Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
Хэргийн индекс | 182/2018/00127/и |
Дугаар | 664 |
Огноо | 2018-04-06 |
Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 664
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т.Ө.К ХХК ХХК /РД:5056098/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С.И ХХК ХХК /РД:5723124/,
Хариуцагч: Н.Ш.Ш.Г.Г тус тус холбогдох,
Т.Ө.К ХХК, С.И ХХК-иудын хооронд байгуулагдсан 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Төлбөр барагдуулах тухай тохиролцооны гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба /хуучнаар/-ны 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 1116956 тоот албан бичгийг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Титэм хотхоны 10А байрны 02 тоот 97.28 м.кв талбайтай, Ү-2201038622 дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Титэм хотхоны 10А байрны 2 тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн Ү-2201038622 дугаарт бүртгүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг Т.Ө.К ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн С.И ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзаяа, хариуцагч С.И ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхбаатар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Адилбек, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюу-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Ө.К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 3900 дугаартай Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар Т.Ө.К ХХК-иас 126,359,431 төгрөг гаргуулж, С.И ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.
Шүүхийн шийдвэрт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж Т.Ө.К ХХК нь төлбөрөөс 39,100,000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөр дээр нь талууд тохиролцоод хоёр үл хөдлөх хөрөнгийн нэгийг чөлөөлж, нэгийг нь төлбөрт тооцон шилжүүлэх яриа хийгдэж байсан.
Гэтэл 2017 оны 6 дугаар сарын 09-нд С.И ХХК нь Т.Ө.К ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээдтэй Төлбөр барагдуулах тухай тохиролцоо гэрээг байгуулсан байдаг.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дээрх тохиролцоог үндэслэн 2017 оны 9 дугаар сарын 09-ний өдөр 17/790 тоот Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол гарч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 16 дугаар зүйлийн 16.1.3-т зааснаар эвлэрсэн гэж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгож, 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 1116956 тоот албан бичгээр Т.Ө.К ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг бусдын өмчлөлд хууль бусаар шилжүүлсэн.
Т.Ө.К ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь П.Гангэрэл биш П.Ганбат гэдэг хүн байдаг. Эвлэрлийн гэрээг хуулийн этгээдийг бүрэн төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсгээ зурж, тамгаа дарж баталгаажуулсан байх ёстой.
Иймд Т.Ө.К ХХК, С.И ХХК-иудын хооронд байгуулагдсан 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Төлбөр барагдуулах тухай тохиролцооны гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцож, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба /хуучнаар/-ны 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 1116956 тоот албан бичгийг хүчингүй болгож Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Титэм хотхоны 10А байрны 02 тоот 97.28 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2201038622 дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож өгнө үү... гэв.
Хариуцагч С.И ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Улсын бүртгэлийн Ү-2201038622 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу өөрийн өмчлөлдөө шилжүүлж авсан.
Төлбөр төлөгч Т.Ө.К ХХК нь 126,359,431 төгрөгийг манай байгууллагад төлөх ёстой байсан бөгөөд барьцаа хөрөнгүүд нь 2 удаагийн албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй учраас тухайн эд хөрөнгийг С.И ХХК-д шилжүүлэх санал болгох шийдвэр гүйцэтгэх албаны хурал зарлагдсан.
Улмаар талууд харилцан тохиролцож Ү-2201038622 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрт шилжүүлэх яриа тохиролцоог хийж эхэлсэн бөгөөд төлбөр төлөгч байгууллагын захирлын 2017 оны 6 дугаар сарын 06-ны 20170606/02 тоот Хэлцэл байгуулах тухай хүсэлт, манай байгууллагын гүйцэтгэх захирлын 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 17/33 тоот хүсэлтүүдийг үндэслэн 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-т зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болж дээрх үл хөдлөх эд хөрөнгийг манайх өмчлөлдөө шилжүүлж авсан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсонтой холбогдуулан Т.Ө.К ХХК нь гомдол гаргах эрхгүй юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсны дараа Т.Ө.К ХХК-ийн зүгээс төлөх төлбөр дээрээ эвлэрэх хүсэлт гаргасныг манай байгууллага хүлээн авч үлдэгдэл 87,833,320 төгрөгийг 2 сарын хугацаанд бүрэн төлсөн нөхцөлд улсын бүртгэлийн Ү-2201038622 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг төлбөр төлөгчид буцаан шилжүүлэх, дээрх хугацаанд төлбөрөө төлөөгүй нөхцөлд буцаан шилжүүлэн авахаар талууд 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Төлбөр барагдуулах тохиролцоо гэрээг байгуулсан.
