Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 00433

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 21 өдөр                  Дугаар 183/ШШ2018/0433                              Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Сүхбаатарын гудамж-5, өөрийн байранд байрлах Гбанкны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн наран 17-89 тоот бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Туулын 2/Б гудамж 31-1 тоот аж ахуйн хашаанд байрлах, Ти Эс Эй Ти ХХК /РД:5189929/,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Үйлдвэр ХД 67 дугаар байрны 14 тоотод оршин суух, Очир овогт Цэдэвээгийн Б/РД:ВК75120213/,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр ХД 67 дугаар байрны 14 тоотод оршин суух, Сартуул овогт Сүхбаатарын Б/РД:ВК85110808/,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол 2а байрны  121 тоотод оршин суух, Боржигон овогт Шаравын Э /РД:ХИ80022269/ нарт холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 1,366,915,982.01 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс болон батлан даагчийн хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд:  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Насанбуян, Б.Батхишиг, хариуцагч Ти Эс Эй Ти ХХК-ийн захирал Ц.Билэгдэмбэрэл, хариуцагч Ш.Эгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Анхбаяр, хариуцагч Ти Эс Эй Ти ХХК болон Ц.Бнарын өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Туул нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Насанбуян шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  “2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Ти Эс Эй Ти ХХК нь Гбанктай ЗГ2105017315 тоот зээлийн гэрээ байгуулж, 1,700,000,000.00 төгрөгийг жилийн 3.8 хувийн хөнгөлөлттэй хүүтэйгээр 36 сарын хугацаатай зээл авсан. Уг зээлийн гэрээний гүйцэтгэлийг хангах баталгаа болгож, БГ2105017315 тоот ипотекийн гэрээгээр Ц.Билэгдэмбэрэлийн өмчлөлийн  нэг газар байрладаг үл хөдлөхүүдийг барьцаалсан. Үүнд: 1054 м/кв талбайтай агуулах, тахианы байр зориулалттай, 484 м/кв бүхий аж ахуйн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо ХД-67 дугаар байрны 14 тоот 76.9 м/кв бүхий 3 өрөө орон сууц, мөн уг байранд байрлах 18 м/кв бүхий 6 тоот авто зогсоол, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Туул тосгоны 6 дугаар байр 16 тоот 34 мк2 бүхий 2 өрөө орон сууц, мөн Баянгол дүүргийн 10 дугаар хороо 17 дугаар гудамж 89 тоот хувийн сууцны зориулалттай 57.77 м/кв бүхий 2 ширхэг үл хөдлөх хөрөнгө, Улсын бүртгэлийн Г2205001219 тоот дугаартай Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн нарангийн 17 дугаар гудамж 89 тоотод байрлах 351 м/кв бүхий газар, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Туулын 2-б дугаар гудамжны 31-1, 31-2, 32 тоот тус тус 700 м/кв газар, мөн уг хаягт байрлах 2-б-ийн 31 тоотод байрлах 700 м/кв бүхий газар, 2-б-ийн 32 тоотод байрлах 700 м/кв бүхий газар, нэг дор байдаг 6 газрыг барьцаалж зээл авсан. Мөн Ти Эс Эй Ти ХХК нь 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр БГ2105017315-1 тоот  ипотекийн гэрээгээр улсын бүртгэлийн Ү-2206003047 дугаартай Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Шувуун фабрикийн 268 м/кв бүхий талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн дээрх хаягт байрлах 2568 м/кв бүхий газар эзэмших эрхийг тус тус барьцаалсан. Мөн БГ2105017315-2 тоот ипотекийн гэрээгээр Ц.Билэгдэмбэрэлийн өмчлөлийн Ү-2206045857 дугаартай мөн дээрх хаягт  байрладаг 1680 м/кв бүхий тахианы аж ахуйн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг, С.Бгийн өмчлөлийн БГ2206011417 дугаартай дээрх хаягт байрлах 443 м/кв талбайтай өмчлөх эрх, мөн түүнчлэн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан БГ2105017315-4 тоот ипотекийн гэрээгээр С.Бгийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо 2-б байрны 36 тоотод байрлах 700 м/кв газар, түүнчлэн уг зээлийг эргэн төлөхгүй тохиолдолд өөрийн харилцах дансан дахь мөнгөн хөрөнгө болон бусад эд хөрөнгөөр хариуцна гэж 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Ц.Бболон мөн тус өдөр Ш.Э нар нь ГД2105017315 болон 15-1 гэсэн батлан даалт гаргасан юм. Ти Эс Эй Ти ХХК нь зээл авсан боловч зээлийн гэрээний хугацаа 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр дуусгавар болсон боловч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэлгүй өдийг хүртэл төлөхгүй, нэхэмжлэл гаргах үеийн байдлаар буюу 2017 оны 12 дугаар сарын 02-ны  өдрийн байдлаар үндсэн төлбөр 1 198 879 771 төгрөгийн үлдэгдэл, хүүний төлбөрт 148 704 749 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 19 331 460 төгрөг, нийт 1 366 915 982 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул банк 1 366 915 982 төгрөгийг Ти Эс Эй Ти ХХК-иас гаргуулж,  дээр дурдсан барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Ц.Бболон Ш.Э нар нь төлбөрийг төлөөгүй тохиолдолд өөрийн дансан дахь мөнгө болон эд хөрөнгөөр батлан даасан тул батлан даалтын гэрээний үүргийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна” гэв.

