Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 153

 

 

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2017/00153

 

 

А.Үржинсүрэн, Д.Батнавч нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ш.Оюунханд Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 181/ШШ2016/01133 дугаар шийдвэртэй

                       

Нэхэмжлэгч А.Үржинсүрэн, Д.Батнавч нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч “Фортунэ стар” ХХК-нд холбогдох

 

"Фортунэ стар" ХХК-д холбогдох 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 2 дугаартай түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбэ 8-126 тоотод байрлах, 6x8 харьцаатай 48 м.кв павильоны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй

"Фортунэ стар" ХХК-ийн А.Үржинсүрэн, Д.Батнавч нарт холбогдох хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч        Д.Батзориг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч                                        Н.Шажинбат

Хариуцагчийн төлөөлөгч                                           Ли Мэй

Хариуцагчийн өмгөөлөгч                                           Б.Наранбулаг

Хариуцагчийн орчуулагч                                           Цүй Хай Пин

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

А.Үржинсүрэн Д.Батнавч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батзоригийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

А.Үржинсүрэн, Д.Батнавч нар нь 2000 оноос эхлэн гэр бүлийн бизнес эрхлэн Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн сэлбэ 8-126 тоот хашаанд буюу одоогийн Зуун айлын барилгын зах дээр худалдааны үйл ажиллагаа явуулж ирсэн. Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжаар чингэлэг тавьж үйл ажиллагаа явуулах нь дүүргийн өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байгаа учраас павилионтой бол гэсэн шаардлага тавьсан. Үүний дагуу Д.Батнавч бид хоёр Ли Мэйтэй уулзахад надад мөнгө байхгүй, би павильон барихгүй та нар миний газар дээр павилон барьж үйл ажиллагаа явуулж болно гэж зөвшөөрсөн. Үүний дагуу бид павильон бариулаад, 2002 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 6x8 буюу 48 м.кв талбайтай павилондоо үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тэр үеэс Ли Мэйд газрыг ашигласны түрээсийн төлбөр жил бүр 150 000-350 000 төгрөг төлж ирсэн бөгөөд бид ямар нэгэн бичгээр гэрээ байгуулаагүй байсан. 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Ли Мэй нь би танайд газар ашиглуулж түрээсэлж байгаа нь үнэн юм чинь газар ашиглуулсан түрээсийн гэрээнд гарын үсэг зурчих, бусад бүх түрээслэгч нар зурчихсан гэсэн тул түүнд итгэж доторх агуулгыг нь уншиж амжилгүй зураад өгсөн. 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдөр "Фортунэ стар" ХХК-ийн гүйцэтгэх захирал Доржнямбуу гэх хүний гарын үсэгтэй мэдэгдэл өгч павильон чөлөөлөх шаардлага гаргаж үл таних 2 залуутай Ли Мэй ирж бидэнд дарамт шахалт үзүүлсэн. Бидний итгэлийг эвдэж хууран мэхэлж, газар эзэмших түрээсийн гэрээ байгуулах нэрийн дор бидний өмч хөрөнгөөрөө барьсан, эзэмшиж ашиглаж байгаа павильоныг "Фортунэ стар" ХХК дур мэдэн улсын бүртгэлд өөрийн өмчлөлд бүртгүүлсэнд гомдолтой байна. Иймд 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 2 дугаартай Түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулж, А.Үржинсүрэн, Д.Батнавч биднийг Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн сэлбэ 8-126 тоотод байрлах, 6x8 харьцаатай 48 м.кв талбайтай павилоны хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгож өгнө үү. Манай павильон нь модоор барьж буулгаад аваад явж болохуйц амбаар биш цутгамал бетон сууртай үл хөдлөх эд хөрөнгө юм.Энэхүү павильоныг бид хоёр 2000 онд барилгын мужаан Б.Хунчулуун, С.Мөнхжамбал нарыг хөлсөлж бариулсан. Иймд газар чөлөөлүүлэх шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

"Фортунэ стар" ХХК-ийн захирал Ли Мэй шүүхэд гаргасан тайлбар болон түүний өмгөөлөгч Б.Наранбулаг шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Тус компанийн захирал Ли Мэй миний бие 1963 онд Улаанбаатар хотод төрсөн. Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбэ 8-126 тоотод байрлах энэ газрыг 1997 оноос ашиглаж байгаад Сүхбаатар дүүргийн 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/558 дугаар захирамжаар "Фортунэ стар" ХХК нь 18643313963018 нэгж талбарын дугаартай 291 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмших болсон ба 000304229 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээтэй болно. Манай газар дээрх чингэлгийг А.Үржинсүрэн нь түрээсэлж байхдаа 33 м.кв модон амбаар барьсан. Анх тохирохдоо "2-3 жил болоод та шинэ байшин барилга баривал би нураагаад аваад явна" гэж ярьдаг байсан, тухайн үед иргэд хоорондоо харилцан тохирч газраа түрээсэлдэг байсан бөгөөд түүний барьсан амбаарыг түр зориулалттай амбаар гэж ойлгож байгаа. 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр нэг жилийн хугацаатай "Түрээсийн гэрээ" байгуулсан. 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн "Түрээсийн гэрээ"-г харилцан тохирч байгуулсан гэрээ гэж үзэж байна. А.Үржинсүрэн хувиараа харилцан тохиролцох замаар миний ззэмшлийн газар дээрх контейнерыг түрээсэлж байгаад контейнерыг авч оронд нь модон амбаарыг бариулсан нь үнэн боловч энэ нь манай компанийн эзэмшил газар баригдсан түр зориулалттай бөгөөд буулгаад авч явж болохуйц эд. Дээрх павильон нь Үржинсүрэн, Батнавч нарынх гэдэгтэй болон павильоны хэмжээтэй бол маргахгүй. Мөн 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан гэрээ нь газрын түрээсийн гэрээ гэдэгтэй маргахгүй байгаа гэжээ.

 

Хариуцагч “Фортуна стар” ХХК-ийн төлөөлөгч Ли Мэй шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Тус компанийн захирал Ли Мэй миний бие СБД 11-р хороо Зүүн сэлбэ 8-126 тоотод байрлах энэ газрыг 1997 оноос ашиглаж байгаад Сүхбаатар дүүргийн 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/558 дугаар захирамжаар "Фортунэ Стар" ХХК нь 18643313963018 нэгж талбарын дугаартай 291 мкв газрыг 15 жилийн хугацаатай эзэмших болсон ба 000304229 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээтэй болно. Манай газар дээрх чингэлгийг А.Үржинсүрэн нь түрээсэлж байгаад оронд нь 33 м.кв модон амбаар барьж уг газрыг түрээслэхээр тохирохдоо "2-3 жил болоод та шинэ байшин барилга барьвал би нураагаад аваад явна" гэж ярьдаг байсан. 2015 оны 4 дүгээр сарын 23-нд нэг жилийн хугацаатай "Түрээсийн гэрээ" байгуулсан. Компанийн хувьд эзэмшил газартаа барилгын материалын худалдааны чиглэлээр өөрсдөө үйл ажиллагаа явуулах хүсэлтэй байх тул манай эзэмшлийн газрыг Монгол Улсын Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу бусдын эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Батнавч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

"Фортунэ Стар" ХХК-ний захирал Ли Мэй нь А.Үржинсүрэн нь манай газар дээрх чингэлгийг түрээслэж байгаад яг хэзээ гэдгийг нь санахгүй байна манай газар дээр 33 м.кв модон амбаар барьж уг газрыг түрээслэхээр тохирсон. Би А.Үржинсүрэнгийн барьсан папилоныг түр зориулалтай амбаар гэж ойлгож байгаа мөн би Батнавч, А.Үржинсүрэн хоёртой 2015 оны 4 дүгээр сарын 23-нд нэг жилийн хугацаатай "Түрээсийн гэрээ" байгуулсан бөгөөд 2016 оны 4 дүгээр сарын 23-нд хугацаа нь дууссан. Д.Батнавч А.Үржинсүрэн би 2000 оноос эхлэн Сүхбаатар дүүргийн 11-р хороо, Зүүн сэлбийн 8-126 тоот газар дээр анх чингэлэг түрээслэж үйл ажиллагаа явуулж ирсэн. Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу чингэлэг тавьж үйл ажиллагаа явуулахыг хориглосон тул Сүхбаатар дүүргийн 11-р хороо Зүүн сэлбийн 8-126 тоотын эзэмшигч Ли Мэйгээс “...чи эндээ павилон барих юмуу...” гэж асуухад “...надад санхүү төсөв байхгүй байна та хоёр боломжтой бол павилон барьж барилгын материалаа зарж болон шүү тэгэхдээ надад газрын түрээсийн төлбөр төлхөд л болно...” гэж зөвшөөрсөн. Д.Батнавч бид хоёр 6*8 буюу 48 м.кв павилон барьж өнөөдрийг хүртэл барилгын материал худалдаж байна. Ли Мэйгийн ярьж байгаа шиг модоор барьж булгаад аваад явж болхуйц нь амбаар биш. энэхүү павилоныг Д.Батнавч бид хоёр 2000 онд барилгын мужаан Б.Хунчулуун, С.Мөнжамбал нарыг хөлслөж бариулсан бөгөөд энэхүү павилон нь цутгамал бетон сууртай үл хөдлөх хөрөнгө юм. Харин Ли Мэй нь Батнавч бид 2-ын Сүхбаатар дүүргийн 11-р хороо Зүүн сэлбийн 8 дугаар гудамжны 126 тоот хашаанд барьсан павилоныг Ли Мэй өөрийн газар дээр байгааг ашиглаж өөрийн үүсгэн байгуулсан "Фортунэ Стар" ХХК-ийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгөөр бүртгүүлчихсэн байсан. Мөн 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр нэг жилийн хугацаатай байгуулсан гэж байгаа тус “Түрээсийн гэрээ" бол утга агуулгын хувьд үзэхэд газар түрээслэх гэрээ биш харин Д.Батнавч, А.Үржинсүрэн бид хоёрын 2000 онд барьсан павилоныг бид хоёрт түрээслэх гэрээ байгуулсан. Энэ бол хуурч, мэхэлж хийсэн гэрээ юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйл 65.1.7 Зохигчдын маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаарх өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа тул мөн тус хуулийн 117 дугаар зүйл 117.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг баримтлан А.Үржинсүрэн, Д.Батнавч нарыг Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбэ 8-126 тоотод байрлах, 6x8 харьцаатай 48 м.кв павильоны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 02 тоот түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний 89 дүгээр зүйлийн 89.1, 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Фортунэ стар ХХК-ийн гаргасан Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбэ 8-126 тоотод байрших газрыг А.Үржинсүрэн, Д.Батнавч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар А.Үржинсүрэн, Д.Батнавч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328 587 төгрөг, Фортунэ стар ХХК-ийн төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Фортунэ стар ХХК-иас 258 386 төгрөг гаргуулан А.Үржинсүрэн, Д.Батнавч нарт, А.Үржинсүрэн, Д.Батнавч нараас 11 950 төгрөг гаргуулан улсын орлогод олгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батзориг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргасан гомдолдоо:

