Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 01511

 

     А.А-ын нэхэмжлэлтэй,

    иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2018/00882 дугаар шийдвэртэй, А.А-ын нэхэмжлэлтэй, С.Бд холбогдох

          Түрээсийн гэрээний төлбөрт шилжүүлсэн 2 541 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй

      Түрээсийн төлбөрийн үлдэгдэл 2 050 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Ж, хариуцагч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгч А.А шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс иргэн С.Б-гийн эзэмшлийн гараашийг сарын 250 000 төгрөгөөр, 1 жилийн хугацаатай түрээслэхээр тохиролцож нийт 3 000 000 төгрөгийг төлж уг гараашид тавилгын үйлдвэрлэл явуулдаг байсан. Түрээсийн төлбөр 3 000 000 төгрөгийн 1 400 000 төгрөгийг А.А-ын ХААН банкны данснаас, 1 600 000 төгрөгийг түүний дүү Х.Б-д бэлнээр хүлээлгэн өгснийг С.Б өөрөө хүлээн авсан. Гэтэл 2017 оны 08 дугаар сарын сүүлчээр С.Б нь над руу утсаар ярьж чамд түрээслэхээ болилоо, мөнгөө буцааж аваарай, би өөр хүнд 700 000 төгрөгөөр түрээслэхээр боллоо гэж хэлсэн. Тэгээд уг гараашийг 2017 оны 09 дүгээр сард суллаж өгсөн. Би гараашийг түрээслэж эхлэхдээ цахилгааны тоолуур 360 000 төгрөг, автомат 7500 төгрөг 3 ширхэг, 5000 төгрөгийн үнэтэй автомат 1 ширхэг, 35 000 төгрөгийн үнэтэй хайрцаг 1 ширхэг, 20 000 төгрөгийн үнэтэй тогтоогч 1 ширхэг, 2х16 утас 30 ширхэгийг нийт 541 500 төгрөгөөр авч суурилуулсан. Уг гараашаас гарахдаа эд зүйлээ авч чадаагүй, хариуцагч С.Б дээрх эд зүйлийг буцаан өгнө гэж байх тул түрээсийн төлбөрт өгсөн 3 000 000 төгрөгөөс 4 сарын түрээсийн төлбөрт 1 000 000 төгрөгийг суутган, үлдэх 2 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

      Хариуцагч С.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.А 2017 оны 03 дугаар сард над руу утсаар ярьж танай гараашийг сарын 250 000 төгрөгөөр бодож түрээслээд бөөнд нь мөнгийг өгье гэж яриад 2017 оны 05 дугаар сарын 01-нээс 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл түрээслэхээр тохиролцсон. А.А түрээсийн төлбөрт сарын 250 000 төгрөгөөр тооцож 3 000 000 төгрөг өгсөн нь үнэн. А.А 2017 оны 08 дугаар сард над руу утсаар яриад түрээслэхээ болилоо, ажил багассан гэх юм ярихаар нь би хэлж тохирсоноороо бай гэж хэлсэн. А.А 2017 оны 06 дугаар сараас 2017 оны 10 дугаар сар хүртэл тус гараашид тоног төхөөрөмжөө цоожлоод нэг шөнө юмаа ачаад нүүгээд явсан байсан. А.А түрээсийн урьдчилгаа 1 000 000 төгрөгийг манай дүүд 3 дугаар сард өгсөн байсан. Энэ мөнгө нь өмнөх жилд хэрэглэсэн цахилгааны хэрэглээний зардалд ороод зарлагадсан. Түрээсийн үйл ажиллагаа явуулахдаа гараашид суурилуулсан цахилгааны тоолуур 360 000 төгрөгөөр, автомат 7500 төгрөгөөр 3 ширхэгийг, 5000 төгрөгийн үнэтэй автомат 1 ширхэгийг, 35 000 төгрөгийн үнэтэй хайрцаг 1 ширхэг, 20 000 төгрөгийн үнэтэй тогтоогч 1 ширхэг, 2х16 утас 3300 төгрөгөөр 30 ширхэгийг авч нийт 541 500 төгрөг зарцуулсан эд зүйлээ буцаагаад авахыг зөвшөөрч байна.

      А.А гараашийг давхар түрээсэлсэн байхаар нь болохгүй гэж хэлсэн болохоос түүнийг хөөсөн зүйл байхгүй, бидний амаар хийсэн гэрээ хэвээр байгаа, дээрх төлбөрүүдийг А.А эхнэр А.Айдынкөлийн дансаар хийсэн байдаг тул А.А нэхэмжлэгч мөн эсэх нь ч эргэлзээтэй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

