Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2018/00882

 

 

2018 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2018/00882

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: А.А -ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С.Б-д  холбогдох

 

2.541.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.А, түүний өмгөөлөгч Р.Ж, хариуцагч С.Б, түүний өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Байгалмаа  нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ: 

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Миний бие А.А нь 2017 оны 3 дугаар сард  утсаар ярьж, 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс иргэн Б-н эзэмшлийн гражийг сарын 250.000 төгрөгөөр, 1 жилийн хугацаатай түрээслэхээр ярилцан тохиролцож нийт төлбөр болох 3.000.000 төгрөгийг төлж уг гражид тавилгын үйлдвэрлэл явуулдаг байсан. Түрээсийн төлбөр 3.000.000 төгрөгний 1.400.000 төгрөгийг А.Аын Хаан банкны данснаас, 1.600.000 төгрөгийг түүний дүү Бямбадоржид бэлнээр хүлээлгэн өгснийг С.Б өөрөө хүлээн авсан. 

 

Гэтэл 2017 оны 8 дугаар сарын сүүлчээр С.Б нь над руу утсаар ярьж чамд түрээслэхээ болилоо, мөнгөө буцааж аваарай, би өөр хүнд 700.000 төгрөгөөр түрээслэхээр боллоо гэж хэлсэн. Тэр үеэс хойш өдөр бүр эрүүл согтуу ирж ажилчдыг минь хэл амаар доромжилж, граж суллаж өг гэж ажил алдагдуулж үйл ажиллагаа явуулах аргагүй байдалд оруулсан тул уг гражийг 2017 оны 9 дүгээр сард суллаж өгсөн. 

 

С.Б нь уг гражийг бусдад  түрээслээд мөнгийг чинь гаргаж өгнө гэдэг байсан, энэ талаар утсаар ярьсан бичлэгийг шүүхэд гаргаж өгсөн.

 

А.А би уг гражийг түрээслэж эхлэхдээ цахилгааны тоолуур 360.000 төгрөгөөр, автомат 7500 төгрөгөөр 3 ширхэгийг, 5000 төгрөгийн үнэтэй автомат 1 ширхэгийг, 35.000 төгрөгийн үнэтэй хайрцаг 1 ширхэгийг, 20.000 төгрөгийн үнэтэй тогтоогч 1 ширхэгийг, 2х16 3300 төгрөгөөр 30 ширхэгийг нийт 541500 төгрөгөөр авч суурилуулсан. Би уг гражаас гарахдаа дээрх зүйлүүдийг авч чадаагүй, хариуцагч Баасансүрэн дээрх эд зүйлийг буцаан өгнө гэж байх тул түрээсийн төлбөрт өгсөн 3.000.000 төгрөгнөөс 4 сарын түрээсийн төлбөрт 1.000.000 төгрөгийг суутган өгч,  үлдэх 2.000.000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

 

А.А нь 2017 оны 3 дугаар сард над руу утасдаж ах танай гражийг сарын 250.000 төгрөгөөр бодож түрээслээд мөнгийг бөөнд нь өгье гэж ярьсан. Хугацааг тооцохдоо 2017 оны 5 дугаар сарын 01-нээс  2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тохирч би зөвшөөрсөн. А.А түрээсийн төлбөрт сарын 250.000 төгрөгөөр тооцож 3.000.000 төгрөг өгсөн нь үнэн.

 

А.А 2017 оны 8 дугаар сард над руу утасаар яриад ах би түрээслэхээ болилоо, ажил багассан гэх юм ярихаар нь би  хэлж тохирсоноороо бай, одоо түрээслэх хүн ховор, хэрэгцээтэй цагаар ашиглаад одоо болилоо гэж болохгүй шүү гэж хэлсэн. Улмаар над руу утасдаж мөнгө нэхэхээр нь бид хоёрын хэлцэл хэвээр хүчинтэй байгаа, хэрэв түрээслэгч олдвол түрээслэж мөнгө өгөх боломжтойг хэлсэн.

 

А.А нь 2017 оны 6 дугаар сараас 2017 оны 10 дугаар сар хүртэл тус гражид тоног төхөөрөмжөө цоожлоод байж байгаад нэг шөнө нүүгээд юмаа ачиж явсан байсан. Тус гражийг Өвөр монгол хүн сарын 450.000 төгрөгөөр түрээслээд төлбөрийг сар болгон өгөхөөр хүсэлт тавьсан байхад би учрыг хэлээд А.А-д түрээслэсэн. А түрээсийн мөнгөний урьдчилгаа 1.000.000 төгрөгийг манай дүүд 3 дугаар сард өгсөн байсан. Энэ мөнгө нь өмнөх жилд хэрэглэсэн цахилгааны хэрэглээний зардалд ороод зарлагадсан.

