Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 182/ШШ2018/00626

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: дүүргийн хороо, өөрийн байранд байрлах, /улсын бүртгэлийн дугаар, регистрийн дугаар /, Х ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: дүүргийн хороо, гудамж, байрны тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар /,  овогт Ю.Э,

 

Хариуцагч: дүүргийн хороо, мянгат гудамж, байрны хаягт оршин суух, /регистрийн дугаар /,  овогт Ц.Р нарт холбогдох 

 

Зээлийн гэрээний үүрэгт 37,556,104.59 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюун-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч С.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Ю.Э, Ц.Р нар 2011 оны 8 дугаар сарын 19-ний өдөр тус банктай 271 тоот Орон сууцны зээлийн гэрээ, 271/01 тоот барьцааны гэрээ байгуулан 32,900,000 төгрөгийг орон сууц худалдан авах зориулалтаар сарын 1,3 хувийн хүүтэйгээр 180 сарын хугацаатай зээлж авсан. Орон сууцны зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож дүүрэг, 3 дугаар хороо, байрны тоот хаягт байрлах, талбай бүхий өрөө орон сууцыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалсан боловч зээлдэгч нар 271 тоот Орон сууцны зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулах үүргээ биелүүлээгүйгээс үндсэн зээлийн үлдэгдэл 29,547,798.21 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 7,513,826.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 71,931.13 төгрөг төлөх үүрэгтэй байна. Шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой нотариатчийн зардал 29,500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 393,049 төгрөг, нийт 37,556,104.59 төгрөгийг гаргуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ю.Э шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: 2011 онд Хнаас жилийн 15,6 хувь, сарын 1,3 хувийн хүүтэй орон сууцны зээл авсан. Зээлийг цаг хугацаанд нь төлж байсан боловч 2012 оноос хойш улс төрийн сонгуулийн үр дагавраас болж “Бүтцийн өөрчлөлт” нэрийн дор ажлаас удаа дараа халагдаж, бага цалинтай ажилд түр томилогдон ажиллаж ирсний улмаас зээлийн эргэн төлөлтөнд хүндрэл гарч байна. Төрийн албан хаагчийн хувьд хувийн аж ахуй, бизнес эрхлэх, улс төрийн аль нэг намд харьяалагдах зэрэг зарим эрхийн хязгаарлалттай байдаг. Мөн хүний сайн сайхны төлөө хүмүүнлэгийн чиглэлийн хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд тасралтгүй 32 жил ажиллаж байна. Одоо өндөр настны тэтгэвэрт гарахад /60 настай бол 2 жил, 65 настай бол 7 жилийн хугацаа үлдсэн/. Хнаас авсан зээл нь 15 жилийн хугацаатай бөгөөд одоо нийт хугацааны 40 хувь өнгөрч байна. Энэ хугацаанд бид банкнаас авсан зээлийн хүүг барагдуулж төлж дууссан. Одоо үндсэн зээлийн төлбөр үлдэж байгаа. Одоо зээлийн хугацаа дуусахад 9 жил үлдсэн байна. Энэ хугацаанд зээлийн гэрээг үргэлжлүүлж, банктай эвлэрэх шугамаар асуудлыг шийдвэрлэх хүсэлтэй байна. Банкны зүгээс уян хатан хандаасай гэж хүсч байна. Мөн банкны зээлээс ойр ойрхон хугацаанд удаа дараа дахин дахин шүүхэд хандаж дарамт үзүүлж байгаад харамсаж байна. Үүний нэг жишээ нь, саяхан уг зээлийн маргааны асуудлаар давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүх шийдвэрлэсэн атал дахин ийм богино хугацаанд төлбөр, зөрчлийг арилгах боломж олголгүй дахин шүүхэд хандсан байна. 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр батлагдан мөрдөгдөж байгаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 8 дахь заалтад Зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байна гэж заасныг баримтлан Хны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, цаашид эвлэрлийн арга замаар шийдвэрлэх шүүхийн шийдвэр гаргаж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4-т заасан бусад холбогдох заалтыг тусган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.Р шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Хны нэхэмжлэлтэй орон сууцны зээлийн төлбөр нь Ю.Эын цалингаас төлдөг байсан. Ю.Э нь төрийн албанд ажиллаж байсан. Төрийн албанаас 2 удаа халагдаж зээлийн төлөлтөнд хүндрэл учирсан. 2017 онд Ю.Э төрийн албанд буцаж орсон боловч анхан шатны төрийн албаны шатлалаар цалинжиж байсан учир зээлээ төлж чадалгүй өдий хүрсэн. Х нь биднийг дээд шүүхийн шийдвэрийг хүлээн аваагүй байхад дахин шүүхэд хандсан гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

  ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ.