    Хариуцагч С.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.А миний өмчлөлийн мужаан цехийн 49 м.кв талбайтай байрыг 2015 оны 05 дугаар сараас сарын 350 000 төгрөгөөр тавилгын үйлдвэрлэл эрхлэхээр түрээслэж эхэлсэн. Бидний хооронд хийсэн аман хэлцлээр түрээслэгч тал болох А.А-ын хүсэлтээр сар бүрийн 25-ны өдөр түрээсийн төлбөр 350 000 төгрөгийг надад төлөхөөр тодорхой хугацаагүй түрээслэн ажиллахаар, тавилгын үйлдвэрийн цахилгаан ашиглалтын зардал, харуул манаачийн хөлсийг түрээслэгч тал төлөхөөр харилцан тохиролцсон. Гэрээний дагуу түрээслэгч А.А 2015 оны 05 дугаар сараас 2016 оны 05 дугаар сар хүртэл 4 200 000 төгрөгийг түрээсийн төлбөрт төлөхөөс 4 050 000 төгрөгийг төлж үлдэгдэл 150 000 төгрөгийг төлөөгүй. Түрээслэгч А.А 2015 оны 06 дугаар сараас 11 дүгээр сарыг дуустал сар бүрийн түрээсийн төлбөр төлөөгүй байж байгаад 11 дүгээр сарын дундуур тоног төхөөрөмжөө нууцаар зөөж явсныг мэдсэн. 2016 оны 05 дугаар сараас 11 дүгээр сар дуусталх түрээсийн төлбөрт 2 100 000 төгрөг болсон. Түрээслэгч нь “хүндрэлтэй байдалд ороод байна, төлбөр тооцоогоо дуусгаад жаахан ажиллаад дутуу төлсөн мөнгөө төлнө” та харж үзээч гэж гуйхаар нь туслах дэмжих үүднээс 2017 оны 03 дугаар сараас ажиллаж эхлээд 2017 оны 10 дугаар сард тоног төхөөрөмжөө аваад ажлын байрыг хаяж явсан. А.А 2017 оны 03 дугаар сард 1 000 000 төгрөгийг дүү Х.Б-д, 05 дугаар сард 600 000 төгрөгийг дүү Х.Б-д, миний харилцах данс руу 05 дугаар сард 1 400 000 төгрөгийг шилжүүлж нийт 3 000 000 төгрөг төлсөн. Үүнээс өмнөх түрээсийн төлбөрт 2 250 000 төгрөгийг суутган тооцож үлдэгдэл 750 000 төгрөгөөс 2017 оны 03 дугаар сараас 10 дугаар сар дуусталх түрээсийн төлбөр 2 800 000 төгрөг болсноос зөрүү 750 000 төгрөгийг хасч 2 050 000 төгрөгийг нэхэмжлэгч А.А-аас гаргуулж өгнө үү гэжээ.

   Нэхэмжлэгч А.А сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: А.А, С.Б нар 2017 оны 03 дугаар сард уулзаж гараашийг 2017 оны 05 дугаар сараас 2018 оны 05 дугаар сар хүртэл 1 жилийн хугацаатай, сарын 250 000 төгрөгөөр буюу жилийн 3 000 000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцож урьдчилгаа 1 000 000 төгрөгийг төлсөн. С.Б 2015, 2016 онд түрээслэж тооцоогоо хийгээд маргаангүй болсон зүйлийг сөрөг нэхэмжлэлийн шаардлага болгож гаргасан байна. Гараашийг түрээслэж байх хугацаанд ажил, орлого багатай байгаагаас шалтгаалж түрээсийн төлбөрийг ярилцан тохиролцон багасгаж 250 000, 150 000 төгрөгөөр тогтоож байсан. С.Б сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа түрээсийн бүх хугацааг 350 000 төгрөгөөр тооцож, түрээслээгүй сар болох 2016 оны 08 дугаар сараас 11 дүгээр сар хүртэлх сарыг түрээслэсэн мэтээр тооцон нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Уг гараашийг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түрээслэж эхлэхээс өмнөх түрээсийн асуудал нь 2016 оны 08 дугаар сард дуусгавар болж түрээсийн төлбөрийн үлдэгдэлд маргаан байхгүй юм. 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түрээслэж эхлэх үед ч энэ талаар маргаан байгаагүй тул дахин түрээслэхээр тохиролцсон. 2015 оны 06 дугаар сараас 2016 оны 08 дугаар сар хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийн асуудал байхгүй, дээрх бүх төлбөрийг миний эхнэр А.А-ийн дансаар хийж байсныг С.Б зөвшөөрөөд хүлээн авч байсан мөртлөө одоо нэхэмжлэгч биш гэж байгаа нь ойлгомжгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.10, 56 дугаар зүйлийн 56.1.10, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан С.Б-гээс 2 000 000 /хоёр сая/ төгрөг гаргуулж А.А-д олгож, А.А-аас 2 050 000 төгрөг гаргуулах тухай С.Бгийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.А 360 000 төгрөгийн үнэтэй цахилгааны тоолуур 1 ширхэг, 7500 төгрөгийн үнэтэй автомат 3 ширхэг, 5000 төгрөгийн үнэтэй автомат 1 ширхэг, 35 000 төгрөгийн үнэтэй хайрцаг 1 ширхэг, 20 000 төгрөгийн үнэтэй тогтоогч 1 ширхэг, 3300 төгрөгийн үнэтэй 2х16 утас 30 ширхэгийг буцаан өгөхийг зөвшөөрсөн хариуцагч С.Б-гийн зөвшөөрлийг баталж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 950 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47 750 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Б-гээс улсын тэмдэгтийн хураамжид 46 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч С.Б давж заалдах гомдолдоо: Шүүх миний нэхэмжлэгчтэй байгуулсан түрээсийн гэрээг хуулийн шаардлага хангаагүй хүчин төгөлдөр бус гэж дүгнэжээ. Нэхэмжлэгч надтай хэрхэн тохиролцож түрээсийн үйл ажиллагаа явуулж байснаа хүлээн зөвшөөрч, төлбөр төлснөө тайлбарласан. Гэтэл шүүх бидний харилцааг өөрөөр дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч түрээсийн гэрээгээр үйл ажиллагаа явуулж байгаад хугацаанаас өмнө гарч явсанд би буруугүй. Нэхэмжлэгчид байраа түрээслүүлсэн би хүлээсэн үүргээ биелүүлсэн тул төлбөрийг буцаан төлөхгүй. Миний гаргасан сөрөг нэхэмжлэлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус гэрээ гэж хэрэгсэхгүй болголоо. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа түрээсийн гэрээгээр үйл ажиллагаа явуулсан гэх дүгнэлтээр төлбөр гаргасан гэж ойлгож байгаа гэтэл хүчин төгөлдөр бус гэрээ гэж дүгнэсэн нь ойлгомжгүй.