 

Түрээсийн үйл ажиллагаа явуулахдаа гражид суурилуулсан цахилгааны тоолуур 360.000 төгрөгөөр, автомат 7500 төгрөгөөр 3 ширхэгийг, 5000 төгрөгийн үнэтэй автомат 1 ширхэгийг, 35.000 төгрөгийн үнэтэй хайрцаг 1 ширхэгийг, 20.000 төгрөгийн үнэтэй тогтоогч 1 ширхэгийг, 2х16 утас 3300 төгрөгөөр 30 ширхэгийг авч  нийт 541500 төгрөг зарцуулсан гээд байгаа эд зүйлээ буцаагаад авахыг зөвшөөрч байна.

 

А.А гражийг давхар түрээсэлсэн байхаар нь би болохгүй гэж хэлсэн болохоос түүнийг хөөж туусан зүйл байхгүй, бидний хооронд амаар хийсэн гэрээ хэвээр байгаа, дээрх төлбөрүүдийг А-ын эхнэр Айдынкөлийн дансаар хийсэн байдаг тул А.А нэхэмжлэгч мөн эсэх нь ч эргэлзээтэй.

 

Иймд С.Бгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 

2.Хариуцагч С.Б шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

А.А нь миний өмчлөлийн мужаан цехийн 49 м.кв талбайтай байрыг 2015 оны 5 дугаар сараас сарын 350.000 төгрөгөөр түрээслэхээр тохирч тавилгын үйлдвэрлэл эрхлэхээр түрээслэж эхэлсэн.

 

Бидний хооронд хийсэн аман хэлцлээр түрээслэгч тал болох А.Аын хүсэлтээр сар бүрийн 25-ны өдөр түрээсийн төлбөр болох 350.000 төгрөгийг надад төлөхөөр тодорхой хугацаагүйгээр түрээслэн ажиллахаар, тавилгын үйлдвэрийн цахилгааны ашиглалтын зардал, харуул манаачийн хөлсийг түрээслэгч тал төлөхөөр харилцан тохиролцсон.

 

Гэрээний дагуу түрээслэгч тал А.А нь 2015 оны 5 дугаар сараас 2016 оны 5 дугаар сар хүртэл 4.200.000 төгрөгийг түрээсийн төлбөрт төлөхөөс 4.050.000 төгрөгийг төлж үлдэгдэл 150.000 төгрөгийг төлөөгүй болно.

 

Түрээслэгч А.А нь 2015 оны 6 дугаар сараас 11 дүгээр сарыг дуусталх сар бүрийн түрээсийн төлбөрөө огт төлөөгүй байж байгаад 11 дүгээр сарын дундуур тоног төхөөрөмжөө нууцаар зөөж явсан байсныг сүүлд нь мэдсэн. 2016 оны 5 дугаар сараас 11 дүгээр сарын дуусталх түрээсийн төлбөр нь нийт 2.100.000 төгрөг болсон.

 

Түрээслэгч А.А нь хүндрэлтэй байдалд ороод байна, төлбөр тооцоогоо дуусгаад жаахан ажиллаад гайгүй болох үед нь дутуу төлсөн мөнгөө төлнө та харж үзээч гэж гуйхаар нь туслах дэмжих үүднээс 2017 оны 3 дугаар сараас ажиллаж эхэлсэн. 2017 оны 10 дугаар сард тоног төхөөрөмжөө аваад ажлын байрыг хаяж явсан.

 

А.А нь 2017 оны 3 дугаар сард 1.000.000 төгрөгийг миний дүү Бямбадоржид, 5 дугаар сард 600.000 төгрөгийг дүү Бямбадоржид, миний харилцах данс руу 5 дугаар сард 1.400.000 төгрөг шилжүүлж нийт 3.000.000 төгрөг төлсөн.   Түүнээс өмнөх түрээсийн төлбөрт 2.250.000 төгрөгийг суутган тооцож үлдэгдэл 750.000 төгрөг болсон 2017 оны 3 дугаар сараас 10 дугаар сарын дуусталх түрээсийн төлбөр нь 2.800.000 төгрөг болсноос зөрүү 750.000 төгрөгийг хасч 2.050.000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч А.А сөрөг нэхэмжлэлд өгсөн хариу тайлбартаа:

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

 

А.А миний бие 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс түрээслэж эхэлсэн гражийн түрээсийн төлбөртэй холбоотой нэхэмжлэл гаргасан.