Т.Ө.К ХХК нь П.Гангэрэлийг төлөөлөх эрхгүй этгээд гээд байх юм. Гэтэл шүүх болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд компанийг бүрэн төлөөлж байсан. Тухайн компанийн санхүүгийн албаны дарга ажилтай гээд тамга тэмдэгээ аваад явж байдаг хүн байсан.
Зээл авахдаа ч тухайн үед гэрээ байгуулахадаа ч төлөөлөх эрхгүй, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргаагүй, анхан шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Төлбөр барагдуулах тухай тохиолцоо-ны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, улсын бүртгэлийн Ү-22010386220 тоот гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлэх шаардлага гаргаад явж байгаад хуульч нараас зөвлөгөө авсныхаа дараа дээрх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, хуулийн дагуу явагдсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тогтоолыг хүчингүй болгуулж өмчлөгчөөр тогтоолгоно гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 3900 дугаар шийдвэрээр Т.Ө.К ХХК-иас 126,359,431 төгрөгийг гаргуулж С.И ХХК-д олгохоор шийдвэрлэж, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудас манай байгууллагад ирсэн учраас 2016 оны 8 дугаар сарын 19-нд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн.
Ажиллагааны явцад төлбөр төлөгч нь 39,100,000 төгрөгийг төлж, 87,833,320 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй болсон учраас Т.Ө.К ХХК-ийн улсын бүртгэлийн Ү-2201038618, Ү-2201038622 тоот барьцааны үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах ажиллагааг явуулсан.
Дээрх хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй бөгөөд төлбөр төлөгч болон төлбөр авагч талууд хоорондоо тохиролцож улсын бүртгэлийн Ү-2201038622 тоот үл хөдлөх эд хөрөнгийг 87,833,320 төгрөгийн төлбөрт тооцон шилжүүлэх тухай Т.Ө.К ХХК-ийн захирлын 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 2010606/02 тоот, С.И ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 17/33 тоот хүсэлтүүдийг тус тус ирүүлсэн.
Дээрх хүсэлтүүдийг үндэслэн 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 1/16956 тоот албан бичгээр улсын бүртгэлийн Ү-2201038618 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг сэргээж, Ү-2201038622 тоот үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагч С.И ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлж, 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хуучин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-т зааснаар ажиллагааг дуусгавар болгосон.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохдоо Т.Ө.К ХХК-ийн захирлын 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 2010606/02 тоот, С.И ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 17/33 тоот хүсэлтүүдийг үндэслэсэн болохоос 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Төлбөр барагдуулах тохиролцоо-г үндэслээгүй. Энэ гэрээ гээд байгаа зүйл нь ч манайд ирээгүй.
Төлбөр төлөгч нь тухайн үед ажиллагаанд гомдол гаргаагүй бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
С.И ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Титэм хотхоны 10А байрны 2 тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн Ү-2201038622 тоот үл хөдлөх хөрөнгө нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэрээр манай байгууллагын өмчлөлд шилжин ирсэн.
Манай байгууллага дээрх шийдвэрийг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлж, хууль ёсны өмчлөгч болсон бөгөөд Т.Ө.К ХХК нь дээрх эд хөрөнгийг бусдад түрээслүүлэн, одоо ч өмчлөгч мэтээр аашилж, хаалганы цоожны голыг сольж манай өмчлөлийн эд хөрөнгөнд хууль бусаар халдаж байна.
Иймд Т.Ө.К ХХК-ийн хууль бус эзэмшлээс Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Титэм хотхоны 10А байрны 2 тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн Ү-2201038622 тоот үл хөдлөх хөрөнгийг албадан чөлөөлж өгнө үү... гэв.
