Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 1805

 

 

 

 

                            2019 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2019/01805

Улаанбаатар хот

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, шүүгч Б.Мандалбаяр, шүүгч Б.Ундраа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө-4, экспресс таур 9 давхарт оршин байрлах “Практикал даатгал” ХХК /РД:2813017/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Алтан тэвш хороолол, АОС байрны 55 тоотод оршин суух Газарчин овогтой Мөнххишигийн Цэвэлсүрэн /РД:УП94041065/-д холбогдох

Гэм хорын хохиролд 5,142,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Амарбаясгалан, хариуцагчийн төлөөлөгч А.Алтантуяа, иргэдийн төлөөлөгч Г.Ууганмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хишигдэлгэр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Практикал даатгал” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч М.Цэвэлсүрэн нь 2018 оны 11 сарын 22-ны өдөр 21:20 цагт Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Улсын их дэлгүүрийн баруун урд замд Ниссан ноте маркийн 0843 УНП улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Б.Жаргалжавын ландкруйзер-200 маркийн 0339 УБС улсын дугаартай автомашинтай мөргөлдөж хохирол учруулсан, зам тээврийн осол гаргасан байна. М.Цэвэлсүрэн нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.4 “жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ” гэх заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасан болох нь Чингэлтэй дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгч, цагдаагийн ахмад Г.Заяасайханы 2018 оны 12 сарын 04-ний өдрийн шийтгэлийн хуудас, 2018.11.22-ны өдрийн зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдлын тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, фото зураг зэргээр тогтоогдсон байна. Даатгуулагч Б.Жаргалжав нь манай даатгалын компанитай 2018 оны 08 сарын 13-ны өдөр тээврийн хэрэгслийн иж бүрэн даатгалын гэрээ байгуулсан ба зам тээврийн осол болсноор даатгалын тохиолдол бий болсон. Ийнхүү даатгуулагч Б.Жаргалжавын нөхөн төлбөр хүссэн өргөдлийн дагуу компанийн гүйцэтгэх захирлын 2018 оны 12 сарын 10-ны өдрийн 3011804655 дугаар тушаалын дагуу нөхөн төлбөрт тооцож 5.142.000 төгрөгийг төлсөн байдаг. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, Тээврийн хэрэгслийн иж бүрэн даатгалын гэрээний 9.1 дугээр зүйлд заасны дагуу даатгуулагчийн шаардах эрх Б.Жаргалжавд олгосон нөхөн төлбөрийн хэмжээгээр манай компанид шилжсэн билээ. М.Цэвэлсүрэн нь 2018 оны 12 сарын 04-ний өдөр манай компанид гаргасан өргөдөлдөө 5.142.000 төгрөгийг 6 сарын хугацаанд cap бүрийн 30-ны өдөр 856.980 төгрөгөөр төлнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн төлөлт хийгээгүй болно. Иймд хариуцагч М.Цэвэлсүрэнгээс даатгалын нөхөн төлбөрт төлсөн 5,142,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Амарбаясгалан нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь 2018.11.22-нд машин жолоодож яваад Жаргалжавын машиныг мөргөж осол гаргасан. Замын хөдөлгөөний дүрмийн 10.4-т заасныг зөрчсөн болох нь цагдаагийн байгууллагын шийтгэлийн хуудас, ослын тэмдэглэл зэргээр тогтоогдсон. Жаргалжав нь манай компанитай даатгалын гэрээ байгуулсан байсан. Улмаар нөхөн төлбөр тооцож 5 142 000 олгосон. Даатгалын тухай хууль болон гэрээнд зааснаар шаардах эрх шилжсэн. Цэвэлсүрэн нь манайд төлж барагдуулна гэсэн боловч төлөөгүй. Иймд 5 142 000 гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч М.Цэвэлсүрэн нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2019.05.21-ны өдөр Практикал даатгалаас гаргасан нэхэмжлэлтэй танилцсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа боловч миний зүгээс нэхэмжилсэн мөнгөн төлбөрийг график төлөлтөөр сар бүрийн 25-ны өдөрт багтаан 100,000 төгрөгөөр төлөх боломжтой бөгөөд машины хуучин их гэрлийг авах хүсэлтэй байна. Даатгалын компаний зүгээс хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд шүүхийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч А.Алтантуяа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Осол гарсан дээр маргахгүй. Гэхдээ нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Учир нь хэргийн 13-т байгаа ослын үзлэгийн тэмдэглэл дээр гэмтлийг урд буфер гэж бичсэн. Энд гэрэл болон крело гэж байхгүй. Хэргийн 20-д үнэлгээний тайлан дээр зүүн урд их гэрэл, зүүн урд крело гэсэн байдаг. Бүдүүвч зургаас харахад Жаргалжавын машины баруун гар талаас зүүн эргэж мөргөсөн байдаг. Иймд осол Жаргалжавын машины баруун талд хохирол учруулсан. Иймд зүүн талыг гэмтээсэн байх боломжгүй. Осол 22-нд болсон. Гэтэл үнэлгээ 24-нд хийгдсэн байна. Иймд 2 хоногийн хугацаанд өөр осолд орсон байх боломжтой. Иймд гэрэл, крелог хүлээн зөвшөөрөхгүй. Харин урд буферт учирсан хохирлыг зөвшөөрнө. Энэ нь 75 000 төгрөг гэсэн байдаг. Мөн буферыг засахтай холбоотой зардлыг зөвшөөрнө. Иймд бусдыг зөвшөөрөхгүй гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Практикал даатгал” ХХК нь гэм хорын хохиролд 5,142,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч М.Цэвэлсүрэн, түүний төлөөлөгч А.Алтантуяа нь автомашины буферт учирсан хохирлыг төлөхийг зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсэг нь үндэслэлгүй гэж маргаж байна.