 

Уг гражийг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс түрээслэж эхлэхээс өмнө би Баасансүрэнгийн гражийг 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж түрээслэсэн бөгөөд 2016 оны 8 дугаар сард дуусч, түрээсийн төлбөрийн үлдэгдэлгүй байсан.

 

Намайг 2017 оны 3 дугаар сард Баасансүрэнтэй утсаар ярьж гражийг 2017 оны 5 дугаар сараас дахин түрээслэхээр тохирход Баасансүрэн зөвшөөрсөн.

 

Хэрэв би өмнөх түрээсийн төлбөрөө өгөөгүй бол надад дахин түрээслэхгүй шүү дээ.

 

А.А, С.Б нар нь 2017 оны 3 дугаар сард уулзаж гражийг 2017 оны 5 дугаар сараас 2018 оны 5 дугаар сар хүртэл 1 жилийн хугацаатай, 1 сарын 250.000 төгрөгөөр буюу жилийн 3.000.000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцож урьдчилгаа 1.000.000 төгрөгийг төлсөн. Урьдчилгаа мөнгийг хэрхэн зарах нь С.Бгийн асуудал юм.

 

С.Б бүр 2015, 2016 онд түрээслэж тооцоогоо хийгээд маргаангүй болсон зүйлийг сөрөг нэхэмжлэлийн шаардлага болгож гаргасан байна.

 

А.А, С.Б нар нь 2015 оны 5 дугаар сард уулзаж 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн гражийг түрээслэхээр амаар тохиролцож түрээсийн төлбөрийг 2015 оны 6 дугаар сараас 2015 оны 12 дугаар сарыг дуустал 350.000 төгрөг байхаар тогтоож, түрээслэх сарынхаа төлбөрийг тухайн сар эхлэхээс өмнө буюу өмнөх сарын 30-ны өдрөөс өмнө урьдчилж төлж байхаар тохиролцсон.

 

Гражийг түрээслэж байх хугацаанд ажил, орлого багатай байгаагаас шалтгаалж түрээсийн төлбөрийг ярилцан тохиролцож багасгаж 250.000, 150.000 төгрөгөөр тогтоож байсан.

 

С.Б нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа түрээсийн бүх хугацааг 350.000 төгрөгөөр тооцож , түрээслээгүй сар болох 2016 оны 8 дугаар сараас 11 сар хүртэлх сарыг түрээслэсэн мэтээр тооцон нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.

 

А.А би 2015 оны 6 дугаар сараас 12 дугаар сар хүртэлх түрээсийн төлбөрт сарын 350.000 төгрөгөөр тооцон 2.450.000 төгрөг, 2016 оны 1 дүгээр сараас 4 дүгээр сарын түрээсийн төлбөрт сарын 250.000 төгрөгөөр тооцон 1.000.000 төгрөг, 2016 оны 5 дугаар сараас 8 дугаар сарын түрээсийн төлбөрт сарын 150.000 төгрөгөөр тооцон 600.000 төгрөг нийт 4.050.000 төгрөг төлөхөөс дансаар 3.530.000 төгрөг, бэлнээр 620.000 төгрөгийг төлсөн тул төлбөрийн үлэгдэлгүй болно. Тохиролцсоны дагуу 2015 оны 6 дугаар сарын төлбөрийг урьдчилж буюу 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр түүний дансанд шилжүүлснээр 6 дугаар сараас түрээс эхэлсэн.

 

2015 оны 9 дүгээр сарын төлбөрийн 330.000 төгрөгийг дансаар хийж 20.000 төгрөгийг бэлнээр өгсөн, бусад төлбөрийг бүгдийг дансаар хийсэн.

 

2016 оны 01 дүгээр сараас түрээсийн төлбөрийг багасгаж, 250.000 төгрөгөөр төлөхөөр тохиролцож 1 дүгээр сарын төлбөр болох 250.000 төгрөгийг 12 дугаар сарын 26-нд, 2 дугаар сарын төлбөр 250.000 төгрөгийн 150.000 төгрөгийг 1 дүгээр сарын 20-нд 100.000 төгрөгийг 1 дүгээр сарын 21-нд , 3 дугаар сарын төлбөр 250.000 төгрөгийг 2 дугаар сарын 23-нд  тус тус шилжүүлж, 4 дүгээр сарын төлбөр 250.000 төгрөгийг бэлнээр өгсөн.

