Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2018/00887

 

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2018/00887

Улаанбаатар хот

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

 Нэхэмжлэгч:  “М Б” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д. Х,

 

Хариуцагч: Д.Н нарт  холбогдох зээлийн гэрээ үүрэгт 40 052 720 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн хэргийг хэргийг хянан хэлэлцэв.

                                                                     

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.М /үнэмлэх 0111/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б,  хариуцагч Д.Н, хариуцагчийн өмгөөлөгч С.С /үнэмлэх 2065/, гэрч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч Г.М  шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М Б” ББСБ ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг. Иргэн Д.Х, Д.Н нар 2016 оны 7-р сарын 04-ний өдөр 20 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлж, гэрээнд хоёулаа гарын үсэг зурсан. Гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо, 21-р хорооллын 84Б байрны 166 тоот 3 өрөө байрыг барьцаалж, бүртгүүлсэн. Зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш Д.Хнь 2016 оны 8-р сарын 09-нд зээлийн хүүнд 764 944 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 35 056 төгрөг, 2016 оны 8-р сарын 11-нд зээлийн хүүнд 186 377 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 13 623 төгрөг нийт 1 000 000 төгрөгийг, хариуцагч Д.Н нь 2017 оны 5-р сарын 29-нд зээлийн хүүнд 1 071 411 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1 970 589 төгрөг нийт 3 042 000 төгрөгийг тус тус төлсөн. Ингээд зээлдэгч нар нийт 4 042 000 төгрөгийг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд төлсөн. Зээлдэгч нар хэн нь хэдэн төгрөгийг хариуцна гэж тохироогүй. Нэхэмжлэгч 2018 оны 01-р сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, зээлдэгч нараас үндсэн зээл 20 000 000 төгрөг, зээлийн хүү 16 710 600 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 342 120 төгрөг нийт 40 052 720 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо, 21-р хорооллын 84Б байрны 166 тоот 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Х-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бд  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Х, Д.Н нар нь 2016 оны 7-р сарын 04-ний өдөр “М Б” ББСБ ХХК-иас 20 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлсэн. Гэхдээ Д.Х-т ББСБ-иас мөнгө зээлэх хүсэл сонирхол байгаагүй, харин барьцаанд тавьсан байрыг Д.Н худалдан авахын тулд урьдчилгаа төлбөр хэрэгтэй байсан учраас 8 хувийн зээлийн урьдчилгаа бүрдүүлэх зорилгоор Д.Х-т итгүүлж зээл авсан. Авсан зээлийнхээ 15 000 000 төгрөгийг Д.Н-н охин Б.А-ын данс руу шилжүүлсэн, үлдэх 5 000 000 төгрөгийг Д.Х хэрэглэсэн нь үнэн. Иймд 5 000 000 төгрөгийг хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлөхөд татгалзахгүй. Бусад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч Д.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Д.Х-тэй хамт “М Б” ББСБ ХХК-иас 20 000 000 төгрөг зээлсэн нь үнэн. Гэхдээ Д.Х-т итгүүлж, би зээл авсан асуудал байхгүй. Би Д.Х-н эгч Д.Х-тай Буурал трейд ХХК-д хамтарч ажилладаг байсан, тэгэхдээ Д.Х-тэй танилцсан. Д.Х “би 3 өрөө байр зарна, илүү зардал гаргаад сарынхаа төлбөрийг төлж чадахгүй байна” гэж ярисан. Тэр үед би хүүхдэдээ байр авахаар хөөцөлдөж байсан, мөнгийг нь лизингээр төлөх боломжтой гэдгээ хэлэхэд “авахгүй ч байсан болно, төлбөрийг нь төлөөд амьдарч байгаач” гэж санал тавьсан. Тэгээд тэр байранд нь засвар хийгээд 2016 оны 2-р сарын эхээр хүүхдээ оруулсан. Байрны ордер нь гараагүй байж байгаад 2016 оны 5-р сарын 27-ны өдөр гарч, Д.Х “ордер гарсан ирж үз” гэсэн. Тухайн үед би Буурал трейд ХХК-иас барилгын материал нийлүүлээд 13 000 000 төгрөг авах ёстой байсан, үүнээсээ 10 000 000 төгрөгийг Х-ийг эгчээсээ дамжуулаад авчих, би үлдсэн мөнгөө ямар нэгэн байдлаар зохицуулж өгөөд танай байрыг авъя гэж хэлсэн. Гэтэл манай урьдчилгаа  төлбөр бүтэхгүй байсан тул болих талаар хэлэхэд, Д.Х “М Б” ББСБын захирал миний найз, чи зээл авах гэж байгаагаа хэл гэсэн. Тэгээд бид М БББСБ-аас 20 000 000 төгрөгийг 2016 оны 7-р сарын 04-ний өдөр авсан. Тухайн үед 20 сая төгрөгийг миний дансанд байршуулна гэж байснаа өөрийнх нь дансанд ороод ирсэн чинь “би маш их өртэй, 10 сая төгрөгийг өгөх боломжгүй,  чи 10 сая төгрөгийг ав, үлдэх 10  сая төгрөгөө өөрөө зохицуул” гэсэн. Тухайн үед надад тусалж байна гэж би ойлгосон,  Д.Х 15 сая төгрөгийг миний охин Б.А-ын дансанд шилжүүлснээ, тэр дор нь буцаагаад 5 сая төгрөгийг шилжүүлж авсан. Тэгэхдээ “банкинд 22 сая төгрөг байршуулахаас 5 сая төгрөгийг урьдчилаад өгсөн байна гэж харагдуулна” гэж хэлээд буцааж авсан. Ингээд 10 000 000 төгрөгийг хүүхдийнхээ дансанд байршуулсан. Ингээд 2016 оны 7-р сарын 20 хүртэл баяр наадам гээд ямар ч ажил явагдаагүй. Д.Х нь “миний дансанд мөнгө шилжсэн болохоор би төлнө, чи надад мөнгөө “ гэж байнга нэхдэг байсан. Намайг хүү төл гээд байсан тул 2016 оны 8-р сарын 05-ны өдөр найз н.Гэрлээгийн данснаас 500 000 төгрөг шилжүүлсэн,  хүүхдийг чинь шөнө хөөж гаргана гээд байхаар нь хүүхдээсээ 120 000 төгрөг авч, хоёр ээмгээ ломбарданд тавьж байгаад 300 000 төгрөг бэлнээр,  мөн мөрдөн байцаагчийн хэргийн мөнгийг хэрэглэчихсэн, чи яаралтай мөнгө өг гэж нэхээд 1 000 000 төгрөг, 1 300 000 төгрөг шилжүүлсэн. Би мөнгөө Д.Х-ийн дансанд хийсэн нь миний алдаа болсон. Д.Х-ийн дансанд 1 000 000 төгрөг шилжүүлэхээр “М Б” ББСБ-т 800 000 төгрөгийг хийж, 200 000 төгрөгийг хийгээгүй байсан. Ингээд удаа дараа би боломжоороо төлбөрийг Д.Х-т төлж байсан. Д.Х цаг тутам намайг доромжилж, миний охин төрийн байгууллагад ажилладаг, охины чинь нэр хүндийг унагаана гэх мэтээр дайрдаг байсан болохоор би охинтойгоо уулзуулахгүйн тул зохих хэмжээнд мөнгийг нь өгч байсан. Хамгийн сүүлд охиныхоо дансанд байршуулсан байсан 6 000 000 төгрөгийг Д.Х-ийн дансанд шилжүүлсэн. Нийт би 9 600 000 төгрөгийг Д.Х-ийн дансанд шилжүүлсэн. Өмнө нь Д.Х-тэй ямар нэгэн мөнгөний асуудал байгаагүй. Д.Х намайг залилж уг байрыг авах гэж байсан гээд би Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст эрүү үүсгэн шалгагдсан. Энэ талаарх баримт хэрэгт авагдсан байгаа. Би төлсөн мөнгөний зөрүү 1 976 000 төгргө байгаа, үүнийг би төлнө гэв.  

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтууд, гэрчийн мэдүүлэг зэргийг шинжлэн судлаад 

                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

           

           Нэхэмжлэгч “М Б” ББСБ” ХХК нь Д.Х, Д.Н нарт холбогдох зээлийн гэрээ үүрэгт 40 052 720 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 38 191 326 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

“М Б” ББСБ ХХК нь Д.Х, Д.Н нартай 2016 оны 07-р арын 04-ний өдөр 211 тоот зээлийн болон барьцааны гэрээ  байгуулж 20 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэйгээр, Д.Х-ийн өмчлөлийн Ү-2201046973 дугаарт бүртгэгдсэн  Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо, 21-р хорооллын 84Б байрны 166 тоот 3 өрөө сууцыг барьцаалан зээлүүлэхээр /хх 5-8, 10/ тохирчээ.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 451-р зүйлд заасан “Зээлийн гэрээ” байгуулагдсан, барьцааны гэрээ нь энэ хуулийн 156-р зүйлийн 156.1, 156.2, 166-р зүйлийн 166.1 дэх хэсэгт  зааснаар бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан байна. /хх-7-8/

 

Зээлдүүлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 20 000 000 төгрөгийг 2016 оны 7-р сарын 04-ний өдөр зээлдэгч Д.Х-ийн ХААН банкны 5058105625 тоот дансанд шилжүүлсэн /хх 19/, зээлдэгч зээлийн гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл 20 000 000 төгрөг, 1 сарын хүү 1 000 000 төгрөг нийт 21 000 000 төгрөгийг төлөх үүрэгтэй.

 

Харин зээлдэгч Д.Х нь 2016 оны 8-р сарын нь 800 000 төгрөг, 8-р сарын 11-нд 200 000 төгрөг нийт 1 000 000 төгрөгийг зээлийн хүүд төлж, зээлдэгч нар үндсэн зээлийг төлөөгүйгээс талуудын хооронд маргаан гарчээ. Зээлдэгч нар зээлийг хувааж ашигласан боловч хэн хэдэн төгрөгийн зээлийг хариуцан төлөх талаар хоорондоо маргасан тул шүүх мөнгө шилжүүлсэн болон төлсөн баримтыг үндэслэн тус тусын үүргийг тодорхойлох нь зүйтэй гэж үзлээ.

 

Д.Х нь өөрийн өмчлөлийн Ү-2201046973 дугаарт бүртгэгдсэн  Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо, 21-р хорооллын 84Б байрны 166 тоот 3 өрөө сууцыг Д.Н-т худалдах, Д.Н нь байрны урьдчилгаа төлөх зорилгоор 20 000 000 төгрөг зээлсэн, хамтран үүрэг гүйцэтгэгч байна. 

 

Д.Х нь 2016 оны 7-р сарын 4-ний өдөр түүний дансанд шилжүүлсэн 20 000 000 төгрөгөөс 15 000 000 төгрөгийг Д.Н-ийн охин Б.А-ын ХААН банкны 5020831219 дансанд 17 цаг 59 минутанд шилжүүлсэн, Б.А- нь тухайн өдрийн 18 цаг 05 минутанд “байрны урьдчилгаа” гэсэн утгатайгаар Д.Х-ийн 5058105625 тоо дансанд 5 000 000 төгрөгийг шилжүүлсэн нь ХААН банкны депозит дансны хуулга  /хх 23, 128/ болон зохигчийн тайлбар, гэрч Б.Аз-ын  “...15 сая төгрөгийг миний дансанд шилжүүлсэн, 5 сая төгрөгийг эргүүлээд шилжүүлсэн” гэсэн мэдүүлгээр  тус тус тогтоогдсон, үүгээр зээлдэгч нар тус бүртээ 10 000 000 төгрөгийг захиран зарцуулсан гэж үзнэ.

 

Зээлдэгч тус бүр үүргээ гүйцэтгээгүй 2016 оны 08-р сарын 04-ний өдрөөс 2018 оны 01-р сарын 17-ны өдөр хүртэлх хугацааны нийт 17 сар 13 хоногт үндсэн зээл 10 000 000 төгрөг, 5 хувийн зээлийн хүү 8 8 68 329 төгрөг,  нэмэгдүүлсэн хүү 1 743 334 төгрөг нийт 20 616 663 төгрөгийг зээлдүүлэгчид төлөх үүрэгтэй.

 

Зээлдэгч Д.Н нь 2017 оны 05-р сарын 29-нд зээлийн гэрээний үүрэгт 3 042 000 төгрөгийг төлсөн /хх 124/, энэ талаар талууд маргаагүй байна.

 

Д.Н нь Д.Х-т 2016 оны 06-р сарын 08-нд 500 000 төгрөг, 2016 оны 08-р сарын 08-ны өдөр 1 300 000 төгрөг, 2016 оны 08-р сарын 09-ний өдөр 1 000 000 төгрөг, 2016 оны 08-р сарын 17-ны өдөр 6 000 000 төгрөг нийт 8 800 000 төгрөгийг Д.Х-ийн дансанд шилжүүлсэн нь  ХААН банкны дансны хуулгаар /хх 127-143/ тус тус тогтоогдсон байна. Иймд Д.Н-ийн үүрэг 20 616 663 төгрөгөөс 11 842 000 төгрөгийг хасч тооцон үлдэх 8 774 663 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй гэж дүгнэлээ.

 

Зээлдэгч Д.Х нь 20 616 663 төгрөг дээр Д.Н-ээс шилжүүлэн авсан 8 800 000 төгрөгийг нэмж нийт 29 416 663 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 

Эдгээр үүргийг хариуцагч нар сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-р зүйлд  заасныг удирдлага болгон

                                                                                                 ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 451-р зүйлийн 451.1, 453-р зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Х-ээс 29 416 663 /хорин есөн сая дөрвөн зуун арван зургаан мянга зургаан зуун жаран гурав/ төгрөг, Д.Н-ээс 8 774 663 /найман сая долоон зуун далан дөрвөн мянга зургаан зуун жаран гурав/ төгрөгийг тус тус гаргуулж “М Б” ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсэг болох 1 861 394 /нэг сая найман зуун жаран нэгэн мянга гурван зуун ерэн дөрөв/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.   

 

             2. Иргэний хуулийн 175-р зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Д.Х, Д.Н нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох улсын бүртгэлийн  Ү-2201046973 дугаарт бүртгэгдсэн  Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо, 21-р хорооллын 84Б байрны 166 тоот 3 өрөө сууцыг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

 

            3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 552 883  төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Д.Х-ээс 305 033 төгрөг, Д.Н-ээс 155 344 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

             4. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны давж заалдах гомдол гаргах  эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Р.АЛТАНТУЯА