Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2023/0733

 

 

 

 

 

 

 

 

 

 

         

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч З.Ганзориг

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.А

 

Нэхэмжлэгч: Б.Б 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба

Гуравдагч этгээд: Б.Г 

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/444 дүгээр захирамжийн Б.Г-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/443 дугаар захирамжийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, газар эзэмших гэрээ байгуулаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг даалгах тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2023/0725 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б, Б.Ц

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч

Гуравдагч этгээд Б.Г

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Н

Хэргийн индекс: 128/2023/0482/з

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Б-гаас Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/444 дүгээр захирамжийн Б.Г-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/443 дугаар захирамжийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, газар эзэмших гэрээ байгуулаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2023/0725 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 32.1 дэх хэсгийг баримтлан Б.Б-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.А дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:

3.1. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/444 дүгээр захирамжийн Б.Г-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Газрын тухай хуулийн 32.5-д заасныг зөрчсөн гэж тодорхойлж, шүүх хуралдаанд мэтгэлцэж оролцсон. Газрын тухай хуулийн 32.5-д “Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаархи үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна” гэж заасныг гуравдагч этгээд Б.Г-ийн гаргасан 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн хүсэлтийг шийдэхдээ хуулийн дээрх заалтыг зөрчсөн, өөрөөр хэлбэл Б.Бгийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр гаргасан хүсэлтэд давхацсан эсэхийг шалгаж, нягтлаагүйгээр давхцуулан хүлээн авсан гэж үзэж байна.

3.2.  Мөн захирамжийг хүчингүй болгуулах дараагийн үндэслэл нь Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын тушаалаар батлагдсан "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох" тухай журмын 2.1.2-т заасан суурин судалгаа, 2.1.3-т заасан хээрийн судалгааг хийлгүйгээр 1 өдрийн дотор хүсэлтийг шийдвэрлэсэн байдаг. Энэ журмыг зөрчиж, гарсан Засаг даргын шийдвэрийг зөвтгөх үндэслэлгүй юм.

Б.Бгийн хуулийн дагуу гаргасан өргөдлийг хүлээн авч шийдвэрлэсэн 2021 оны 09 дугаар сарын 01-ний өдрийн А/443 дугаар газар эзэмшүүлэх эрх олгосон Засаг даргын захирамж хүчинтэй байгаа бөгөөд биелэгдэх ёстой, Б.Бгийн газар эзэмших эрх энэ захирамжаар үүссэн гэж үзэж байна. 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/444 дүгээр захирамжаар Б.Бгийн эрх ашиг хөндөгдөөгүй гэж шүүх дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэг газарт 2 захирамжаар давхцуулан эрх олгосноор буюу гуравдагч этгээдэд эрх олгосон 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/444 дүгээр Засаг даргын захирамжийн үйлчлэлээс шалтгаалж, Б.Б нь хүчинтэй байгаа 2021 оны 09 дугаар сарын 01-ний өдрийн А/443 дугаар газар эзэмшүүлэх эрх олгосон Засаг даргын захирамжийн дагуу газраа эзэмшиж чадахгүй байгаа учраас эрх ашиг зөрчигдөж, шүүхэд хандсан. Б.Бгийн гэр бүлийнхний эзэмшиж буй газрын талаар шүүх дүгнэлт хийж байгаа нь нэхэмжлэлийн шаардлагаас хальсан дүгнэлт гэж үзэж байна. Б.Б нь үнэ төлбөргүй нэг удаа газар эзэмших эрхтэй, тэр эрхээ хэрэгжүүлэхээр шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлж байна.

3.3. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт "...нэхэмжлэгч нь 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр, гуравдагч этгээд нь 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүсэлт тус тус гаргасан, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Б.Гээс түрүүлж гаргасан хэдий ч шийдвэр гаргахдаа цаг хугацааны хувьд нэг өдөр, 2 өөр захирамжаар шийдвэрлэсэн нь захиргааны байгууллагын сонгох боломж, Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2-т заасанд нийцсэн" гэж дүгнэсэн.

Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан "Б.Б надад 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/443 дугаар захирамжийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ олгох, гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд шүүхийн дүгнэлтийг мөн адил хүлээн зөвшөөрөхгүй байна.