Т.Ө.К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: ...Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын эсрэг шаардлага учраас сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
Учир нь талуудын байгуулсан 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Төлбөр барагдуулах тохиролцоо гэрээний 4.1-д гэрээнд талуудын бүрэн эрхт төлөөлөгчид гарын үсэг зурж, тэмдэг дарснаар хүчин төгөлдөр болж гэрээний нөхцөл бүрэн хангагдснаар буюу цуцалснаар дуусгавар болно гэж заасан байхад гэрээнд төлбөр төлөгчийг төлөөлөх эрхтэй захирал П.Ганбат биш П.Гангэрэл гарын зурсан байгаа нь анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл болсон.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хууль бус тохиролцооны гэрээг үндэслэн өмчлөх эрхийг шилжүүлсэн байдаг учраас сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Ө.К ХХК нь хариуцагч С.И ХХК болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус холбогдуулан 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан төлбөр барагдуулах тухай тохиролцоогоор хүлээсэн үүргээ биелүүлж үл хөдлөх хөрөнгийн Ү-2201038622 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Титэм хотхоны 10 байрны 02 тоот хөрөнгийг Т.Ө.К ХХК-д буцаан шилжүүлэхийг даалгуулах тухай шаардлагыг анх гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж,
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг хамтран хариуцагчаар татан Т.Ө.К ХХК, С.И ХХК-иудын хооронд байгуулагдсан 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Төлбөр барагдуулах тухай тохиролцооны гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба /хуучнаар/-ны 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 1116956 тоот албан бичгийг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Титэм хотхоны 10А байрны 02 тоот 97.28 м.кв талбайтай, Ү-2201038622 дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг,
Хариуцагч С.И ХХК нь Т.Ө.К ХХК-д холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Титэм хотхоны 10А байрны 2 тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн Ү-2201038622 дугаарт бүртгүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг Т.Ө.К ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргасан.
Талууд хэн аль нь үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Нэг: Т.Ө.К ХХК, С.И ХХК-иудын хооронд байгуулагдсан 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Төлбөр барагдуулах тухай тохиролцооны гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба /хуучнаар/-ны 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 1116956 тоот албан бичгийг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Титэм хотхоны 10А байрны 02 тоот 97.28 м.кв талбайтай, Ү-2201038622 дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба /хуучнаар/-нд Т.Ө.К ХХК-ийн захирал Д.Ганбат 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 20170606/02 тоот Хэлцэл байгуулах тухай албан бичгийг С.И ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Бүжинлхам 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 17/33 тоот Үл хөдлөх хөрөнгийг төлбртөө тооцон авах, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгах тухай албан бичгийг тус тус хүргүүлжээ. /хх-ийн 85, 93 х/
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба /хуучнаар/-ны 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 17/790 тоот Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол гарч Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 3900 дугаар захирамж, 233 дугаартай гүйцэтгэх хуудастай төлбөр төлөгч Т.Ө.К ХХК, төлбөр авагч С.И ХХК-иудын шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-т заасныг удирдлага болгон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон байна. /хх-ийн 91 х/
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба /хуучнаар/ нь 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 1116956 тоот Өмчлөх эрх сэргээж, шилжүүлэх тухай албан бичгийг Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн байх ба энэхүү албан бичгийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн Бүртгэлийн газар С.И ХХК-ийн нэр дээр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Титэм хотхоны 10А байрны 02 тоот байршилтай 97.28 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр улсын бүртгэлийн Ү-2201038622 дугаарт бүртгэж, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000603468 дугаартай гэрчилгээг олгосон болох нь талуудын болон гэрч Г.Мөнхсарнай нарын тайлбараар тогтоогдлоо. /хх-ийн 74-76, 92, 109 х/
Нэхэмжлэгч Т.Ө.К ХХК нь хариуцагч С.И ХХК-тай 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Төлбөр барагдуулах тухай тохиролцоо-г байгуулсан байна. /хх-ийн 6 х/
Дээрх гэрээгээр талууд 87,833,320 төгрөгийн үлдэгдэл төлбөрт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Титэм хотхоны 10А байрны 02 тоот 97.28 м.кв талбайтай, Ү-2201038622 дугаартай үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх, төлбөр төлөгч Т.Ө.К ХХК нь 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн 2 сарын хугацаанд төлбөр авагч С.И ХХК-д үлдэгдэл төлбөрийг төлснөөр өмчлөх эрхийг буцаан шилжүүлэн авахаар тохиролцож, гэрээнд төлбөр төлөгчийг төлөөлж Санхүүгийн албаны дарга П.Гангэрэл, төлбөр авагчийг төлөөлж гүйцэтгэх захирал М.Бүжинлхам нар гарын үсэг зуржээ.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна, 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байхаар зохицуулсан байдаг.
