Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2020/0637

 

 

 

 

 

 

2020 оны 10 сарын 07 өдөр Дугаар Улаанбаатар хот

128/ШШ2020/0637

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Ю.О /РД:**********/

Хариуцагч: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/171 тоот тушаалыг хүчингүй болгож, Ю.Оыг урьд эрхэлж байсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянзүрх дүүргийн 1 дүгээр тасгийн 161 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Ю.О нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2011 оноос 9 жил тасралтгүй албан үүргээ биелүүлж ажиллаж байсан. Шүүхийн шийдвэр Ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/171 тоот тушаалыг үндэслэлгүй шийдвэр болсон гэж үзэж байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/121 дүгээр тушаалаар "сануулах" сахилгын шийтгэл, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/19 тоот тушаалаар "шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зохион байгуулаагүй" гэж цолны мөнгийг 1 сарын хугацаагаар хасах" сахилгын шийтгэл тус тус оногдуулсан байдаг.

Тэгвэл Б/171 дүгээр тушаалд "хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, урьд зөрчил гаргаж сахилгын шийтгэл авагдаж байсан боловч гаргасан дутагдалдаа дүгнэлт хийж ажиллаагүй" гэж дүгнэсэн байна. Миний бие 2019 оны 11 дүгээр сарын Б/121, 2020 оны 01 дүгээр сарын Б/19 дугаар сахилгын шийтгэл хүлээсэн үйлдэлдээ дүгнэлт хийж, хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлж, хэргийн шийдвэрлэлтэд цаг хугацаа алдалгүй явуулж байсан бөгөөд хуулиар тогтоосон хугацаа зөрчсөн нэг ч асуудал гаргаж байгаагүй бөгөөд 2019 оны бүтэн жилийн ажлын үр дүнгийн тайлангаар 82 хувийн үнэлгээтэйгээр "В" үнэлгээ авсан юм. Ийм ч учир шинээр ирж байгаа бөгөөд урьд өмнө нь байсан хэрэг материалуудад нэг бүрчлэн ажиллагаа хийж байсан юм.

...хөрөнгийг Засгийн газарт буюу төрд хүлээлгэн өгсөн талаар мэдсэн боловч нэхэмжлэгч хүсэлт гаргасан гэх үндэслэлээр..." хүлээн авч шийдвэрлэсэн гэж тогтоосон байна.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 102/Ш32019/13815 дугаартай захирамж нь хуульд заасан харьяалал, журмын дагуу шийдвэр гүйцэтгэгч надад хувиарлагдаж ирсэн бөгөөд уг захирамжийн Захирамжлах хэсгийн 3-р заалтаар "Дундговь аймгийн Гурвансайхан сумын *** нэртэй ашиглалтын талбайд байрлах хүдрийн овоолгыг битүүмжилсүгэй", 4-р заалтаар "Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах захирамжийг биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай" гэж захирамжилсан юм.

Уг битүүмжлэхээр тогтоосон Дундговь аймгийн Гурвансайхан сумын *** нэртэй ашиглалтын талбайд байрлах хүдрийн овоолго нь ямар компани, ямар этгээдийн өмчлөлд байгаа талаар шүүгчийн 2019 оны 102/Ш32019/13815 дугаартай захирамжийн 3 дугаар хуудас, үндэслэх хэсгийн доороос 2 дахь догол мөрөнд "Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсээс маргааны зүйл болох ашигт малтмалын хайгуулын ХҮ-*****2, ХҮ- *****3, ХҮ-*****4 дугаартай тусгай зөвшөөрлүүдийн талаар лавлагаа, мэдээллийг гаргуулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, нэхэмжлэгч өөрөө олж авах боломжгүй баримт байх тул холбогдох баримтыг гаргуулах нь зүйтэй байна" гэж дүгнэж Захирамжлах хэсгийн 1-р заалтаар уг материалыг шүүхэд ирүүлэхээр Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтэст даалгасан байна.

