Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2021/00250

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021           03            23                                          001/ХТ2021/00250

 

 

 

........... ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2019/01805 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 1580 дугаар магадлалтай,

 

........... ХХК-ийн нэхэмжлэлтэй

...........д холбогдох

 

Гэм хорын хохиролд 5 142 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Алтантуяагийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарбаясгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Алтантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 21:20 цагт Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Улсын их дэлгүүрийн баруун урд замд Ниссан ноте маркийн 0843 УНП улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Б.Жаргалжавын ландкруйзер-200 маркийн 0339 УБС улсын дугаартай автомашинтай мөргөлдөж хохирол учруулсан, зам тээврийн осол гаргасан байна. ........... нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.4 жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ гэх заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасан болох нь Чингэлтэй дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгч, цагдаагийн ахмад Г.Заяасайханы 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн шийтгэлийн хуудас, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдлын тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, фото зураг зэргээр тогтоогдсон байна. Даатгуулагч Б.Жаргалжав нь манай даатгалын компанитай 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр тээврийн хэрэгслийн иж бүрэн даатгалын гэрээ байгуулсан ба зам тээврийн осол болсноор даатгалын тохиолдол бий болсон. Ийнхүү даатгуулагч Б.Жаргалжавын нөхөн төлбөр хүссэн өргөдлийн дагуу компанийн гүйцэтгэх захирлын 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 3011804655 дугаар тушаалын дагуу нөхөн төлбөрт тооцож 5 142 000 төгрөгийг төлсөн байдаг. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, Тээврийн хэрэгслийн иж бүрэн даатгалын гэрээний 9.1 дүгээр зүйлд заасны дагуу даатгуулагчийн шаардах эрх Б.Жаргалжавд олгосон нөхөн төлбөрийн хэмжээгээр манай компанид шилжсэн билээ. ........... нь 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр манай компанид гаргасан өргөдөлдөө 5 142 000 төгрөгийг 6 сарын хугацаанд cap бүрийн 30-ны өдөр 856 980 төгрөгөөр төлнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн төлөлт хийгээгүй болно. Иймд хариуцагч ...........гээс даатгалын нөхөн төлбөрт төлсөн 5 142000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ...........аас гаргасан нэхэмжлэлтэй танилцсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа боловч миний зүгээс нэхэмжилсэн мөнгөн төлбөрийг график төлөлтөөр сар бүрийн 25-ны өдөрт багтаан 100 000 төгрөгөөр төлөх боломжтой бөгөөд машины хуучин их гэрлийг авах хүсэлтэй байна. Даатгалын компаний зүгээс хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд шүүхийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Хэргийн 13-т байгаа ослын үзлэгийн тэмдэглэл дээр гэмтлийг урд буфер гэж бичсэн. Энд гэрэл болон крело гэж байхгүй. Хэргийн 20-д үнэлгээний тайлан дээр зүүн урд их гэрэл, зүүн урд крело гэсэн байдаг. Бүдүүвч зургаас харахад Жаргалжавын машины баруун гар талаас зүүн эргэж мөргөсөн байдаг. Иймд осол Жаргалжавын машины баруун талд хохирол учруулсан. Иймд зүүн талыг гэмтээсэн байх боломжгүй. Осол 22-нд болсон. Гэтэл үнэлгээ 24-нд хийгдсэн байна. Иймд 2 хоногийн хугацаанд өөр осолд орсон байх боломжтой. Иймд гэрэл, крелог хүлээн зөвшөөрөхгүй. Харин урд буферт учирсан хохирлыг зөвшөөрнө. Энэ нь 75 000 төгрөг гэсэн байдаг. Мөн буферыг засахтай холбоотой зардлыг зөвшөөрнө гэжээ.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2019/01805 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ...........гээс 338 437.50 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ........... ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4803 562.50 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 97 250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 10 803 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас 28 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 1580 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2019/01805 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч ...........гээс 5 142 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ........... ХХК-д олгосугай. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т ...10 803... гэснийг ...97 222... гэж тус тус өөрчлөлт оруулан шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгийн хураамж 97 250 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Алтантуяа хяналтын гомдолдоо: Анхан шатны шүүх нь шийдвэрийг, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын хүрээнд шинжлэн судлаад, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна... гэсэн зарчмыг баримтлан гаргажээ. Харин давж заалдах шатны шүүх нь, хэрэгт авагдсан нотлох баримт болох, 2018.11.22-ны өдөр ЧД-ийн ЗЦХ-ийн албан хаагчийн, зам тээврийн осол болсон хэргийн үзлэгээр тогтоосон байдлын тэмдэглэл болон бүдүүвч зураг /хх-ийн 13-р тал/, мөн “Ашид билгүүн” ХХК-ийн 2018.11.24-ний өдөр хийгдсэн үнэлгээний тайлан /хх-ийн 14-р тал/ зэрэг эрх бүхий байгууллагуудын гаргасан дүгнэлтийг үл ойшоож, хариуцагчийг байлцуулалгүйгээр, осол болсноос хойш хоёр хоногийн дараа хийгдэж, 10 хоногийн дараа ч танилцуулагдаагүй үнэлгээний тайлангийн үнийн дүнг хэлж /энэ тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр тодорхой хэлсэн/ төлбөр төлөхийг шаардан улмаар “...төлбөрийг сар бүр хэсэгчлэн төлнө...” гэсэн утга бүхий бичгийг хийлгүүлж авсан ба зөвхөн уг баримтыг тулгуурлан анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь, шүүх хэргийг шийдвэрлэхдээ таамгаар бус, хэрэгт авагдсан хөдөлбөргүй тогтоогдсон нотлох баримтад тулгуурлан шийдвэрлэнэ, шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн зарчмыг алдагдуулсан байна гэж үзээд шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч ........... ХХК хариуцагч ...........д холбогдуулан 5 142 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч үндэслэлгүй хохирлыг буюу осолд хамаарахгүй эд ангийн эвдрэлийг хариуцахгүй гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх хариуцагчаас 338 437 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосныг давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүрэн хангасан байна. Зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлжээ.

