Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2020/0691

 

 

 

 

 

 

2020 оны 10 сарын 27 өдөр Дугаар Улаанбаатар хот

128/ШШ2020/0691

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, Э.Э, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: М ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс, Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 2020/01 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 39 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулж, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасны дагуу уг талбайн дотор тодорхой хэсэг талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасныг АМГТГ-ын Кадастрын хэлтэс хянан үзэж 2019 оны 5-р сарын 13-нд MV-****** дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон билээ. Ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээнээс хамаарч ХV-****** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай 2 хэсэгт хуваагдан ХV-******, ХV-****** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл болж өөрчлөгдсөн.

Гэтэл АМГТГ-ын Кадастрын хэлтсээс 2020 оны 1-р сарын 31-ын өдрийн 8/600 мэдэгдлээр /2020 оны 2-р сарын 3-ын өдөр албан ёсоор гардаж авсан болно/ Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2 дахь хэсэг, Байгаль орчин аялал жуулчлалын дэд сайдын 2020.01.30-ын өдрийн 02/662 тоот албан бичгээр ирүүлсэн 2020/01 тоот дүгнэлт, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020.01.29-ын өдрийн 03/261 тоот, 2020.01.31-ний өдрийн 03/294 тоот албан бичиг, Завхан аймгийн Засаг даргын 2020.01.24-ын өдрийн 1/112 тоот албан бичиг, Завхан аймгийн Отгон сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн Хяналт шалгалт хийсэн тухай 2019 оны 11-р сарын 15-ын өдрийн 07.04.330-134 тоот дүгнэлтийг тус тус үндэслэн манай компанийн эзэмшиж байсан дээрх ХУ-******, ХҮ-****** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл, МУ-****** дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалсныг мэдэгдсэн болно. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарган үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 1-р сарын 31 -ын өдрийн 39 дүгээр шийдвэрийг дараах хуулийг зөрчсөн гэж үзэж байна.

Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан ...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим-ыг, 4.2.1-т заасан хуульд үндэслэх' тусгай зарчмыг тус тус зөрчиж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020.01.29-ын өдрийн 03/261 тоот, 2020.01.31-ын өдрийн 03/294 тоот албан бичиг, Завхан аймгийн Засаг даргын 2020.01.24-ын өдрийн 1/112 тоот албан бичиг, Завхан аймгийн Отгон сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн Хяналт шалгалт хийсэн тухай 2019 оны 11-р сарын 15-ын өдрийн 07.04.330-134 тоот дүгнэлтийг үндэслэн шийдвэр гаргасан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.3-т заасан хуульд заасан нууцад хамаарахаас бусад үйл ажиллагаанд ил тод, нээлттэй байх, 4.2.6-т заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах тусгай зарчмуудыг зөрчин Байгаль орчин аялал жуулчлалын Дэд сайдын 2020.01.30-ын өдрийн 02/662 тоот албан бичгээр ирүүлсэн 2020/01 тоот дүгнэлтийг болон цуцалсан шийдвэрийг урьдчилан мэдэгдэлгүйгээр нууцалж гэнэтийн шийдвэр гаргасан байна. Энэ үйлдэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар 56.2 дах хэсэгт заасныг мөн зөрчсөн гэж үзэж байна.

Дээрх шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 28.1.1-ийг нийтийн ашиг сонирхол сөргөөр нөлөөлөхөөр бол, хуулийн 28.1.2 гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол үндэслэсэн нь бодит байдалд үл нийцсэн бөгөөд манай компанийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрлүүд хэрхэн, яаж нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байгаа нь тодорхойгүй байхад, гарцаагүй ямар байдал үүссэн нь ойлгомжгүй хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Хуулийг буруу хэрэглэснээр Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26, 27 дугаар зүйлүүд зөрчигдөж манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол бүдүүлгээр зөрчигдсөн гэж үзэж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасны дагуу гаргасан гэх Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 2020/01 тоот дүгнэлтийг манайд мэдэгдэлгүйгээр гаргаж дараах хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Үүнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дүгнэлтийг АМГТГ-ын Кадастрын хэлтэс хүлээн авсан боловч Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсгийг зөрчиж шийдвэр гаргасан, Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь Ерөнхий хуулийн 24, 25, 26, 27 дугаар зүйлүүдийг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 2020/001 тоот дүгнэлтийг манай компанид албан ёсоор өгөөгүй байгаа болно.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 2020/01 тоот дүгнэлтийг хүчингүй болгож, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 39 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, манай компанийн эзэмшиж байсан ХV-******, ХV-****** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл, MV-****** дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... 2020/001 дугаартай дүгнэлтийг гаргахдаа Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2.6-д ... байгаль орчинд хортой нөлөөлөх гэдэгт байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл /эс үйлдэхүй/ хамаарна... гэж заасныг мөн хуулийн 15 дугаар зүйлд Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх гэсний 1.1-д ...байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах... гэж заасныг Ашигт малтмалын тухай 56 дугаар зүйлийн 56.1.5-д ... тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан... бол Ашигт малтмал, газрын тосын газар тусгай зөвшөөрлийг цуцална гэж заасныг тус тус үндэслэсэн. Мөн Ашигт малтмалын хуулийн дагуу дүгнэлт гаргуулахаар яаманд Завхан аймгийн Засаг дарга, Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Отгон сумын Засаг дарга, аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Мэргэжлийн хяналттын газрын улсын байцаагч нараас тус тус санал, дүгнэлт, хүсэлт ирсэн нь дээрх 2020/01 тоот дүгнэлт гаргах үндэслэл болсон.

