Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 182/2016/00605/и |
Дугаар | 001/ХТ2021/00249 |
Огноо | 2021-03-23 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 001/ХТ2021/00249
2021 03 23 001/ХТ2021/00249
...........гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч П.Золзаяа, Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2019/00996 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 1506 дугаар магадлалтай,
...........гийн нэхэмжлэлтэй
...........ад холбогдох
8 210 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч ...........ын гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч ..........., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр н.Жаргалмаа, н.Далай нарт гадаадын 14 иргэний Монгол Улсад хөдөлмөр эрхлэх ажлын байрны төлбөрт тушаалгахаар 23 500 000 төгрөгийг өгсөн. Ингээд Улаанбаатар хотод ирээд гадаадын иргэдийн паспорт болон мөнгөө шаардахад н.Жаргалмаа нь Индралхур Ариун ХХК-ийн захирал н.Цэрэнсодном, компанийн нягтлан бодогч гэх ........... гэдэг хүмүүстэй танилцуулсан. Гэтэл Индралхур Ариун ХХК-ийн захирал н.Цэрэнсодном нь энэ асуудалд хамаагүй манай нягтлан ........... мэднэ гэхээр нь түүнтэй уулзах, утсаар Хятад иргэдийн Монгол улсад ажиллах зөвшөөрөл гарсан эсэх, ажлын байрны төлбөрийн мөнгийг н.Жаргалмаагаас авсан эсэх асуудлаар ярьдаг байсан. Ингээд би цагаан сарын өмнө буюу 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Улсын их дэлгүүрийн үүдэнд ...........тай анх уулзахад өнөө маргаашгүй виз чинь гарна, хөдөлмөрийн яаманд бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэж байна. Материалыг чинь өгсөн гэж хэлсэн. ........... над руу утсаар яриад Хятад иргэдийн ажлын байрны татвар төлөх хэрэгтэй байна гэхлээр 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ХААН Банк дахь ...........ын 5011242909 тоот данс руу 5 110 000 төгрөгийг шилжүүлсэн. Тэрээр хоёулаа мөнгө нийлүүлээд Хятад иргэдийн нэг сарын ажлын байрны төлбөрийг төлөөд ажиллуулж байя болдог гэж манай дүү хэллээ, тэр хооронд би мөнгө олно гэж хэлээд надаас салах аргаа олох гэж надаас 1 406 000 төгрөг бэлнээр өөрөө 1 000 000 төгрөг нэмж аваад, нийт 2 406 000 төгрөгийг 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн нэрээр Төрийн сангийн дансанд хийсэн. Гэтэл Индралхур Ариун ХХК дээр хөдөлмөрийн виз гараагүй, Бундбэйс ХХК нэр дээр гарсан байсан. Өөр компанийн нэр дээр гарч болох юм уу гэж асуухад болно нийгмийн даатгалд нь 2 450 000 төгрөг төлчихлөө гэж хэлсэн. ...........ын гэрт түүний нөхөр н.Эрхэмбаяр, Индралхур Ариун ХХК-ийн захирал н.Цэрэнсодном, н.Баярдалай, н.Жаргалмаа нартай уулзсан. Тэд анх надад хэлэхдээ виз гаргаж өгнө гэсэн болохоос биш, хэн хэн хэдэн төгрөгийн ашиг авах талаар хэлээгүй. Иймээс ...........аас нэхэмжилж байгаа 8 210 000 төгрөг нь н.Баярдалай, н.Жаргалмаа, Индралнил хур ХХК-д өгсөн төлбөр, мөнгөтэй хамааралгүй. ........... ажлын виз гарчихлаа 5 110 000 төгрөг гэсний дагуу түүний данс руу уг мөнгийг шилжүүлсэн. Нийгмийн даатгалд төлсөн гэх 2 450 000 төгрөгийг н.Цэрэнсодном, н.Баярдалай, н.Жаргалмаа нар бидэнд хамааралгүй, ...........ын компанид тушаасан гэж хэлсэн. ........... нь нийгмийн даатгалд төлөхөөр авсан 2 450 000 төгрөг, зээлж авсан 6 000 000 төгрөг, нийт 8 450 000 төгрөгийг төлнө гээд үүнээс 5 760 000 төгрөгийг нь 2 сарын дараа төлнө гэсэн бичгийг өөрийн гараараа бичиж өгсөн. ........... нь цагаан сарын өмнө манай хүү С.Баттулгаас 300 000 төгрөг, надаас 100 000 төгрөг тус тус мөн зээлж авсан ба үүнийг нэхэмжилж байна. Харин хөдөлмөрийн биржид ажилладаг дүү Алтансувдад өгнө гэж надаас 300 000 төгрөг авсан ба үүнийг нэхэмжлэхгүй. Гэвч бүтэн 4 жил гаруй хугацаанд мөнгө өгөхгүй, намайг чирэгдүүлж байгаад гомдолтой байна гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2015 онд эдгээр компаниуд нь БНХАУ-аас ажилчид оруулж ирэн, ажиллуулах хүсэлтээ Хөдөлмөрийн яаманд хүргүүлсэн байсан. Би энэ тухайгаа н.