| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2017/02710/и |
| Дугаар | 182/ШШ2017/00621 |
| Огноо | 2017-03-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 182/ШШ2017/00621
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Т ХХК /РД:0000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С.Х ХХК /РД: /-д холбогдох,
Гэрээний үүрэгт 425,768,319 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Очирдорж, О.Даваажаргал, хариуцагчийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюу-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Тус компани нь 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр С.Х ХХК-тай Арматур худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу 480 тонн арматурыг 1 тонныг нь 950,000 төгрөгөөр тооцож, нийт 456,000,000 төгрөгийн үнэ бүхий арматурыг нийлүүлэхээр харилцан тохиролцсон байдаг.
Нэхэмжлэгч нь гэрээний дагуу 2015 оны 9 дүгээр сарын 01-нээс 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэл нийт 306,786,350 төгрөгийн үнэ бүхий 332.9 тонн арматурыг нийлүүлсэн боловч С.Х ХХК-иас төлбөрөө огт төлөөгүй тул арматур нийлүүлэхээ зогсоосон.
Хариуцагч нь гэрээний 4.1-т заасан төлбөр тооцоо хийх журмын дагуу гэрээний үнийн дүнгийн 50 хувийг 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр, үлдэгдэл 50 хувийг 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төлөхөөр байсан.
Дээрх хугацаанаас хойш зээлээр худалдан авсан арматурынхаа үнийг төлөхийг байнга шаардаж байгаа ч сайн дураараа төлөхгүй, үүргээ биелүүлэхээс татгалзаж байгаа тул шүүхийн журмаар гаргуулахаар хандаж байна.
2015 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 2015/99 тоот гэрээний 6.1-т заасны дагуу гэрээнд заасан хугацаанд үнийг төлөх үүргээ гүйцэтгээгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцохоор заасан ба Иргэний хуулийн 232.4-т зааснаар алданга нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул алдангийг хуульд заасны дагуу багасган тооцож 153,393,175 төгрөгийг нэхэмжилж байсан.
Манай компани гэрээний үүргийн гүйцэтгэлд худалдан авсан 332,9 тонн арматурын үнэ 306,786,350 төгрөг, алданги 153,393,175 төгрөг, 3 сарын хүү 32,212,566 төгрөг, нийт 492,392,091 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн.
Дээрх нэхэмжлэлд дурьдсан тайлбар нь хууль буюу гэрээний холбогдох заалтыг зөрүүтэй ойлгож буруу тайлбарласан байсан учраас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан.
Өөрөөр хэлбэл гэрээнд заасан алдангид нэхэмжилсэн 153,393,175 төгрөгийг 2015 оны 12 дугаар сараас 2018 оны 01 дүгээр сар хүртэлх хугацааны 26 сарын хүүнд тооцож гаргуулахаар өөрчилж байна.
Иргэний хуулийн 262 дугаар зүйлд Зээлээр худалдах худалдан авах гэрээ-ний зохицуулалтад хүү тооцож болохоор хуульчилсан байдаг. Үүний дагуу 3 сарын хүүг гэрээнд зааснаар тооцоолон нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн байсан.
Мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д зааснаар Мөнгөн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй гэж заасны дагуу 2015 оны 11 сарын 17-ноос хойш үүргээ гүйцэтгээгүй, хугацаа хэтрүүлсэн байх тул хуульд заасны дагуу хүү төлөх үүрэгтэй учраас арилжааны банкуудын хадгаламжийн дундаж хүүгээр тооцоолж үзэхэд;
2015 онд хадгаламжийн жилийн дундаж хүү 13.3% буюу 40,802,584 / 12 = 3,400,215 төгрөг, 2016 онд хадгаламжийн жилийн дундаж хүү 13.2% буюу 40,495,796 төгрөг, 2017 онд хадгаламжийн жилийн дундаж хүү 12.9 буюу 39,575,439 төгрөг, 2018 онд хадгаламжийн жилийн дундаж хүү 12.9 буюу 39,575,439 / 12 = 3,297,953 төгрөг болж, нийт хугацаа хэтрүүлсэний хүүнд 86,769,403 төгрөгийг нэхэмжилж, алданги хэмээн нэхэмжилсэн мөнгөн дүнгийн зөрүү болох 66,623,772 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.
Иймд гэрээний үүргийн гүйцэтгэлийн үндсэн төлбөр 306,786,350 төгрөг, гэрээнд заасан хүү 32,212,566 төгрөг, хугацаа хэтрүүлсэний хүү 86,769,403 төгрөг, нийт 425,768,319 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү... гэв.
Хариуцагч С.Х ХХК-ийн ерөнхий захирал Ц.Зориг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Д.Т ХХК-ийн нэхэмжилж байгаа алданги болон нэмэгдүүлсэн хүү болох 185,605,741 төгрөгийг хүлээн авах боломжгүй байна. Эдийн засгийн хямралаас болж бид алдагдалд орсон. Өнөөдрийн байдлаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 700,000,000 төгрөгийн өр төлбөртэй байна.
Бид уг компанид Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороололд байрлах 3 өрөө орон сууц санал болгож авсан арматурын үнийг төлөх саналтай байна гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан болохоос зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаагүй.
Нэхэмжлэгчийн нийлүүлсэн арматур нь чанарын шаардлага хангахгүй, мөн арматурын нийлүүлэлт зогссон учраас 16 давхар барилга баригдах боломжгүй болж ажил зогсож, хариуцагчийн хувьд алдагдал хүлээсэн.
Манай компанийн хувьд нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөр 306,786,350 төгрөгийг бол төлөхөд татгалзах зүйл байхгүй, бусад төлбөрийг бол хүлээн зөвшөөрөхгүй... гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Т ХХК нь хариуцагч С.Х ХХК-д холбогдуулан анх гэрээний үүрэгт 306,786,350 төгрөг, алдангид 153,393,175 төгрөг, нийт 460,179,525 төгрөг гаргуулах шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2018 оны 01 дүгээр сарын 12-нд нэхэмжлэлийн шаардлагаа 32,212,566 төгрөгөөр нэмэгдүүлж 492,392,091 төгрөг гаргуулахаар шаардсан боловч дахин 2018 оны 01 дүгээр сарын 30-нд нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар өөрчлөн багасгаж гэрээний төлбөрт 306,786,350 төгрөг, хүү 32,212,566 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хүү буюу олох ёстой байсан ашиг 86,769,403 төгрөг нийт 425,768,319 төгрөгийг хариуцагчаас шаардсан.
Хариуцагч нь үндсэн төлбөр 306,786,350 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч бусад хэсгийг зөвшөөрөхгүй чанарын шаардлага хангаагүй арматур нийлүүлсэн гэж маргасан.
Талуудын хооронд 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 2015/99 тоот Арматур худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж гэрээний дагуу нэхэмжлэгч Д.Т ХХК нь 480 тонн буюу SR290Ф8-Ф10 мм катанг, SD390 Ф13-Ф25 арматурыг төрөл бүрээс нь 2015 оны 9 дүгээр сарын 01-нээс 2015 оны 11 дүгээр сарын 15-ны хооронд хариуцагч С.Х ХХК-д тонн тутмыг нь 950,000 төгрөгөөр тооцож нийт 456,000,000 төгрөгийн үнэтэй катанг, арматурыг нийлүүлэхээр талууд харилцан тохиролцжээ. /хх-ийн 4-6 х/
Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч нь 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 32,391,200 төгрөгийн үнэ бүхий Ф8 катанг, Ф13, Ф16, Ф19, Ф22, Ф25 арматурыг, мөн өдрөө 32,965,000 төгрөгийн үнэ бүхий Ф25 арматур, 33,059,050 төгрөгийн Ф25 арматур, 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 39,007,950 төгрөгийн арматур, мөн өдрөө 40,416,800 төгрөгийн үнэ бүхий Ф22, Ф25 арматур, 39,565,600 төгрөгийн Ф25 арматур, 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 43,226,900 төгрөгийн үнэ бүхий Ф8 катанг, Ф25 арматур буюу нийт 260,632,500 төгрөгийн арматурыг нийлүүлсэн байна. /хх-ийн 8-14 х/
Нэхэмжлэгч нь нийт 306,786,350 төгрөгийн төлбөрийн нэхэмжлэхийг хариуцагчид 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүргүүлсэн байх ба хариуцагч нь дээрх үнийн дүнгийн хувьд маргаагүй тул, маргаагүй үйл баримтын талаар дүгнэлт хийх шаардлагагүй юм.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа талуудын хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан учраас үндсэн төлбөр 306,786,350 төгрөг, хүү 32,212,566 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хүү буюу олох ёстой байсан ашиг 86,769,403 төгрөг нийт 425,768,319 төгрөг гэж тодорхойлсон.
Талуудын байгуулсан гэрээний 7 дугаар зүйлийн 7.2-т гэрээний хугацаанд батлан даагч тал төлбөрөө төлөөгүй тохиолдолд Б тал А талд нийт үнийн дүнгээс сарын 3.5 хувиар бодож хүү төлнө гэж тохиролцсон байгаа нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхээргүй байна.
Учир нь зээлээр худалдах-худалдан авах гэрээ нь худалдах-худалдан авах гэрээний нэг төрөл бөгөөд худалдан авсан эд зүйлийн үнийг нэг дор биш тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөх учраас талуудын хооронд хүү тохиролцож гэрээний зүйл болох эд хөрөнгийн үнэ нь шууд төлөх үнээс нэмэгдсэн шинжтэй байдаг.
Талуудын байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлд төлбөр тооцоо хийх хэлбэр болон хугацааг тохиролцсон байх ба хариуцагч нь 465,000,000 төгрөгийг 2 хувааж 2015 оны 10 дугаар сарын 15-нд нийт төлбөрийн 50 хувийг, 2015 оны 11 дүгээр сарын 15-нд үлдэх 50 хувийг тус тус төлөхөөр тохиролцсон байгаа нь эд хөрөнгийн үнэ нэмэгдсэн шинжийг агуулаагүй байна.
Худалдах-худалдан авах гэрээнд худалдсан эд зүйлийн үнийг хэсэгчлэн төлөх хугацааг тохирч болдог бөгөөд энэ нь үнийг хэсэгчлэн төлөх хэмжээ, хугацааг тохирсон агуулга бөгөөд ийнхүү үнийг хэсэгчлэн төлснөөр эд хөрөнгийн үнэ нэмэгдэхгүй байдгаараа зээлээр худалдах-худалдан авах гэрээнээс ялгардаг.
Худалдах-худалдан авах гэрээ болон зээлээр худалдах-худалдан авах гэрээний аль алинд нь Иргэний хуульд заасан анзыг тохирч болдог бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д худалдан авагч нь гэрээнд заасан хугацаанд төлбрөө төлөөгүй тохиолдолд өдөр тутам төлөөгүй нийт үнийн дүнгийн 1 хувиар алданги тооцон нийлүүлэгч талд төлнө гэж тохиролцсон хэдий ч нэхэмжлэгч нь алдангид 153,393,175 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан болохыг дурьдах нь зүйтэй.
Ийм учраас шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг бөгөөд гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг мөн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д заасны дагуу биет байдлын хувьд доголдолгүй гэж үздэг.
Нэхэмжлэгч нь хариуцагчид 306,786,350 төгрөгийн үнэ бүхий арматур, катангийг хүлээлгэн өгсөн, хариуцагч нь хүлээн авсан талаар маргаагүй бөгөөд хариуцагчийн өмгөөлөгч нь нийлүүлсэн арматур нь чанарын шаардлага хангаагүй учраас 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөр ажил зогссон гэж тайлбарлаж ДТУА ХХК-ийн албан бичгийг нотлох баримтаар байсан гаргаж өгсөн.
ДТУА ХХК-иас С.Х ХХК-д 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүргүүлсэн 10/08 тоот албан бичигт СБД-ийн 7 дугаар хороонд баригдаж байгаа үйлчилгээтэй 16 давхар орон сууцны барилгад зохиогчийн хяналт хийх гэрээний дагуу 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр барилгын талбайд хяналт хийхэд хэрэглэж байгаа арматурын чанарын гэрчилгээг одоо болтол нийлүүлж байгаа компаниас аваагүй байгаа нь цаашид угсралт хийх зөвшөөрөх боломгүй нөхцөл байдал үүссэнийг албан ёсоор мэдэгдэж байна. Чанарын гэрчилгээгүй арматураар цаашид угсралт хийвэл танай байгууллагатай хийсэн 01/2014 гэрээний 3.4-т зааснаар гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзаж дараа дараагийн арга хэмжээ авах болохыг мэдэгдэж байна гэжээ.
Үүнээс үзвэл хариуцагч нь арматурын чанарын гэрчилгээ болон эд хөрөнгийн доголдлын талаар Иргэний хуулийн 254 дүгээр зүйлд зааснаар худалдан авсан арматур доголдолтой байсан болон доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах талаар шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлээгүй, энэ талаар мөн сөрөг нэхэмжлэл гаргаагүй учраас ДТУА ХХК-иас ирүүлсэн албан бичгийг нотлох баримтын хэмжээнд үнэлж, доголдолтой арматур байсан гэж үзэх боломжгүй байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзийг алданги гэнэ гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги нэхэмжлэх эрхтэй боловч 2018 оны 01 дүгээр сарын 30-нд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж алдангийг нэхэмжлээгүй зөвхөн хүү 32,212,566 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хүү буюу олох ёстой байсан ашиг 86,769,403 төгрөг гаргуулахаар шаардсан тул нийт 118,981,969 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.
Хэдийгээр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй байдаг боловч талуудын хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаагүй учраас хүү, болон хохирол шаардах эрхгүй.
Ийм учраас хуулийн дээрх үндэслэлүүдээр хариуцагч С.Х ХХК-иас 306,786,350 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Т ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хүү болон хугацаа хэтрүүлсэн хүү буюу олох ёстой байсан ашиг 118,981,969 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь алдангид 153,393,175 төгрөг гаргуулах шаардлагаа өөрчилж, хүү болон олох ёстой байсан ашгаа нэхэмжилсэн тул энэхүү шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 924,915 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй гэж үзсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч С.Х ХХК-иас 306,786,350 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Т ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 118,981,969 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Т ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,286,791 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 924,915 төгрөгийг буцаан олгож, хариуцагч С.Х ХХК-иас 1,691,881 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосоугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ДАШДЭЧМАА