Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 19

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  Г.П, Х.Н, Б.Ц, Ж.Д,

Ц.Э, Э.А нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

       Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг,   шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

            Прокурор                                            Н.Цогтбаяр

            Яллагдагч нарын өмгөөлөгч                       Ц.Э, П.Должинсүрэн

            Нарийн бичгийн дарга                      Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 271 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Цогтбаярын бичсэн эсэргүүцлийг үндэслэн, Г.П, Х.Н, Б.Ц, Ж.Д, Ц.Э, Э.А нарт холбогдох 1812000000187 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, урьд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2003 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзагдсан, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 148 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2006 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 268 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 20 жилийн хугацаагаар хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 148 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 1 хоногийн ялаас заримыг буюу 1 жилийг нэмж нэгтгэн 21 жилийн хугацаагаар хорих ялаар, Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2006 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 268 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 18 жил 3 сар 20 хоногийн ялыг бүгдийг нь нэмж нэгтгэн 18 жил 6 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 169 дугаартай шүүгчийн захирамжаар 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 7 жил 4 сарын хугацаагаар хорих ялаас чөлөөлөгдсөн, О овгийн Гын П

 

Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Т овгийн Хгийн Н

 

Монгол Улсын иргэн, урьд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2003 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 292 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай комиссын 2006 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2795 дугаартай тогтоолоор 2006 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 22 хоногийн хорих ялаас өршөөгдөж суллагдсан, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 152 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хугацааны өмнө тэнсэж, суллагдсан, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 15- ны өдрийн 939 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 11 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр суллагдсан, Ховгийн Бгийн Ц

 

Монгол Улсын иргэн, урьд нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 371 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар 17 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хугацааны өмнө тэнсэж суллагдсан Товгийн Цийн Э

 

Монгол Улсын иргэн, урьд сум дундын 12 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, Х овгийн Жын Д

 

Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Ж овгийн Эийн А

 

Г.П нь 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон баг, Гүүтийн ам гэх газар иргэн Э.Мын нуруун тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, Г.П, Х.Н, Ж.Д, Б.Ц нар нь нийтийн хэв журмыг зэвсэг хэрэглэн бүлэглэн зөрчиж, хохирогч Э.М нарт хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, Г.П, Х.Н, Э.А, Ц.Э нар нь бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон баг, Шийрт гэх газарт иргэн Ж.Оын бие махбодид халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, Г.П, Х.Н нар нь 2018 оны 07 дугаар сарын 06-аас 07- нд шилжих шөнийн 05-аас 06 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон баг, Шийрт гэх газарт нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, иргэн Ч.Чт хүч хэрэглэж, түүний унаж явсан, 80-01 УНГ улсын дугаартай, Ланд круйзер 200 маркийн автомашиныг чулуугаар цохих, хутгаар хатгах зэргээр гэмтээж, хүний халдашгүй чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуй нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг хутгыг зэвсэг болгон хэрэглэж, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах, амь нас хохирох нөхцөл байдалд хүргэж үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас Г.Пт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар, Х.Нд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1, 2.1, 2.4 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Б.Ц, Ж.Д нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Ц.Э, Э.А нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 271 дугаартай шүүгчийн захирамжаар: “Хэрэгт авагдсан баримтуудаар яллагдагч Ц.Эад 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тухай прокурорын тогтоолыг танилцуулж, түүнээс яллагдагчаар 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр мэдүүлэг авчээ. Уг мэдүүлэгт “...өмгөөлөгчийн хамт мэдүүлэг өгнө, өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...” гэжээ /хх-66-69 хуу/  харин Ц.Эаас дахин өмгөөлөгчийн хамт мэдүүлэг аваагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор мөрдөгч нь яллагдагч өөрөө өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана гэж заасныг зөрчсөн байна.  Иймд Ц.Эын өмгөөлүүлэх хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангаж дахин мэдүүлэг авах нь зүйтэй бөгөөд дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна.  Харин өмгөөлөгч Ц.Эын гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцлийг нотолж тогтоолгох, өмгөөлөгч Г.Должинсүрэнгийн яллах дүгнэлт болон яллагдагчаар татах тогтоол нь хуулийн шаардлага хангаагүй зэрэг хүсэлтийг тус тус хангахаас татгалзаж, өмгөөлөгч Ц.Эын гаргасан хүсэлтийг хэсэгчлэн хангаж, шийдвэрлэх нь зүйтэй байна гээд

Яллагдагч Г.П, Х.Н, Б.Ц, Ж.Д, Ц.Э, Э.А нарт холбогдох 1812000000187 дугаартай эрүүгийн хэргийг Архангай аймгийн Прокурорын газарт буцааж,

Хэргийг прокурорт очтол яллагдагч Г.П, Х.Н, Б.Ц, Ж.Д, Ц.Э, Э.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдаж,

Яллагдагч нарын өмгөөлөгч Ц.Эын гаргасан хүсэлтийг хэсэгчлэн хангаж,

Энэ шийдвэрийг прокурор эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.”

