Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 921

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мө даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

          Нэхэмжлэгч: оршин суух Д овогт Б-ын А /РД: /-ын  итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батзаяагийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: оршин суух Б овогт Г-ын Э /РД: /-т холбогдох

            зээлийн гэрээний үүрэгт 24.370.200 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Батзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Тогмид нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ   нь:

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Б.А нь 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Г.Этай зээлийн гэрээ байгуулж, 4.500.000 төгрөгийг 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд сарын 10 хувийн хүүтэйгээр, хэтрүүлсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцож зээлдүүлсэн юм. Г.Э нь Хаан банкны 5023212016 тоот дансаар зээлсэн мөнгөө авсан. Гэтэл Г.Э нь зээлийн гэрээгээр тохиролцсон 1 жилийн хугацаанд үндсэн зээл болон зээлийн хүүг огтхон ч барагдуулаагүйгээс гадна өнөөдрийг хүртэл зээлээ төлөөгүй зугтааж байна. Арга буюу 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Г.Эыг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2016/01715 дугаар шийдвэрээр түүнийг эрэн сурвалжлуулсан. 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Г.Эын ээж Р.Бурмаатай холбогдон уулзаж, түүнийг Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэх хороолол, 63 дугаар байрны 4 тоот хаяг дээрээ байгаа, шаардлагатай бол надаар дамжуулаад холбогдож болно гэж ярилцсан юм. Иймд Г.Эаас үндсэн зээл 4.500.000 төгрөг, зээлийн хүү 17.550.000 төгрөг, алданги 2.250.000 төгрөг, Г.Эыг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөг, нийт 24.370.200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

            Хариуцагчийн төлөөлөгч Р.Бурмаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.А нь тус шүүхэд миний хүү болох Г.Эт холбогдуулан зээлийн  гэрээний үүрэгт нийт 24.370.200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Энэ хэрэгт миний бие хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 4.500.000 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна. Миний бие уул мөнгийг 5 дугаар сард 50 хувьу 2.250.000 төгрөг төлөх боломжтой ба үлдэж байгаа мөнгийг 9 дүгээр сарын 01-ний дотор бүрэн төлж дуусгавар болгоно гэжээ.

 

          Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг  бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Тус шүүх хуралдааны товыг хариуцагчийн төлөөлөгч Р.Бурмаад мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

         Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Г.Эаас зээлийн гэрээний үүрэгт 24.370.200 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба уг нэхэмжлэлийн шаардлагаас 8.170.200 төгрөгийн шаардлагыг хангаж үлдсэн 16.200.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

          Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Г.Этай 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 4.500.000 төгрөгийг 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 2 сарын хугацаатай,   сарын 10 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн  байна.

         Энэхүү зээлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, нотариатаар гэрчлэгдсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.

           Зээлдэгч нь гэрээний үүргийн гүйцэтгэлд огт төлөлт хийгээгүй  бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр дууссан боловч гэрээний хугацааг талууд сунгаагүй байна.

            Иймд нэхэмжлэгч Б.Ааас үндсэн зээлийн төлбөр болон хүү, алдангийг шаардсан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтуудтай нийцэж байгаа боловч зээлийн хүү, алдангийг буруу тооцож нэхэмжилсэн байх тул зээлдэгч Г.Эын зээлийн үндсэн хүүг зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаагаар тооцоход 900.000 /4.500.000 төгрөг х 10%=450.000 төгрөг х2=900.000 төгрөг/ болж байна.

 Гэрээний хугацаа дууссан 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүртэл алдангийг тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан багасгаж алдангид 2.700.000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Г.Эыг эрэн сурвалжлуулсан болох нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2016/01715 дугаар шийдвэрээр нотлогдож байх тул эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасан үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал гэж үзэж хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

            Зохигчид зээлийн гэрээг 2 сарын хугацаагаар байгуулсан, талууд гэрээний хугацааг сунгаагүй байх тул 1 жилийн хугацаагаар хүү тооцож нэхэмжилсэн нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй болно.

            Мөн хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 4.500.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бусад шаардлагаас татгалзсан боловч  талууд Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т зааснаар үүргийг хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар биелүүлэх үүрэгтэй тул гэрээгээр тохиролцсон хүү, алданги төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэлгүй юм.

          Дээр дурдсан үндэслэлээр үндсэн зээлийн төлбөр 4.500.000 төгрөг, зээлийн хүү 900.000 төгрөг, алданги 2.700.000 төгрөг, үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал 70.200 төгрөг, нийт 8.170.200 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 279.801 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хангаж буй үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 145.673 төгрөгийг хариуцагч Г.Эаас гаргуулж, нэхэмжлэгч Б.Аад олгох нь  зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон                      

ТОГТООХ нь:

          1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Эаас 8.170.200 /найман сая нэг зуун далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Аад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16.200.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 279.801 төгрөгийг улсын хэвээр үлдээж, хариуцагч Г.Эаас 145.673 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Аад олгосугай.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