Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2018/00758

 

 

 

 

 

 

                                       

 

 

2018 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2018/00758

Улаанбаатар хот

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

            Нэхэмжлэгч: НУ-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Эвт-Ард Багануур сан /РД8180954/, түүний тэргүүн Ч.Бд холбогдох гэрээний үүрэгт 8.610.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтанчимэг, түүний өмгөөлөгч Б.Баярмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Жаргалсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

                                                                            

                                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь: 

                                                                              

Нэхэмжлэгч Н.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай гэр бүлийнхэн 2015 оны 6 дугаар сард Багануур дүүргийн групп фэйсбүүк хаягт тавигдсан зар, эмнэлгийн үүдэнд наасан зараас Эвт-Ард Багануур сан нь тус дүүрэгт 105 айлын амины орон сууц барих гэж байгаа мэдээлэл авч, гэр бүлээрээ ярилцан уг байранд захиалга өгөхөөр шийдэж, 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Эвт-Ард Багануур сангийн тэргүүн Ч.Бтэй амины орон сууц захиалах мөнгөн төлбөр шилжүүлэх тухай гэрээ байгуулсан. Уг гэрээгээр 61.5 м.кв 1 давхар амины орон сууцыг 1 м.кв-ыг 700.000 төгрөгөөр тохиролцон үнийн дүнгийн 20 хувь буюу 8.610.000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр ХААН банк дахь Эвт-Ард Багануур сангийн 5750652728 тоот дансанд шилжүүлсэн. Сангийн тэргүүн Ч.Б гэрээ хийхдээ сууцыг 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээлгэн өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл барьсангүй. Орон сууцыг 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээлгэн өгнө гэсэн үүрэг хүлээсэн нь бусад захиалагч болох М.Даваасүрэн, С.Баярцэнгэл нарын мэдүүлгээр нотлогдоно. Бид Ч.Б болон түүний удирдаж буй санд итгэж, Төрийн албан хаагч бидэнд 8.610.000 төгрөг их хэмжээний мөнгө, хуримтлуулсан мөнгөө шилжүүлсэн. Гэтэл орон сууцны нэг ч тоосго өрөгдөөгүй өнөөдрийг хүрсэн. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т талуудын аль нэг нь гэрээний нөхцлийг байнга зөрчвөл нөгөө тал гэрээг хугацаанаас  өмнө цуцлах, өөрт учирсан бүх хохирлыг нэхэмжлэх эрхтэй гэж заасан. Мөн Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 222 дугаар зүйлийн 222.1.1 дэх хэсэг, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасны дагуу орон сууц бариулах гэрээний урьдчилгаанд төлсөн 8.610.000 төгрөгийг тус сангийн тэргүүн Ч.Бээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтанчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч Н.Угийн төлөөлөгчөөр оролцож байгаа, Багануур дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд ажилладаг. Хариуцагч талын 2015 онд хямд байр барих гэж байгаа гэсэн мэдээллийн дагуу бид тус сангийн тэргүүн Ч.Бтэй гэрээ байгуулсан. Тухайн үед би хорт хавдартай, өвдсан байсан тул өөрийгөө төлөөлүүлэн охин Н.Угоор гэрээ байгуулж, Ч.Бийн өөрийн хэлсэн дансанд 8.610.000 төгрөгийг урьдчилгаа төлбөр болгон тушаалгасан. Орон сууцыг 11 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд ашиглалтад оруулж, түлхүүр хүлээлгэн өгнө гэж хэлсэн боловч төлбөрийг хэдэн хувиар хэрхэн хийх талаар тусгаагүй байсан тул Эрүүгийн хэргээр шалгуулсан, гэм буруутай гэдгийг тогтоосон боловч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн учраас ял ногдуулаагүй. Уг мөнгийг хариуцагч талаас сан төлнө гэсэн боловч Багануур Эвт-Ард сан 20.000 төгрөгийн дүрмийн сантай. Улсын бүртгэлийн лавлагаанаас үзэхэд тус сан 11 гишүүнтэй, гэхдээ эдгээр хүмүүс сангийн үйл ажиллагаанд оролцоогүй, мөнгийг тэргүүн Ч.