 Хэдийгээр бичгээр гэрээ байгуулаагүй боловч шүүхэд түрээсийн талаар яригдаж байгаад шүүх дүгнэлт хийж болох юм. Нэг талыг баримталж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шүүх миний гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж болохгүй байгаа нь эрх зүйн хувьд үндэслэлгүй болсон. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч А.А хариуцагч С.Б-гээс түрээсийн гэрээний төлбөрт шилжүүлсэн 2 541 500 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч 2015, 2016 оны түрээсийн төлбөрийн үлдэгдэл 2 050 000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжилжээ.

Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 2-96 тоотод байрлах хариуцагч С.Бгийн эзэмшлийн гараашийг 2017 оны 05 дугаар сараас 1 жилийн хугацаатай, сарын 250 000 төгрөгөөр, тавилгын үйлдвэрлэл эрхлэх зорилготой ашиглахаар талууд харилцан тохиролцож, нэхэмжлэгч А.А түрээсийн төлбөрт нийт 3 000 000 төгрөг төлсөн боловч 2017 оны 09 дүгээр сард уг гараашаас нүүж, гэрээ цуцлагдсан үйл баримт тогтоогдсон, энэ талаар маргаангүй байна. /хх-6, 55-57, 66/

Талуудын хооронд байгуулагдсан тохиролцооноос үзэхэд хариуцагчийн эд хөрөнгийг нэхэмжлэгч өөрийн үйл ажиллагаанд зориулан ашиглахаар тохиролцсон байх тул эд хөрөнгө хөлсөх гэрээг Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-т зааснаар аман хэлбэрээр байгуулагдсан гэж үзнэ.

Харин талуудын хооронд хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзсэн шүүхийн дүгнэлт буруу байх бөгөөд талууд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлсөх гэрээг цаашид үргэлжлүүлэхгүй болж цуцалсан нь талуудын хэн алины тайлбараар тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч гэрээний дагуу шилжүүлэн өгсөн 3 000 000 төгрөгөөс гараашийг 4 сарын хугацаанд ашигласны хөлсийг төлснөөр гэрээ цуцлагдаж дуусгавар болсон учраас эд хөрөнгийг ашиглаагүй хугацааны 2 000 000 төгрөгийг буцаан шаардах эрх нэхэмжлэгчид  Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар үүснэ. Ийнхүү гэрээ цуцлагдсанаар гэрээний дагуу хөлс төлөх үүрэг дуусгавар болох тул илүү шилжүүлсэн мөнгөн хөрөнгөө нэхэмжлэгч буцаан шаардах эрхтэй.

Хэрэгт авагдсан нэхэмжлэгч А.А эхнэр А.А-ийн ХААН банкны 5753700827 тоот дансны хуулгаар хариуцагч С.Б-гийн ХААН банкны 507695885 тоот дансанд 2015-2016 оны хооронд нийт 4 030 000 төгрөг шилжүүлсэн байх бөгөөд түрээсийн төлбөр, бусад зардалтай холбоотой дутуу төлбөр байгаа гэх сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч баримтаар нотолж чадаагүй байх тул хариуцагчийн энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэхгүй, хамааралгүй хуулийн заалт баримталсан байх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “56 дугаар зүйлийн 56.1.10, 42 дугаар зүйлийн 42.10” гэснийг хасч мөн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  63 845 төгрөгийг буруу бичсэнийг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөлт оруулах боломжтой.

       Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2018/00882 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “42 дугаар зүйлийн 42.10, 56 дугаар зүйлийн 56.1.10” гэснийг хасч, 3 дахь заалтад “нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 950” гэснийг “нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63 845” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                 ШҮҮГЧИД                                        Б.НАРМАНДАХ

                                                                                                          Д.БАЙГАЛМАА