 

Бид 2016 оны 5 дугаар сараас ажил багатай болсон тул 8 дугаар сар хүртэл хөдөө явах болсон. Энэ тухайгаа 2016 оны 4 дүгээр сарын сүүлчээр С.Б-тэй уулзаж 5 дугаар сараас 8 дугаар сар хүртэл хөдөө явах болсон тухайгаа хэлж энэ хугацаанд тоног төхөөрмжөө нүүлгэн гражийг суллаж өгөх үү эсвэл 5-8 дугаар сар хүртэл юмнуудаа цоожлоод, энэ хугацааны түрээсийг сарын 150.000 төгрөгөөр тооцож, бөөнд нь төлж болох уу гэхэд зөвшөөрч, 5-8 дугаар сарын төлбөрт 600.000 төгрөгийг 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр шилжүүлсэн.

 

Хөдөөнөөс ирээд 2016 оны 8 дугаар сарын 27-ны өдөр гражийг суллаж тоног төхөөрмжүүдээ нүүлгэн С.Б хөдөө явсан байсан тул уг хашаанд амьдардаг С.Бгийн ахад граж болон түлхүүрийг хүлээлгэж өгсөн. Бидний хооронд ямар ч төлбөрийн үлдэгдэл байхгүй.

 

Бид хөдөөнөөс ирээд 2016 оны 8 дугаар сарын 27-ны өдөр тоног төхөөрмжүүдээ нүүлгэж гражийг суллан өгч, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс өөр ажлын байр түрээслэж үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

 

Уг гражийг сүүлд 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түрээслэж эхлэхээс өмнөх түрээсийн асуудал нь 2016 оны 8 дугаар сард дуусгавар болж түрээсийн төлбөрийн үлдэгдэл маргаан байхгүй юм.

 

2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дахин түрээслэж эхлэх үед ч энэ талаар маргаан байгаагүй тул дахин түрээслэхээр бид тохиролцсон.

 

2015 оны 6 дугаар сараас 2016 оны 8 дугаар сар хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийн ямар ч асуудал байхгүй, дээрх бүх төлбөрийг миний эхнэр А.Айдынкөлийн дансаар хийж байсныг С.Б зөвшөөрөөд хүлээн авч байсан мөртлөө одоо нэхэмжлэгч биш гэж ярьж байгаа нь ойлгомжгүй байна.

 

Иймд С.Б-гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад              

 

            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

НЭГ.Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

 

Нэхэмжлэгч А.А нь хариуцагч С.Бгээс 2.541.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Хариуцагч С.Б нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг  эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд хариуцагч С.Бгийн эзэмшлийн гэх Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 2-96 тоотод байрлах гражийг 2017 оны 5 дугаар сараас 1 жилийн хугацаатай, сарын 250.000 төгрөгийг төлж, тавилгын үйлдвэрлэл эрхлэх зорилготой түрээслэхээр амаар харилцан тохиролцож, А.А нь нийт 3.000.000 төгрөгийг С.Б-д төлсөн талаар маргаагүй болно. 

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1.-т “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж,

 

318.3.-т “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ” гэж,

 

318.4.Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заажээ.

 

А.А, С.Б нарын хооронд хийсэн дээрх түрээсийн гэрээ нь бичгээр хийгдээгүй, хуульд заасан шаардлагыг хангаагүй байх тул хүчин төгөлдөр бус байна.

 

Зохигчийн хооронд амаар хийсэн гэрээ нь талуудын хооронд үүрэг үүсгэсэн боловч хэлцэл хүчин төгөлдөр бус байснаас үүрэг дуусгавар болсон байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.,492.1.2-т заасан урьдчилсан нөхцөл бүрдсэн байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийн олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй” гэжээ.

 

Нэхэмжлэгч /түрээслэгч/ А.А нь хариуцагч /түрээслүүлэгч/ С.Бгийн гражийг 2017 оны 5 дугаар сараас 2018 оны 5 дугаар сард түрээслэхээр тохирсон боловч 2017 оны 9 дүгээр сард уг гражаас нүүж явсан болох нь зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул 2017 оны 5 дугаар сараас 2017 оны 9 дүгээр сарын түрээсийн төлбөрт 1.000.000 төгрөг /4х250.000=1.000.0000/-ийг төлж үлдэх 2.000.000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй байна. /хх-ийн 6,15-17, 45-50, 55-57, 66-р хуудас/

 

Хариуцагч С.Б нь  нэхэмжлэгч А.Аад 2.000.000 төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь зохигчдын тайлбар, С.Бд мөнгө шилжүүлсэн баримт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагч С.Бгээс 2.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.А-д олгох үндэстэй.

 

Нэхэмжлэгч А.А нь хариуцагчийн  гражид суурилуулсан цахилгааны тоолуур 360.000 төгрөгөөр, автомат 7500 төгрөгөөр 3 ширхэгийг, 5000 төгрөгийн үнэтэй автомат 1 ширхэгийг, 35.000 төгрөгийн үнэтэй хайрцаг 1 ширхэгийг, 20.000 төгрөгийн үнэтэй тогтоогч 1 ширхэгийг, 2х16 утас 3300 төгрөгөөр 30 ширхэгийг авч нийт 541500 төгрөг зарцуулсан гэж нэхэмжилсэн боловч хариуцагч С.Б нь уг  эд зүйлүүдийг буцаан өгч нэхэмжлэгч хүлээн авахыг зөвшөөрч байгааг батлах нь зүйтэй. /хх-ийн 31-39-р хуудас/

 

ХОЁР.Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Хариуцагч С.Б нь нэхэмжлэгч А.А-аас 2015, 2016 оны түрээсийн төлбөрт 2.050.000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

 

Нэхэмжлэгч А.А нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

Түрээслэгч А.А нь түрээслүүлэгч С.Б-гийн  гражийг 2015 оны 6 дугаар сараас 2015 оны 12 дугаар сарыг дуустал  сарын  350.000 төгрөгөөр, 2016 оны 1 дүгээр сараас 2016 оны 4 дүгээр сарыг дуустал сарын 250.000 төгрөгөөр, 2016 оны 5 дугаар сараас 8 дугаар сарыг дуустал сарын 150.000 төгрөгөөр тус тус түрээслэх талаар хэлэлцэн тохиролцож А.А-ын эхнэр А.Айдынкөлын 5753700827 дугаартай Хаан банкны данснаас С.Бгийн 5076095885 дугаартай Хаан банкны дансруу тухай бүр нь шилжүүлж нийт 4.030.000 төгрөгийг шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна. /хх-ийн 76-88, 98-107,122-124-р хуудас/

 

Талуудын хооронд түрээсийн гэрээг амаар байгуулж С.Бгийн эзэмшлийн гэх Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 2-96 тоотод байрлах гражийг түрээслэж байсан гэх боловч уг түрээсийн гэрээг бичгээр байгуулах хуульд заасан шаардлагыг хангаагүй тул хүчин төгөлдөр бус байна. 

 

Талууд түрээсийн гэрээг бичгээр байгуулж, гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3.-т заасан шаардлага хангаагүй тул түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна.

 

С.Б нь А.А-ыг  уг гражийг 2015 оны 6 дугаар сараас   2016 оны 8 дугаар сарыг дуусталх хугацаанд түрээслэж түрээсийн төлбөрийг дутуу төлсөн гэж маргаж байгаа боловч тухайн үед амаар тохиролцон хийсэн түрээсийн гэрээ нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байх тул А.А нь С.Б-гийн өмнө үүрэг хүлээх үндэслэлгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч А.Ааас 2.050.000 төгрөг гаргуулах тухай С.Бгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг  удирдлага болгон

 

                                                ТОГТООХ НЬ:

 

            1.Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.10., 56 дугаар зүйлийн 56.1.10.,  492 дугаар зүйлийн 492.1.1.-т заасныг баримтлан С.Б-гээс 2.000.000 /хоёр сая/ төгрөг гаргуулж А.А-д олгож, А.А-аас 2.050.000 төгрөг гаргуулах тухай С.Бгийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.А-ын 360.000 төгрөгийн үнэтэй цахилгааны тоолуур 1 ширхэг, 7500 төгрөгийн үнэтэй автомат 3 ширхэг, 5000 төгрөгийн үнэтэй автомат 1 ширхэг, 35.000 төгрөгийн үнэтэй хайрцаг 1 ширхэг, 20.000 төгрөгийн үнэтэй тогтоогч 1 ширхэг, 3300 төгрөгийн үнэтэй 2х16 утас 30 ширхэгийг буцаан өгөхийг зөвшөөрсөн хариуцагч С.Б-гийн зөвшөөрлийг баталсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.950 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47.750 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Бгээс улсын тэмдэгтийн хураамжид 46.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан  сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ                               Ч.ИЧИНХОРЛОО