Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 1262

 

 

Б.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2018/00921 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.А-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.Э-т холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 24 370 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.А нь 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Г.Э-тай зээлийн гэрээ байгуулж, 4 500 000 төгрөгийг 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд сарын 10 хувийн хүүтэйгээр, хэтрүүлсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцож зээлдүүлсэн. Г.Э нь Хаан банкны 5023212016 тоот дансаар зээлсэн мөнгөө авсан. Гэтэл Г.Э нь зээлийн гэрээгээр тохиролцсон 1 жилийн хугацаанд үндсэн зээл болон зээлийн хүүг огтхон ч барагдуулаагүйгээс гадна өнөөдрийг хүртэл зээлээ төлөөгүй байна. 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Г.Э-ыг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2016/01715 дугаар шийдвэрээр түүнийг эрэн сурвалжлуулсан. Иймд Г.Э-с үндсэн зээл 4 500 000 төгрөг, зээлийн хүү 17 550 000 төгрөг, алданги 2 250 000 төгрөг, Г.Э-ыг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, нийт 24 370 200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 4 500 000 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна. Миний бие уг мөнгийг 5 дугаар сард 50 хувь 2 250 000 төгрөг төлөх боломжтой ба үлдэж байгаа мөнгийг 9 дүгээр сарын 01-ний дотор бүрэн төлж дуусгавар болгоно гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Э-с 8 170 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16 200 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 279 801 төгрөгийг улсын хэвээр үлдээж, хариуцагч Г.Э-с 145 673 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.А-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хуралдааны цагийг буруу сонссоноос шүүх хуралдаанд оролцож чадаагүй, хариуцагчаас 8 170 200 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. Миний хүү Г.Э нь одоогоор эрхэлсэн ажилгүй орлогын эх үүсвэргүй, би өндөр насны тэтгэврийн зээлтэй амжиргааны түвшин доогуур тул Б.А-ын үндсэн төлбөр болох 4 500 000 төгрөгийг тодорхой хугацаанд тохиролцон төлөх хүсэлтэй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Г.Э-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 24 370 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь 4 500 000 төгрөгийг, сарын 10 хувийн хүүтэй, 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 2 сарын хугацаатайгаар хариуцагчид зээлдүүлэхээр тохиролцсон болох нь хэргийн 4 дүгээр талд авагдсан зээлийн гэрээ болон талуудын тайлбараар тогтоогдсон, энэ үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Хариуцагч нь зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс талуудын хооронд маргаан үүссэн байна.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт “үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж заасны дагуу хариуцагч Г.Э нь зээлийн төлбөрийг 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дуусахад буцаан төлж дууссан байх үүргээ биелүүлээгүй тул мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлд “зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдүүлэгчээр төлүүлэх эрхтэй” гэж тохиролцсон байна.  

 

Нэхэмжлэгч нь зээлийн хүү, алдангийг буруу тооцож нэхэмжилсэн тул шүүх зээлийн үндсэн хүүг зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаагаар тооцож зээлийн хүү 900 000 төгрөг, алдангийг 2 700 000 төгрөгөөр тооцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн, энэ талаарх шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2016/01715 тоот шийдвэрээр Г.Э-г эрэн сурвалжилсан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал, буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцохоор зохицуулсан байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг эрэн сурвалжилахад гарсан зардал болох 70 200 төгрөгийг нэхэмжилснийг анхан шатны шүүх хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Иймд анхан шатны шүүх үндсэн зээл 4 500 000 төгрөг, зээлийн хүү 900 000 төгрөг, алданги 2 700 000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахад гарсан зардалд 70 200 төгрөг, нийт 8 170 200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16 200 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаа зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасантай нийцжээ. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн       167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2018/00921 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73 600 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.НАРАНЦЭЦЭГ

 

                                         ШҮҮГЧИД                                      С.ЭНХТӨР

 

                                                                                              Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