Түүнчлэн Тусгай хамгаалалттай газар нутаг болох Монгол түмний өнө эртнээс шүтэж ирсэн 1776 оноос хойш төрийн тахилгат шүтээн хайрхан болгосон, Монгол Улсыг даасан Очирваань бурхан заларсан Отгонтэнгэр хайрхны орчим ашиг малтмалын тусгай зөвшөөрлийг М ХХК-д олгосон нь Монгол Улсын үндсэн хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийг илтэд зөрчсөн бөгөөд монгол түмний язгуур эрх, ашиг сонирхолд харш, ёс суртахуунгүй үйлдэл, шийдвэр болсон байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... М ХХК-ийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 39 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулж, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Завхан аймгийн Отгон сумын нутагт байрлах *** нэртэй 1361.43 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын *****Х дугаартай тусгай зөвшөөрлийг Цагаан Уулын магнет ХХК-д 2009 оны 3 дугаар сарын 25-ны өдөр олгожээ. Завхан, Отгон, Баянхонгор аймгийн Баянбулаг сумдын нутагт байрлах *** нэртэй 49.19 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын *****Х дугаартай тусгай зөвшөөрөл нь ашигт малтмалын хайгуулын *****Х дугаартай тусгай зөвшөөрлөөс үүссэн байна. Завхан аймгийн Отгон сумын нутагт байрлах *** нэртэй 957.1 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын *****А дугаартай тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 226 дугаар шийдвэрээр М ХХК-д олгожээ.

Байгаль орчин, Аялал жуулчлалын дэд сайдын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 02/662 тоот албан бичгээр ирүүлсэн Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/01 тоот дүгнэлт, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-т заасныг тус тус үндэслэн М ХХК-ийн эзэмшиж байсан *****Х, *****Х, *****А дугаартай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 39 дүгээр шийдвэрээр цуцалсан байна. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-т тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар хуульчилсан.

Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-т нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол, мөн 28.1.2-т гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол сонсох ажиллагаа хийхгүйгээр буюу урьдчилан мэдэгдэхгүйгээр захиргааны байгууллага шийдвэр гаргах эрхтэй байхаар заасан байна. Иймд М ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

М ХХК-иас Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/01 дүгээр дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 39 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, ашигт малтмалын XV-****** XV-****** MV-****** тусгай зөвшөөрлүүдийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд Завхан аймгийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1/112 дугаар албан бичгээр М ХХК-ийн XV-****** XV-****** MV-****** тусгай зөвшөөрлүүдийг цуцлуулах дүгнэлтийг Ашигт малтмал газрын тосны газарт хүргүүлэх хүсэлтийг тус аймгийн Отгон сумын Засаг даргын тусгай зөвшөөрлүүдийг цуцлуулах хүсэлт, мөн аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 28 дугаар дүгнэлт, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дүгнэлт, 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 07.04.330.001 дүгээр албан шаардлагын хамт ирүүлжээ.

Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дүгнэлтээр М ХХК-ийн XV-****** XV-****** MV-****** тусгай зөвшөөрлийн талбайд хяналт шалгалт хийж,

1. геологи хайгуулын ажлыг хийгээгүй ажлын цооног шурф байхгүй хуулийн дагуу хийсэн тэмдэглэгээтэй объект талбайн координат дотор байхгүй.

