Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2023/0719

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Бын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 723 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид: 

Нэхэмжлэгч Ц.Б

Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, шинжлэх ухааны яамны дэргэдэх салбар зөвлөл

Гуравдагч этгээд С.О

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ц.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мөнхболд

Гуравдагч этгээд С.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ш

 

Хэргийн индекс: 128/2022/0795/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 723 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6, Боловсролын тухай (2002 он) хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.12-д заасныг тус тус баримтлан иргэн Ц.Баас Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, шинжлэх ухааны яамны дэргэдэх салбар зөвлөлд холбогдуулан гаргасан “Ц.Быг төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтад бүртгэхээс татгалзсан Төрийн албаны салбар зөвлөлийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, сонгон шалгаруулалтад бүртгэхийг даалгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “...

2.1. Нэхэмжлэгч Ц.Быг төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтад бүртгэхээс татгалзсан хууль ёсны шийдвэр гараагүй. Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журмын 3.4-д “Комиссын хуралдааны шийдвэр нь тэмдэглэл хэлбэртэй байна. Тэмдэглэлийг зохих журмын дагуу хөтөлж, комиссын бүрэлдэхүүн гарын үсэг зурж баталгаажуулна” гэж заасны дагуу баталгаажаагүй, хүчин төгөлдөр бус шийдвэр байсаар атал, шүүх захиргааны үйл ажиллагааг хууль, журам зөрчсөн гэж дүгнэсэн хирнээ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шийдвэрлэсэн нь хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

2.1.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, хэргийг бүтэн хэлэлцэх хүртэл тухайн комиссын хуралдааны шийдвэр хэрэгт ирээгүй, хариуцагч нотлох баримтаар гаргаж өгөөгүй, “бүх баримтаа өгсөн” гэх байр суурьтай байсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хувьд тус тэмдэглэлийг дээрх журмын 3.4-д заасан шаардлагыг хангаагүй, баталгаажаагүй шийдвэр гэж үзэхийн сацуу шүүхэд нөхөн бүрдүүлж өгсөн гэж үзэж байна. 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн шүүх хуралдааны дараа нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хариуцагч тал тус тэмдэглэлийг нөхөн бүрдүүлэх боломжтой тул шүүх хуралдаан тараад шууд баримт бичгийн үзлэг хийх байдлаар тэмдэглэлийг гаргуулах тухай хүсэлт тавьж байсан.

2.1.2. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б нь “салбар зөвлөлийн гишүүн н.Сарантуяа БНСУ-д зорчсон, гишүүн Ч.Э дарга өөр яамны төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон, тэр хүнээр очиж гарын үсэг зуруулан байж тэмдэглэлийг нөхөж хийнэ гэж байхгүй” гэх агуулга бүхий тайлбар хэлсэн. Энэхүү шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах хүсэлт гаргаснаар, энэхүү тайлбар бичигдсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б нь бүх гишүүдийн гарын үсэг зурсан тэмдэглэл байгаа гэх агуулгыг илэрхийлсэн нь хэрэгт авагдсан маргаан бүхий тэмдэглэлтэй зөрчилдөж байна.

2.1.3. Шүүх хэрэг дэх энэхүү эргэлзээтэй, ноцтой нөхцөл байдлыг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу боллоо. Тухайн тэмдэглэл журмын дагуу баталгаажсан эсэх, бүрэлдэхүүн гарын үсэг зурсан эсэх, яагаад зөвхөн нарийн бичгийн дарга гарын үсэг зурсан болохыг комиссын бүрэлдэхүүнд ажилласан гишүүдээс тодруулах, гэрчээр оролцуулах бүрэн боломжтой байсан. Хууль бус нотлох баримт, захиргааны шийдвэрт үндэслэж хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх зарчимтай зөрчилдлөө.

2.2. Ц.Быг 130 дугаар сургуулийн захирлаар ажиллаж байх үед нь сайд лаборатори 20 дугаар сургууль руу шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4-д “хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах”, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т "хөдөлмөрлөх эрх чөлөөг баталгаажуулах, ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангагдах, цалин хөлс авах, амрах”, Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т "төрийн албан хаагч" гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг” гэж заасан эрх, суурь зарчмыг зөрчсөн шийдвэр гаргалаа. Ц.Б нь 1996 оноос хойш боловсролын салбарт тасралтгүй 23 жил ажилласныхаа хувьд хөдөлмөрлөх эрхээ зөрчүүлж байгаадаа гомдолтой байна.

2.2.1. Боловсролын ерөнхий хууль шинэчлэн батлагдсанаар лаборатори сургууль гэх ойлголт байхгүй болж, ерөнхий боловсролын сургуулиуд Нийслэлийн боловсролын газарт харьяалагдахаар болсон. Шинэ хуулиар ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалын шаардлагад өөрчлөлт оруулж, боловсролын байгууллагад ажилласан хугацааг дүйцүүлэн тооцохтой холбоотой зохицуулалтууд орсон. Энэхүү хууль үйлчлээд эхэлчихсэн байхад ч Боловсрол, шинжлэх ухааны яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөл миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөөр байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

2.3. Шүүх захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаа хууль бус, маргаан бүхий захиргааны акт буюу тэмдэглэл нь алдаатай гэдгийг дүгнэсэн боловч нэхэмжлэлийн шаардлагыг хангаснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээхээргүй байна гэжээ. Шүүх Ц.Быг сонгон шалгаруулалтад оролцогч болохынх нь хувьд дүгнэсэн боловч лаборатори 20 дугаар сургуулийн захирлын албан тушаалыг хашиж буй төрийн албан хаагч, хөдөлмөр эрхлэгчийнх нь хувьд бас дүгнэж, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байгааг анхаарах ёстой.

2.4. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:                                                         

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

1. Нэхэмжлэгчээс “Ц.Быг төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтад бүртгэхээс татгалзсан Төрийн албаны салбар зөвлөлийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, сонгон шалгаруулалтад бүртгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

2. Уг нэхэмжлэлийг анхан шатны шүүх “... Нэхэмжлэгч нь ерөнхий боловсролын сургуульд багшаар 3 жил 1 сар 5 хоног ажилласан нь албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагад нийцэхгүй байна...” гэж дүгнэн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

2.1. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/282 дугаар тушаалаар “Ерөнхий боловсролын лаборатори сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолт”-ыг (1 хавтас, 52-61-р хуудас) баталсан байх ба уг тодорхойлолтын III. Албан тушаалд тавигдах тусгай шаардлагын Туршлага хэсэгт “Ерөнхий боловсролын сургуульд үндсэн орон тоонд 10-аас доошгүй жил багшилсан байх, 5-аас доошгүй жил ерөнхий боловсролын сургуульд сургалтын менежерээр болон боловсролын байгууллагад удирдах албан тушаалд ажилласан байх” гэжээ.

2.2. Нэхэмжлэгч нь дээрх албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй нь хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдсон байх тул энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

3. Уг шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд “... Боловсролын ерөнхий хууль шинэчлэн батлагдсанаар ... ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалын шаардлагад өөрчлөлт оруулж, боловсролын байгууллагад ажилласан хугацааг дүйцүүлэн тооцохтой холбоотой зохицуулалтууд орсон. Энэхүү хууль үйлчлээд эхэлчихсэн байхад ч Боловсрол, шинжлэх ухааны яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөл миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөөр байгааг хүлээн зөвшөөрөхгүй...” гэх боловч маргаан бүхий тухайн сонгон шалгаруулалтад бүртгэхээс татгалзсан шийдвэр нь 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр гарсан байхад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Боловсролын ерөнхий хуулийн дагуу “дүйцүүлэн тооцох” боломжгүй, уг хуулийг хариуцагч тухайн үед зөрчсөн гэж дүгнэх үндэслэлгүй.

4. Мөн гомдолд “... тэмдэглэл нь журамд заасан шаардлагыг хангаагүй, баталгаажаагүй бөгөөд шүүхэд нөхөн бүрдүүлж өгсөн. ... Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б нь бүх гишүүдийн гарын үсэг зурсан тэмдэглэл байгаа гэх агуулгыг илэрхийлсэн нь хэрэгт авагдсан маргаан бүхий тэмдэглэлтэй зөрчилдөж байна. ...” гэжээ. 

4.1. Хариуцагч салбар зөвлөлөөс томилогдсон комиссын 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн хурлын тэмдэглэл”- д [1] “... Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 20 дугаар тусгай сургуулийн захирлын албан тушаалд нийт 4 иргэн бүртгүүлсэн. ... Ц.Б нь багшаар 4 жил, удирдах албан тушаалд 9 жил ажилласан туршлагатай. Үндсэндээ ... ажилласан жилийн туршлагын шаардлага хангахгүй байгаа.  ... Иймд татгалзах саналтай байна. Гишүүд санал нэгтэйгээр зөвшөөрлөө” гэж тусгагдсанаас үзвэл тухайн хуралдаанаар Журмын 5.3-д заасны дагуу “...  нэхэмжлэгчийг сонгон шалгаруулалтад бүртгэхээс татгалзсан” шийдвэр гарсан байх бөгөөд уг шийдвэр гарсан учраас нэхэмжлэгч шалгалтад ороогүй, шүүхээр маргаж байх тул “журамд заасан шаардлага хангаагүй, баталгаажаагүй” гэх гомдлыг хангах үндэслэлгүй.

5. Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “... Ц.Быг 130 дугаар сургуулийн захирлаар ажиллаж байх үед нь сайд лаборатори 20 дугаар сургууль руу шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм. ... Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хуульд заасан эрх, суурь зарчмыг зөрчсөн шийдвэр гаргасан. Ц.Б нь 1996 оноос хойш боловсролын салбарт тасралтгүй 23 жил ажилласныхаа хувьд хөдөлмөрлөх эрхээ зөрчүүлж байгаадаа гомдолтой байна” гэж гомдол гаргасан.

5.1. Төрийн албаны тухай хууль, холбогдох журамд “төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд тавигдах шаардлага хангаагүй” этгээдийг өөр ямар нэгэн шалтгаанаар давуу байдлаар сонгон шалгаруулалтад бүртгэх талаар заагаагүй бөгөөд ийнхүү бүртгэх нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасан “Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах” зарчимд нийцэхгүй  тул энэхүү гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

6. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 723 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мын давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                              Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

 

 

[1] (1 хавтас, 244-249-р хуудас)