 

Шүүх бүрэлдэхүүн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Зохигч 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр зам тээврийн осол болсон эсэх талаар маргаагүй, уг осол гарах шалтгаан нь хариуцагч М.Цэвэлсүрэнгийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлээс шалтгаалсан болох нь 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн зөрчилд шийтгэл ногдуулах тухай 3800006181009252 дугаар шийтгэлийн хуудсаар тогтоогдож байна. /хэргийн 69 дүгээр тал/

Нэхэмжлэгч нь осолд өртсөн 0339УБС улсын дугаартай тоёота, ланд круйзер-200 маркийн автомашиныг тээврийн хэрэгслийн иж бүрэн даатгалд даатгасан байсан болох нь даатгалын баталгаагаар тогтоогдож байна. /хэргийн 12 дугаар тал/ Уг даатгалын гэрээнд даатгуулагчийг “Капитал континент инвестмент ББСБ” ХХК гэсэн боловч түүнийг төлөөлж Б.Жаргалжав гарын үсэг зуржээ. Хэдийгээр Б.Жаргалжавт дээрх ББСБ-г төлөөлөх эрх олгогдоогүй байх боловч 0339УБС улсын дугаартай тоёота, ланд круйзер-200 маркийн автомашины жинхэнэ өмчлөгч нь Б.Жаргалжав бөгөөд уг автомашиныг худалдан авах зорилгоор зээл авсаны улмаас тээврийн хэрэгслийн гэрчилгээнд өмчлөгчөөр “Капитал континент инвестмент ББСБ” ХХК гэж бичигдсэн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгэж маргаагүй. Иймд нэхэмжлэгч болон Б.Жаргалжав нарын хооронд даатгалын гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

Улмаар даатгалын нөхөн төлбөрт 5,142,000 төгрөг төлсөн болох нь “Практикал даатгал” ХХК-ний захирлын 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 30/1804655 дугаар тушаал, тус хуулийн этгээдийн Төрийн банк дахь 343200394782 дугаар дансны хуулга, хяналтын хуудсанд нөхөн төлбөр хүлээн авагчийн “Капитал континент инвестмент ББСБ” ХХК гэж бичигдсэнээр тус тус тогтоогдсон.

Зохигч дээрх үйл баримтын талаар маргаагүй тул зохигчийн маргаагүй үйл баримтыг шүүх нотлох шаардлагагүй гэж үзэв.

 

Ийнхүү даатгалын нөхөн төлбөр төлөгдсөнөөр Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д зааснаар зам тээврийн ослоос учирсан хохирлыг шаардах эрх нь даатгагч буюу нэхэмжлэгч “Практикал даатгал” ХХК-д шилжсэн байна.