2. 2009-2019 онд байгаль орчныг нөхөн сэргээх зардлын мөнгө байршуулаагүй.

3....XV-****** дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн 2013-2021 оны төлөвлөгөө, 2013-2016 оны хайгуулын ажлын тайланг цахимаар ирүүлсэн.

4....XV-****** MV-****** тусгай зөвшөөрлийн төлөвлөгөө тайланг гаргаж өгөөгүй. Хуулийн дагуу тэмдэглэгээтэй ухсан тууш малталт шурф цооногийн ором байхгүй байгаагаас үзэхэд хайгуулын ажил төлөвлөгөөний дагуу хийгдээгүй тайланг газар дээр нь үзэж хүлээж аваагүй баталгаажуулсан.

5....MV-****** тусгай зөвшөөрлийг 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр олгосныг 2019 оны 10 дугаар сарын 15-ны байдлаар Отгон сумын Засаг дарга мэдээгүй Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө хийгдээгүй.

6. ...3 тусгай зөвшөөрлийн хүрээнд хайгуул ашиглалтын үйл ажиллагаа явуулаагүй байгаль орчны сөрөг нөлөө гараагүй хяналт шалгалт хийж дүгнэлт гаргаж байгаагүй.

7....Тусгай зөвшөөрлийн талбай усны нэгдсэн санд бүртгэлтэй усны эх үүсвэрийн онцгой хамгаалалтын бүсэд орсон.

8.... MV-****** тусгай зөвшөөрлийн дагуу уурхайн ямар нэг ажил эхлээгүй.

9....Тусгай зөвшөөрлийн талбайд нутгийн иргэдийн уламжилж ирсэн соёлын өв багтсан.

10....Ашигт малтмалын хайгуул хийхдээ палентологи археологи угсаатны зүйн мэргэжлийн байгууллагаар судлуулж дүгнэлт гаргуулаагүй зөрчил гаргасан гэж дүгнэн М ХХК-ийн XV-******, XV-******, MV-****** тусгай зөвшөөрлүүдийг цуцлуулахаар Байгаль орчин аялал жуулчлалын яам, Ашигт матмал газрын тосны газарт хүргүүлсэн.

Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 2020 /01 дүгээр дүгнэлтээр М ХХК-ийн XV-****** XV-****** MV-****** тусгай зөвшөөрөл бүхий талбай нь усан сан бүхий онцгой хамгаалалтын бүсэд орсон, нутгийн захиргааны байгууллагуудын ирүүлсэн санал үндэслэлтэй тул тусгай зөвшөөрлүүдийг цуцлуулах нь зүйтэй. гэж дүгнэн Ашигт малтмал газрын тосны газарт хүргүүлснээр Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 39 дүгээр шийдвэрээр дээрх тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан байна.

М ХХК нь ашигт малтмалын хайгуулын XV-****** тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу 2369.74 га газрыг эзэмшиж байсан бөгөөд Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 226 дугаар шийдвэрээр 957.10 га газрыг MV-****** тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу, 1361.43 га газрыг XV-****** тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу, 49.19 га газрыг XV-****** тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу тус тус эзэмшиж байсан.

Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 06б/4316 дугаар албан бичгээр тусгай зөвшөөрлүүдийн талбай нь 2019 оны байдлаар Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, тус хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д заасны дагуу Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хил зааг, Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хил заагтай тус тус давхцалгүй байсан. Харин цуцлагдсан XV-******, MV-****** тусгай зөвшөөрөл бүхий талбай нь 2020 оны байдлаар Завхан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 54 дүгээр тогтоолоор Усны сан бүхий газрын энгийн болон онцгой хамгаалалтын бүстэй давхцалтай болсон байна. гэж дурдсан бөгөөд уг мэдээлэл нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ой, ус, тусгай хамгаалалттай газрын Кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д Энэ хуулиар байгалийн дор дурдсан объектыг байгаль орчинд хортой нөлөөлж болзошгүй үйл ажиллагаанаас хамгаалж, байгаль орчны тэнцэл алдагдахаас сэргийлнэ 2-т Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:, 2/"ус" гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэр дэх мөрөн, гол, горхи, булаг, шанд, рашаан, мөнх цас, мөс, мөсөн гол, байгалийн болон хиймэл нуур, цөөрөм зэрэг газрын гадаргын болон газрын доорхи ус хамаарна, 6/"байгаль орчинд хортой нөлөөлөх" гэдэгт байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл / эс үйлдэхүй/ хамаарна., 7/байгаль орчныг хамгаалах гэдэгт байгаль орчныг бохирдохоос урьдчилан сэргийлэх, байгалийн баялгийг жам ёсоороо нөхөн сэргэх боломжийг нь алдагдуулахгүйгээр, байгалийн даацад нь тохируулан зохистой ашиглах, нөхөн сэргээх, тэдгээрт хяналт тавих ажиллагаа хамаарна; гэж,

Түүнчлэн мөн хуулийн 16 дугаар зүйлийн 1-д Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байгаль орчныг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 1/нутаг дэвсгэртээ байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээ, төсөв баталж, биелэлтэд хяналт тавих;, 19 дүгээр зүйлд Төр, түүний байгууллага, албан тушаалтан дараахь нийтлэг арга хэлбэрээр байгаль орчныг хамгаална, 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 6/хот, тосгон, бусад суурин газрын орчинд болон гол, мөрөн, нуур, рашаан, булаг, шандын эх, ундаргын орчныг хамгаалах, эрүүл ахуйн бүс тогтоох.,

Усны тухай хуулийн 11.1-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал усны харилцааны талаар  дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 11.1.3-д Засаг даргын саналыг үндэслэн усны эх үүсвэрийг орон нутгийн хамгаалалтад авах шийдвэр гаргах, хамгаалалтын бүсийн заагийг тогтоох, хамгаалах; гэж заасан эрх хэмжээний хүрээнд Завхан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 54 дүгээр тогтоолоор тогтоосон Усны сан бүхий газрын энгийн болон онцгой хамгаалалтын бүстэй М ХХК-ийн эзэмшдэг XV-****** тоот хайгуулын тусгай зөвшөөрөл, MV-****** тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь давхцсан болох нь тогтоогдож байна.

Түүнчлэн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1-д Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгаль орчныг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 1/байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.5-д тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах-аар заасны дагуу Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/01 дүгээр дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 39 дүгээр шийдвэр тус тус гарсан тул тэдгээрийг хүчингүй болгох үндэслэлгүй юм.

Харин М ХХК-ийн XV-****** тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу эзэмшдэг 49.19 га газар нь Завхан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 54 дүгээр тогтоолоор тогтоосон Усны сан бүхий газрын энгийн болон онцгой хамгаалалтын бүстэй давхцалгүй, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ой, ус, тусгай хамгаалалттай газрын Кадастрын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул уг тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон үндэслэл тодорхойгүй байна.

Хэдийгээр нутгийн захиргааны байгууллагуудаас гаргасан дүгнэлтэд М ХХК-ийн хайгуулын XV-******, XV-******, ашиглалтын MV-****** тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар дурдсан боловч XV-****** тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу эзэмшдэг 49.19 га газар нь Усны сан бүхий газрын хамгаалалтын бүстэй давхцалгүй, түүнчлэн байгаль орчинд сөргөөр нөлөөлөх талаар бодит нөхцөл байдлыг дээрх дүгнэлтээр тогтоогоогүй тул хариуцагч Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас XV-****** тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн 49.19 га газарт байгаль орчинд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдлыг тогтоож, дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий актуудын М ХХК-ийн XV-****** тоот хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбогдох хэсгийг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчээс Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.3-т заасан хуульд заасан нууцад хамаарахаас бусад үйл ажиллагаанд ил тод, нээлттэй байх, 4.2.6-т заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах тусгай зарчмуудыг зөрчин Байгаль орчин аялал жуулчлалын яамны дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын цуцалсан шийдвэрийг мэдэгдээгүй гэж маргаж байгаа нь үндэслэлтэй боловч энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй.

Ингээд М ХХК-ийн Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/01 дүгээр дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 39 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, ашигт малтмалын хайгуулын XV-******, XV-******, ашиглалтын MV-****** тусгай зөвшөөрлүүдийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, маргаан бүхий актуудын М ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-****** тоот тусгай зөвшөөрөлд холбогдох хэсгийг түдгэлзүүлж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11, 106.3.13 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.5, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Усны тухай хуулийн заасныг тус тус баримтлан М ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосын газрын Кадастрын хэлтэс, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 2020/01 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 39 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулж, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, дээрх шийдвэрүүдийн М ХХК-ийн XV-****** тоот хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбогдох хэсгийг нөхцөл байдлыг тогтоон, дахин шинэ акт гарах хүртэл 6 сарын хугацаатай түдгэлзүүлсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН