Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 137

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2017/00137

 

 

 “Эрдэнэт суврага” ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2016/00646 дугаар шийдвэртэй,

                       

Нэхэмжлэгч “Эрдэнэт суврага” ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Нэйшнл девелопер” ХХК-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 100 399 328 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй

Гэрээнээс учирсан хохиролд 86 388 773 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаяр

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Галбадрах

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Эрдэнэтсуврага” ХК болон “Нэйшнл девелопер“ ХХК-ийн хооронд 2012 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр байгуулагдсан гэрээгээр Арвайхээр-Баянхонгор чиглэлийн 50 км хатуу хучилттай авто зам барих ажилд барилгын шороон далангийн ажлыг 540 117 906 төгрөгийн үнийн дүнгээр 2012 оны 4 дүгээр сарын 6-ны өдрөөс 2012 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хийж гүйцэтгэх гэрээ, мөн 2012 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн Арвайхээр-Баянхонгор чиглэлийн 50 км хатуу хучилттай авто зам барих ажилд барилгын шороон далангийн пикетүүдийн ажлыг 109 251 224 төгрөгийн үнийн дүнгээр 2012 оны 6 дугаар сарын 5-ны өдрөөс 2012 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хийж гүйцэтгэх гэрээг тус тус байгуулсан. Тус хоёр гэрээт ажлын нийт үнэ нь 649 369 130 төгрөг болсон бөгөөд захиалагч тал нь гүйцэтгэлийн нийт үнийн дүнгээс 69 546 828 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр талуудын хооронд тооцоо нийлсэн акт байгуулснаас хойш гүйцэтгэгч талд шилжүүлээгүй үлдэгдэлтэй байгаа болно. Үүнд гэрээт ажлын гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болох 10 271 773 төгрөг, гэрээт ажлын барьцаа болох 32 247 055 төгрөг, карьерын нөхөн сэргээлтийн 27 028 000 төгрөг орж байгаа. Гүйцэтгэгч тал нь тус 2 гэрээгээр тохирсон ажлыг захиалагч талд 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээлгэн өгсөн. Авто замын далангийн дүүргэлтийн ажилд байрлах карьеруудын нөхөн сэргээлтийг 2012 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 2012 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэн Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Байгаль орчин хариуцсан улсын байцаагчид карьер хүлээлцсэн №4 актаар хүлээлгэн өгч, хувийг захиалагч талд хүргүүлсэн. Захиалагч нь сүүлийн тооцоо нийлсэн 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш дээрх хоёр гэрээний үлдэгдэл төлбөрийг гүйцэтгэгч талд шилжүүлээгүй бөгөөд гүйцэтгэгч “Эрдэнэт суврага” ХК нь захиалагч “Нэйшнл девелопер” ХХК-д удаа дараа нэхэмжлэх хүргүүлэн шаардсан боловч одоог хүртэл 69 546 828 төгрөгийг төлөхгүй гэрээний үүргээ зөрчиж гүйцэтгэгч талыг хохироож байна. Иймд тус 69 546 828 төгрөгийг нэхэмжилж байна. Дээрх хоёр ажил гүйцэтгэх гэрээний тусгай нөхцөлийн 27 дугаар зүйлд заасны дагуу алдангийн хэмжээ хоногт гэрээний үнийн 0.01 хувь байна гэж тохиролцсон. Тооцоо нийлсний дараах 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхэлж, 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр буюу шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх 475 хоногийн хугацаанд хоногт 64 640 төгрөгийн алданги тооцоход нийт 30 846 500 төгрөг болж байна. Тиймээс гэрээний дагуу гэрээний үлдэгдэл төлбөр, алданги болох нийт 100 399 328 төгрөгийг “Нэйшнл девелопер” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ. 