 

Хариуцагч Ти Эс Эй Ти ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Хариуцагч манай Ти Эс Эй Ти ХХК нь нэхэмжлэгч Гбанктай 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр жилийн 3.8 хувийн хүүтэй, 3 жил буюу  36 сарын хугацаатайгаар зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 1,700,000,000 төгрөгийг зээлж авсан. Зээлийг зориулалтын дагуу зарцуулж тахианы аж ахуйн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлсэн боловч 2014 оны 2 дугаар улирлаас  БХНАУ-ын юаны ханш 35 хувиар өсч гол түүхий эдийн үнэ нэмэгдэж /Монгол улс тахианы тэжээл 100 хувь БНХАУ-аас импортлодог байсан/ өндөг үйлдвэрлэлийн өртөг өндөр болсон. Мөн 2014 онд ОХУ-ын рублын ханш 40 хувиар буурч импортын өндөг хямд үнээр их хэмжээгээр нийлүүлэгдэж дотоодын тахианы аж ахуйнууд болон манай компани алдагдалтай ажиллаж хэвийн үйл ажиллагаа доголдсоноор зээлээ графикийн дагуу төлөхөд хүндрэл учирсан.  Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр дуусах ёстой. Манай компани болон батлан даагч нь өөрсдийн өмчлөл эзэмшлийн тооны хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүдийг үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалсан. Гэтэл гэрээний үндсэн хугацаа дуусаагүй байхад 2015 оноос эхлэн жилийн 3.8 хувийн хүүтэй зээлийн  хүүг 2.3 хувиар тооцож хүү болон нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

 

Хариуцагч Ц.Бшүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Хариуцагч манай Ти Эс Эй Ти ХХК нь нэхэмжлэгч Гбанктай 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр жилийн 3.8 хувийн хүүтэй, 3 жил буюу  36 сарын хугацаатайгаар зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 1,700,000,000 төгрөгийг зээлж авсан. Зээлийг зориулалтын дагуу зарцуулж тахианы аж ахуйн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлсэн боловч 2014 оны 2 дугаар улирлаас  БХНАУ-ын юаны ханш 35 хувиар өсч гол түүхий эдийн үнэ нэмэгдэж /Монгол улс тахианы тэжээл 100 хувь БНХАУ-аас импортлодог байсан/ өндөг үйлдвэрлэлийн өртөг өндөр болсон. Мөн 2014 онд ОХУ-ын рублын ханш 40 хувиар буурч импортын өндөг хямд үнээр их хэмжээгээр нийлүүлэгдэж дотоодын тахианы аж ахуйнууд болон манай компани алдагдалтай ажиллаж хэвийн үйл ажиллагаа доголдсоноор зээлээ графикийн дагуу төлөхөд хүндрэл учирсан.  Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр дуусах ёстой. Манай компани болон батлан даагч нь өөрсдийн өмчлөл эзэмшлийн тооны хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүдийг үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалсан. Гэтэл гэрээний үндсэн хугацаа дуусаагүй байхад 2015 оноос эхлэн жилийн 3.8 хувийн хүүтэй зээлийн  хүүг 2.3 хувиар тооцож хүү болон нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

 

Хариуцагч Ш.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...хариуцагч болон нэхэмжлэгч нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу мөнгийг Ти Эс Эй Ти ХХК өөрийн дансанд бүрэн хүлээн авч захиран зарцуулсан. Миний бие үндсэн зээлдэгч биш бөгөөд гэрээний дагуу мөнгийг захиран зарцуулаагүй, өөрийн өмчлөлд шилжүүлж аваагүй. Мөн хариуцагч Ти Эс Эй Ти ХХК нь гэрээнд заасан хугацаанд үүргээ бүрэн биелүүлээгүй, хөрөнгийн байдал эрс муудсан тул үүргээс татгалзаж байна” гэжээ.

 

          Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Гбанк нь зээлийн гэрээний үүрэгт 1,366,915,982.01 төгрөгийг хариуцагч Ти Эс Эй Ти ХХК-иас гаргуулж, барьцаа хөрөнгүүдээс болон батлан даагчийн мөнгөн хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг Ти Эс Эй Ти ХХК болон захирал Ц.Билэгдэмбэрэл, С.Б, Ш.Э нарт холбогдуулан гаргажээ.

