цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд тус аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 109/ШШ2017/0023 дугаар шийдвэр, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2017/0488 дугаар магадлалаар эгүүлэн тогтоогдсон, уг шийдвэр 2017.09.21-ний өдөр биелэгдсэн байх тул энэ хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг шүүх нэхэмжлэгчид олгох шийдвэр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр А.Мийг ажилд эгүүлэн тогтоосон байх тул “Нэхэмжлэгчийн ... үйлдэл нь ёс зүйн зөрчил...” гэх үндэслэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нөхцөл болохгүй.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ Хөдөлмөрийн тухай хууль болон Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.   

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 129/ШШ2018/00058 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

 

 

 

2. Хариуцагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.             

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Т.ДАВААСҮРЭН

                  ШҮҮГЧИД                                Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                                                                   Д.БЯМБАСҮРЭН