...2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 02 тоот түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болох талаар:

Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороо Зүүн сэлбэ, 8-126 тоот хашаанд байрлах газрыг иргэн Д.Батнавч, А.Үржинсүрэн нар нь 2002 оноос Ли Мэй-тэй тохиролцож барилгын материалын худалдаа үйлчилгээ эрхэлж ирсэн болно. Ли Мэй нь 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр “Түрээсийн гэрээ” байгуулна гэж Д.Батнавч, А.Үржинсүрэн нарын павилон дээр ирсэн бөгөөд тэрээр танайхаас бусад түрээслэгчид бүгд гэрээгээ байгуулчихсан танайх л үлдээд байна гэж шаардаж шавдуулаад байсан учраас А.Үржинсүрэн Ли Мэй-д итгэж доторх агуулгыг нь уншиж танилцалгүй гарын үсэг зурж явуулсан гэдэг. Ли Мэй нь хэд хоногийн дараа тэрээр тус гэрээг авчирч өгөх үед уншиж үзэхэд газар түрээслэх гэрээ биш харин үл хөдлөх эд хөрөнгө буюу агуулах түрээслэх гэрээ байсан бөгөөд мөн тус гэрээн дээр "Фортунэ стар" ХХК-ний тамга дарсан боловч компанийн удирдах албан тушаалтан гарын үсэг зураагүй байжээ. 2015 оны 4 дүгээр сарын 23-ний өдрийн 02 дугаар түрээсийн гэрээний утга агуулгын хувьд газар түрээслэх гэрээ гэж үзэх ямар ч үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 198 дугаар зүйл 198.1-д "Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна" гэж заасныг анхан шатны шүүх зөрчиж гэрээний 1.1, 2.1, 2.3, 2.4, 2.5 дахь хэсэгт заасан заалт нь газар түрээсэлсэн гэсэн шүүхийн дүгнэлттэй огтхон ч нийцэхгүй болно.

Д.Батнавч, А.Үржинсүрэн нарын Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбэ 8-126 тоотод байрлах, 6*8 харьцаатай 48 м.кв павильон үл хөдлөх эд хөрөнгө мөн болох талаар:

