Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2021/00246

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021           03            23                                          001/ХТ2021/00246

 

 

 

...........ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 287 дугаар шийдвэр,

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 35 дугаар магадлалтай,

 

...........ын нэхэмжлэлтэй

..........., ........... нарт холбогдох

 

Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 11,319,804 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч ...........ын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Зээлдэгч ..........., ........... нар нь тус банкны Зүүнхараа салбарын Баянгол тооцооны төвөөс 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдөр №660 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 9.200.000 /Есөн сая хоёр зуун мянган төгрөгийн зээлийг сарын 1.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, өрхийн хэрэглээний зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд  32 инчийн зурагт, хөргөгч зэргийг тус тус барьцаалуулан зээлийг авсан юм. Зээлдэгч нь зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасны дагуу зээл, хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 3.462.393 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2.021.821 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1.555 төгрөг, нийт 5.485.769 төгрөгийг төлж барагдуулсан боловч гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, /1201 хоног/ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-д заасан үндэслэлээр зээлийг буцаан дуудаж, зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй. Иймд банк зээлийн гэрээний 8 дугаар зүйлийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 5.737.607 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 4.780.194 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 793.003 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 9.000 төгрөг, нийт 11.319.804 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 196.067 төгрөгийн хамт тус тус гаргуулахаар нэхэмжилж байна. Зээлийг мөнгөн

 

хөрөнгөөр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байгаа ... гэжээ.

 

Хариуцагч ........... анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдөр ХААН банкны Сэлэнгэ аймгийн Зүүнхараа салбараас  9.200.000 төгрөгийн зээл авсан нь үнэн. 2014 оны 09 дүгээр сард ажлаасаа халагдсан. Ажлаас халагдах хүртэлх зээлээ сар бүр төлж байсан. Түүнээс хойш төлж чадаагүй. Хамтран зээлдэгч ...........ын хүний цалингаас нь 2 удаа төлөлт татагдсан байсан. Ажилгүй болсон учир би зээлээ төлөх чадваргүй болсон. Гэрээний 7.3 дугаар зүйлд заасны дагуу гэрээг хугацаанаас нь өмнө цуцална гэсэн заалт байгаа. Тийм учраас намайг ажлаас гарснаас хойш гэрээг банк цуцлах ёстой байсан. Би зээлээ 36 сарын хугацаатай авсан. Зээлийн гэрээний хугацаа  2016 оны 08 дугаар сард дуусах байсан. Би зээлийн дагуу 5.484.000 төгрөгийг төлж барагдуулсан. Одоо 5.737.607 төгрөг үлдсэн байгаа. Намайг ажлаас халагдсанаас хойш 2016 оны 10 дугаар сард зээлийн эдийн засагч залуу ирж уулзсан. Түүнээс хойш дахиж уулзаагүй. Банк шүүхэд нэхэмжлэл гаргах хүртлээ хүү тооцсон байсан. Тухайн үед нь гэрээгээ хүчин төгөлдөр бус болгоод намайг шүүхэд өгөх боломж байсан боловч өгөөгүй. Тухайн үед хуулийн мэдлэг дутмаг байсан учир ойлгоогүй байсан болохоор зээлийн гэрээгээ цуцлая гэсэн хүсэлт гаргахаа мэдэхгүй байсан. Тухайн үед би 9,200,000 төгрөгийн зээл авахдаа ...........д тодорхой хэмжээгээр мөнгө өгсөн зүйл байхгүй,  хамт ажилладаг байсан болохоор гуйгаад хамтран зээлдэгчээр оруулсан. ...........д зээлийн үлдэгдэл мөнгө ямар ч хамааралгүй. Би өөрөө үндсэн зээлийн үлдэгдэл 5.737.607 төгрөгийг төлнө ... гэжээ.

 

Хариуцагч ........... анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ..Тухайн үед ...........ыг зээл авч байхад ХААН банкны Баруунхараа салбарын зээлийн эдийн засагч н.Дэмбэрэлсамбуу гэдэг залуу байсан. Тэгээд ...........ыг зээл авахад нь заавал удирдах албан тушаалтан авч ир гэж хэлсэн байсан. Тухайн үед оффицерийн орон тоон дээр гурван хүн байсан. Нөгөө хоёр хүн маань зурахгүй гэж хэлсэн байсан. Би тухайн үед хүний амьдрал юм чинь гээд гарын үсэг зурсан. Тухайн үед ........... ажилтай байсан учир мэдээж зээлээ төлнө гэж бодсон. Харин ...........ыг ажлаасаа халагдаад зээлээ төлөхгүй байхад нь ХААН банк яагаад шүүхэд хандаж болоогүй юм бэ? Тэр үеэс хойш одоог хүртэл хүү хуримтлуулаад үндсэн төлөх ёстой зээлийг нь бүтэн хоёр нугалчихсан төлбөр нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. ...........тай би ах дүү, хамаатан садангийн холбоо байхгүй. Тухайн үед ........... Баруунхараагийн цагдаагийн хэсэгт цагдаа, би замын байцаагчаар ажиллаж байсан. Зээлийн бүртгэлийн карт дээр хамгийн сүүлд  2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, 2018 оны  04 дүгээр сарын 10-ны өдөр 80.000 төгрөг төлөгдсөн. Энэ мөнгийг миний данснаас татсан байсан гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 287 дугаартай шийдвэрээр - Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар ХААН банкны Зүүнхараа салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баасансүрэнгийн нэхэмжлэлтэй ...........д холбогдох Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 11.319.804 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, - Иргэний хуулийн 451 дүгээр зүйл, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч ...........аас нийт 5.737.607 төгрөг гаргуулан ХААН банкны Зүүнхараа салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 5.582.197 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, - Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч ХААН банкнаас улсын тэмдэгтийн хураамжинд 196.067 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ...........аас улсын тэмдэгтийн хураамж 106.752 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 35 дугаар магадлалаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 07 сарын 08-ны өдрийн 287 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг: “2. Иргэний хуулийн 451 дүгээр зүйл, 452 дугаар зүйлийн 452.1,

 

452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч ...........аас нийт 11.319.804 төгрөг гаргуулан ХААН банкны Зүүнхараа салбарт олгосугай” гэж, 3 дахь заалтыг: “3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч ХААН банкнаас улсын тэмдэгтийн хураамжинд 196.067 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ...........аас улсын тэмдэгтийн хураамж 196.067 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай. гэж тус тус өөрчлөн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн104.265 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч ........... хяналтын гомдолдоо: Давж заалдах шатны шүүх нь Монгол Улсын Иргэний хуулийн ес дүгээр бүлэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг буруу тайлбарлан хэрэглэж миний эрх ашгийг хохироосонд би гомдолтой байна. Магадлалын үндэслэх хэсэгт талуудын хооронд байгуулсан барьцаат зээлийн гэрээний 7 дахь хэсэгт тодорхой нөхцөл бий болсон тохиолдолд нэг талын санаачилгаар хугацаанаас өмнө цуцалж болохоор заасан бөгөөд энэ нь зээлдэгчид гэрээгээр хүлээлгэсэн заавал биелүүлэх үүрэг биш юм. Өөрөөр хэлбэл зээлдэгч хугацаанаас өмнө гэрээг цуцлах боломж олгосон гэж ойлгож болно гэж дүгнэжээ. Энэ дүгнэлт нь өөрөө хуультай зөрчилдөж байна гэж үзэж байна. Шүүгчийн дүгнэлт хуультай зөрчилдвөл хуулийг дагаж мөрддөг журамтай. Давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ гэж заасантай зөрчилдөж байна. Харин шийдвэрийн үндэслэх хэсэгтээ ...иргэний хуульд зааснаар зээлдэгч нь өөрийн зөрчигдсөн эрхээ хуулийн хугацаанд хамгаалуулах арга хэмжээ авсан гэх үндэслэл тогтоогдохгүй өөрөөр хэлбэл гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэж зөв дүгнэсэн. Хэдийгээр зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа дууссан боловч зээлдэгч ........... нь ...Одоо үлдэгдэл 5 737 607 төгрөгийг төлж барагдуулна... гэснээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрсөн байх тул нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн байна. Хөөн хэлэлцэх хугацаа нэгэнт дууссан хойно зээлдэгч ........... би гэрээний үүргийг гүйцэтгэхээс бүрэн хэмжээгээр татгалзах эрхтэй байсан. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагад нийцсэн шударга шийдвэр гарсан гэж үзэж байна. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж хуульчилсан байна. Нэхэмжлэгч Хаан банкны хөөн хэлэлцэх хугацаа 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 660 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”-ний дагуу тус гэрээний 7 дахь хэсэгт зааснаар 2014 оны 09 дүгээр сараас эхлэн тоологдож эхлэх байсан. Учир нь хариуцагч ........... 2014 оны 09 дүгээр сард ажлаасаа халагдсан нь хэргийн материалд авагдсан Нийслэлийн Цагдаагийн газрын даргын тушаалаар тогтоогдож байна. Мөн хэргийн материалын 4 дэх талд авагдсан “зээлийг төлөх тухай мэдэгдэл”-д 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн огноотой гарын үсэгтэй байна. Энэ үеэс л Хаан банкны шаардах эрх үүссэн гэж үзэхээр байна. Иймээс хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо үндэслэлгүй дүгнэлт хийж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж миний хууль ёсны эрх ашгийг орхигдуулж эрх зүйн байдлыг дордуулсан магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбар хариуцагч ..........., ........... нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,319,804 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан, хариуцагч ........... зөвхөн үндсэн зээлийг зөвшөөрнө гэж, хариуцагч ........... удирдах албан тушаалтан гэсэн утгаар гэрээнд гарын үсэг зурсан болохоос зээлийг хэрэглээгүй, хариуцахгүй гэж тус тус маргажээ.

 

Анхан шатны шүүх ...........аас 5,737,607 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч ...........д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хариуцагчаас 11 319 804 төгрөгийг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулжээ. Шүүх барьцааны зүйлээс үүргийг хангуулах талаар шийдвэр гаргаагүй ба энэ   талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй, уг шаардлагыг нэхэмжлэгч гаргаагүй гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 75.2.1, 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглээгүй анхан шатны шүүхийн алдааг давж заалдах шатны шүүх залруулсан нь үндэслэлтэй болсон боловч шийдвэрт шүүхийн нэрийг буруу, хуулийн заалтыг бүрэн тусгаагүй техникийн шинжтэй алдааг зөвтгөж, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв. Хяналтын журмаар гаргасан хариуцагч ...........ын гомдлын дагуу магадлалыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 08 сарын 06-ны өдөр 9,200,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 19.2 хувийн хүүтэй зээлэх, зээлийн гэрээ хүчин төгөлдөр байна. Хариуцагч ...........ыг гэрээний нэг тал, хамтран зээлдэгч гэж үзэх үндэслэлгүй  талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсгийг зөрчөөгүй байв.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д зааснаар банкнаас зээл олгох гэрээгээр банк нь зээлдүүлэгчийн хувьд мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг. Мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

 

Зээлдүүлэгч мөнгийг шилжүүлж үүргээ биелүүлсэн бол зээлдэгч ........... 5,485,769 төгрөгийг төлж, үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

 

Хариуцагч нь 2014 оны 11 сарын 07-нд ажлаас халагдаж зээл төлөх эх үүсвэргүй болсон гэж зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.3.1-т зааснаар зээлдэгч Хаан банк гэрээг дуусгавар болгож, зээлийг буцаан шаардаагүй, гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж татгалзсан нь үндэслэл муутай байна. Дээрх тохиолдолд гэрээг цуцлах нь банкны үүрэг бус эрх нь тул эрхээ хэрэгжүүлээгүйг нь буруутгах үндэслэлгүйгээс гадна зээлдэгч өөрөө гэрээг цуцлах санал гаргаагүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй юм. Энэ талаарх хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй болно.

 

Давж заалдах шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа, хугацааг тоолох журам, хариуцагчийн хүлээх үүргийн талаар хийвэл зохих хууль зүйн дүгнэлтийг хийж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453.1-д зааснаар  ...........аас үндсэн зээл 5,737,607 төгрөг, зээлийн хүү 4,780,194 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 793,003 төгрөг, бусад зардал 9000 төгрөг нийт 11,319,804 төгрөгийг гаргуулан Хаан банкны Зүүнхараа салбарт олгосон нь үндэслэлтэй болжээ. Хяналтын шатны шүүхээс магадлалын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулж, алдааг залруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 35 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн...гэснийг Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн гэж, 451 дүгээр зүйл гэсний дараа 451.1 гэж нэмж, өөрчлөлт оруулан магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч ...........ын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 196 067 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Х.СОНИНБАЯР

 

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Г.АЛТАНЧИМЭГ

 

                                ШҮҮГЧИД                                              П.ЗОЛЗАЯА

 

                                                                                               Г.ЦАГААНЦООЖ

 

                                                                                               Д.ЦОЛМОН