Жаргалмаад тайлбарлаж өгсөн. н.Жаргалмаа нь манай компанид Хятад ажилчид байна. Танай компанийн нэр дээр 13-н ажилчин оруулж ирэх санал тавьсан.Би энэ саналыг захиралд хэлэхэд тэрээр зөвшөөрч, үүнтэй холбоотой ажлыг намайг гүйцэтгэхийг даалгасан. Гэтэл ........... гэдэг хүн гарч ирсэн. ........... намайг Цагдаа, Авилгатай тэмцэх газар, Шүүх гээд бүхий л газруудад нэхэмжилж байгаа энэ мөнгөтэй холбоотой гомдол гаргаж, шалгуулсан. Хятад ажилчдыг орж ирэхэд нь нийгмийн даатгалын хуулийн дагуу Хөдөлмөрийн биржид 8 хүнээр тооцож 2 400 000 төгрөгийн татварыг н.Баярдалай, н.Жаргалмаа нар Төв аймгийн Нийгмийн даатгалын газрын дансанд төлсөн. Би энэ мөнгийг аваагүй. Цагаан сарын өмнө хүү нь надад баярлалаа гэж 300 000 төгрөг өгсөн. Миний хувьд ...........д хангалттай тусалсан, ажлыг нь бүтээж өгсөн. Яагаад надаас мөнгө нэхэмжилж байгааг ойлгохгүй байна гэжээ.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2019/00996 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч ...........аас 3 810 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ...........д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 400 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ...........гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146 310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ...........аас улсын тэмдэгтийн хураамжид 85 350 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ...........д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт зааснаар давах болон хяналтын журмаар гаргасан тус шүүхийн шүүгчийн 09 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШЗ2016/03396 дугаар захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ хүчинтэй хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 1506 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2019/00996дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагч ........... хяналтын гомдолдоо: Шийдвэрт гомдолтой байна. Хятад ажилчид оруулж ирэх саналыг анх хятад хэлний орчуулагч Жаргалмаагаар дамжуулан санал тавьсан. Энэ саналыг тухайн үеийн Индралхур ариун ХХК-ийн захирал Цэрэнсодномд танилцуулж зөвшөөрснөөр тус ХХК-ний нэр дээр хууль дүрмийн дагуу хятад ажилчид оруулж ирэх зөвшөөрлийг авч Монгол улсад оруулж ирж ажиллуулан тодорхой хэмжээний ажил хийж ашгаа олсон. Лхагвацэрэн энэ асуудлаар 2 удаа цагдаагийн байгууллагад, авилгатай тэмцэх газруудаар шалгуулсан. Мөн орчуулагч Жаргалмаагаас их хэмжээний мөнгө нэхэмжлэн эрдэнэт шүүхэд өгсөн байдаг. Жаргалмаагийн асуудал нь дээд шүүхээс хэрэгсэхгүй болсон байдаг. Лхагвацэрэн нь өөрөө хятад ажилчдын үлдэгдэл 10 000 000 төгрөгөөр өөрөө хувьдаа автомашин авч татвар төлөхөд хүндрэл учирсан. Учир нь хөдөлмөр хэлтэс нь татварын мөнгө улирлаар авна гэсэн учир надруу шилжүүлсэн 5 000 000 төгрөг нь хүрээгүй. Энэ мөнгөнөөс өөр лүү нь 1 400 000 дансаар, 1 000 000 төгрөгийг нь өгсөн. Энэ тухай анхан шатны хурал дээр тодорхой хэлсэн байгаа Лхагвацэрэн. Би энэ асуудлыг хариуцаж хийх даалгавар авсан учраас татварын мөнгө миний данс руу орсон. 2 хятад ажилчин нь хугацаандаа гараагүй учраас тус ХХК-ний захирал нь надаас үлдэгдэл мөнгийг авсан. Үүнийгээ баримтаар шүүхэд бичиж өгсөн. Иймд иргэн Лхагвацэрэн мөнгө төлөх үндэслэлгүй гэж би үзэж байна. Миний хүсэлтийг харгалзан үзэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч ........... нь хариуцагч ...........ад холбогдуулан шилжүүлсэн 8 210 000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.