Хэргийн баримтаас үзэхэд талуудын хооронд байгуулсан 2013.12.18-ны  өдрийн ЗГ2105017315 тоот зээлийн гэрээгээр Ти Эс Эй Ти ХХК 1,700,000,000.00 төгрөгийг жилийн 3.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаагаар зээлж авсан байх бөгөөд мөн өдрийн БГ2105017315 тоот ипотекийн гэрээгээр иргэн Ц.Билэгдэмбэрэлийн өмчлөлийн 12 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг, мөн БГ2105017315-1 тоот ипотекийн гэрээгээр Ти Эс Эй Ти ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг, 2016.06.18-ны өдрийн БГ2105017315-2 тоот ипотекийн гэрээгээр Ц.Билэгдэмбэрэлийн өмчлөлийн Тахианы аж ахуйн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, 2016.11.22-ны өдрийн БГ2105017315-3, 2017.01.05-ны өдрийн БГ2105017315-4 тоот ипотекийн гэрээгээр иргэн С.Бгийн өмчлөлийн газар, 2013.12.27-ны өдрийн батлан даалтын гэрээний дагуу Ц.Бболон Ш.Э нарын хувийн батлан даалт зэргийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгожээ.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д “үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ”, 242.2-т “хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ” гэж зааснаар нэр бүхий иргэнийг хамтран хариуцагчаар татсан нь хууль зөрчөөгүй гэж үзнэ.

Батлан даалтын гэрээгээр Ц.Билэгдэмбэрэл, Ш.Э нар зээлийн гэрээгээр тогтоосон хугацаанд төлөх хүүгийн төлбөрийн хамт хугацаанд нь бүрэн төлнө гэдгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол батлан даагч өөрийн эд хөрөнгө, дансан дахь мөнгөн хөрөнгөөр хариуцахаар үүрэг хүлээсэн байна.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлд “...Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

Нэхэмжлэгчийн тайлбар, зээлийн хүү тооцооллын хүснэгт, хариуцагч нарт хүргүүлсэн гэх 2015.02.09-ний 07/141, 2015.05.06-ны 10/421, 2017.02.20-ний 10/198, 2017.02.20-ний 10/199 дугаартай Гбанкны мэдэгдэл зэргээс үзэхэд хариуцагч тал зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж үндсэн зээл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөөгүй байна.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу  1,700,000,000.00 төгрөгийг Ти Эс Эй Ти ХХК ХХК-д шилжүүлсэн ба зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөх  үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлтийг шаардсан нь үндэслэлтэй байна.

            Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.2-т заасныг үндэслэн  үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож 2017.11.01-ний өдрийн байдлаар нийтдээ 1,366,915,982.01 төгрөгийг хариуцагчаас шаардсан нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэсэн заалтад нийцсэн байна.

Талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээ, ипотекийн гэрээ, батлан даалтын гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт зааснаар барьцааны гэрээг бичгээр байгуулах, 156.2 дахь хэсэгт заасан “үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана”, 458 дугаар зүйлийн  458.1 дэх хэсэгт заасан “батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ, 459 дүгээр зүйлийн  459.1 дэх хэсэгт заасан “хуульд өөрөөр заагаагүй бол батлан даалтын гэрээг бичгээр байгуулна” гэсэн заалтуудад нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл болно.

Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-д “батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ”, 460.2-т “үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй”, 460.3-т “хэд хэдэн этгээд батлан даагч байх тохиолдолд тэдгээр нь батлан даалтыг хамтран гаргасан эсэхээс үл хамааран үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг хамтран хүлээнэ” гэж тус тус заажээ.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Ти Эс Эй Ти ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт нийтдээ 1,366,915,982.01 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгүүдээс болон батлан даагчийн мөнгөн хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар  шийдэв.

Шүүх хуралдаанд оролцсон хариуцагч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэсэн  болон татгалзаж буй үндэслэлийн талаар тайлбар гаргаагүй тул нэр бүхий хариуцагч нарын шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбаруудыг тусгасан болохыг дурдав.

Хариуцагч С.Б 2017.12.19-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан атлаа хариу тайлбар ирүүлээгүй, шүүхийг үл хүндэтгэн хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т “хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хариуцагч С.Бгийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч  Ти Эс Эй Ти ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт нийтдээ 1,366,915,982.01 төгрөгийг  гаргуулж Гбанк ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар БГ2105017315, БГ2105017315-1, БГ2105017315-2, БГ2105017315-3, БГ2105017315-4 тоот ипотекийн гэрээнд заасан барьцаа хөрөнгүүдээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

           3. Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1, 460.2 дахь хэсэгт зааснаар БДГ2105017315-1, БДГ2105017315 тоот батлан даалтын гэрээний дагуу Ц.Билэгдэмбэрэл, Ш.Э нарын эд хөрөнгө болон аливаа банкинд байгаа дансан дахь мөнгөн хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 7 132 929 /6 992 529.91+70200+70200/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 7 132 929 төгрөг гаргуулж Гбанкинд олгосугай.

 

           5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Д.ЭНХЦЭЦЭГ