 

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон байх тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7.-д зааснаар даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ.

 

Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7.-д зааснаар даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжих эдгээр хуулийн эдгээр зохицуулалтууд нь нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэл болсон болохыг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй тодорхойлжээ.

 

Хариуцагч ........... нь 2018 оны 11 сарын 22-ны өдөр 21:20 цагийн үед Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Улсын их дэлгүүрийн баруун урд замд Ниссан ноте маркийн 0843 УНП улсын дугаартай автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Б.Жаргалжавын эзэмшлийн ландкруйзер-200 маркийн 0339 УБС улсын дугаартай автомашиныг мөргөсөн, уг машинд 5 142 000 төгрөгийн хохирол учруулсан, ........... ХХК-ийн зүгээс уг хохирлыг даатгуулагч Б.Жаргалжавт төлсөн үйл баримт Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгчийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн шийтгэлийн хуудас, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдлын тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, фото зураг, хөрөнгө, даатгалын үнэлгээний Ашид билгүүн ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн тайлан, мөнгө шилжүүлсэн баримтаар тогтоогджээ.

 

Давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхино.

 

Зам ослын актад машины урд буфер гэмтсэн гэж тэмдэглэгдсэн боловч 2 хоногийн дараа хөрөнгийн үнэлгээний баримтаар машинд үзлэг хийж, гэмтсэн эд ангийг үнэлсэн, тээврийн хэрэгслийн фото зураг, хариуцагчийн зүгээс тухайн үед хохирол 5 142 000 төгрөгийг хэсэгчлэн төлнө гэж бичсэн тодорхойлолт зэрэг баримтаас үзэхэд зөвхөн урд буфер гэмтсэн гэх татгалзал үндэслэл муутай байна.

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй тул магадлалыг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 1580 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 97 250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ЦОЛМОН

 

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Г.АЛТАНЧИМЭГ

 

                                ШҮҮГЧИД                                              П.ЗОЛЗАЯА

 

                                                                                               Х.СОНИНБАЯР

 

                                                                                               Г.ЦАГААНЦООЖ