Маргааныг шийдвэрлэж байгаа шүүх нь уг тусгай зөвшөөрлүүд хэний нэр дээр бүртгэлтэй, хэний өмчлөлийнх гэдгийг тогтоогоогүй байхад уг шийдвэрийн 3, 4-д заасан Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах захирамжийг биелүүлэхийг даалгасан даалгаврыг миний бие биелүүлэхэд уг хөрөнгө хэний өмчлөлийн гэдгийг "мэдсэн" буюу мэдэж байх ёстой гэдгээр тулгаж байгааг ойлгохгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажиллаж байх бүхий л хугацаанд нэг ч удаа нийт ажиллагсдад албан ёсоор ХҮ-*****2, ХҮ-*****3, ХҮ-*****4 дугаартай *** гэдэг нэртэй тусгай зөвшөөрлүүд төрийн өмчлөлд очсон тухай, уг тусгай зөвшөөрлүүдтэй холбоотойгоор ямарваа нэгэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж болохгүй тухай танилцуулж, мэдэгдэлд гарын үсэг зуруулж байгаагүй юм. Ийнхүү удирдлагаас мэргэжил, арга зүйн зөвлөгөөг өгч байгаагүй мөртлөө өөрөө мэдэж байх ёстой гэдгээр тулган шаардах нь хуульд нийцэхгүй болно.

"...нэхэмжлэгч хүсэлт гаргасан гэх үндэслэлээр удирдах албан тушаалтанд танилцуулалгүй хүсэлтийг хүлээн авч" шийдвэрлэсэн гэж тогтоосон байна.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 102/Ш32019/13815 дугаартай захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан харьяалал, журмын дагуу хувиарлагдаж албан ёсоор ирсэн уг захирамжийн Захирамжлах хэсгийн 4 дүгээр заалтаар "Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах захирамжийг биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай" гэж захирамжилсан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6 дугаар зүйлийн 6.2.6, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан шаардлагыг хангаж заавал биелүүлэхийг захирамжилсан байна.

"...хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэд дарга нарыг үнэн зөв мэдээллээр хангахгүйгээр... ажиллагаа явуулсан гэж тогтоосон байна.

Шийдвэр гүйцэтгэгч Ю.О миний 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 157/13815 тоот "Шийдвэр гүйцэтгэгчийн даалгавар"-ыг Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, дэслэгч Б.С баталж, баталгаажуулсны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд дарга, дэд хурандаа Э.Д нь "...хүдрийн овоолгыг битүүмжлэх ажиллагааг Дундговь аймаг дахь ... шийдвэр гүйцэтгэгчээр гүйцэтгэх асуудлыг шийдвэрлэж өгнө үү" гэсэн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2/29041 тоот албан бичгийг Шийдвэр гүйцэтгэх албаны мэргэжлийн удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Ч.Өт хүргүүлсэн байдаг.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/171 дугаар тушаалд "...хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэд дарга нарыг үнэн зөв мэдээллээр хангаагүй" гэсэн нь бодит байдалтай нийцэхгүй, албан тушаалаар удирдах албан тушаалд хамаарах 4 албан тушаалтанд Захирамж, холбогдох материалыг танилцуулан даалгаврыг явуулж байхад үнэн зөв мэдээллээр хангаагүй гэж дүгнэж, тогтоож байгаа нь огт үндэслэлгүй байна.

"...шийдвэр гүйцэтгэгчийн даалгавар хүргүүлсэн зөрчил гаргасан" гэж тогтоосон байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт "Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгч хариуцсан тойргоос өөр нутаг дэвсгэрт энэ хуулийн 44.2-т заасан арга хэмжээ гүйцэтгэх шаардлагатай бол тухайн нутаг дэвсгэрийг хариуцсан шийдвэр гүйцэтгэгчид даалгавар хүргүүлэн гүйцэтгүүлж болно", мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.8 дахь хэсэгт "гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэх зорилгоор.. хөрөнгөд үзлэг хийх, тэдгээрийг битүүмжлэх, барьцаалах, хураан авах..." гэж заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч миний бие ахлах шийдвэр гүйцэтгэгчийн хяналтын дор хуульд заасан үндэслэл журмын дагуу албан даалгавар хүргүүлсэн байхад дээр дурдсан зөрчлийг гаргаж даалгавар хүргүүлсэн гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/171 тоот тушаалд ...зөрчил гаргасан нь албаны шалгалтаар тогтоогдсон" гэж дүгнэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт заасан "хуульд заасан бүрэн эрхээ хэтрүүлэх, эсхүл хувийн ашиг сонирхлоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан" гэдэг үндэслэлээр буруутгаж байна.

Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д "хуульд өөрөөр заагаагүй бол..." гэдэг үндэслэлийг зохицуулсан ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд уг албанаас халах харилцааг өөрөөр зохицуулсан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 277 дугаар зүйлд ...дараах тохиолдолд албанаас хална" гэж заасан байна. Үүнд: "277.1.1.өргөсөн тангараг, сахилга, ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн, 277.1.2.санаатай гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, 277.1.3. энэ хуулийн 270 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй болох нь илэрсэн; 277.1.4.Монгол Улсын харьяатаас гарсан, иргэний давхар харьяалалтай нь илэрсэн".

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/171 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянзүрх дүүргийн 1 дүгээр тасгийн 161 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, дэслэгч цолыг сэргээх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад даалгаж өгнө үү... гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ю.О нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/1207 дугаар тушаалаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Сүхбаатар дүүргийн 157 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байгаад хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ хангалтгүй урьд зөрчил гаргаж сахилгын шийтгэл авагдаж байсан боловч гаргасан дутагдалдаа дүгнэлт хийж ажиллаагүй, тус газрын Сүхбаатар дүүргийн 157 дугаар шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаандаа хөрөнгийг Засгийн газарт буюу төрд хүлээлгэн өгсөн талаар мэдсэн боловч нэхэмжлэгч хүсэлт гаргасан гэх үндэслэлээр удирдах албан тушаалтанд танилцуулаагүй хүсэлтийг хүлээн авч, хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэд дарга нарыг үнэн зөв мэдээллээр хангахгүйгээр шийдвэр гүйцэтгэгчийн даалгавар хүргүүлсэн зөрчил гаргасан нь албаны шалгалтаар тогтоогдсон тул албанаас халах шийдвэр гарч 2020 оны сарын 05-ны өдрийн Б/171 дүгээр тушаалаар дутагдлаар халж, цэргийн дэслэгч цолыг хураасан.

Иргэн Ю.О нь ажиллаж байх хугацаандаа Нийслэлийн шүүхийн гүйцэтгэх газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/121 дүгээр тушаалаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулаагүй зөрчил гаргасан тул 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/19 дүгээр тушаалаар 9 гүйцэтгэх баримт бичигт 1 жилээс дээш хугацаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй зөрчилд цолны 1 сарын хугацаагаар хасах сахилгын шийтгэлийг гаргасан зөрчилд нь тус тус оногдуулсан бөгөөд уг тушаалуудын 2 дахь хэсэгт Хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ дахин энэ төрлийн зөрчил дутагдал гаргалгүй ажлын сахилга, хариуцлагыг дээшлүүлж ажиллахыг шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Ю.Од удаа дараа үүрэг болгосон байна.

Урьд гаргаж байсан дутагдалдаа дүгнэлт хийж ажиллаагүй нь 2019, 2020 онуудад сахилгын шийтгэл авагдсан тушаалуудаар нотлогдож байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн баталсан Шалгалтын удирдамж-ийн дагуу албаны шалгалт явуулахад Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгчийн 2019 оны 10 дугаар 31-ний өдрийн 102/Ш32019/13815 дугаар захирамж нь Нийслэлийн шүүхийн гүйцэтгэх газарт 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ирснийг тоо бүртгэлийн хэлтсийн ажилтан Б.Н бүртгэлийн дэвтэрт бүртгэн авч гүйцэтгэх баримт бичиж цахим сан хариуцсан ажилтан дэслэгч Б.Бт хүлээлгэн өгч, Б.Б Сүхбаатар дүүргийн 157 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Ю.Од тухайн өдөр буюу 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр тус захирамжийг хүлээлгэн өгч гарын үсэг зуруулж бүртгэлийн дэвтэрт бүртгэж авсан нь алба хаагчдын өгсөн тайлбар тодорхойлолтоор тогтоогдож байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т Шүүхийн гүйцэтгэх ажиллагаанд хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, хүний эрх, эрх чөлөөг зөвхөн хуульд зааснаар хязгаарлах, энэрэнгүй, шуурхай байх зарчмыг баримтална гэж заасан ба шийдвэр гүйцэтгэгч нь захирамжид заасан ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271 дүгээр зүйлд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд өөрөө гардан шуурхай хийж гүйцэтгэх ёстой. Гэвч 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авсан захирамжид 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Аг хүсэлт гаргах хугацаанд тус захирамжид ямар нэгэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгээгүй байдаг. Энэ үйлдэл нь тус захирамжид ямар зорилгоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгээгүй нь тодорхой бус байна.