Тэрээр нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо “...Хятад ажилчдын виз гаргуулах зорилгоор хариуцагчид мөнгө шилжүүлсэн, тэдгээрийн нийгмийн даатгалд төлөхөөр авсан 2 450 000 төгрөг, зээлж авсан 6 000 000 төгрөг, нийт 8 450 000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэснийг хариуцагч эс зөвшөөрч “...нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу 13 Хятад иргэний Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг гаргуулж өгсөн, үүнд шилжүүлсэн мөнгө нь зарцуулагдсан” гэж мэтгэлцжээ.
Анхан шатны шүүх хариуцагчаас 3 810 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаад хэвээр үлдээсэн байна.
Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлтэй гэж үзэв. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжтой байна.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчээс хариуцагчид 2015 оны 4 сарын 07-ны өдөр 5 110 000 төгрөг, 4 сарын 27-ны өдөр 100 000 төгрөг шилжүүлсэн, хариуцагч буцааж 1 400 000 төгрөгийг буцааж өгсөн үйл баримт тогтоогдсон боловч зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан үйл баримт нотлогдоогүйгээс гадна гадаад иргэдийн Монгол улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авах зорилгоор талуудын хооронд хийгдсэн хэлцэл хууль зөрчсөн, уг зөрчил нь эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцээгүй, хоёр шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хэм хэмжээг хэрэглэж чадаагүй нь алдаатай болжээ.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгийг хэрэглэх урьдчилсан нөхцөл нь талуудын хооронд үүрэг огт үүсээгүй, эсхүл үүрэг үүссэн боловч хүчин төгөлдөр бус болсон байх шаардлагыг шүүх анхаараагүй, талууд үүрэг үүссэн үйл баримтыг мэдүүлсэн байхад ямар хэлцэл байгуулагдсан, хэлцэл хүчин төгөлдөр эсэх зайлшгүй асуудлаар шүүх эрх зүйн дүгнэлт хийгээгүй, шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
Нэхэмжлэлийн шаардлагад хамаарах зарим нөхцөл байдал Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 894 дүгээр тогтоолоор шийдвэрлэгдсэн, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.9.1 дэх хэсэгт зааснаар гадаадад ажиллах хүч гаргах, гадаадаас ажиллах хүч авах хөдөлмөр эрхлүүлэх талаар иргэдэд зуучлах үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлнэ гэсэн байхад энэ талаарх талуудын тохиролцоо хуулийг зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцэл болно.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар талуудын хооронд байгуулагдсан хэлцэл хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд шилжүүлсэн хөрөнгөө шаардах эрхтэй хэдий ч ........... нь уг мөнгийг зөвшөөрөл авахад зарцуулсан, гадаадын иргэнд ажиллах зөвшөөрөл гаргуулах нэхэмжлэгчийн хүсэлтийн зарим нь шийдвэрлэгдсэн нь хэрэгт байгаа баримтаар нотлогдсон тул буцаан шилжүүлэх хөрөнгө байхгүй, нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.
Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2019/00996 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 1506 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч ...........ад холбогдох 8 210 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч ...........гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75 760 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА
Х.СОНИНБАЯР
Г.ЦАГААНЦООЖ
Д.ЦОЛМОН