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Галбадрах шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус компани нь Монгол Улсын Зам, тээвэр, барилга хот байгуулалтын яамтай улсын төсвийн хөрөнгөөр Арвайхээр-Баянхонгор чиглэлийн 50 км замын барилгын ажлыг ЭТЗ 2011/04/125 тоот гэрээ байгуулан ажилласан ба уг барилгын ажлыг гүйцэтгэхдээ гэрээний дагуу хэд хэдэн компаниудтай гэрээ байгуулан туслан гүйцэтгэгчээр ажиллуулсан. “Эрдэнэт суврага” ХК-иас бусад туслах компаниуд нь гэрээний үүргээ биелүүлэн ажилласан. Харин “Эрдэнэт суврага” ХК нь Арвайхээр-Баянхонгор чиглэлийн 50 км замын барилгын ажил гүйцэтгэх Ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээний үүргээ бүрэн биелүүлж ажиллаагүй. Бид “Эрдэнэт суврага” ХК-иар Өвөрхангай-Баянхонгор чиглэлийн 50 км замын ПК6+000-ПК12+000 хэсгийн далангийн ажлыг гүйцэтгүүлсэн. Уг далангийн ажлын зарим хэсгийг техникийн шаардлагын дагуу чанартай хийж гүйцэтгээгүй болох нь чанарын баталгаат хугацаат илэрсэн байна. Энэ нь хөлдөлтөөс хамгаалах үеийн ажил болон буталсан чулуун суурийн ажлыг гүйцэтгэж байх хугацаанд далан цөмрөх, бамбалзуур үүсэх зэргээр илэрч байсан тул бид гэрээний дагуу далангийн ажлыг чанар стандарт, техникийн шаардлагын дагуу засварлахыг удаа дараа шаардсан. Гэвч “Эрдэнэт суврага” ХК-ийн зүгээс ямар нэгэн арга хэмжээ аваагүй тул бид өөрсдийн хөрөнгөөр далангийн засварын ажлыг хийж гүйцэтгэсэн болно. Уг ажлын зардалд нийт 128 907 601 төгрөгийн засварын зардал гарсан. Мөн “Эрдэнэт суврага” ХК-ийн ашиглаж байсан карьерын материалд шинжилгээ хийж хяналтаар баталгаажуулсан. Эвдэрч байсан далангаас дээж авч материалыг шинжлэн үзэхэд тус компани нь зөвшөөрөгдсөн карьерын материалыг ашиглалгүй харин техникийн шаардлагад нийцээгүй материалыг даланд ашигласан нь тогтоогдсон. 2014 онд бид зам барилгын ажлын байдлыг шалгаж үзэхэд “Эрдэнэт суврага” ХК-ийн гүйцэтгэсэн далангийн дахин засварлаагүй хэсгүүд дээр мөн суулт өгч, хучилт их хэмжээгээр эвдэрсэн байсан. Энэ нь манай компанийн ажилд ихээхэн сөргөөр нөлөөлж хүндрэл учруулсан. Суулт өгч эвдэрсэн хэсгийг засварлах, давхарлан хучилт хийх зэргээр компанийн санхүүд ихээхэн хохирол учруулсан. Мөн дээрх эвдрэл, суултаас шалтгаалан Өвөрхангай-Баянхонгор чиглэлийн 50 км авто замыг улсын комисс хугацаандаа хүлээн аваагүй болно. Мөн “Эрдэнэт суврага” ХК нь 2012 онд ашигласан карьераа манайд хүлээлгэн өгөөгүй. Тухайн үед зөвхөн сумын байгаль орчин хариуцсан байцаагчид хүлээлгэн өгсөн гэж байсан ч тус карьерыг Аймгийн байгаль орчны алба, Аймгийн мэргэжлийн хяналтын газрууд хүлээж аваагүй байсан. Энэ дагуу 2013 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн №07/09/03 тоот албан бичиг хүргүүлсэн боловч ямар нэгэн арга хэмжээ авалгүй удсан учир бид урьдчилан мэдэгдсэний үндсэн дээр нөхөн сэргээлтийг хийж “Эрдэнэтсуврага” ХК-ийн зардлаас хассан. Иймээс манай компанийн зүгээс “Эрдэнэт суврага” ХК-ийн нэхэмжилж байгаа баталгаат засварын барьцаа болон карьерын нөхөн төлбөрийг өгөх боломжгүй гэжээ.