 

Зам тээврийн ослын үед даатгуулагчийн 0339УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэл баруун талаасаа мөргүүлж, хохирол учирсан болох нь ослын газрын бүдүүвч зураг, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна. Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч нь уг автомашины баруун талын их гэрэл хагарсан гэж тайлбарласан.

 

Нэхэмжлэгч нь дээрх байдлаар нөхөн төлбөр төлөхдөө хохирлын хэмжээг “Ашид билгүүн” ХХК-ний 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн үнэлгээний тайланг үндэслэсэн байна. Энэхүү үнэлгээгээр зүүн урд гэрэл, урд буфер, зүүн урд крыло эвдэрсэн гэж үзэж тэдгээрийг сэргээн засварлах нийт зардлыг 5,142,000 төгрөг гэж үнэлжээ. Гэвч хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээс үзэхэд 0339УБС улсын дугаартай автомашинд урд буфер хагарах гэмтэл учирсан байх бөгөөд харин зүүн урд гэрэл, зүүн урд крылод гэмтэл учирсан талаар тэмдэглээгүй байна. Түүнчлэн уг автомашин нь баруун талаасаа мөргүүлсэн эсэх талаар зохигч хэн аль нь маргаагүй. Иймд энэ хэргийн үндэслэл болох зам тээврийн ослын улмаас автомашины зүүн талд, өөрөөр хэлбэл зүүн урд гэрэл, зүүн урд крылод гэмтэл учирсан гэж үзэх үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл 0339УБС улсын дугаартай автомашины зүүн урд гэрэл, зүүн урд крылод учирсан хохиролд хариуцагчийн гэм буруутай үйлдэл тогтоогдохгүй байна.

Мөн дээрх үнэлгээг осол болсоноос хойш 2 хоногийн дараа гаргасан, үнэлгээ хийхэд хариуцагчийг оролцуулаагүй, үнэлгээний тайланг түүнд танилцуулаагүй байх бөгөөд энэ хугацаанд бусад байдлаар нэмж хохирол учирсан байх боломжтой гэх хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарыг нэхэмжлэгчийн төлөөлөгч үгүйсгэж чадаагүй.

Харин хариуцагч, түүний төлөөлөгч нь урд буферт учирсан хохирлыг сэргээн засварлахтай холбогдох зардлыг төлөхийг зөвшөөрсөн. Улмаар урд буферт учирсан хохирлыг “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээнээс тооцвол:

Эвдрэлийн үнэлгээ нь 75,000 төгрөг байна. Улмаар түүнийг засварлахад гарах материалын зардал болон ажлын хөлсийг урд буфер, зүүн урд крылоны эвдрэлийн үнэлгээ, түүнийг засварлах зардалтай харьцуулан хувь тэнцүүлэн тооцвол 263,437.50 /(90.000+472.000)/(75.000+85.000)*75.000/ төгрөг байна. Үүнийг нэгтгэн тооцвол 0339УБС улсын дугаартай тоёота, ланд круйзер-200 маркийн автомашины урд буферт учирсан хохирол болон түүнийг сэргээн засварлах зардал нь нийт 338,437.50 төгрөг юм.

Үүнээс гадна нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь даатгалын нөхөн төлбөрөөр олгосон 5,142,000 төгрөгийг хариуцагч төлөхийг зөвшөөрсөн атлаа шүүх дээр эс зөвшөөрч маргасан хэмээн хариуцагчийг буруутгасан, нөхөн төлбөрийн дүнг М.Цэвэлсүрэн зөвшөөрч талууд маргаагүй байсан учраас автомашины эвдэрч хагарсан их гэрлийн зүг, чиг буруу, зөрүү бичигдсэн эсэхэд ач холбогдол өгөөгүй гэж байх боловч зам тээврийн ослоос үүдэлтэй учирсан хохирлыг таамгаар бус, дээр дурдсан хөдөлбөргүй бичгийн баримтад тулгуурлан шийдвэрлэнэ.

 

Эдгээр үндэслэлээр хариуцагчаас 338,437.50 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч М.Цэвэлсүрэнгээс 338,437.50 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Практикал даатгал” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,803,562.50 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 97,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 10,803 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас 28 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ГАНБОЛД

 

                                       ШҮҮГЧИД                               Б.МАНДАЛБАЯР

 

                                                                                       Б.УНДРАА