  

Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Ю.Э, Ц.Р нарт холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 29,547,798.21 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 7,513,826.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 71,931.13 төгрөг, нотриатчийн зардал 29,500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 393,049 төгрөг нийт 37,556,104.59 төгрөгийг гаргуулах барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Ю.Э, Ц.Р нар зээлийн гэрээний үүрэг 37,556,104.59 төгрөгийн төлбөрийг төлөх талаар болон тооцооллын хувьд маргаагүй. Харин зээлийн гэрээний хугацаа дуусаагүй, ялимгүй зөрчил гэж маргажээ.

 

Хариуцагч Ю.Э 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Ц.Р итэмжлэл олгож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.Хамтран нэхэмжлэгч буюу хамтран хариуцагч нь ашиг сонирхлын зөрчилгүй, уг хэргийг хянан шийдвэрлэхэд бүгд оролцох шаардлагагүй, түүнчлэн хэргийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхгүй гэж үзвэл аль нэгийгээ төлөөлүүлэн оролцуулж болно” гэж заасан зохицуулалттай нийцсэн гэж үзнэ.  

 

Хариуцагч Ю.Э, Ц.Р нар Хаас 2011 оны 8 дүгээр сарын 19-ний өдөр 15 жилийн хугацаатай, жилийн 15,6 хувь, сарын 1,3 хувийн хүүтэйгээр орон сууц худалдан авах зориулалтаар 32,900,000 төгрөгийг зээлж, зээлийн барьцаанд худалдан авч байгаа орон сууцаа буюу Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, дүүргийн хороо, 2 дугаар дугаар байрны  тоотод байрлах, м.кв талбайтай, өрөө орон сууцыг барьцаалсан болох нь талуудын хооронд байгуулсан 2011 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 271 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ, 271/01 дугаартай барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч зээлийн гэрээний хугацаа дуусаагүй, гэрээг цуцлаагүй гэж маргаж байгаа боловч нэхэмжлэгч нь зээлийн гэрээг цуцлах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, харин гэрээгээр тохирсон нөхцөл үүссэн гэж, “гэрээг цуцлах”-ыг нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлээ гэж үзсэн байна. Зээлдэгч нь гэрээ болон хуульд нийцүүлэн гэрээг өөрөө цуцалж, үүргийг шаардах нь хууль зөрчихгүй гэж үзнэ.

 

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2026 оны 8 дугаар сарын 19-ний өдөр дуусах боловч хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул зээлдэгч нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1., 452 дугаар зүйлийн 452.2., Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэгч гэрээнээс татгалзахын өмнө Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал  гэрээнээс татгалзах эрхтэй гэж зааснаар хариуцагч Ю.Э, Ц.Р нар Хны 2017 оны 01 дүгээр  сарын 20-ны өдрийн 5/409, 2017 оны 3 дугаар сарын 09-ны өдрийн 5/1059, 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 5/94 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг, зээл төлүүлэх талаар зээлдэгчтэй хийсэн уулзалт, ярианы тэмдэглэл, Зээлдэгчийн хүсэлт зэрэг бичгийн нотлох баримтаар төлбөр төлөх үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа тогтоож өгсөн нь тогтоогдож байна.

 

Хариуцагч Ю.Э, Ц.Р нарт холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 29,547,798.21 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 7,513,826.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 71,931.13 төгрөг, нотриатчийн зардал 29,500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 393,049 төгрөг нийт 37,556,104.59 төгрөгийг гаргуулах барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.

 

Хариуцагч Ю.Эыг Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/12 тоот тушаал, 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Б/21 тоот тушаал, 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Б/40 тоот тушаал, 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Б/31 тоот тушаалаар тус тус ажилд томилж байсан нь түүнийг цалин орлогтой байсан болохыг нотлож байх ба зээлээ төлж чадалгүй өдий хүрсэн гэх хариуцагч нарын тайлбар үгүйсгэгдэж байна. 

 

Хариуцагч Ю.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Рад шүүх хуралдааны товыг 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр өөрт нь  “Мэдэгдэх хуудас”-аар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, хариуцагч Ц.Рын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхтүвшин хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцохгүй тухай хүсэлтээ бичгээр ирүүлсэн, нэхэмжлэгчийн төлөөлөгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2.,453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ю.Э, Ц.Р нараас 37,556.104.59 /гучин долоон сая таван зуун тавин зургаан мянга нэг зуун дөрвөн төгрөг тавин есөн мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.

 

2.Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар үүргээ сайн дураар гүйцэтгээгүй бол Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн  дугаартай гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, дүүргийн хороо, дугаар байрны тоотод байрлах, м.кв талбай бүхий өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 415,931 төгрөгийг Төрийн санд үлдээж, хариуцагч Ю.Э, Ц.Р нараас улсын тэмдэгтийн хураамжид 413,965 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.НАРАНГЭРЭЛ