          

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Галбадрах шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

“Эрдэнэт суврага” ХК нь манай компанитай 2012 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр болон 2012 оны 6 дугаар сарын 5-ны өдрүүдэд “Улсын төсвийн хөрөнгөөр Арвайхээр-Баянхонгор чиглэлийн 50 км замын барилгын ажил гүйцэтгэх ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ”-нүүд байгуулсан. Уг гэрээний дагуу авто зам барих ажилд 6-12 км болон 41-45 км-т шороон далангийн, хөрс хуулах зөөх ажлуудыг “Эрдэнэт суврага” ХК-иар гүйцэтгүүлэхээр болсон. “Эрдэнэт суврага” ХК нь 6-12 дахь км-ийн далангийн ажлын зарим хэсгийг техникийн шаардлагын дагуу чанартай хийж гүйцэтгээгүй болох нь гэрээний тусгай нөхцөлийн 22-т заасан чанарын баталгаат хугацааны дотор тогтоогдсон. Энэ нь хөлдөлтөөс хамгаалах үеийн ажил болон буталсан чулуун суурийн ажлыг гүйцэтгэж байх хугацаанд далан цөмрөх, бамбалзуур үүсэх зэргээр илэрч байсан тул бид гэрээний ерөнхий нөхцөлийн 33-д заасны дагуу өөрсдийн хөрөнгөөр далангийн засварын ажлыг хийж гүйцэтгэсэн болно. Уг ажлын зардалд нийт 128 907 601 төгрөгийн засварын зардал гарсан. “Эрдэнэт суврага” ХК-ийн ашиглаж байсан карьерын материалд шинжилгээ хийж хяналтаар баталгаажуулсан. Гэтэл эвдэрч байсан далангаас дээж авч материалыг шинжлэн үзэхэд зөвшөөрөгдсөн карьерын материалыг ашиглалгүй харин техникийн шаардлагад нийцээгүй материалыг даланд ашигласан нь тогтоогдсон. 2012 онд ашигласан карьераа манайд хүлээлгэн өгөөгүй. Тухайн үед зөвхөн сумын байгаль орчин хариуцсан байцаагчид хүлээлгэн өгсөн гэж байсан ч тус карьерыг Аймгийн байгаль орчны алба, Аймгийн мэргэжлийн хяналтын газрууд хүлээж аваагүй. Энэ дагуу “Эрдэнэт суврага” ХК-д 2013 оны 6 дугаар сараас эхлэн мэдэгдсэн ба 2013 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн №07/09/03 тоот албан бичиг хүргүүлсэн боловч “Эрдэнэт суврага” ХК-ийн зүгээс арга хэмжээ авалгүй удсан учир бид урьдчилан мэдэгдсэний үндсэн дээр нөхөн сэргээлтийг өөрсдөө хийж “Эрдэнэт суврага” ХК-ийн зардлаас хассан. 2013 онд бид зам барилгын ажлын байдлыг шалгаж үзэхэд “Эрдэнэт суврага” ХК-ийн гүйцэтгэсэн далангийн хэсгүүд дээр суулт өгч далан их хэмжээгээр эвдэрсэн байна. Иймд манай компани нь “Эрдэнэт суврага” ХК-ийн гүйцэтгэсэн ажлыг дахин хийж гүйцэтгэсэн нийт 128 907 601 төгрөгийн засварын зардал гарсан ба уг зардлаас “Эрдэнэт суврага” ХК-ийн баталгаат засварын барьцаа 32 247 055 төгрөг, гэрээт ажлын үлдэгдэл 10 271 773 төгрөгийг хасаж нэмэлт ажлын зөрүү төлбөр болох 86 388 773 төгрөгийг “Эрдэнэт суврага” ХК-иас гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаяр шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

