| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 119/2023/0027/З |
| Дугаар | 221/МА2023/0724 |
| Огноо | 2023-12-06 |
| Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2023/0724
“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 31 дүгээр шийдвэрийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан
Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: “Х” ХХК
Хариуцагч: “Э” ТӨҮГ
Гуравдагч этгээд: “Г” ХХК
Шүүх хуралдааны оролцогчид:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн Б.Хн, М.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э
Хэргийн индекс: 119/2023/0027/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 31 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 16 дугаар зүйлийн 16.1, 16.2, 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.1, 42 дугаар зүйлийн 42.1.2-т заасныг баримтлан ““Э” ТӨҮГ-ын 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ГЁ-112-12/3755 дугаар мэдэгдэл, 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ГЁ-112-12/3756 дугаар мэдэгдлүүдийг дахин шинэ акт гаргах хүртэл 1 /нэг/ сарын хугацаагаар түдгэлзүүлж, “Э” ТӨҮГ-ын 202301209 дугаартай “Д” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороонд нэхэмжлэгч “Х” ХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, үнэлгээний хорооны шийдвэр гаргуулахыг даалгах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.
2. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “
2.1. ... Тус шүүхийн шийдвэрт гол маргаан дагуулж буй үйлдвэрлэгчийн баталгаа нь хуурамч эсэх нь цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа гэх боловч “Г” ХХК-аас одоогоор ямар нэгэн тайлбар мэдүүлэг аваагүй эцсийн байдлаар хуурамч эсэх нь тогтоогдоогүй байхад хуурамч мэтээр үзэж шийдвэрээ гаргалаа. Тус нотариатын баталгаа нь хуурамч мөн “Г” ХХК буруутай эсэхийг эцсийн байдлаар шүүх тогтоосон байх ёстой.
2.2. Хэрэв хуурамч гэж үзвэл Орхон аймгийн Д.Эын нотариатчийн баталгааг хүчингүй болголгүй нотлох баримтаар үнэлэн хэрэгт төдийлөн ач холбогдолгүй нотлох баримтаар шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна.
2.3. “Г” ХХК нь бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Э төрийн өмчит үйлдвэрийн газрын олон тендерт оролцож хамтран ажиллаж бараа материалыг үйлдвэрлэгчээс нь нийлүүлж ирсэн. Д нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/202301209 дугаартай тендер сонгон шалгаруулалтад оролцож төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.3-д зааснаар шаардлагад нийцсэн тендерүүдийн үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна гэсний дагуу “Г” ХХК үнийн саналаараа 2-т жагссан байсан бөгөөд тендерт оролдогч үнийн саналаар 1-т шалгарсан “А” ХХК нь бичиг баримтын зөрчлөөр хасагдаж тендерийн 2-т шалгарсан манай компанид гэрээ байгуулах эрх олгосон ГЁ-112- 12/3755 албан тоотыг “Э” ТӨҮГ-аас олгосны дагуу бид гэрээ байгуулсан. Тус гэрээ одоо болтол хүчин төгөлдөр гэдгийг анхан шатны шүүх харгалзан үзсэнгүй.
2.4. Манай компани нь “Э” ТӨҮГ-тай байгуулсан гэрээний дагуу бидэнд баталгаа олгосон үйлдвэрлэгчээс нь бараа материалаа нийлүүлэхээр захиалж мөнгө төгрөгийг нь Капитрон банкнаас юань худалдан авч шилжүүлсэн бөгөөд бараа материал нь одоо хил дээр эрээн хотод ирсэн бөгөөд гаалийн бүрдүүлэлтээ хийж байна. Энэ талаар анхан шатны шүүх хурал дээр нотлох баримтыг гарган өгч хэргийн материал шинжлэн судлахад гар утаснаасаа эх хувиудыг үзүүлсэн хэдий ч анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу үнэлэн авч хэлцэлгүй шийдвэрээ гаргасан нь манай компанийг санхүүгийн болон эдийн засгийн хувьд асар их алдагдалд оруулах гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрхийг хөндсөн шийдвэр гаргасан тул тус шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхээс хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзэж, захиргааны актыг дахин шинэ акт гарах хүртэл түдгэлзүүлсэн хэсэгт нэхэмжлэгч болон хариуцагч талаас давж заалдах гомдол гаргаагүй, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, тухайн гомдлыг хангахгүй орхив.
1. Нэхэмжлэгч “Х” ХХК-аас “Э” ТӨҮГ-ын 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “202301209 дугаартай “Д” нийлүүлэгчийг сонгон шалгаруулалт”-д “хамгийн сайн” гэж шалгарсан “Г” ХХК-д гэрээ байгуулах эрх олгохоор мэдэгдсэн ГЁ-112-12/3755 дугаар мэдэгдэл, мөн өдрийн “Х” ХХК-д “тендер нь шалгараагүй”-г мэдэгдсэн ГЁ-112-12/3756 дугаар мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах, Үнэлгээний хороонд нэхэмжлэгчийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, Үнэлгээний хорооны шийдвэр гаргуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1.1. Нэхэмжлэлийн агуулга, үндэслэл нь “Г” ХХК-ийн тендерийн материалд ирүүлсэн үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг нотариатаар батлуулаагүй атлаа хуурамчаар бүрдүүлж, тендерийн баримт бичгийн ТОӨЗ-ны 18.1.2-т заасан шаардлага хангаагүй байхад “хамгийн сайн” тендерээр шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон нь хууль бус гэж үзэж, маргаан бүхий шийдвэрүүдийг хүчингүй болгож, үнэнч шударгаар материалаа бүрдүүлж өгсөн нэхэмжлэгчийг “хамгийн сайн” тендер ирүүлсэн оролцогчоор шалгаруулах шийдвэр гаргахыг Үнэлгээний хороонд даалгуулахаар маргасан.
2. Уг нэхэмжлэлийг анхан шатны шүүх “... Тендерт шалгарсан “Г” ХХК-ийн үйлдвэрлэгчийн итгэмжлэл нь тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангасан эсэх нь эргэлзээ үүсгэж байгаа нь шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзэх үндэслэлд хамаарах ... тул хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий актуудыг түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж, ... мөн “... тендерийг хянах, тендер үнэлэх, гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах зэрэг тендерийн тодорхой шат дараалсан ажиллагаанууд хийгдээгүй байхад шүүхээс захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцож, даалгах нэхэмжлэлийг хангах боломжгүй гэж” дүгнэн “даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, уг шийдвэрт нэхэмжлэгч болон хариуцагч тал давж заалдах гомдол гаргаагүй.
3. Харин гуравдагч этгээд “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “... Тус үйлдвэрлэгчийн зөвшөөрөл дээрх нотариатын баталгаа нь хуурамч, мөн “Г” ХХК буруутай эсэхийг эцсийн байдлаар шүүх тогтоосон байх ёстой. ... Хэрэв хуурамч гэж үзвэл Орхон аймгийн Д.Э нотариатчийн баталгааг хүчингүй болголгүй нотлох баримтаар үнэлэн хэрэгт төдийлөн ач холбогдолгүй нотлох баримтаар шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй...” гэжээ.
4. “Д нийлүүлэх ЭҮТӨҮГ/202301209 дугаар нээлттэй тендер шалгаруулалт”-ын тендерийн баримт бичгийн тендерт оролцогчид өгөх зааварчилгаа /ТШЗ/-ны 18.6.2-т “... Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл, эсхүл албан ёсны гэрээт борлуулагчийн зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлэн ирүүлнэ. ... Хэрэв гэрээт борлуулагчаас зөвшөөрөл авсан бол борлуулагч нь үйлдвэрлэгчтэй байгуулсан хамтын ажиллагааны гэрээ, эсхүл албан ёсны гэрээт борлуулагчийн гэрчилгээний хуулбарыг нотариатаар гэрчлүүлэн ирүүлнэ” гэж заасан.
4.1. Гуравдагч этгээд “Г” ХХК-аас 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр нотариатч Д.Эаар (Бүртгэлийн №1716 дугаартай) батлуулсан гэх баримтыг[1] тендер шалгаруулалтад ирүүлсэн байх боловч шүүхэд нотариатч Д.Эаас уг баримтыг “... “Г” ХХК нь миний тамга тэмдгийг хуурамчаар үйлдсэн эсвэл сканердаж ашигласан байж болзошгүй” гэж тайлбар ирүүлсэн зэргээс үзвэл тус компанийн тендер нь тендерийн баримт бичигт заасан дээрх шаардлагад нийцсэн эсэх нь эргэлзээтэй байх тул гуравдагч этгээдийн энэ талаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.
4.2. Тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн тэмдэглэл (хавтас, 84-86 хуудас)-ээс үзвэл тендерт оролцсон “хамгийн сайн” тендер ирүүлсэн гэж шалгарсан “А” ХХК-ийн тендерийг /гомдлын дагуу/ дахин үнэлж “... тус компани нь борлуулагчийн итгэмжлэл ирүүлсэн боловч борлуулагч үйлдвэрлэгчтэй хийсэн хамтын гэрээ ирүүлээгүй, нотариат /нотариатчаас ирүүлсэн тайлбараар/-аар баталгаажуулаагүй байгаа нь шаардлага хангахгүй байгаа тул татгалзъя гэдэг дээр санал хурааж” гишүүдийн 100 хувийн саналаар татгалзаж, үлдсэн 2 оролцогч болон нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн “үнэ”-ийг харьцуулж гуравдагч этгээдийг шалгаруулжээ.
4.2.1. Үүнээс үзвэл хариуцагч нь тендерт оролцогч нараас ирүүлсэн тендерийн материалд “нотариатчийн баталгаа”-тай холбоотой эргэлзээтэй “адил нөхцөл” үүссэн байх тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан худалдан авах ажиллагаанд баримтлах “ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, хариуцлагатай” байх зарчимд нийцүүлж, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д заасны дагуу эргэлзээтэй нөхцөл байдлыг тодруулж, гуравдагч этгээдийн тендер нь шаардлагад нийцсэн эсэхийг шийдвэрлэх боломжтой байх тул маргаан бүхий актыг дахин шинэ акт гартал түдгэлзүүлсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна.
5. Гуравдагч этгээд нь “... бид гэрээ байгуулсан. ... Бараа материал нь одоо хил дээр ирсэн бөгөөд гаалийн бүрдүүлэлтээ хийж байгаа, ... анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу үнэлж шийдвэр гаргасан нь манай компанийг санхүүгийн болон эдийн засгийн хувьд асар их алдагдалд оруулах хуулиар хамгаалагдсан эрхийг хөндсөн шийдвэр гаргасан ...” гэх давж заалдах гомдолдоо дурдсан боловч гуравдагч этгээдийн өөрийнх нь тендерийн материалд ирүүлсэн үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг баталсан нотариатч нь уг үйлдлийг хийгээгүйгээ илэрхийлсэнтэй холбоотой дээр дурдсан нөхцөл байдлууд үүссэн байх тул гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 31 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гуравдагч этгээд “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э-ын давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авснаас хойш таван хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
[1] Хэрэгт авагдсан Си Ди, 20-21-р хуудас, уг баримтын орчуулгаас үзвэл шалгарсан тохиолдолд гэрээ байгуулан хамтран ажиллах зөвшөөрлийг үйлдвэрлэгчээс олгосон агуулгатай байна.