Шүүгчийн хөрөнгө хамгаалах захирамжийг хуульд заасны дагуу шуурхай хийхгүй бол төлбөр төлөгчийн эд хөрөнгийг алдах эрсдэл гардаг ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд шат дараалсан арга хэмжээг авах ёстой.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгээгүй 1 сар 7 хоногийн хугацаанд Ю.О нь Захирамжийг биелүүлэхэд эргэлзээтэй ойлгомжгүй тодруулах зүйл байсан бол хуулийн 271 дүгээр зүйлийн 271.1.2-т гүйцэтгэх баримт бичиг, шийдвэрийн агуулга тодорхойгүй тохиолдолд түүнийг тодруулахаар шүүхэд гаргах" гэж заасны дагуу тодруулж болох байсан боловч тийм ажиллагаа огт хийгээгүй.

Мөн хуулийн 271 дүгээр зүйл Шийдвэр гүйцэтгэгчийн бүрэн эрх-д заасан шийдвэр гүйцэтгэгч бүрэн эрхийнхээ хүрээнд төлбөр төлөгчийн эд хөрөнгө хэний эзэмшилд байгааг тодруулах ажиллагаа хийх болох байсан боловч ажиллагааг хийгээгүй, эд хөрөнгийн эзэмшлийг дахин нягталж шалгалгүйгээр 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Шийдвэр гүйцэтгэгчийн даалгавар хүргүүлсэн.

Уг албан даалгаврыг хүргүүлэхдээ Төрийн албаны тухай хуулийн 37.1.15-д харьяа дээд шатны албан тушаалтныг төрийн бодлого боловсруулах, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад нь хуульд нийцсэн, бодит баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөөгөөр хангах гэж заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгч болон дэд дарга нарыг үнэн зөв мэдээллээр хангаагүй албан даалгаврыг хүргүүлсэн байдаг.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын зөвлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Ю.Оыг ажлаас халах талаар хуралдааны тэмдэглэлд дэслэгч Ю.Од хэлэх зүйл байна уу? Буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байна уу?" гэх асуултад шийдвэр гүйцэтгэгч Ю.О: Ажлаа бүрэн гүйцэд ажлаа танилцуулж ажиллаагүй миний буруу. Буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэж хэлсэн байдаг.

2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Ю.Од Хүний нөөцийн хэлтсийн мэргэжилтэн, ахлах дэслэгч Э.Ш нь Захиргааны шийдвэрийн төслийг утсаар танилцуулсан бөгөөд 02 дугаар сарын 05-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын сургалт, хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтэн а/х Б.Ц Ю.Оыг халах тухай Б/171 дүгээр тушаалыг танилцуулж гарын үсэг зуруулж танилцуулсан.

2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Төрийн албаны зөвлөлөөс 04/456 дугаар албан бичгээр Ю.Од холбогдох гомдолд Баримт, тайлбар ирүүлэх тухай албан бичгийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 01/1322 дугаар албан бичгээр тайлбар, нотлох баримтыг манай байгууллагаас гарган төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн.

Иргэн Ю.О нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/154 дүгээр тушаалаар Сүхбаатар дүүргийн 157 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчээс тус газрын Баянзүрх дүүргийн 1 дүгээр тасгийн 161 дүгээр тойрогт шилжүүлэн томилон ажил хүлээн авах тухай Ажил хүлээлцсэн акт үйлдэн, ажил хүлээлцэхэд ажиллагаатай 181 гүйцэтгэх баримт бичиг, түдгэлзүүлсэн 39 гүйцэтгэх баримт бичиг, шүүхийн шийдвэр баталгаажуулах 26 ширхэг захирамж болон бусад эд хөрөнгийг бүртгэлийн дагуу гарын үсэг зуран бүрэн хүлээн авсан байна.

Ю.О нь 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ажил хүлээлцэхдээ ажиллагаатай 186 ширхэг гүйцэтгэх баримт бичгээс 7 ширхэг гүйцэтгэх баримт бичиг дутуу хүлээлгэн өгсөн ба 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд тус гүйцэтгэх баримт бичгүүдийг хүлээлгэн өгөөгүй, ажил хүлээлцсэн албан ёсны тэмдэглэлд гарын үсэг зурж ажил хүлээлцээгүй нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.16-т хуульд заасан үндэслэлээр албан тушаал бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсан тухай шийдвэр гарсан тохиолдолд албан тушаал, ажлын байр, тамга, тэмдэг, холбогдох баримт бичгийг хүлээлгэн өгөхөөс татгалзах" гэж заасныг зөрчсөн байна.

Энэ гаргаж байгаа үйлдлээс үүдэн тус ажиллагаанд байх ёстой 7 ширхэг гүйцэтгэх 1 баримт бичигт хуулийн 38 дугаар зүйлийн 38.5.3-т "шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд гомдол гаргах гэж заасны дагуу нэхэмжлэгч талаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах талаар гомдол гарч байгаа ба одоогийн байдлаар 20260036 дугаартай гүйцэтгэх баримт бичиг болох төлбөр төлөгч С.Мгаас 49.900.000 мянган төгрөгийг гаргуулах гүйцэтгэх хуудсыг төлбөр авагчийн хүсэлтийг үндэслэн шүүхээс дахин гүйцэтгэх хуудас бичүүлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байна.

Түүнчлэн одоогоор 6 гүйцэтгэх баримт бичиг дутуу хүлээлгэж өгсөн үйлдлээс болж төлбөр авагчийн эрх хөндөгдөж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа удааширч цаашлаад шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа шуурхай байх зарчим алдагдан, ажиллагаа явагдахгүй байна.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан иргэн Ю.Оыг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8-т өөрийн мэдлэг, чадвараа байнга хөгжүүлж, хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх", 37.1.15-т харьяа дээд шатны албан тушаалтныг төрийн бодлого боловсруулах, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад нь хуульд нийцсэн, бодит баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөөгөөр хангах", 47.1.1 -т хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн", Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-т хуульд заасан бүрэн эрхээ хэтрүүлэх, эсхүл хувийн ашиг сонирхлоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах" гэж тус тус заасныг зөрчсөн байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 6/171 дүгээр тушаалыг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү... гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ю.О нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 5-ны өдрийн Б/171 тоот тушаалыг хүчингүй болгож, Ю.Оыг урьд эрхэлж байсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянзүрх дүүргийн 1 дүгээр тасгийн 161 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, цэргийн дэслэгч цолыг сэргээх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/171 тоот тушаалаар Баянзүрх дүүргийн 1 дүгээр тасгийн 161 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Ю.О нь хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, урьд зөрчил гаргаж, сахилгын шийтгэл авагдаж байсан боловч гаргасан дутагдалдаа дүгнэлт хийж ажиллаагүй, тус газрын Сүхбаатар дүүргийн 157 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаандаа хөрөнгийг Засгийн газарт буюу төрд хүлээлгэн өгсөн талаар мэдсэн боловч нэхэмжлэгч хүсэлт гаргасан гэх үндэслэлээр удирдах албан тушаалд танилцуулалгүй хүсэлтийг хүлээн авч, хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэд дарга нарыг үнэн зөв мэдээллээр хангахгүйгээр шийдвэр гүйцэтгэгчийн даалгавар хүргүүлсэн зөрчил гаргасан нь албаны шалгалтаар тогтоогдсон гэж үзэн 2020 оны 02 дугаар сарын 05-ын өдрөөр тасалбар болгон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас халж, цэргийн дэслэгч цолыг хураахаар шийдвэрлэсэн байна.

Хариуцагчаас нэхэмжлэгч Ю.Оыг ...2019, 2020 онд сахилгын шийтгэл хүлээж байсан боловч дахин зөрчил гаргасан, 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авсан захирамжид шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгээгүй, эд хөрөнгийн эзэмшлийг дахин нягталж шалгалгүйгээр 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шийдвэр гүйцэтгэгчийн даалгавар хүргүүлсэн, ахлах шийдвэр гүйцэтгэгч болон дэд дарга нарыг үнэн зөв мэдээллээр хангаагүй ... гэж буруутгажээ.

...Хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, урьд зөрчил гаргаж сахилгын шийтгэл авагдаж байсан боловч гаргасан дутагдалдаа дүгнэлт хийж ажиллагаагүй гэх зөрчлийн тухайд,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/121 дүгээр тушаалаар "Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулаагүй, үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийг тодруулах, хуулийн этгээдийн бүртгэлд хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэгжүүлээгүй зөрчилд сануулах сахилгын шийтгэл, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/19 тоот тушаалаар "шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зохион байгуулаагүй, төлбөр төлөгчийн өмчлөл, эзэмшилд байгаа эд хөрөнгийг тогтоох, данс битүүмжлэх, цалин хөлснөөс суутгал хийх үүргээ биелүүлээгүй зөрчилд цолны мөнгийг 1 сарын хугацаагаар хасах сахилгын шийтгэл тус тус ногдуулсан байна.

Ю.О нь 2019 оны үйл ажиллагааг 82 хувь буюу "В" үнэлгээтэй гүйцэтгэсэн нь Сүхбаатар дүүргийн шийдвэр гүйцэтгэгч нарын 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт дүгнэсэн ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.С, дэд дарга дэд хурандаа Э.Д нарын үнэлгээний хуудсаар нотлогдож байх тул түүнийг дутагдалдаа дүгнэлт хийж ажиллаагүй гэж буруутгасан нь үндэслэлгүй.

...хөрөнгийг Засгийн газарт буюу төрд хүлээлгэн өгсөн талаар мэдсэн боловч нэхэмжлэгч хүсэлт гаргасан гэх үндэслэлээр... хүлээн авч шийдвэрлэсэн гэх зөрчлийн тухайд,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 102/Ш32019/13815 дугаартай захирамж Захирамжлах хэсгийн 3-т Дундговь аймгийн Гурвансайхан сумын *** нэртэй ашиглалтын талбайд байрлах хүдрийн овоолгыг битүүмжилж, 4-т Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах захирамжийг биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан.

Захирамжийн Үндэслэх хэсэгт "Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс маргааны зүйл болох ашигт малтмалын хайгуулын ХҮ-*****2, ХҮ-*****3, ХҮ-*****4 дугаартай тусгай зөвшөөрлүүдийн талаар лавлагаа, мэдээллийг гаргуулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, нэхэмжлэгч өөрөө олж авах боломжгүй баримт байх тул холбогдох баримтыг гаргуулах нь зүйтэй." гэж дүгнээд Захирамжлах хэсгийн 1 дэх заалтаар Ашигт малтмалын хайгуулын ХҮ-*****2, ХҮ-*****3, ХҮ-*****4 дугаар тусгай зөвшөөрлүүд Ж ХХК-ийн эзэмшилд байгаа эсэх, өөрчлөлт орсон талаарх лавлагаа мэдээллийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс гаргуулахаар шийдвэрлэжээ.

Э ХХК-ийн дээрх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбогдуулан 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01/19 албан бичгээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хуралдааны 26 дугаар тэмдэглэлээр Ашигт малтмал, газрын тосны газраас хайгуулын XV-******8, ашиглалтын МV-*****3 тусгай зөвшөөрөл олгосон... талаар дурдаад уг тусгай зөвшөөрлийн талбайд шийдвэр гүйцэтгэгч Ю.Оын даалгаврын дагуу явагдсан битүүмжлэх ажиллагаанаас гадна Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн захирамжийн дагуу явуулсан ажиллагааг хүчингүй болгуулахаар ханджээ.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн 1/3701 тоот албан бичигт ... Ашигт малтмал газрын тосны газраас МV-*****3 тоот талбайг Э ресурс ХХК-д олгосон. Иймд 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 13529/05 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 157/13815 даалгаврын дагуу 157/13815-02 дугаар эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг тус тус хүчингүй болгосон. гэснээс үзэхэд тусгай зөвшөөрөл шилжсэнийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага мэдэж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгосон гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч Ю.О нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шүүгчийн захирамжид дурдагдсан ХҮ-*****2, ХҮ-*****3, ХҮ-*****4 тоот тусгай зөвшөөрлүүд болон Э ХХК-ийн эзэмшилд олгосон XV-******8, МV-*****3 тусгай зөвшөөрлүүдийн эзэмшигчийг мэдэх боломжгүй бөгөөд шүүгчийн захирамжид заасан овоолгыг битүүмжлэх-эд эдгээр тусгай зөвшөөрлийн талаар дурдаагүй бөгөөд эзэмшигч нь тодорхойгүй тул эзэмшигчийг тодруулж ирүүлэхийг холбогдох байгууллагад даалгасан нь дээрх шүүгчийн захирамжаас тодорхой харагдаж байна.

"...хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэд дарга нарыг үнэн зөв мэдээллээр хангахгүйгээр... хуульд заасан бүрэн эрхээ хэтрүүлэх, эсхүл хувийн ашиг сонирхлоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан" гэх зөрчлийн тухайд,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 102/Ш32019/13815 дугаар шүүгчийн захирамж ирсэн баримт бичгийн бүртгэлийн 877-д 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр бүртгэгдсэн, уг захирамжийг биелүүлэх талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр бүртгэгдэж, шийдвэр гүйцэтгэгч Ю.Од хуваарилагдсан.

Сүхбаатар дүүргийн 157 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Ю.Оын 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 157/13815 дугаар даалгаврыг Ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Б.С баталж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд дарга, дэд хурандаа Э.Дийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2/29041 дугаар албан бичгээр Шийдвэр гүйцэтгэх албаны мэргэжлийн удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Ч.Өт "...хүдрийн овоолгыг битүүмжлэх ажиллагааг Дундговь аймаг дахь ... шийдвэр гүйцэтгэгчээр гүйцэтгэх асуудлыг шийдвэрлүүлэхээр хүсэлт хүргүүлсний дагуу уг албан тушаалтнаас 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 4/3048 дугаар албан бичгээр Дундговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргад хүргүүлжээ.

Энэхүү даалгаварт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 102/Ш32019/13815 дугаар захирамжид заасан Дундговь аймгийн Гурвансайхан сумын *** нэртэй ашиглалтын талбайд байрлах хүдрийн овоолгыг битүүмжлэх ажиллагааг хийж гүйцэтгүүлэхээр заасан бөгөөд ямар нэг тусгай зөвшөөрлийг зогсоох, битүүмжлэх талаар дурдаагүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д "Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгч хариуцсан тойргоос өөр нутаг дэвсгэрт энэ хуулийн 44.2-т заасан арга хэмжээ гүйцэтгэх шаардлагатай бол тухайн нутаг дэвсгэрийг хариуцсан шийдвэр гүйцэтгэгчид даалгавар хүргүүлэн гүйцэтгүүлж болно", мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.8 дахь хэсэгт "гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэх зорилгоор.. хөрөнгөд үзлэг хийх, тэдгээрийг битүүмжлэх, барьцаалах, хураан авах..." зохицуулалтын дагуу Ю.Оаас Дорноговь аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгавар хүргүүлсэн нь дээрх хуульд нийцжээ.

Эдгээр нөхцөл байдлыг дүгнэж үзэхэд нэхэмжлэгч Ю.Оыг Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан "хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн", тухайлбал, маргаан бүхий тушаалын үндэслэлд дурдсан Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8 өөрийн мэдлэг, чадвараа байнга хөгжүүлж, хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх; 37.1.15 харьяа дээд шатны албан тушаалтныг төрийн бодлого боловсруулах, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад нь хуульд нийцсэн, бодит баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөөгөөр хангах; 39.1.3 хуульд нийцээгүй шийдвэр гаргах; бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн хариуцагчаас Ю.Оыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 хуульд заасан бүрэн эрхээ хэтрүүлэх, эсхүл хувийн ашиг сонирхлоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах; зөрчлийг гаргасан гэж буруутгасан нь тогтоогдоогүй бөгөөд мөн хуулийн 277 дугаар зүйлд заасан албанаас халах үндэслэл бүрдээгүй байхад халсан гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй.

Иймд нэхэмжлэгч Ю.Оын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/171 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ю.Оыг урьд эрхэлж байсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянзүрх дүүргийн 1 дүгээр тасгийн 161 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 8 сар, 2 хоногийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 9.745.059,28 төгрөгийг Ю.Од олгуулах, цэргийн дэслэгч цолыг сэргээж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад даалгаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 44 дүгээр зүйлийн 44.2.8, 277 дугаар зүйлийн 277.1-д зааснаар нэхэмжлэгч Ю.Оын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/171 тоот тушаалыг хүчингүй болгож, Ю.Оыг урьд эрхэлж байсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянзүрх дүүргийн 1 дүгээр тасгийн 161 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 8 сар, 2 хоногийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 9.745.059,28 төгрөгийг олгуулах, цэргийн дэслэгч цолыг сэргээж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН