Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
Хэргийн индекс | 182/2017/03232/и |
Дугаар | 182/ШШ2018/00553 |
Огноо | 2018-03-21 |
Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 182/ШШ2018/00553
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, шүүгч Н.Б, Ц.Н нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: дүүрэг, хороо, дугаар байр, тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар /, овогт Г-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: дүүрэг, хороо, гудамж , төвд байрлах, /улсын бүртгэлийн дугаар, регистрийн дугаар / ЭХК-д холбогдох
Урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 89,185,298 төгрөг гаргуулах, Нийгмийн даатгал,Эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.М, Ц.Б, хариуцагчийн төлөөлөгч Э.У, Т.Ц, иргэдийн төлөөлөгч Я.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюун-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Ц.М, Ц.Б нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Г нь 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Б/283 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдөн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2017/00273 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн дугаар 873 тоот магадлал, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 001/ХТ2017/00962 тогтоолоор ажилд эгүүлэн тогтоосон. Иймд 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл цалин хөлс, олговорт нийт 104,875,076 төгрөг гаргуулж, Нийгмийн даатгал,Эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах, ЭХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэлийн урамшуулалд төлсөн 375,000 төгрөгийг гаргуулах, Э ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/22 тоот Б.Гыг ажилд томилох тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэг, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг зөрчсөн тул хүчингүй болгуулж, Үйлдвэрлэл эрхэлсэн тэргүүн дэд захирлын албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.
Хариуцагч Э ХК шүүхэд болон төлөөлөгч Э.У, Т.Ц нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2017/00273 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 873 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 001/ХТ2017/00962 дугаар тогтоолын дагуу шүүхийн шийдвэрийг Эрдэнэс-Таван толгой ХК биелүүлсэн. Б.Г нь гүйцэтгэх захирлын 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн А/50 дугаар Ажилтнуудын харьяалагдах нэгж болон албан тушаалын нэршилд өөрчлөлт оруулах тухай тушаалын хавсралтад Уурхайн үйлдвэрлэл хариуцсан захирлын албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан бөгөөд тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 20 тоот тогтоол, гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/252 дугаар Ажлын байрны нэр, орон тооны жагсаалтад өөрчлөлт оруулах тухай тушаалаар Уурхайн үйлдвэрлэл хариуцсан дарга орон тоог баталж, Б.Г-ыг 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/22 тоот тушаалаар уурхайн үйлдвэрлэл хариуцсан даргын ажилд эгүүлэн томилсон. Б.Гтай 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр, 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр тус тус уулзаж, ажил санал болгосон боловч ажил олгогчийн саналыг үл тоомсорлон ажилд томилсон тушаалыг хүлээн зөвшөөрөлгүй, Э ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс томилогддог Тэргүүн дэд захирлын албан тушаалд томилуулахаар анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаж буй явдал нь үндэслэлгүй юм. Шүүхийн шийдвэрийг Э ХК-ийн зүгээс сайн дураар биелүүлэх боломжийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 119 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч нь олголгүйгээр Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх тухай 17300786/01 тоот тогтоолыг 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр компанийн харилцагч банкуудад хүргүүлсэн байсан бөгөөд уг тогтоолыг өнөөдрийг хүртэл компанийн удирдлагуудад танилцуулаагүй. Түүнчлэн Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2/28424 тоот мэдэгдэх хуудсыг 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр компанид ирүүлсэн. Мэдэгдлийг албан ёсоор бичгээр ирүүлээгүй байхдаа шийдвэр гүйцэтгэлийн журмаар өөр төлбөр авагч болох М.А-ын төлбөрт Б.Г-д олгох нөхөн төлбөрийг нэмж хамтад нь тус компанийн дансыг хаах замаар хууль бусаар 53,303,430 төгрөгийг шилжүүлэн авсан нь Э ХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх боломжгүй байсан мэт харагдуулж, хууль бус үйл ажиллагаа явуулсан 119 дүгээр шийдвэр гүйцэтгэгчийн үйлдлийг шалгуулахаар Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид хандан гомдол гаргаж байсан бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 5/149 тоот албан бичгээр шийдвэр гүйцэтгэгчид анхааруулах арга хэмжээ авсан тухай хариу мэдэгдсэн. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн урамшууллын төлбөр болох 375,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Б.Г хариуцагч ЭХК-д холбогдуулан урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 89,185,298 төгрөг гаргуулах, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 15,689,778 төгрөг гаргуулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн урамшууллын зардалд төлсөн 375,000 төгрөг гаруулах, ЭХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/22 тоот тушаалыг хүчингүй болгуулж, Үйлдвэрлэл эрхэлсэн тэргүүн дэд захирлын албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.
Хариуцагч Э ХК нь уурхайн үйлдвэрлэл хариуцсан захирлын ажлын байр үгүй болж, Үйлдвэрлэл эрхэлсэн Тэргүүн дэд захиралтай байхаар бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдсэн, ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдсөн гэж маргажээ.
Хариуцагч Э ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Б/283 дугаартай тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсан тухай маргаан үүсч, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2017/00273 дугаартай шийдвэрээр Б.Г-ыг Э ХК-ийн үйлдвэрлэл хариуцсан захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 53,263,433 төгрөг гаргуулж, шийдвэрлэсэн шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 873 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 00962 дугаартай тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон /хх-ийн 7-18 тал/ байна.
Хариуцагч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй учир Б.Г анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шаардаж 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд ханджээ.
Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар олгоно гэж зохицуулжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.
Хариуцагч Э ХК нь Б.Г-ыг үйлдвэрлэл хариуцсан захирлын ажилд эгүүлэн тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй нь тус шүүхийн “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШЗ2017/09609 дугаартай шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Иймд 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт /сард 8,877,239:21,5/ өдөрт 412,894 төгрөгийг 243 хоногоор тооцож нийт 100,333,242 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Г-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар дээрх олговроос Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг ажил олгогчид даалгах үндэслэлтэй байна.
Харин хариуцагч Э ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/22 тоот тушаалаар Б.Г-ыг уурхайн үйлдвэрлэл хариуцсан даргын ажил, албан тушаалд томилсон байх тул илүү нэхэмжилсэн цалин хөлстэй тэнцэх олговор 4,541,834 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч Э ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/22 тоот тушаалыг хүчингүй болгуулж, Үйлдвэрлэл эрхэлсэн тэргүүн дэд захирлын албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2.Ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй гэж зохицуулсан байна.
Э ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 07 тоот тогтоолоор компанийн зохион байгуулалтын бүтэц орон тоог шинэчлэн баталж, Уурхайн зохион байгуулалтыг Гүйцэтгэх захирал, Үйлдвэрлэл хариуцсан захирал, ажлын албатай байсныг Э ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 20 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар зохион байгуулалтын бүтцийг Гүйцэтгэх захирал, Үйлдвэрлэл эрхэлсэн Тэргүүн дэд захиралтай байхаар бүтэц зурагдаж, бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэж, Үйлдвэрлэл эрхэлсэн Тэргүүн дэд захирлын ажлын байрны тодорхойлолт, гүйцэтгэх чиг үүрэгт өөрчлөлт орсон болох нь Э ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн А/50 тоот тушаал, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/252 тоот тушаал, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг бодитойгоор биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж хариуцагч тал мэтгэлцэж байгааг буруутгах үндэсгүй байна.
Ажилтан Б.Г нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр, 2018 оны 02 дугаар сарын 14-ны өдөр ажил олгогчид “Өнөөдрийг хүртэл адил төстэй ажлын байр санал болгоогүй гэх” хүсэлтээ хүргүүлсэн, талууд 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр, 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр уулзаж ярилцсаны үндсэн дээр 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Хөдөлмөрийн гэрээний төсөл, Ажлын байрны тодорхойлолтыг имэйл хаягаар ажилтанд хүргүүлсэн байх ба /хх-ийн 88-93 тал/ энэ тухайд талууд маргаагүй.
Хариуцагч Э ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/22 тоот тушаалаар Б.Г-ыг уурхайн үйлдвэрлэл хариуцсан даргын ажил, албан тушаалд ажилтантай тохиролцсоны үндсэн дээр томилсон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Нэхэмжлэгч Б.Г хариуцагч Э ХК-д холбогдуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн урамшууллын зардалд төлсөн 375,000 төгрөг гаруулах шаардлагын тухайд:
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1.Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй боловч нэхэмжлэгч Б.Г нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн урамшууллын зардалд 375,000 төгрөг төлсөн болохоо баримтаар нотолж чадаагүй байх тул хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Нэхэмжлэгч Б.Г нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр авагчийн хувьд урамшууллын гэрээний нэг хувь өөрт нь байх боломжтой бөгөөд тус шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн 182/ШЗ2018/011512 дугаартай шүүгчийн захирамжаар урамшууллын гэрээг нотлох баримтаар өөрөө гаргаж өгөх, бүрдүүлж, цуглуулах хугацаа олгосон боловч урамшууллын гэрээ болон 375,000 төгрөг төлсөн баримтаа шүүхэд ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбоотой бол түүнийг дахин нотлохгүй гэж заасан бөгөөд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2017/00273 дугаартай шийдвэрээр 8,877,239 төгрөгөөр сарын дундаж цалин хөлсийг тогтоосныг баримталж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан ЭХК-иас урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 100,333,242 /нэг зуун сая гурван зуун гучин гурван мянга хоёр зуун дөчин хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Гд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,916,834 төгрөгт холбогдох хэсгийг, Э ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/22 тоот тушаалыг хүчингүй болгуулж, Үйлдвэрлэл эрхэлсэн тэргүүн дэд захирлын албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт заасныг баримтлан дээрх олговроос Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Э ХК-д даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 680,261 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлөгдсөн 4,253 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч Э ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 659,616 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Г-д олгосугай.
4.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.НАРАНГЭРЭЛ
ШҮҮГЧИД Н.БАЯРМАА
Ц.НАРАНЧИМЭГ