Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
Хэргийн индекс | 183/2017/03317/и |
Дугаар | 548 |
Огноо | 2018-03-09 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 548
2018 оны 03 сарын 09 өдөр | Дугаар 183/ШШ2018/00548 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: тоотод оршин суух Т овогт Ш-ын Д /РД: /-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: д байрлах “Э” ХХК /РД: /-д холбогдох
ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн иргэний хэргийг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Д, хариуцагчийн төлөөлөгч Б.Бадамгарав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Ш.Д шүүхэд анх гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Миний бие 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс “Э”ХХК-ийн хүний нөөцийн менежерийн албан тушаалд 1 сарын туршилтын хугацаагаар ажилд орсон. Хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.7-д “талууд гэрээний хугацаа дуусахаас өмнө цуцлах талаар хэн нэгэндээ санал тавиагүй тохиолдолд энэхүү гэрээг анх байгуулсан хугацаагаар сунгагдсанд тооцно” гэж заасан. Уг хугацаанд ямар нэгэн гэрээний асуудал яригдаагүй бөгөөд миний бие өөрийн ажил үүргийг хэвийн гүйцэтгэж байсан. 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ерөнхий захирал Ш.Жадамбаа надтай уулзан чиний гэрээг 1 жилээр сунгана гэж хэлсэн. Гэвч намайг 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 15.00 цагийн орчим ерөнхий менежер Г.Ганбагана намайг гэнэт дуудан ажлаа хүлээлгэж өг, одоо ингээд явж болж гэж хэлснээр миний сууж байсан компьютерийн пасспортыг сольж, ажил хүлээлцэх акт үйлдэх шаардлагагүй гэсэн тайлбар өгсөн. “Э”ХХК намайг ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээнд зааснаар 30 хоногийн дотор мэдэгдэх ёстой байсан. Туршилтын хугацааны гэрээг 1 сараар байгуулж дахин нэг сар сунгагдсан гэж үзвэл туршилтын хугацаа 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр дуусч хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасан байнгын ажлын байранд хугацаагүй гэрээ байгуулна гэсэн заалтын дагуу хугацаагүй гэрээнд шилжсэн. Хариуцагч талаас ажиллах хугацаандаа алдаа дутагдал гаргасан гэж байна. Гэтэл “Э”ХХК-иас намайг ажлаас халсан үндэслэл нь хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон гэдгээр ажлаас чөлөөлсөн болохоос удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, ноцтой зөрчил гаргасан гэж үзээгүй. Миний бие 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр очиж тушаалаа авахад тушаалыг ерөнхий захирал Н.Жадамбаа Хөдөлмөрийн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалт болох хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөх тушаал гаргасан байсан. Гэтэл хариуцагч талаас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөд буй “Э”ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Сэлэнгээгийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн тушаалыг миний гардаж аваагүй, танилцаагүй болно. Тэгээд ч 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр миний бие ажлаа хэвийн гүйцэтгэж байсан. Иймд энэхүү тушаал нь хууль бус бөгөөд хуурамчаар гаргаж өгсөн байна. Иймд “Э”ХХК-ийн ерөнхий захирлын 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож урьд эрхэлж байсан ажид эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацааны цалин 3.500.000 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилтийг хийж өгнө үү. Анх нэхэмжлэл гаргахдаа нэхэмжилсэн эрсдэлийн сангийн мөнгө 100.000 төгрөг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзаж байна гэв.