 “Нэйшнлдевелопер” ХХК-ийн сөрөг нэхэмжлэл бол хөлдөлтөөс хамгаалах үеийн ажил болон огтолцсон шулуун суурийн ажил гүйцэтгэж байх үед далан цөмрөх, бамбалзуур үүсэх зэргээр илэрч байсан тул өөрсдийн хөрөнгөөр засварын ажлыг хийж 128 907 601 төгрөгийн зардал гарсан гэж тайлбарласан. Хэргийн материалд 128 907 601 төгрөгийн зардал гарсан гэх бодит тооцоо, санхүүгийн баримт байхгүй бөгөөд тус ажлыг хэнээр гүйцэтгүүлсэн, цалин ажлын хөлс, бусад зардал гүйцэтгэлийг хэрхэн, яаж төлбөр хийсэн гэсэн нэгэн баримт огт байхгүй. Мөн хөлдөлтөөс хамгаалах үеийн ажил гэсэн тооцоо дээр нь санхүүгийн ямар баримт байхгүй хамгийн доод хэсэгт нь хөлдөлтөөс хамгаалах үеийн ажил болон огтолцсон суурийн чулууны ажлыг өөрсдөө хийж байгаа мэтээр маргасан мөртлөө 128 000 000 төгрөгийн ажилд  өөрсдийнх нь хийж гүйцэтгэх ёстой байсан ажлаа оруулсан. Уг ажлыг манай компани гэрээний дагуу хийж гүйцэтгэдэггүй. Өөрсдөө энэ төсвийг бичээд ирсэн нь хэргийн материалаас харагдаж байгаа. Манай компани зөвшөөрдөгдөөгүй техникийн материалыг дураар ашиглан гүйцэтгэх ямар ч боломжгүй. Учир нь гэрээт ажлын талбайд “Нэйшнл девелопер” ХХК-ийн төслийн удирдагч, материалын чанарын инженер, талбайн болон геодизийн инженер, лабораторийн техникч, төслийн нарийн бичгийн дарга бүгд байдаг. Мөн техникийн шаардлагад нийцээгүй материалыг даланд ашигласан нь тогтоогдсон гэж маргах боловч техникийн шаардлагад нийцээгүйг тогтоосон баримт хэргийн материалд байхгүй. Манай компани 2012 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ашиглаж байсан карьерынхаа нөхөн сэргээлтийг бүрэн хийж Өвөрхангай аймгийн байгаль орчны хяналтын улсын байцаагчид хүлээлгэн өгч, байцаагч хүлээн авсныг “Нэйшнл девелопер” ХХК-д хүргүүлсэн. Эдний талаас хамтарсан гурван компани хүлээж авах ёстой гэж тайлбарлаж байна. Ингэж хүлээж авах ёстой гэсэн баримт хэргийн материалд байхгүй тул сөрөг нэхэмжлэлийг хангахгүй орхиж, үндсэн нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүсэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 75.2.1, 80.1, 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Нэйшнл девелопер” ХХК-иас 42 518 828 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Эрдэнэт суврага” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 57 880 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, гэрээнээс учирсан хохиролд 86 388 773 төгрөг гаргуулах тухай хариуцагч “Нэйшнл девелопер” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Эрдэнэт суврага” ХК-иас 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр төлсөн 747 949 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 88 002 төгрөгийг “Эрдэнэт суврага” ХК-д буцаан олгож, хариуцагч “Нэйшнл девелопер” ХХК-иас 370 544 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Эрдэнэт суврага” ХК-д олгож, хариуцагч “Нэйшнл девелопер” ХХК-иас 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 589 894 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч төлөөлөгч Б.Гансүх Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2016/00646 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Учир нь талуудын хооронд 2012 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу “Эрдэнэт суврага” ХК-ийн хийсэн ажил доголдолтой талаар “Нэйшнл девелопер” ХХК-иас ажил гүйцэтгэгчид гэрээний ерөнхий заалтын 30-33 дугаар зүйлд заасны дагуу мэдэгдээгүй байх бөгөөд хариуцагч талаас албан бичиг хүргүүлсэн гэж тайлбарладаг /хавтаст хэргийн 84-88 дугаар тал/ боловч “Эрдэнэт суврага” ХК-д хүргүүлсэн мэдэгдсэн гардуулсан талаар нотолж чадсангүй. Түүнчлэн хариуцагч талаас ирүүлсэн баримт фото зураг нь “Нэйшнл девелопер” ХХК нь доголдлыг арилгахад 128 907 601 төгрөгийн зардал гаргасан болохыг нотлохгүй байна" гэж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай юм. Учир нь “Эрдэнэт суврага” ХК-ийн хийсэн ажил доголдолтой талаар “Нэйшнл девелопер” ХХК-иас ажил гүйцэтгэгчид гэрээний ерөнхий заалтын 30-33 дугаар зүйлд заасны дагуу мэдэгдэж байсан бөгөөд хариуцагч талаас хэд хэдэн удаа албан бичиг хүргүүлсэн. Уг албан бичгүүдийн нэг болох 2013 оны  7 дугаар сарын 16-ны өдрийн албан бичгийн хариу болгож “Эрдэнэт суврага” ХК-иас 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр №051 дугаартай албан бичгийг ирүүлж байсан. Мөн манай талаас гаргасан баримт фото зургийг нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүй, шүүх нь хэт нэг талын баримтлан шийдвэр гаргасан байна. “Эрдэнэт суврага” ХК-ийн гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын доголдолтой хэсгийг дахин засварлаж байгаа талаар фото зураг бусад санхүүгийн баримтаар нотолж байсан. Мөн уг засварлан барьсан замаар одоог хүртэл тээвэр зорчиж байгаа нь нотлох баримт болно. Уг ажлыг гүйцэтгэсэн засварласан ажилчид нь ч гэсэн одоог хүртэл манай компанид ажиллаж байна. Мөн "гэрээний доголдлын талаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна" гэсэн. Гэрээний дагуу чанарын баталгаат хугацаа 365 хоног бөгөөд бид уг хугацаанд чанарын доголдлын талаар “Эрдэнэт суврага” ХК-д мэдэгдэж доголдлыг арилгах талаар шаардлага хүргүүлж байсан. Мөн “Эрдэнэт суврага” ХК нь гэрээний дагуу гэрээт ажлыг хүлээлгэн өгөөгүй, гэрээт ажлаа 100 хувь гүйцэтгэж дуусгаагүй байсан болно. Иймээс гэрээний дагуу “Эрдэнэт суврага” ХК-ний гүйцэтгэсэн ажлыг дахин хийж гүйцэтгэн нийт 128 907 601 төгрөгийн засварын зардал гарсан ба уг зардлаас “Эрдэнэт суврага” ХК-ийн баталгаат засварын барьцаа 32 247 055 төгрөг, гэрээт ажлын үлдэгдэл 10 271 773 төгрөгийг хасаж нэмэлт ажлын зардлын зөрүү төлбөр болох 86 388 773 төгрөгийг “Эрдэнэт суврага” ХК-иас гаргуулж олгох үндэслэл болж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

                                                                ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн харилцаанд холбогдох Иргэний хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

            Нэхэмжлэгч “Эрдэнэт суврага” ХК нь хариуцагч “Нэйшнл девелопер” ХХК холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг үлдэгдэл төлбөр 10 271 773 төгрөг, барьцаа 32 247 055 төгрөг, нөхөн сэргээлтийн төлбөр 27 028 000 төгрөг, алданги 30 846 500 төгрөг, нийт 100 399 328 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан байна.

 

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажил доголдолтой байсны улмаас дахин завсарлах ажлын хөлсөнд 109 251 223 төгрөг төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ 2012 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр байгуулагдсан, уг гэрээгээр захиалагч “Нэйшнл девелопер” ХХК-ийн захиалгаар гүйцэтгэгч “Эрдэнэт суврага” ХХК нь Арвайхээр-Баянхонгор чиглэлийн 50 км хатуу хучилттай авто зам барих ажилд барилгын шороон далангийн ажил гүйцэтгэж, ажлын хөлсөнд нийт 109 251 223 төгрөг авахаар, ажлыг 2012 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн дотор багтаан гүйцэтгэж хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байна.

 

Нэхэмжлэгч “Эрдэнэт суврага” ХХК нь Арвайхээр-Баянхонгор чиглэлийн 50 км хатуу хучилттай авто зам барих ажлыг гүйцэтгэсэн болон үлдэгдэл төлбөр 42 518 828 төгрөг төлөөгүй талаар зохигчид маргаагүй байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна” гэж заасан бөгөөд хариуцагч буюу захиалагч нь нэхэмжлэгч буюу гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авсан талаар маргаагүй байна.

 

Хэргийн 84-88 дугаар талд захиалагч “Нэйшнл девелопер” ХХК-иас гүйцэтгэгч “Эрдэнэт суврага” ХК-д ажлын доголдлын талаар албан бичиг хүргүүлж байсан гэх бичгийн нотлох баримт авагдсан байгаа боловч уг албан бичгийг “Эрдэнэт суврага” ХК-д хүлээлгэн өгсөн гэх байдлаа хариуцагч баримтаар нотлоогүй болно.

 

Түүнчлэн “...“Эрдэнэт суврага” ХК нь хайрганы карьерыг далангийн дүүргэлтэд ашиглаад нөхөн сэргээгүй байдал” гэсэн фото зургийн хуулгыг ирүүлсэн байх бөгөөд уг зургийг үндэслэн захиалагчийн буруутай үйл ажиллагаа гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй. Уг зураг нь ямар газрын зураг болох, захиалагч байгууллагын үйл ажиллагаатай шууд холбоотой зэрэг нөхцөл байдал нь нотлогдоогүй байна.

 

Хариуцагч “Нэйшнл девелопер” ХХК нь доголдлын талаар нэхэмжлэгч “Эрдэнэт суврага” ХХК-д мэдэгдэж байсан гэх тайлбар, нөхөн сэргээлт хийсэн гэх байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлоогүй байх тул доголдолтой холбоотой шаардах эрх үүссэн гэж үзэхгүй.

 

Иргэний хуулийн 349 дүгээр 349.1 дэх хэсэгт зааснаар “Ажил гүйцэтгэх гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш 6 сарын дотор, хувийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш 1 жилийн дотор гаргана. Барилга байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш 3 жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно гэж заасан бөгөөд захиалагч “Нэйшнл девелопер” ХХК нь гүйцэтгэгч “Эрдэнэт суврага” ХК-д хуульд заасан хугацааны дотор түүний хийж гүйцэтгэсэн ажлын талаар гомдлын шаардлага гаргаагүй байна.

Түүнчлэн талуудын хооронд байгуулсан гэрээний тусгай нөхцлийн 22 дахь хэсэгт “Чанарын баталгаат хугацаа 365 хоног байна” гэж заасан байх бөгөөд захиалагч нь гэрээгээр тохирсон болон хуульд заасан хугацааны дотор гүйцэтгэгчид гомдлын шаардлага гаргаагүй байх тул анхан шатны шүүх захиалагч “Нэйшнл девелопер” ХХК нь гүйцэтгэгч “Эрдэнэт суврага” ХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын талаар гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсгийн заалттай нийцжээ.

 

Хариуцагч “Нэйшнл девелопер” ХХК-ийн гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэж үзэх үндэслэлгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна. 

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар “гэрээний үүргээ гүйцэтгээгүй хууль буюу гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги” гэж үзэх бөгөөд хуулийн энэхүү заалтын дагуу алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцох учиртай. Гэтэл талууд гэрээний тусгай нөхцөлийн 27 дугаар зүйлд “Алданги ногдуулах хэмжээ хоногт гэрээний үнийн 0.01 хувь байна” гэж алдангийг гүйцэтгээгүй үүргийн бус нийт гэрээний үнийн дүнтэй холбон тогтоосон нь хууль зөрчсөн гэж үзнэ. 

 

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэж заасан.

 

Иймд талуудын гэрээний алданги тогтоосон уг заалтын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх тул нэхэмжлэгчид уг хэлцлийн дагуу алдангийг шаардах эрх үүсэхгүй. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч “Эрдэнэт суврага” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас алдангид 30 846 500 төгрөгийг гаргуулахаар шаардсан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.  

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Б.Гансүхийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон  ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2016/00646 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “Нэйшнл девелопер” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Гансүхийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Нэйшнл девелопер” ХХК-ийн 589 894 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧ                                                                        А.МӨНХЗУЛ

Ц.ИЧИНХОРЛОО