Т.Ө.К ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь П.Ганбат болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн 9011259066 дугаарт бүртгэгдсэн 0000106434 тоот Улсын бүртгэлийн гэрчилгээ, Т.Ө.К ХХК-ийн дүрэм, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 9, 10-12х/
2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Төлбөр барагдуулах тухай тохиролцоо-г байгуулах эрх бүхий этгээд нь Т.Ө.К ХХК-ийн Санхүүгийн албаны дарга П.Гангэрэл биш болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа боловч энэхүү гэрээг үндэслэн эрх зүйн үр дагавар үүсээгүй байна гэж үзлээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 16 дугаар зүйлийн 16.1.3-т зааснаар төлбөр авагч, төлбөр төлөгч хоорондоо эвлэрвэл тэдгээрийн гаргасан тодорхойлолтоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохоор зохицуулсан бөгөөд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба /хуучнаар/ нь талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Төлбөр барагдуулах тухай тохиролцоо-г бус Т.Ө.К ХХК-ийн захирал Д.Ганбатын 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 20170606/02 тоот Хэлцэл байгуулах тухай, С.И ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Бүжинлхамын 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 17/33 тоот Үл хөдлөх хөрөнгийг төлбөртөө тооцон авах, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгах тухай албан бичиг буюу хүсэлтүүдийг нь тус тус үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь хуульд нийцсэн байна.
Иймд С.И ХХК болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус холбогдох 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Төлбөр барагдуулах тухай тохиролцоо-г хүчин төгөлдөр бусд тооцуулж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба /хуучнаар/-ны 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 1116956 тоот албан бичгийг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Титэм хотхоны 10А байрны 02 тоот 97.28 м.кв талбайтай, Ү-2201038622 дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай Т.Ө.К ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Шүүхээс С.И ХХК болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус холбогдох 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Төлбөр барагдуулах тухай тохиролцоо-г хүчин төгөлдөр бусд тооцуулж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба /хуучнаар/-ны 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 1116956 тоот албан бичгийг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Титэм хотхоны 10А байрны 02 тоот 97.28 м.кв талбайтай, Ү-2201038622 дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай Т.Ө.К ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учраас 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШЗ2018/00690 дугаартай Хүсэлт шийдвэрлэх тухай шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах шүүгчийн захирамжийн үйлчлэл дуусгавар болсон болохыг дурьдах нь зүйтэй.
Хоёр: Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Титэм хотхоны 10А байрны 2 тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн Ү-2201038622 дугаарт бүртгүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг Т.Ө.К ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 3900 дугаартай шийдвэрээр Т.Ө.К ХХК-иас 126,359,431 төгрөгийг гаргуулж, С.И ХХК-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэхээр хуульчилсан байдаг.
Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй учраас төлбөр авагч нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргасны дагуу ажиллагаа хийгдэж, ажиллагааны явцад төлбөр төлөгч 38,526,111 төгрөгийг төлж үлдэгдэл 89,833,320 төгрөгийн үлдэгдэлтэй болсон байна.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба /хуучнаар/-наас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 3/5115 дугаартай албан бичгийг Т.Ө.К ХХК-д хүргүүлж ... үүргийн гүйцэтгэлд барьцаалсан улсын бүртгэлийн Ү-2201038618, Ү-2201038622 дугаарт тус тус бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Титэм хотхоны 10А байрны 02 тоот байршилтай нийт 195,64 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг хоёр удаа албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасны дагуу төлбөр авагчид санал болгох хурал зарлагдсан байна. /хх-ийн 96 х/
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба /хуучнаар/-нд Т.Ө.К ХХК-ийн захирал Д.Ганбат 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 20170606/02 тоот Хэлцэл байгуулах тухай албан бичгийг хүргүүлсэн байх ба ...үлдэгдэл төлбөр болох 87,833,320 төгрөгийн төлбөрийг 2 сарын хугацаанд төлж барагдуулах үүргээ биелүүлэх хүртэл Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Титэм хотхоны 10А байрны 02 тоот байршилтай 97.28 м.кв талбайг С.И ХХК-ийн нэр дээр эргэн шилжүүлэх нөхцөлтэйгөөр шилжүүлэхийг зөвшөөрсөн болно /хх-ийн 85 х/ гэсэн байх ба С.И ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Бүжинлхам 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 17/33 тоот Үл хөдлөх хөрөнгийг төлбртөө тооцон авах, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгах тухай албан бичгийг мөн хүргүүлж, ...төлбөр төлөгч болон төлбөр авагчтай үлдэгдэл 87,833,320 төгрөгт ...барьцааны мзүйл болох улсын бүртгэлийн Ү-2201038622 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг төлбөртөө тооцон шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Иймд улсын бүртгэлийн Ү-2201038622 дугаар гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчийн өмчлөлд шилжүүлж өгнө үү. Мөн үл хөдлөх хөрөнгийг төлбөрт тооцон улсын бүртгэлд өмчлөх эрх шилжсэнтэй холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгож өгнө үү... гэжээ. /хх-ийн 93 х/