Хариуцагч “Э”ХХК шүүхэд урьд гаргасан хариу тайлбартаа: “Э”ХХК-д холбогдуулж гаргасан Ш.Дгийн нэхэмжлэлтэй танилцлаа. Ш.Д нь “Э”ХХК-д хүний нөөцийн менежерээр туршилтын хугацаанд ажиллаж байсан. Түүний ажиллах туршилтын хугацаа дуусч уг өдрөөр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргасан. “Э”ХХК-д хууль болон компанийн дүрмийн дагуу гүйцэтгэх захирал Н.Сэлэнгэ нь компанийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан ажилладаг. Ажилтан авах, ажлаас чөлөөлөх асуудлыг ийнхүү гүйцэтгэх захирал шийддэг. Харин тушаал гаргасан гэх Н.Жадамбаа нь “Э”ХХК-г төлөөлөх эрхгүй, тушаал гаргах эрхгүй тул түүний гаргасан тушаал хүчин төгөлдөр бус юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Б.Бадамгарав шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Ш.Д нь 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр тус компанийн хүний нөөцийн менежерийн ажилд туршилтын 3 сарын хугацаагаар орж ажилласан. Тэр үед Н.Сэлэнгэ захирал компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд байсан. Иймд нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн “Э”ХХК-ийн ерөнхий захирал Н.Жадамбаагийн Ш.Дг ажилд авсан, ажлаас чөлөөлсөн тушаалууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй, үндэслэлгүй баримтууд байна. Ш.Д нь “Э”ХХК-д туршилтын хугацаагаар ажиллаж байхдаа хэд хэдэн алдаа дутагдал гаргасан учир компанийн удирдлагын зүгээс цаашид үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй гэж үзээд ажлаас чөлөөлөх тухай шийдвэрийг гаргасан. Уг тушаалыг Ш.Дд танилцуулж, ажлаа хүлээлгэж өгөхийг шаардсан боловч ажлаа хүлээлгэж өгөхгүй, тойрох хуудас зуруулаагүй, манайхаас халагдах тушаалаа аваагүй байж, Н.Жадамбаа гэж хүний гарын үсэгтэй халагдах тушаалыг гаргаж өгсөн. Тухайн Н.Жадамбаа нь “Э”ХХК-д ямар ч хамааралгүй, тушаал гаргах эрх мэдэлтэй хүн биш юм. Харин 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс өмнө “Э”ХХК-ийн ерөнхий захирлаар Н.Жадамбаа хүн болно. Ш.Д нь ажиллах хугацаандаа 2 ч удаа алдаа гаргаж нэг ажилтны хоцрогдлыг буруу тооцож цалин дутуу олгосон, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр нэг ажилтны ажил тасалсан 1 өдрийг 3 өдөр ажил тасалсан гэж цагийн бүртгэл гаргасан тул Ш.Дд сануулах арга хэмжээ авсан. Эдгээр үндэслэлээр Ш.Дгийн хөдөлмөрийн гэрээг цаашид сунгах боломжгүй гэж үзээд ажилд авах туршилтын хугацаа дууссан тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Д нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч “Э”ХХК-нд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 736.000 төгрөг, цалин дээрээс суутган авсан эрсдэлийн сангийн мөнгө 100.000 төгрөг, нийт 836.000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаан дээр ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, цалин дээрээс суутган авсан эрсдэлийн сангийн мөнгө 100.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно.
Шүүх нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ш.Дгийн үндэслэлгүйгээр ажлаас халсан гомдол нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор гаргана гэсэн заалтад нийцжээ.
Ш.Д нь “Э”ХХК-д хүний нөөцийн менежерээр ажиллаж байхад нь “Э”ХХК-ийн ерөнхий захирал Н.Жадамбаагийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 17/214 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтыг баримтлан ажлаас нь халжээ. /хх-4/
Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтыг үндэслэн ажил олгогчийн санаачилгаар Ш.Дг хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн байна.
Учир нь Ш.Дгийн ажиллаж байсан хүний нөөцийн менежерийн албан тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.15-д заасан байнгын ажлын байр байх тул ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.3-т зааснаар шинээр орж байгаа ажилтантай хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон туршилтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээг байгуулж, уг туршилтын хугацаа дууссан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулах үүрэгтэй.
Үүний дагуу ажил олгогч “Э”ХХК нь ажилтан Ш.Дтэй 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 1 сарын хугацаатайгаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан атлаа уг хугацаа дууссаны дараа хөдөлмөрийн гэрээг үргэлжлүүлэн хугацаагүйгээр байгуулаагүй байна.
Түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.7-д талууд гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээг цуцлах талаар хэн нэгэндээ санал тавиагүй тохиолдолд энэхүү гэрээг анх байгуулсан хугацаагаар сунгагдсанд тооцно гэсэн заалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, “Э”ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 5.12-д заасан шинэ ажилтны туршилтын хугацаа 1 сар хүртэл байна гэх заалтуудыг тус тус зөрчсөн байх тул хүчин төгөлдөр бус юм.