Б мэдэж зарцуулсан. Хариуцагч тал мөнгө авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Иймд сангийн зүгээс эвлэрэх боломжтой, харин хувь хүн болох Ч.Бтэй эвлэрэх боломжгүй тул хариуцагчаас 8.610.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэжлэгчиийн өмгөөлөгч Б.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага болох 8.610.000 төгрөгийг хувь хүн Ч.Бээс биш тус сан, сангийн тэргүүн гэдэг албан тушаалтнаас гаргуулах хүсэлттэй байна. Тус хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа хоёр жил болж байна. Өмгөөлөгчийн хувьд мөнгийг авсанд маргаагүй бол  эвлэрэн хэлэлцэж, графикаар төлөх боломжтой гэж хэлсэн. Эрүүгийн тогтоолд харуицагч 60 гаруй сая төгрөгийг 7 хүнээс авсан. Үүнээс 38.000.000 төгрөгийг зарцуулсан, 23.000.000 төгрөг дутсан нь хариуцагч Ч.Бийн зарцуулсан мөнгө. Энэ мөнгөнд нь нэхэмжлэгчийн 8.610.000 төгрөг багтсан байгаа. Талууд гэрээ байгуулсан, мөнгө авсан эсэхэд маргадаггүй, гагцхүү хариуцагч нь хэн бэ? гэдэгт маргадаг. Хэдийгээр хавтаст хэрэгт авагдсанаар Эвт-Ард Багануур сан ХХК-ийн тэргүүн Ч.Б гэдэг хүнтэй гэрээ хийсэн. Өмнөх шүүх хуралдаанаар Ч.Бээс гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байсан учраас  сан буюу хуулийн этгээдтэй байгуулсан байна гэж хэрэгсэхгүй болгосон. Дээд шүүхийн тогтоолын дагуу хариуцагчаар Эвт-Ард Багануур сан ХХК, түүний тэргүүн, албан тушаалтан нараас нь гаргуулна гэж тодорхойлсон. Оюуны өмч улсын бүртгэлийн газраас ирсэн нотлох баримтаар уг сан нь Багануур дүүрэгт бүртгэлтэй, үйл ажиллагааны чиглэл нь ашгийн бус олон нийтийн төрийн бус байгууллага гэдгийг тодорхойлж, тэргүүлэгчид болон сангийн тэргүүн хэн болох талаар бүх нотлох баримтууд ирсэн. Иймд Төрийн бус байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсэгт төрийн бус байгууллагын гишүүн, удирдах зөвлөлийн гишүүн, ажилтны хууль бус үйл ажиллагааны улмаас иргэд, аж ахуйн нэгж байгууллагад учирсан хохирол, түүнээс үүсэх хариуцлагыг төрийн бус байгууллага хүлээхгүй гэж байдаг. Хариуцагч орон сууц барих үүргээ биелүүлээгүй, гэрээний үүрэгтэй холбоотой хариуцлага болохоос гэм хорын асуудал биш учраас Иргэний хуулийн 498 дугаар зүйл заалтаар зохицуулагдахгүй. Өөрөөр хэлбэл ажил гүйцэтгэх гэрээнээс үүссэн маргаан юм. Сангийн дүрэмд үйл ажиллагааны зорилгоо тодорхой бичсэн байгаа атлаа дүрмийн эсрэг үйл ажиллагаа явуулсан, мэдсээр байж эсрэг үйл ажиллагаа явуулж, гэрээ байгуулсан.  Мөнгө хүлээж авсан нь сангийн тэргүүн байгаа учраас сан, түүний тэргүүнээс гаргуулах нь зүйтэй. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1 дахь хэсэгт зааснаар гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй ба шаардах эрх үүссэн буюу Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дахь хэсэгт заасны дагуу сан, түүний тэргүүнээс төлбөрийг гаргуулна. Хавтаст хэрэгт Эвт-Ард Багануур сан ХХК-ийн дүрэм авагдсан байгаа. Аливаа төрийн бус байгууллага дүрэмдээ заасан үйл ажиллагааг явуулна. Энэ байгууллагын зорилго нь гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалж, стандартад нийцсэн хотхонд амьдрах, өмчилсөн газартай амины орон сууцтай болгох тогтолцоог төлөвшүүлэх, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага гэж тодорхойлсон. Гэтэл сангийн тэргүүн өөрөө гэрээ байгуулж, Н.Уг сандаа элсүүлсэн байтал гишүүн бус хүнтэй гэрээ байгуулж, хэдэн төгрөг урьдчилгаа болгож авсан. Үүнээс эхэлж байгууллагын дүрмээ зөрчиж, үйл ажиллагаа явуулсан. Сангийн тэргүүлэгчийн хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч талд хохирол үүссэн тул 8.110.000 төгрөгийг Эвт-Ард Багануур сан ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

 

Хариуцагч Эвт-Ард Багануур сангийн тэргүүн  Ч.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тус сангийн тэргүүнээр 2015 оны 06 дугаар сард 06-ны өдрөөс ажилласан. Эвт-Ард Багануур сан төрийн бус байгууллага нь шийдвэр гаргах түвшингийн 11 тэргүүлэгч, нарийн бичгийн дарга, ерөнхий менежер, тэргүүн, дэд тэргүүн гэсэн хүмүүсээс бүрддэг бөгөөд одоог хүртэл Эвт-Ард Багануур хотхон төслийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэх арга хэмжээг авч ажиллаж байна. Бид Багануур дүүргийн Засаг дарга болон шийдвэр гаргах удирдлагуудтай уулзалт, хурал зохион байгуулах, тус хурлын эцсийн шийдвэр гарснаар нэхэмжлэлийн хариуг өгнө. Сангийн зүгээс эвлэрэн хэлэлцэх боломжтой, энэ асуудлыг бие даан шийдвэрлэх боломжгүй. Нэхэмжлэгч  Н.Утой гэрээ байгуулсан нь үнэн бөгөөд гэрээнд би албан тушаалтны хувьд гарын үсэг зурсан. Нэхэмжлэгч тал мөнгийг нь хувьдаа зарцуулсан гэж хэлж байна. Мөнгө нь тухайн сангийн үйл ажиллагаанд зарцуулагдсан байдаг.  Эвт-Ард Багануур сан ХХК-ийн хувьд мөнгийг буцаан олгоход татгалзах зүйлгүй. Харин иргэн Ч.Бтэй гэрээ байгуулаагүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ш.Жаргалсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээ байгуулагдсан, мөнгө тушаасан нь эсэхэд талууд маргаагүй. Мөнгийг Эвт-Ард Багануур сан ХХК-ийн ХААН банкны дансанд хийсэн байдаг. Мөнгийг захиран зарцуулах эрхтэй этгээд нь зарцуулна. Сангийн үйл ажиллагаанд зарцуулсан мөнгийг Ч.Б гэх хүн төлөх үндэслэлгүй, сан хариуцлага хүлээх ёстой. Төрийн бус байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсгийг нэхэмжлэгч тал ярьж байна. Гэхдээ энэ тохиолдолд Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасны дагуу байгууллага эхний ээлжид гэм хорын хохирлыг барагдуулна. Харин байгууллага нь тухайн буруутай үйл ажиллагаанд зарцуулсан албан тушаалтнаас хохирлоо барагдуулах процесс байдаг. Эрүүгийн хэрэгт хэргийг хэрэгсэхгүй болгосон гэдэгт Эвт-Ард Багануур сангийн тэргүүлэгчид, гүйцэтгэх захирал, хуулийн зөвлөх, менежер бүгд шалгагдсан байдаг. Иймд 8.610.000 төгрөгийг уг байгууллага төлнө, дараа нь байгууллага нь гэм буруутай албан тушаалтнаас нэхэмжилнэ гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                                            ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Н.У нь Эвт Ард Багануур сан, түүний тэргүүн Ч.Бд холбогдуулан гэрээний үүрэгт 8.610.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

 Хариуцагч Эвт Ард Багануур сангийн тэргүүн Ч.Б нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 8.610.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, иргэн Ч.Бтэй эрх зүйн харилцаанд ороогүй, тус Эвт Ард Багануур сангийн тэргүүн хариуцахгүй гэж марган тус сангаас гаргуулахад татгалзахгүй талаар тайлбар өгсөн байна.

 

Нэхэмжлэгч Н.У нь 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр амины орон сууц барих мэдээллийн дагуу Эвт Ард Багануур санг төлөөлөн тэргүүн Ч.Бтэй тус санд амины орон сууц захиалах мөнгөн төлбөр шилжүүлэх гэрээг байгуулж, сангийн 5750652728 тоот  дансанд гэрээний үнийн дүнгийн 20 хувь буюу 8.610.000 төгрөгийг  шилжүүлсэн.

 

Хариуцагч  Эвт Ард Багануур сан нь Багануур хотхоны 105 айлын амины орон сууцнаас 61.5 м.кв талбай бүхий амины орон сууцыг барьж дуусган хүлээлгэн өгөх, захиалагч амины орон сууцны ажлын хөлсөнд нэг м.кв-ын 700.000 төгрөгөөр тооцон нийт 43.050.000 төгрөг төлөхөөр тус тус харилцан тохиролцож, хариуцагч нь уг гэрээний 3.4, 3.5, 3.6 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлж, захиалагч Н.Уд амины орон сууцыг тохирсон хугацаанд шилжүүлж өгөөгүй болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, талуудан хооронд байгуулсан гэрээ, төлбөрийн баримт, Эвт Ард Багануур сангийн улсын бүртгэлийн 0000083286 дугаар гэрчилгээ, дүрэм, хурлын тогтоолууд, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, зохигчийн тайлбарууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдоно.  

 

Нэхэмжлэгч Н.У болон Эвт Ард Багануур сангийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан шаардлагад нийцсэн бөгөөд гэрээ хүчин төгөлдөр,  талууд энэ талаар маргаагүй, ажил гүйцэтгэгч нь зайлшгүй биелүүлэх гэрээний үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь Эвт Ард Багануур сангаас ажлын хөлсний урьдчилгаа 8.610.000 төгрөгийг шаардах эрхтэй болно.

 

 

 

Иймд нэхэмжлэгч Н.Угийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч  Эвт Ард Багануур сангаас 8. 610. 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152.710 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 152.710 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

      

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1дэх хэсэгт зааснаар хариуцагч Эвт Ард Багануур сангаас гэрээний үүрэгт 8.610.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Уд олгосугай.

 

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152.710 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 152.710 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Уд олгосугай.

  3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

  4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.