Д.Батнавч , А.Үржинсүрэн нар 2000 оноос Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбэ 8-126 тоот хашаанд чингэлэг тавьж үйл ажиллагаа явуулж байсан 2002 онд павильон буюу агуулах барьж үйл ажиллагаа явуулахыг шаардсантай нийцүүлэн одоогийн эзэмшиж байгаа Агуулахын барилга болох павилоныг барьжээ. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 181/ШШ2016/01133 тоот дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэгт павильоны хууль ёсны өмчлөгчөөр тогтоохдоо зөвхөн хөдлөх хөрөнгийн өмчлөгч гэж тогтоосон бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэж тогтоогоогүй болно. Шүүх Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсэгт заасан шинжийг агуулсан үл хөдлөх эд хөрөнгө байгаа болохыг баримтын хүрээнд нотлоогүй гэж нэхэмжлэгч талын Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн үнэлгээний нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой байдлаар авч үзсэнгүйд гомдолтой байна. Нэхэмжлэгч тал нь анхнаасаа уг хөрөнгийг үл хөдлөх хөрөнгө гэж үзэж өмчлөх эрхтэй болохоо тогтоолгох, энэ талаар дүүргийн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт хандаж бүртгэлийн үнэн зөв хийгдсэн гэдэгтэй маргаж гомдол гаргасан болно. Хариуцагч талаас нэхэмжлэгч нарын агуулахын павильоныг хөдлөх эд хөрөнгө болох талаар шүүхэд нотлох баримт өгөөгүй, мөн "Фортунэ стар'" ХХК-ний үл хөдлөх эд хөрөнгийн 221,35 кв.м талбайд ороогүй гэсэн тайлбар гаргасан байхад шүүх хариуцагчийн уг тайлбарыг үндэслэн дүгнэлт хийж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Гэтэл нэг газарт адилхан баригдсан агуулахын зориулалттай барилгыг үл хөдлөх эд хөрөнгө гэж үзэж Улсын бүртгэлд бүртгэсэн байхад түүний нэг хэсэг болсон нэхэмжлэгч нарын Агуулахын павилоны талбайг хөдлөх хөрөнгө гэж үзсэн нь шүүхийн шийдвэр шударга бус шийдвэр болсон гэдгийг харуулж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                                                                ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

                   

Нэхэмжлэгч А.Үржинсүрэн, Д.Батнавч нар хариуцагч “Фортуна стар” ХХК-д холбогдуулан 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 2 дугаартай түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбэ 8-126 тоотод байрлах, 6x8 харьцаатай 48 м.кв павильоны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг,

хариуцагч эс зөвшөөрөн маргаж, хариуцагч "Фортунэ стар" ХХК нь нэхэмжлэгч А.Үржинсүрэн, Д.Батнавч нарын хууль бус эзэмшлээс газраа чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодруулаагүйгээс, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн заалтыг зөрчжээ.

 

Тухайлбал: Нэхэмжлэгч нарын 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 2 дугаартай түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор хоёр шаардлага хоорондоо ямар хамааралтай, гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулснаар ямар үр дагаварт хүрэх зэрэг асуудлыг шүүх нарийвчлан тодруулаагүй байна.

 

Нэхэмжлэгч А.Үржинсүрэн, Д.Батнавч нар маргааны зүйл болж буй павилоныг цутгамал бетон суурьтай үл хөдлөх эд хөрөнгө гэсэн тайлбар гаргаж, “Фортуна стар” ХХК нь агуулахын зориулалттай уг үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн бусад өмчийн хамт улсын бүртгэлд бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан баримт хэрэгт авагдсан байхад анхан шатны шүүх “нэхэмжлэгч нарыг павилоны хууль ёсны өмчлөгчөөр тогтоохдоо үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоогоогүй болохыг дурьдаж байна” гэж дүгнэж байгаа нь ямар баримтыг үндэслэн уг дүгнэлтийг хийж байгаа нь ойлгомжгүй болжээ. /хх 46-47, 57 дугаар тал/

 

Зохигчид шүүхэд гаргасан тайлбартаа “Анх павилоныг барихад талууд зөвшилцсөний үндсэн дээр хариуцагчийн эзэмшил газар дээр барьсан” гэсэн агуулга бүхий тайлбар гаргаж, бусдын эзэмшил газар дээр барилга байшин барихтай холбоотой асуудлаар талууд маргасан байхад шүүх энэ талаар үнэлэлт дүгнэлт хийгээгүй байна.

 

Түүнчлэн шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн талаар зөв тусгаагүй, шүүхийн шийдвэрийн удиртгал болон тогтоох хэсэг нь хоорондоо уялдаа холбоогүй, шүүхийн шийдвэр утга агуулгын хувьд найрууллага муутай болсон байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой болгосноор талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж зааснаар нотлох үүргээ зөв хэрэгжүүлэхэд нь ач холбогдолтой байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцээж, хэргийг нэг мөр шийдвэрлэх  боломжгүй байх тул анхан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 181/ШШ2016/01133 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батзоригийн 328 587 төгрөгийг буцаан олгохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

                                                ШҮҮГЧ                                                Ш.ОЮУНХАНД

Ц.ИЧИНХОРЛОО