3.4. Б.Б нь газрын гэрчилгээ гаргуулахаар 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр гэрчилгээний мөнгийг тушаасан баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Удаа дараа гэрчилгээ гаргуулж, гэрээ байгуулахаар Захиргаанд хандаж байхад шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргаж, нэгж талбарын дугаар авах боломжийг хааж байсан. Захиргааны хууль бус эс үйлдэхүйгээс шалтгаалан нэхэмжлэгч газар эзэмших гэрээгээ байгуулж чадаагүй, гэрчилгээг нь гаргаж өгөөгүй байхад "Газар эзэмших гэрээ байгуулаагүй, гэрчилгээгүй тул газар эзэмших эрхтэй этгээд гэж үзэхгүй" гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Мөн шүүх гуравдагч этгээд Б.Г-д 35.000.000 хохирол учирсан гэж тайлбарласан гэж дүгнэлт хийжээ. Хэргийн материалд хохирол учирсан талаар баримт огт байхгүй, хэрвээ хохирол учирсан бол буруутай шийдвэр гаргасан этгээдээс Б.Г нэхэмжлэх эрхтэй. Захиргааны буруутай шийдвэрээс болж хэрвээ Б.Г-д хохирол учирсан бол түүнийг хохироохгүйн тулд нэхэмжлэгч Б.Б нь өөрт хуулиар олгогдсон үндсэн эрхээ хэрэгжүүлэхгүй орхих байдлаар хохирлыг арилгах үүрэггүй гэж үзэж байна.

3.5. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нараас анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжсэн агуулга бүхий тайлбар гаргасан.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Анхан шатны шүүх Газрын тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэснээс шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна.

3. Нийслэлийн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандаж, нэхэмжлэгч Б.Б нь газар эзэмшихээр төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүсэлт гаргахдаа өөрийн иргэний үнэмлэхний хуулбар, “Ш к” ХХК-ийн үйлдсэн эргэлтийн цэгийг нь газарт бэхэлсэн акт, нэгж талбарын зураг зэргийг; харин гуравдагч этгээд Б.Г 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр газар эзэмших өргөдөл гаргахдаа иргэний үнэмлэхний хуулбар, “Т с” ХХК-ийн үйлдсэн эргэлтийн цэгийг нь газарт бэхэлсэн акт, нэгж талбарын зураг, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, сансрын болон фото зургийг тус тус хавсаргажээ.

4. Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь Б.Бгийн гаргасан хүсэлтийг 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 01110-05-07207-21, Б.Г-ийн гаргасан хүсэлтийг 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 01110-05-08285-21 дугаарт тус тус бүртгэсэн.

5. Улмаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/443 дугаар захирамж (хавсралтын №452)-аар Б.Бд, мөн өдрийн А/444 дүгээр захирамж (хавсралтын №113)-аар Б.Г-д тус дүүргийн 20 дугаар хороо, Шар хоолой гэх байршилд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар тус бүр 700 кв.м газрыг, 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

6. Газар эзэмших эрх олгосон дээрх шийдвэртэй холбогдуулан Б.Г-д 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 0000024699 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, 01110-2021/11467 дугаартай гэрээ байгуулсан бол дээрх байршилд давхцуулж олгосон гэх үндэслэлээр Б.Бгийн газар эзэмших эрхийг баталгаажуулаагүй гэх үйл баримт тогтоогдох ба хэргийн оролцогчдын хувьд эдгээр газар байршлын хувьд хоорондоо давхцалтай, хүсэлт гаргасан газар нь дүүргийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан эсэх талаар маргаагүй болно.

7. Нэхэмжлэгчийн зүгээс “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/444 дүгээр захирамжийн Б.Г-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/443 дугаар захирамжийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, газар эзэмших гэрээ байгуулаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

8. Ингэхдээ “Б.Г-ийн хүсэлт гаргасан газар нь бусдын газартай давхцаж байгаа эсэхийг шалгаагүй, надад олгосон газарт давхцуулан олгож, Газрын тухай хуулийн 31.3-д заасныг зөрчсөн. Б.Г-ийн хүсэлтийг 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр бүртгэж, маргааш нь буюу 9 дүгээр сарын 01-ний өдөр захирамж гарч, газар эзэмшүүлэхээр шийдвэрлэхдээ хээрийн судалгаа хийгээгүй, миний газар эзэмших эрхийг зөрчигдсөн” гэж шаардлагын үндэслэлээ тодорхойлж, маргана.

9. Харин гуравдагч этгээд нь “2021 оны 5 дугаар сард газар дээр очиход ямар нэг тэмдэглэгээгүй хоосон байсан, 6 дугаар сард хүсэлт гаргахад яагаад 8 дугаар сарын 31-нд бүртгэгдсэнийг мэдэхгүй, хууль зөрчиж газар эзэмшээгүй, 2022 оны 5 дугаар сард газар дээрээ хашаа барьж, 35 сая төгрөгийн өртөг бүхий 30 кв.м талбайтай байшин барьсан. Газрын алба миний өргөдөлд хээрийн судалгаа хийсэн, харин нэхэмжлэгчийн газарт хийгээгүй” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бол хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Б.Г өмнө нь хүсэлт гаргаж байсан, сүүлд дахин өгсөн өргөдөл нь Б.Б-гийн өргөдлөө хойш ирсэн тул байршлыг өөрчлөх боломжтой эсэхийг зөвшилцөхөөр хээрийн судалгаа хийхэд газар дээрээ хашаа байшин барьсан байсан. Б.Г-ийн өргөдөл программд түрүүлж бүртгэгдсэн учраас цахимаар гэрээ, гэрчилгээ олгогдсон. Б.Б-д давхцуулж гэрээ, гэрчилгээ олгох боломжгүй тул шүүхийн шийдвэрээс шалтгаалж аль нэг захирамжийг хүчингүй болгохоос аргагүй” гэж тайлбарлана.

10. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна”, 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”, 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана”, 32.2-т “Иргэн энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараахь зүйлийг тусгана:”, 32.2.1-д “овог, нэр, байнга оршин суугаа хаяг, иргэний бүртгэлийн дугаар;”, 32.2.2-т “эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарын дугаар, нэгж талбарыг харуулсан тойм зураг;”, 32.2.3-д “газар эзэмших зориулалт, хугацаа”, 32.5-д “Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаархи үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж тус тус зааж, иргэнд газар эзэмшүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулжээ.

11. Тухайлбал, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасанчлан хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх шаардлага нь хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгээр тодорхой нэгж талбар бүхий газар эзэмшиж буй этгээдийн эрхийг хамгаалахаас гадна гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэх боломжтой газрын хувьд түрүүлж хүсэлтээ гаргасан этгээдийн эрхэд хамгаалалт үүсгэнэ.

12. Нэхэмжлэгч Б.Б-гийн тухайн газрыг эзэмших хүсэлтээ түрүүлж илэрхийлсэн байдал энэ зохицуулалтад хамаарахаар байхад анхан шатны шүүх “Б.Б нь Б.Г-ээс түрүүлж өргөдөл гаргасан хэдий ч Засаг даргаас нэг өдөр, хоёр өөр захирамжаар шийдвэрлэсэн нь захиргааны байгууллагын сонгох боломж, гэрээ байгуулж гэрчилгээ олгогдоогүй тул Б.Б-г газар эзэмшигч гэж үзэхгүй, Б.Г-ийн газар эзэмших эрх хууль ёсны тул энэ шаардлага Б.Б-ийн хувьд тавигдана” гэж дээрх заалтыг буруу тайлбарласан бөгөөд энэ харилцаанд үл хамаарах зохицуулалт болох Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгийг эш татан дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

13. Өөрөөр хэлбэл, газар эзэмших хүсэлт гаргасан дараалал үл харгалзан, нэгэнт газар эзэмших эрхийн гэрчилгээ авч, гэрээ байгуулсан этгээдийн хувьд хүсэлт гаргасан бусад хүн, хуулийн этгээдийн гаргасан хүсэлтийг “бусдын газартай давхцуулж гаргасан хүсэлт гэж үзнэ” гэх агуулгаар Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг тайлбарлах нь тус хуулийн шударга ёс, тэгш байдлыг хангах зарчимд нийцэхгүй.

14. Маргаан бүхий захиргааны акттай холбогдуулан нэхэмжлэгчийн зүгээс, Б.Г-д газар эзэмшүүлэхдээ холбогдох хууль журмын дагуу хүсэлт, хавсаргасан баримтыг нягтлаагүй, Б.Б-ийн хүсэлт гаргасан газартай давхцаж байгаа эсэхийг шалгаагүй, хээрийн судалгаа хийлгүй газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан гэж маргаж байгаа энэ тохиолдолд ... Газрын тухай хуулийн 27, 29 дүгээр зүйл, 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг үндэслэн шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, сонгох боломжоо зөв хэрэгжүүлсэн ... гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг ч зөвтгөх үндэслэлгүй юм.

15. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/187 дугаар тушаалаар баталсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”[1]-ын 4.2-т газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагааны дэс дарааллыг: хүсэлтийг хүлээн авч, бүртгэх; суурин болон хээрийн судалгаа хийх; шийдвэрийн төсөл боловсруулах; нэгж талбарын эргэлтийн цэгийг газарт бэхлүүлэх; газрын кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн системд баталгаажуулах; эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх; газар эзэмших, ашиглах гэрээ байгуулж, гэрчилгээ олгох; нэгж талбарын хувийн хэрэг үүсгэх; гэж тогтоосон байна.

16. Тус журмын зохицуулалтын хүрээнд иргэнд газар эзэмших, ашиглах эрх олгох тохиолдолд Газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим системд орсон эсэхийг эрх бүхий байгууллага суурин судалгаа хийж, нягталж шалгах ба түүний дараа хээрийн судалгаагаар гүйцэтгэх ажиллагааг i/ нэгж талбарын эргэлтийн цэгийн солбицлын утгыг тогтоож, тухайн газрыг шийдвэрийн дагуу эзэмшиж, ашиглаж байгаа эсэхийг тодорхойлох; ii/ хүсэлтэд дурдсан газрын хил заагийг урьдчилсан байдлаар тогтоох; iii/ бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад олгосон газартай давхцаж буй эсэхийг нягталж үзэх; зэргээр тодорхойлж, хүсэлтийг шийдвэрлэх боломжтой тохиолдолд дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмшүүлж, уг шийдвэрийг үндэслэн газар эзэмших, ашиглах эрхийг газрын кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн системд баталгаажуулах зохицуулалтыг тус журмын 6.1, 6.5, 7.2, 7.3, 12.1-д тодорхойлжээ.

 17. Б.Б, Б.Г нараас тус тусын гаргасан газар эзэмших хүсэлт, тэдгээрт хавсаргасан баримтуудыг Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 32.5, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсгийн зохицуулалттай харьцуулан үзэхэд, хэн аль нь гаргасан хүсэлтдээ газар эзэмших хугацааг тодорхойлоогүй, Б.Г нь төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу өргөдлөө гаргаагүй байх боловч захиргааны байгууллага нэгэнт өргөдлийг хүлээн авч бүртгэсэн тохиолдолд эдгээр үндэслэл нь дангаараа газар эзэмших хүсэлтийг буцаах, эсхүл бүртгэлээс хасах үндэслэл болохгүй.

18. Харин захиргааны байгууллагаас Б.Гийн газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхдээ дээр дурдсанчлан зохих журмын дагуу суурин болон хээрийн судалгаа гүйцэтгэхэд, байршлын хувьд Б.Бгийн хүсэлт гаргасан газартай давхцалтай, эсхүл маргаан бүхий А/444 дүгээр захирамжаар эзэмшүүлсэн газар нь түүний хүсэлтэд дурдсан газраас байршлын хувьд зөрүүтэй байхад түүнийг шалгаж, нягтлахгүйгээр цахим мэдээллийн санд Б.Бгийн хүсэлт гаргасан газраас түрүүлж бүртгэсэн нь тогтоогдсон тохиолдолд Б.Гийн газар эзэмших эрх хуулийн дагуу үүсээгүй буюу маргаан бүхий захиргааны актыг хууль бус гэж дүгнэх үндэслэл болно.

19. Маргааны үйл баримттай холбогдуулан энэ хэсгийн 8-д зааснаас гадна, нэхэмжлэгчээс “Б.Гийн хүсэлтийг бүртгэснээс хойш нэг хоногийн дараа газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан тул хээрийн судалгаа хийгээгүй, бусдын газартай давхцаж байгаа эсэхийг шалгаагүй” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “цахим системээс шалгахад анх газар эзэмшүүлэхдээ хээрийн болон суурин судалгаа хийсэн гэж байсан. Гэхдээ тухайн газар дээр очсон эсэхийг баттай хэлж мэдэхгүй” гэж зөрүүтэй тайлбарлана.

20. Үүнээс үзвэл Б.Гийн газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулсан эсэх нөхцөл байдал нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/444 дүгээр захирамжийн түүнд холбогдох хэсгийн хуулийн хүчин төгөлдөр байдлыг тодорхойлоход ач холбогдолтой боловч шүүхээс хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар “дүүргийн Засаг даргын 2 өөр захирамжаар нэг байршилд давхцуулж газар эзэмших эрх олгохдоо энэ хэсгийн 15, 16-д заасан ажиллагааг хэрхэн хэрэгжүүлсэн” болох нь бүрэн тодорхойлогдохгүй байх тул цаашид уг нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай, энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэхээр байна.

21. Газрын тухай хууль, Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын дээр дурдсан холбогдох зохицуулалтаар, Б.Г-д эзэмшүүлсэн газар нь Б.Бгаас түрүүлж хүсэлт гаргасан газартай байршлын хувьд давхцалтай болох нь дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас гүйцэтгэх суурин болон хээрийн судалгаагаар гүйцэтгэсэн ажиллагаанаас нотлогдсон тохиолдолд түүнд газар эзэмшүүлсэн шийдвэр, түүнийг үндэслэж олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмшүүлэх гэрээний хууль зүйн хүчин төгөлдөр байдал үгүйсгэгдэх эрх зүйн үр дагавар үүснэ.

22. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасан нь хэргийн бодит нөхцөл байдалтай холбоотой өөр бусад үндэслэлээр захиргааны акт хууль ёсны байх боломжийг үгүйсгэхгүй бөгөөд нөхцөл байдлыг тодруулах үүргийг захиргааны байгууллагад шилжүүлэх агуулгатай зохицуулалт болно.

23. Иймд (а) Б.Гээс 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр гаргасан газар эзэмших хүсэлтэд хавсаргасан “Т с” ХХК-ийн үйлдсэн эргэлтийн цэгийг нь газарт бэхэлсэн акт, нэгж талбарын зурагт үзүүлсэн 700 кв.м газар нь байршлын хувьд дүүргийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэхээр заасан солбилцолд хамаарахаас гадна (б) маргаан бүхий А/444 дүгээр захирамжаар олгосон газрын байршил нь гуравдагч этгээдийн хүсэлтэд тодорхойлсон газрын солбилцолтой тохирох эсэх, (в) түрүүлж гаргасан Б.Бгийн хүсэлтэд заасан тухайн газарт энэ хэсгийн 15, 16-д заасан үйл ажиллагааны дарааллын дагуу эхэлж суурин болон хээрийн судалгаа хийж, шийдвэрийн төсөл боловсруулж, нэгж талбарын эргэлтийн цэгийг газарт бэхлүүлж, газрын кадастрын нэгдсэн сангийн системд баталгаажуулсан тохиолдолд Б.Гийн хүсэлтэд заасан газарт хээрийн судалгаа хийх, улмаар дараагийн шатны үйл ажиллагаа явуулах нөхцөл үүсэх эсэх; зэргийг захиргааны байгууллага дахин нягтлан шалгах буюу нэмж тодруулах шаардлагатай.

24. Үүнтэй холбогдуулан Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/187 дугаар тушаалаар баталсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-д заасны дагуу дээр дурдсан нөхцөл байдлыг тодруулах ажиллагааг гүйцэтгэж, захиргааны акт шинээр гаргахыг хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах нь зүйтэй байна.

25. Хариуцагч нь шүүхээс тогтоосон 6 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий захиргааны акт хүчингүй болохыг дурдав.

26. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан энэ зохицуулалт нь зарчмын хувьд “маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагад хамаарах ба харин даалгах зэрэг бусад нэхэмжлэлийн шаардлагын төрөлд хэрэглэгдэхгүй тул нэхэмжлэгчийн гаргасан “Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/443 дугаар захирамжийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, газар эзэмших гэрээ байгуулаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/444 дүгээр захирамжийн Б.Г-д холбогдох хэсэг хүчингүй болсноор шийдвэрлэгдэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

27. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах”-аар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2023/0725 дугаар шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/444 дүгээр захирамжийн Б.Г-д холбогдох хэсгийг 6 /зургаа/ сарын хугацаатай дахин шинэ акт гартал түдгэлзүүлсүгэй гэж;

2. Тогтоох нь хэсэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хариуцагч шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/444 дүгээр захирамжийн Б.Г-д холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдсугай гэсэн 2 дахь заалт нэмж, 2 гэсэн дугаарыг 3 гэж өөрчилж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.А-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Д.БААТАРХҮҮ

 

                        ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                                       З.ГАНЗОРИГ

 

 

[1] Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлийн 5477 дугаарт 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр бүртгэгдсэн.