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба /хуучнаар/-ны 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 17/790 тоот Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол гарч Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 3900 дугаар захирамж, 233 дугаартай гүйцэтгэх хуудастай төлбөр төлөгч Т.Ө.К ХХК, төлбөр авагч С.И ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-т заасныг удирдлага болгон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгожээ. /хх-ийн 91 х/
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба /хуучнаар/ нь 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 1116956 тоот Өмчлөх эрх сэргээж, шилжүүлэх тухай албан бичгийг Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн байх ба энэхүү албан бичгийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн Бүртгэлийн газар С.И ХХК-ийн нэр дээр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Титэм хотхоны 10А байрны 02 тоот байршилтай 97.28 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр улсын бүртгэлийн Ү-2201038622 дугаарт бүртгэж, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000603468 дугаартай гэрчилгээг олгожээ. /хх-ийн 109 х/
С.И ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Титэм хотхоны 10А байрны 02 тоот байршилтай 97.28 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр улсын бүртгэлийн Ү-2201038622 дугаарт бүртгүүлж, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000603468 дугаартай авсан байна. /хх-ийн 109 х/
Үүнээс өмнө Т.Ө.К ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэлтэй байсан ба Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба /хуучнаар/-ны 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 1116956 тоот Өмчлөх эрх сэргээж, шилжүүлэх тухай албан бичгийн дагуу С.И ХХК-ийн барьцаанд байсан улсын бүртгэлийн Ү-2201038618 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг сэргээж, улсын бүртгэлийн Ү-2201038622 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг С.И ХХК-ийн нэр дээр шилжүүлжээ. /хх-ийн 86 х/
Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасны дагуу С.И ХХК нь 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Титэм хотхоны 10А байрны 02 тоот байршилтай 97.28 м.кв талбайтай 000603468 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг авч үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2201038622 дугаарт бүртгүүлэн хууль ёсны өмчлөгч нь болжээ.
Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж заасны учраас дээрх бүртгэлийг үнэн зөв гэж үзэхээр байна.
Иймд шүүхээс маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн С.И ХХК-ийн өмчлөх эрхийг хууль ёсных гэж үзэхээр байх тул бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө өмчлөгч нь шаардах эрхтэй.
Т.Ө.К ХХК нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг бусдад түрээсэлж байгаа болох нь 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 10А-Үйлчилгээ/2А тоот Үйлчилгээний зориулалттай талбай түрээслэх ба түрээслүүлэх гэрээ-гээр тогтоогдож байна. /хх-ийн 14 х/
Ийм учраас Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар С.И ХХК нь өөрийн өмчлөлийн талбайгаа Т.Ө.К ХХК-ийн хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байх тул улсын бүртгэлийн Ү-2201038622 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Титэм хотхоны 10А байрны 02 тоот байршилтай 97.28 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар С.И ХХК болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус холбогдох Т.Ө.К ХХК, С.И ХХК-иудын хооронд байгуулагдсан 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Төлбөр барагдуулах тухай тохиролцооны гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба /хуучнаар/-ны 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 1116956 тоот албан бичгийг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Титэм хотхоны 10А байрны 02 тоот 97.28 м.кв талбайтай, Ү-2201038622 дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай Т.Ө.К ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
С.И ХХК-ийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201038622 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Титэм хотхоны 10А байрны 02 тоот байршилтай 97.28 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг Т.Ө.К ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Ө.К ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 372,617 төгрөг, хариуцагч С.И ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, Т.Ө.К ХХК-иас 70,200 төгрөг гаргуулан С.И ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ДАШДЭЧМАА