 

Прокурор Н.Цогтбаярын бичсэн эсэргүүцэлд:

“Архангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Цогтбаяр би, тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 271 дугаартай шүүгчийн захирамжийг 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

Яллагдагч Г.П нь 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон баг, Гүүтийн ам гэх газар иргэн Э.Мын нуруун тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, яллагдагч Г.П, Х.Н, Ж.Д, Б.Ц нар нь нийтийн хэв журмыг зэвсэг хэрэглэн бүлэглэн зөрчиж, хохирогч Э.М нарт хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, яллагдагч Г.П, Х.Н, Э.А, Ц.Э нар нь бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон баг, Шийрт гэх газарт иргэн Ж.Оын бие махбодид халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, яллагдагч Г.П, Х.Н нар нь 2018 оны 07 дугаар сарын 06- аас 07-нд шилжих шөнийн 05-аас 06 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон баг, Шийрт гэх газарт нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, иргэн Ч.Чт хүч хэрэглэж, түүний унаж явсан, 80-01 УНГ улсын дугаартай, Ланд круйзер 200 маркийн автомашиныг чулуугаар цохих, хутгаар хатгах зэргээр гэмтээж, хүний халдашгүй чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуй нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг хутгыг зэвсэг болгон хэрэглэж, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах, амь нас хохирох нөхцөл байдалд хүргэж үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Архангай аймгийн прокурорын газраас яллагдагч Г.П, Х.Ням- Өлзий, Б.Ц, Ж.Д, Ц.Э, Э.А нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх яллагдагч Г.П, Х.Н, Б.Ц, Ж.Д, Ц.Э, Э.А нарт холбогдох хэргийг 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд:

Яллагдагч Ц.Эад 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолыг танилцуулж, мэдүүлэг авсан байна. Уг мэдүүлэгт тэрээр “...өмгөөлөгчийн хамт мэдүүлэг өгнө, өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...” гэсэн байх бөгөөд Ц.Эаас өмгөөлөгчийн хамт дахин мэдүүлэг аваагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрөө өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана гэж заасныг зөрчсөн байна. Иймд Ц.Эын өмгөөлүүлэх хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангаж, дахин мэдүүлэг авах нь зүйтэй бөгөөд дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна гэж дүгнэж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна.

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...яллагдагч эх хэлээрээ болон өөрийн сайн мэдэх хэлээрээ мэдүүлэг өгөх, ... мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй...” гэж, мөн хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана...” гэж тус тус хуульчилсан.

Яллагдагч Ц.Э, Г.П, Х.Н, Б.Ц, Ж.Д, Э.А нар нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрсдийгөө өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авахаар Фемжаконсалтинг ХХН-ийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан, П.Отгонбаяр нартай гэрээ байгуулж, энэ талаарх холбогдох баримтууд хэрэгт авагдсан тул яллагдагч нарын өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг зөрчсөн, хязгаарласан гэж үзэх үндэслэлгүй юм.

Яллагдагч нар нь хууль зүйн туслалцаа авахаар өмгөөлөгч нартай гэрээ байгуулахаас цаг хугацааны хувьд өмнө Ц.Эад Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолыг танилцуулж, улмаар ял сонсгон мэдүүлэг авах үед тэрээр “...өмгөөлөгчийн хамт мэдүүлэг өгнө, өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...” хэмээн мэдүүлэг өгөхөөс татгалзжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...яллагдагч эх хэлээрээ болон өөрийн сайн мэдэх хэлээрээ мэдүүлэг өгөх, ... мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй...” гэж хуульчилсан бөгөөд уг эрхээ эдлэх, эсхүл эдлэхгүй байх нь тухайн яллагдагчийн шийдэх асуудал бөгөөд тэрээр өмгөөлөгч авснаасаа хойш мэдүүлэг өгөх эрхээ эдлэх талаар санал хүсэлт гаргаагүй байгаа тул түүний мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

Нөгөө талаар яллагдагч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй бөгөөд яллагдагч Ц.Эын Г.П, Х.Н, Э.А нартай бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон баг, Шийрт гэх газарт иргэн Ж.Оын бие махбодид халдаж, эруүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдсон тул түүний үйлдсэн гэмт хэргийг нотлох зорилгоор өөрөөс нь мэдүүлэг авах шаардлагагүй байна.

Мөн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид “...Ц.Эын өмгөөлүүлэх хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангаж, дахин мэдүүлэг авах нь зүйтэй бөгөөд дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, тэдгээрт холбогдох хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад шүүгдэгч Ц.Э нь мэдүүлэг өгөх эрхтэй төдийгүй түүнээс мэдүүлэг авах ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх бүрэн боломжтой юм.

Иймд Г.П нарт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 271 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив. Шүүх хуралдаанд прокурор оролцуулж өгнө үү.” гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:

“Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 271 дугаартай шүүгчийн захирамж хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байгаа учраас захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

 

Яллагдагч нарын өмгөөлөгч Ц.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

“Яллагдагч Ц.Эын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нь нотлогдсон тул түүний үйлдсэн хэргийг нотлох зорилгоор өөрөөс нь мэдүүлэг авах шаардлагагүй гэж прокурорын эсэргүүцэлд дурдсан байгаа. Үүнээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч мэдүүлэг өгөхдөө тухайн хэрэгт ач холбогдох бүхий нөхцөл байдлыг тайлбарласан, нөгөө талаар яллагдагчийн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй ч гэсэн яллагдагчийг яллах үүрэггүй ч гэсэн нотлох баримт болдог учраас яллагдагчийн эрх зүйн байдлын хувьд мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөх нь ач холбогдолтой гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээлгэх саналтай байна.” гэв.

 

Яллагдагч нарын өмгөөлөгч П.Должинсүрэн шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

“Өмгөөлөгч авах, хууль зүйн туслалцаа авах эрх нь ганцхан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажсан эрх биш, давхар Үндсэн хуулиар баталгаажуулсан. Үндсэн хуулиар баталгаажсан эрхийг эдлүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж шүүгчийн захирамжид заасан ажиллагааг анхан шатны шүүхээр нөхөн гүйцэтгэх боломжтой гэж үзэж байгааг хүлээн авах үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дах хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурор Н.Цогтбаярын бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

 Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгийн тэмдэглэл нь дуу дүрсний бичлэг, хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн 271 дугаартай захирамж зэргээс зөрүүтэй болжээ.

 Мөн 2019 оны 2 сарын 17-ны өдрийн 19 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутга, хохирогч Ч.Чоос хэрэгт хавсаргуулахаар гаргаж өгсөн дүрс бичлэг бүхий СД тус тус хэргийн хамт шүүхэд хүргүүлсэн талаар бичсэн байхад хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн 271 дугаартай захирамжинд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэсэн нь шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг сайтар судалж үндэслэлтэй шийдвэр гаргахад анхаарах нь зүйтэй байна.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...яллагдагч эх хэлээрээ болон өөрийн сайн мэдэх хэлээрээ мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй гэх онцгой эрхийг яллагдагчид хуулиар олгожээ. Дээрх хуулиар олгосон эрхийнхээ дагуу Ц.Э нь тухайн үед мэдүүлэг өгөхөөс татгалзсан байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт яллагдагчийг өөрийнх нь эсрэг мэдүүлэг авахаар албадахыг хориглоно гэж заасан бөгөөд мөрдөгч яллагдагч Ц.Эаас мэдүүлэг авахаар шаардах эрхгүй ба харин өмгөөлөгчийн хамт мэдүүлэг өгөх эрхээ хэрэгжүүлэх тухай санал, хүсэлт гаргасан тохиолдолд түүнээс мэдүүлэг авахгүй гэх үндэслэлгүй, боломжгүй юм.

 

              Яллагдагч Ц.Э нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлүүлэх эрхээ эдэлж өмгөөлөгч авсан, мөрдөгч яллагдагчийг өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангаагүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба өмгөөлөгч нар хэргийн материалтай танилцсан байна.

        

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...шүүх хуралдаан даргалагч шүүгдэгчээс хэргийн талаар мэдүүлэг өгөх эсэхийг асууж, зөвшөөрвөл түүнээс мэдүүлэг авна гэж шүүгдэгчээс мэдүүлэг авах эрхийг шүүхэд олгосон байхад шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

 

  Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 271 дугаартай шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

 Яллагдагч Г.П, Х.Ням- Өлзий, Б.Ц, Ж.Д, Ц.Э, Э.А нарын хувийн байдлыг харгалзан хэргийг анхан шатны шүүхэд очтол тэдгээрт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон

 

 

                                                          ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 271 дугаартай  шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг анхан шатны шүүхэд очтол яллагдагч Г.П, Х.Н, Б.Ц, Ж.Д, Ц.Э, Э.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тус тус зааснаар гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Т.ДАВААСҮРЭН

                ШҮҮГЧИД                                 М.МӨНХДАВАА

                                                                  В.ЦЭЦЭНБИЛЭГ