Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 21

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Б.Бд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

       Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

            Прокурор                                            Н.Цогтбаяр

            Яллагдагчийн өмгөөлөгч                 Ц.Бат-Эрдэнэ

            Яллагдагч                                          Б.Б

            Нарийн бичгийн дарга                      Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 298 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Цогтбаярын бичсэн эсэргүүцлийг үндэслэн, Б.Бд холбогдох 201603000537 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, Б овогт Бийн Б

 

Б.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-т заасан хугацаа буюу хорих ялыг тэнсэж хянан харгалзсан хугацаандаа 2012 оны 09 дүгээр сарын үед Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт багийн нутаг дэвсгэр Ширт гэх газраас иргэн   Д.Бы 2 тооны үхрийг шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар хулгайлан авч                1 500 000 төгрөгийн,

- давтан үйлдлээр 2013 оны 05 дугаар сарын үед Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн нутаг дэвсгэр Буйлантын ар гэх газраас иргэн С.Нгийн 2 тооны үхрийг шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар хулгайлан авч 1 200 000 төгрөгийн,  

- 2013 оны 12 дугаар сарын үед Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий багийн нутаг дэвсгэр Хамуут гэх газраас иргэн Ж.Аын 2 тооны адууг шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар хулгайлан авч 1 750 000 төгрөгийн,  

- 2014 оны 10 дугаар сарын эхээр Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн нутаг дэвсгэр Хүүш гэх газраас иргэн Ц.Бын 2 тооны  адууг шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар хулгайлан авч 1 500 000 төгрөгийн,  

- 2014 оны 12 сарын үед Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий багийн нутаг дэвсгэр Өндөр Хангай гэх газраас иргэн П.Бын 2 тооны адууг шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар хулгайлан авч 1 800 000 төгрөгийн,

- 2014 оны 12 дугаар сарын үед Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн нутаг дэвсгэр Барзан гэх газраас иргэн Э.Агийн 1 тооны үхрийг шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар хулгайлан авч 300 000 төгрөгийн,

- 2016 оны 10 дугаар сарын 13-17-ны үед Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн нутаг дэвсгэр Тавантолгой гэх газраас иргэн П.Бгийн 3 тооны адууг шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар хулгайлан авч 1.800.000 төгрөгийн буюу нийт 7 удаагийн бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлийн улмаас бусдад нийт 9.850.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас Б.Бд холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 298 дугаартай шүүгчийн захирамжаар:

“Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 672 тоот захирамжаар яллагдагч Б.Бд холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан байх боловч захирамжид заасан ажиллагааг бүрэн хийгээгүй байна.

Иймд Б.Бд холбогдох 201603000537 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцааж шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй дараах мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх нь зүйтэй байна. Үүнд:

1. Яллагдагч Б.Бд холбогдох хэргийг мөрдөн шалгах явцад эрүү шүүлт тулгаж хэрэг хүлээлгэсэн гэх яллагдагч, түүний өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ нарын гомдлыг нарийвчлан шалгах. Хохирогч Б.Баярсайхан, С.Н, Ж.А, П.Б, Ц.Б, Э.Ариунжаргал нар нь 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нэг цаг хугацаанд, нэг ижил утга бүхий өргөдлүүдийг бичиж өгсөн байгааг анхаарах

2. Архангай аймгийн Прокурорын газрын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 10 тоот прокурорын тогтоол, 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 14 тоот мэдэгдэх хуудас зэргийг яллагдагч Б.Бд хэзээ хүргүүлсэн, хэзээ гардаж авсан нь тодорхойгүй байгаа нь түүний Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.14 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан гомдол гаргах эрхийг эдлүүлэхгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байх тул гомдол гаргах эрхээр хангах

3. Гэрч Н.Бат-Эрдэнийн 3 дугаар хавтаст хэргийн 234 дүгээр хуудсанд өгсөн мэдүүлэг, хохирогч П.Б нарын мэдүүлгийн зөрүүг гаргах зэрэг болно гээд

Яллагдагч Б.Бд холбогдох 201603000587 тоот эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж,

Хэргийг прокурорт очтол яллагдагч Б.Бд хувийн баталгаа гаргах таслан
сэргийлэх арга хэмжээ хэрэглэж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж,

Захирамжийг эс зөвшөөрвөл прокурор ажлын 5 хоногт багтаан Архангай аймгийн
Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.”