Иймд нэхэмжлэгч Ш.Дг 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс хойш “Э”ХХК-ийн хүний нөөцийн менежерийн албан тушаалд туршилтын хугацаагаар ажиллаж байсан гэж үзэхээргүй байх тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хууль бус юм.
Мөн ажил олгогч нь ажилтан Ш.Дг ажлаас чөлөөлөхдөө “Э”ХХК-ийн ерөнхий захирал Н.Жадамбаагийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 17/214 тоот тушаал, гүйцэтгэх захирал Н.Сэлэнгээгийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 17/214 тоот тушаалыг гаргасан тус тус байх ба эдгээр тушаалууд нь утга агуулгын хувьд ижилхэн ч тушаалын огноо болон тушаал гаргасан эрх бүхий этгээдүүд нь өөр өөр этгээдүүд байна.
Нэхэмжлэгч Ш.Д нь “Э”ХХК-ийн ерөнхий захирал Н.Жадамбаагийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 17/214 тоот тушаалыг 2017 оны 11 дүгээр сарын 14-ний хүлээн авсаны үндсэн дээр уг тушаалыг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргажээ.
Хариуцагч “Э”ХХК-иас нэхэмжлэгч Ш.Дг 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй гэж үзэж ажлаас чөлөөлөх тушаалаа гаргасан боловч хариуцагч Ш.Д ирж аваагүй, ажлаа хүлээлгэж өгөхийг шаардсан боловч ажлаа хүлээлгэж өгөхгүй, тойрох хуудас зуруулаагүй, манайхаас халагдах тушаалаа аваагүй байж, Н.Жадамбаа гэж хүний гарын үсэгтэй халагдах тушаалыг гаргаж өгсөн байна. Н.Жадамбаа нь “Э”ХХК-д ямар ч хамааралгүй, тушаал гаргах эрх мэдэлтэй хүн биш бөгөөд 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс өмнө “Э”ХХК-ийн ерөнхий захирлаар Н.Жадамбаа гэж хүн ажиллаж байсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.
Хариуцагчийн татгалзал үндэсгүй гэж шүүх дүгнэв.
Хариуцагч “Э”ХХК нь нэхэмжлэгч Ш.Дг гүйцэтгэх захирал Н.Сэлэнгэгийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 17/147 тоот тушаалаар 3 хүртлэх сараар ажиллуулахаар шийдвэрлэсний дагуу түүнтэй 1 сарын туршилтын хугацаагаар ажиллуулах тухай хөдөлмөрийн гэрээ байгуулсан болох нь хөдөлмөрийн гэрээ болон 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд өгсөн гэрч Г.Ганбагана нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул анх ажилд авахдаа 3 сарын туршилтын хугацаагаар ажилд авсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй юм.
Мөн “Э”ХХК-иас 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэгч Ш.Дг ажлаас чөлөөлж, гүйцэтгэх захирал Н.Сэлэнгээгийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 17/214 тоот тушаалыг түүнд танилцуулсан болох нь тогтоогдохгүй байх бөгөөд нэхэмжлэгч Ш.Дгийн миний биеийг 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 16.00 цагийн үед ерөнхий менежер Г.Ганбагана дуудаж уулзаад ажлаа хүлээлгэж өг гээд компьютерийн пасспортыг солиод 1 дэх өдөр ирээд надаас тушаалаа аваарай гээд явуулсан гэх тайлбарыг үнэн зөв гэж үзэх үндэслэлтэй байна.
Учир нь гэрч Г.Ганбаганын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд өгсөн “...Э ХХК-ийн үйл ажиллагааг Н.Сэлэнгэ захирал хариуцан ажилладаг тул Н.Сэлэнгэ захирлын Ш.Д нь ажлын байрны шаардлага хангахгүй байгаа учраас ажлаас нь чөлөөл гэсэн үүрэг өгсөн учраас ажлаас чөлөөлөгдөж байгаа болохыг нь хэлж, өнөөдөр 16 цаг хүртэл ажиллаад маргааш өглөө ирж ажлаа хүлээлгэж өгөөд тушаалаа ав гээд явуулсан. Тэр өдрийн огноог санахгүй байна. Ямар ч байсан 4 дэх өдөр байсан гэдгийг санаж байна. Гэтэл Ш.Д Н.Сэлэнгэ захирал байхгүй, намайг ажилтай байхад ирээд хэнээс ямар тушаал авч явсаныг мэдэхгүй байна” гэх мэдүүлгээс үзэхэд гэрч Г.Ганбагана нь 2017 оны 11 дүгээр сарын эхний долоо хоногийн пүрэв гаригт Ш.Дг ажлаас нь чөлөөлж байгааг танилцуулсан гэж үзвэл 2017 он 11 дүгээр сарын 02 болон 2017 оны 11 дүгээр сарын 09-ны пүрэв гаригийн аль нэгэнд түүнд мэдэгдсэн байхаар байна.
Гэтэл “Э” ХХК-иас гаргаж өгсөн цагийн бүртгэлийн баримтаас харахад Ш.Д нь 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг дуустал ажилдаа ирсэн болохыг тэмдэглэсэн, Ш.Дгийн 11 дүгээр сарын сүүл цалингийн дэлгэрэнгүйд ажилласан цагийг 43 цаг гэж тооцжээ.
Мөн “Э”ХХК-ийн ерөнхий захирлын Ш.Дг ажлаас чөлөөлсөн 17/214 тоот тушаал 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гарсан зэрэг нь түүнийг 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл ажилласан болохыг илтгэж байна.
“Э”ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаагаар компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс Н.Сэлэнгэ болсон байх ба Н.Жадамба нь компанид хамааралгүй, тушаал гаргах эрхтэй хүн биш гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийг “Э”ХХК-ийн ерөнхий захирал Н.Жадамбын 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 17/214 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн гэж үзэхээргүй байна.
Гэвч хариуцагч “Э”ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Сэлэнгээгийн Ш.Дг ажлаас чөлөөлөх тухай 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 17/214 тоот тушаал нь нэхэмжлэгчийг ажиллаж байх хугацаанд гарсан, уг тушаалыг нэхэмжлэгчид танилцуулаагүй, танилцуулах гэсэн боловч ирж аваагүй болох нь холбогдох баримтаар нотлогдохгүйгээс гадна уг тушаалаар туршилтын 1 сарын хугацаа дуусч байнгын ажлын байранд үргэлжлүүлэн ажиллаж байгаа ажилтныг хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1, “Э”ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 5.12 дахь заалтыг тус тус зөрчсөн байна.
,Иймд нэхэмжлэгч Ш.Дг үндэслэлгүй халагдсан гэж үзэж, “Э”ХХК-ийн хүний нөөцийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорыг тооцож олгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч Ш.Д нь ажилгүй байсан хугацаан олговорт 3.500.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд дундаж цалин хөлсийг буруу тооцсон байх тул шүүх зөвтгөж тооцсон ба Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7а-д зааснаар нэхэмжлэгч С.Баттулгын 2017 оны 9, 10, 11 дүгээр сард авсан цалингийн дундаж 602.286 төгрөгийг 1 сарын ажлын дундаж хоног 21.5-т хувааж нэг өдрийн дундаж цалинг 28.013 төгрөгөөр тогтоов.
Дээрх нэг өдрийн дундаж цалин болох 28.013 төгрөгийг ажилгүй байсан 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх ажлын 83 хоногоор тооцоход 3.124.360 төгрөгийг нэхэмжлэгчид олгох үндэстэй ба үлдсэн 375.640 төгрөгийн шаардлагыг хуульд заасан үндэслэлгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгов.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 64.940 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Ширмэнбаатарын Дг “Э”ХХК-ийн хүний нөөцийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож, “Э”ХХК-иас ажилгүй байсан хугацааны олговорт 3.124.360 төгрөг гаргуулан Ш.Дд олгож, үлдсэн 375.640 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар Ш.Дгийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг “Э”ХХК-нд даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60.1-д зааснаар “Э”ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 64.940 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР