Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 43

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цэлмэг даргалж, шүүгч Д.Лувсандорж, Д.Чинзориг нарын бүрэлдэхүүнтэй

Иргэдийн төлөөлөгч Б.Алтантулга;

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ;

улсын яллагч С.Эрдэнэбаяр;

хохирогч Х.Эрбол;

шүүгдэгч Р.Наранзул, түүний өмгөөлөгч Ч.Мягмаржав нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Рэнчиндоржийн Наранзулд холбогдуулан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201601080147 дугаартай хэргийг  хүлээн авч хянан хэлэлцэв.      

Нэг. Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1971 оны 02 дугаар сарын 02-нд Улаанбаатар хотын  Налайх дүүрэгт төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт  Налайх дүүргийн 3 дугаар хороо, Замчны 37 дугаар гудамжны 246 тоотод оршин суух хаягтай, урьд нь 2011.08.08-нд Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2-д  зааснаар 5 жил 6 сарын хугацаатай жил хорих ялаар шийтгүүлж, 2014.10.14-нд 159 тоот шүүгчийн захирамжаар 01 жил 07 сарын 02 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Боржигон овогт Рэнчиндоржийн Наранзул. /РД:ХА71020212/

Хоёр. Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Рэнчиндоржийн Наранзул нь хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан, ялтай байхдаа 2016 оны 03 сарын 18-наас 19-нд шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 3 дугаар хороо, Замчны 29 дүгээр гудамжинд хохирогч Х.Ерболыг илтэд үл хүндэтгэн шалтаг, шалтгаангүйгээр  хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж хохирогчийн цээжин тус газар нь хутгалж биед нь хөнгөн гэмтэл учруулж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судалсаны үндсэн дээр ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Наранзул мэдүүлэхдээ:  

2016 оны 03 сарын 18-нд цэргийн баяр болж байсан, 21 цагийн үед манай гэрт найз Мөнхбат  1 шил архитай ирж бид хоёр хувааж уусан, тэгээд Мөнхбат 23 цагийн үед явсан. Би хэсэг амарч байгаад дэлгүүр орох гээд гэрээсээ гарч гудамжаар явж байхад 4-5 залуучууд дуудахаар нь очоогүй, гэтэл тэдний нэг нь гүйж ирээд намайг боож унагахад бусад нь зодож өшиглөсөн, би тэднийг барьж авах гэтэл тараад зугтаасан. Тэгээд нэг өндөр залууг нь барих гэж хөөгөөд гүйцээгүй  буцаад явж байтал хажуугаар 1 залуу өнгөрөхөөр нь дуудсан,  ирэхээр нь та нар яагаад хүн зоддог юм бэ гэхэд өөдөөс тийм юм байхгүй гэхээр нь би заамдахад  өөдөөс бас заамдсан, тэгэхээр нь хармаанд байсан гутал засдаг хутгаараа айлгах санаатай 2-3 удаа хий савчсан, тухайн үед хутгалсанаа мэдээгүй, тэгээд явах гэтэл тэр залуу та намайг хутгалчихлаа шүү дээ гэхээр нь эмнэлэг цагдаа дуудаад хүлээсэн. Үйлдсэн хэрэгтээ их гэмшиж байна, эмчилгээний зардалд 210.000 төгрөг төлсөн, хөнгөн ял шийтгэж өгнө үү.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Ербол мэдүүлэхдээ:   

2016 оны 03 сарын 18-ны өдөр найзуудтайгаа кафед суугаад 23 цаг 50 минутын орчимд гэртээ харих замдаа дэлгүүр орох гээд гудамжаар алхаж явахад  Наранзул ах хажуугаар өнгөрсөн, тэгээд дэлгүүр хаалттай байхаар нь буцаад явж байтал Наранзул зөрөх үедээ ямар нэгэн зүйлээр цохих шиг болсон, тэгээд дахиад 2 дахь удаагаа ширвэхээр нь хартал цээжнээс цус гарч байхаар нь та намайг хутгалчихлаа гээд түүнийг бариад авсан.  Намайг яиар нэгэн шалтаг шалтгаангүй, үгийн зөрүүгүй хутгалсан, эмчилгээний зардалд 210.000 төгрөг хүлээн авсан, одоо гомдол санал байхгүй. Танхайраагүй гэж яриад байгааг нь зөвшөөрөхгүй,  гудамжинд яваа танихгүй хүнийг үгийн зөрүүгүй хутгална гэдэг бол танхайрсан хэрэг л гэж үзэж байна.

Шүүх  эмнэлгийн шинжээчийн  2016.02.08-ний 08 шэ/135 тоот дүгнэлт:

1. Эрболын  биед цээжинд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 1  удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

 Шинжээч эмч С.Төгсбуян. /хх-ийн 12 дахь талд/

Эдгээр нотлох баримтуудаас гадна хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-5/, сэжигтэн Р.Наранзулын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хх-10-12/, ногоон иштэй хутгыг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-13/, гэрч Б.Бат-Өлзийгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /20-21/, гэрч Д.Мөнхбатын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /22/, гэрч Н.Энхбатын  мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /23-24/, гэрч З.Ганбаярын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /25/, гэрч Р.Энхзулын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /26-27/,  Р.Наранзулын мөрдөн байцаалтанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /хх-46-51/, урьд ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-59/,  Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2011.08.08-ны 80 дугаартай шийтгэх тогтоол /хх-60-62/, ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах тухай Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн шүүгчийн 159 тоот захирамж /хх-63-64/, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт /хх-66/,  ялтан Р.Наранзулын зан байдлын тодорхойлолт /хх-67/, хяналт тогтоох тухай Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн тогтоол /хх-78/, хяналтанд авагдсан этгээдийн өөрийн гаргасан баталгаа /хх-75/, хохирол төлсөн баримтууд /хх-79-82/  зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судаллаа.

Шүүгдэгч Рэнчиндоржийн Наранзул нь хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан, ялтай байхдаа 2016 оны 03 сарын 18-наас 19-нд шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 3 дугаар хороо, Замчны 29 дүгээр гудамжинд хохирогч Х.Ерболыг илтэд үл хүндэтгэн шалтаг, шалтгаангүйгээр  хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж хохирогчийн цээжин тус газар нь хутгалж биед нь хөнгөн гэмтэл учруулж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Х.Ерболын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2016 оны 03 сарын 18-ны өдөр найзуудтайгаа кафед суугаад 23 цаг 50 минутын орчимд гэртээ харих замдаа дэлгүүр орох гээд гудамжаар алхаж явахад  Наранзул ах хажуугаар өнгөрсөн, тэгээд дэлгүүр хаалттай байхаар нь буцаад явж байтал Наранзул зөрөх үедээ ямар нэгэн зүйлээр цохих шиг болсон, тэгээд дахиад 2 дахь удаагаа ширвэхээр нь хартал цээжнээс цус гарч байхаар нь та намайг хутгалчихлаа гээд түүнийг бариад авсан.  Намайг яиар нэгэн шалтаг шалтгаангүй, үгийн зөрүүгүй хутгалсан, эмчилгээний зардалд 210.000 төгрөг хүлээн авсан, одоо гомдол санал байхгүй. Танхайраагүй гэж яриад байгааг нь зөвшөөрөхгүй,  гудамжинд яваа танихгүй хүнийг үгийн зөрүүгүй хутгална гэдэг бол танхайрсан хэрэг л гэж үзэж байна” гэх мэдүүлэг, Шүүх  эмнэлгийн шинжээчийн  2016.02.08-ний 08 шэ/135 тоот дүгнэлт, шүүгдэгч Р.Наранзулын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...хармаанд байсан гутал засдаг хутгаараа айлгах санаатай 2-3 удаа хий савчсан, тухайн үед хутгалсанаа мэдээгүй, тэгээд явах гэтэл тэр залуу та намайг хутгалчихлаа шүү дээ гэхээр нь эмнэлэг цагдаа дуудсан” гэх мэдүүлэг, эд мөрийн баримтаар хураагдсан ногоон иштэй хутга зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.        

Шүүгдэгч Р.Наранзул нь 2011.08.08-нд Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2-д  зааснаар 5 жил 6 сарын хугацаатай жил хорих ялаар шийтгүүлж, 2014.10.14-нд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн шүүгчийн 159 дугаартай захирамжаар үлдсэн 01 жил 7 сар 2 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан байна.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 9 дүгээр зүйлд  Р.Наранзулын  өмнө шийтгэгдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсгийг Өршөөлд хамааруулахгүй байхаар хуульчилсан учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг журамлан  хорих газраас тэнсэн суллагдсан 01 жил 7 сар 2 хоногийн хугацаатай хорих ялын зарим болох 3 сарын хугацаатай хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 5 жил 1 сарын хугацаатай хорих ялд нэмж нэгтгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “..шүүгдэгч Р.Наранзулын  үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  99 дүгээр  зүйлийн 99.1-д зааснаар хөнгөрүүлж өгнө үү” гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг нь  тодорхой сэдэлттэй буюу  хувийн таарамжгүй харьцаа, эр эмийн хардлага, хохирогчийн зүй бус ажиллагаа зэргээс үүдэлтэй өөр хоорондоо маргалдсан, зодолдсон, бие махбодид нь гэмтэл учруулсан шинжтэй байдаг бол шүүгдэгч Р.Наранзулын  хувьд ямар ч шалтаг, шалтгаангүйгээр, үгийн зөрүүгүй гудамжинд яваа хүнийг хутгалж гэмтэл учруулсан нь танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангасан байна гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Х.Ербол нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд,  шүүгдэгч Р.Наранзул нь хугацааны өмнө тэнсэн суллагдсан,  ялтай байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн  283, 286, 293, 294, 298 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Боржигон овогт Рэнчиндоржийн Наранзулыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хохирогч Х.Ерболын  биед хөнгөн гэмтэл учруулж  танхайрсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд  тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар Рэнчиндоржийн Наранзулыг 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаатай  хорих ялаар  шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан  хорих ялаас хугацааны өмнө тэнсэж сулласан 01 жил 7 сар 2 хоногийн хугацаатай хорих ялын зарим болох 3 сарын хугацаатай хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 5 жил 1 сарын хугацаатай хорих ялд нэмж нэгтгэн ялтан Р.Наранзулын биечлэн эдлэх ялыг 5 /тав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаатай хорих ялаар тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар ялтан Р.Наранзулын эдлэх ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  5. Ялтан Р.Наранзул нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
  6. Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн  88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 16.5 см урттай, ногоон өнгийн иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
  7. Р.Наранзулд  өмнө авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
  8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосоноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны  шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах буюу улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан буюу улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

                                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.ЦЭЛМЭГ

                                                                      ШҮҮГЧ                         Д. ЛУВСАНДОРЖ           

                                                                      ШҮҮГЧ                         Д.ЧИНЗОРИГ