 

Прокурор Н.Цогтбаярын бичсэн эсэргүүцэлд:

“Архангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Цогтбаяр би, тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 26- ны өдрийн 2019/ШЗ/298 дугаартай шүүгчийн захирамжийг 2019 оны 04 дүгээр сарын 09- ний өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

Яллагдагч Б.Б нь:

- 2012 оны 09 дүгээр сарын үед Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт багийн нутаг дэвсгэр Ширт гэх газраас иргэн Д.Бы 2 тооны үхрийг хулгайлж, 1.500.000 төгрөгийн,

- 2013 оны 05 дугаар сарын үед Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн нутаг дэвсгэр Буйлантын Ар гэх газраас иргэн С.Нгийн 2 тооны үхрийг хулгайлж, 1.200.000 төгрөгийн,

- 2013 оны 12 дугаар сарын үед Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий багийн нутаг дэвсгэр Хамуут гэх газраас иргэн Ж.Аын 2 тооны адууг хулгайлж, 1.750.000 төгрөгийн,

- 2014 оны 10 дугаар сарын эхээр Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн нутаг дэвсгэр Хүүш гэх газраас иргэн Ц.Бын 2 тооны адууг хулгайлж, 1.500.000 төгрөгийн,

- 2014 оны 12 дугаар сарын үед Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий багийн нутаг дэвсгэр Өндөр Хангай гэх газраас иргэн П.Бын 2 тооны адууг хулгайлж, 1.800.000 төгрөгийн,

- 2014 оны 12 дугаар сарын үед Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн нутаг дэвсгэр Барзан гэх газраас иргэн Э.Агийн 1 тооны үхрийг хулгайлж, 300.000 төгрөгийн,

- 2016 оны 10 дугаар сарын 13-17-ны үед Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн нутаг дэвсгэр Тавантолгой гэх газраас иргэн П.Бгийн 3 тооны адууг хулгайлж, 1.800.000 төгрөгийн буюу нийт 7 удаагийн үйлдлээр бусдад нийт 9.850.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Архангай аймгийн прокурорын газраас яллагдагч Б.Бг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх яллагдагч Б.Бд холбогдох хэрэгт 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж, хэргийг хэлэлцээд:

1. Яллагдагч Б.Бд холбогдох хэргийг мөрдөн шалгах явцад эрүү шүүлт тулгаж, хэрэг хүлээлгэсэн гэх яллагдагч, түүний өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ нарын гомдлыг нарийвчлан шалгах. Хохирогч Б.Баярсайхан, С.Н, Ж.А, П.Б, Ц.Б, Э.Ариунжаргал нар нь 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нэг цаг хугацаанд нэг ижил утга агуулга бүхий өргөдөл бичиж өгсөн байгааг анхаарах,

2. Архангай аймгийн прокурорын газрын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 10 тоот прокурорын тогтоол, 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 14 тоот мэдэгдэх хуудас зэргийг яллагдагч Б.Бд хэзээ хүргүүлсэн, хэзээ гардаж авсан нь тодорхойгүй байгаа нь түүний Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.14 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан гомдол гаргах эрхийг эдлүүлэхгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул гомдол гаргах эрхээр хангах,

3. Гэрч Н.Бат-Эрдэнийн 3 дугаар хавтаст хэргийн 234 дүгээр хуудсанд өгсөн мэдүүлэг, хохирогч П.Б нарын мэдүүлгийн зөрүүг гаргах зэрэг ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагатай гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлүүдээр эсэргүүцэж байна.

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар тус аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч Ж.Баттамир нь нэр бүхий иргэнээс ирүүлсэн Б.Бгийн гэрт гэмт хэргийн замаар олсон байж болзошгүй адууны 2 ширхэг толгой, адууны арьс шир байгаа талаарх мэдээллийг шалгах явцад түүний үйлдсэн гэмт хэргүүд илэрч тогтоогдсон, улмаар хохирогч Б.Баярсайхан, С.Н, Ж.А, П.Б, Ц.Б, Э.Ариунжаргал нартай уулзаж ярилцахад яллагдагч Б.Бгийн тухайн үеийн мэдүүлэгтэй тохирч байсан тул гэмт хэргийн талаарх гомдлын бүртгэлд бүртгэж, холбогдох ажиллагааг үргэлжпүүлэн явуулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд хохирогч нар нь нэг цаг хугацаанд, нэг утга агуулга бүхий өргөдлийг гаргасан нь хууль зөрчөөгүй байна.

2. Яллагдагч Б.Б нь “...тус аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч Ж.Баттамир, Н.Бат-Эрдэнэ нар нь эрүү шүүлт тулгаж хэрэг хүлээлгэсэн..” талаар мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэгт дурдагдсан нөхцөл байдал нь гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай гэж анхан болон давж заалдах шатны шүүхээс тус тус дүгнэсэн. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн захирамж, магадлалд заасан ажиллагааг хийж гүйцэтгэх зорилгоор 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн 181200359 дугаартай хэрэг нээн Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байх бөгөөд тус прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүх нь Ж.Баттамир, Н.Бат-Эрдэнэ нар нь Б.Бг хэрэг хүлээлгэх зорилгоор эрүү шүүлт тулган тайлбар мэдүүлэг авсан болох нь тогтоогдохгүй байна гэж дүгнэн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 10 дугаартай прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэжээ. Дээрх шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна.

Тухайн шийдвэрийг Б.Бд мэдэгдэх зорилгоор 2019 оны 01 дүгээр сарын 24- ний өдрийн 14 дугаартай мэдэгдэх хуудсыг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр баталгаат шууданд өгсөн талаарх баримт хавтаст  хэргийн 230 дугаар хуудсанд авагджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх*тухай хуулийн 11.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасны дагуу хүн, хуулийн этгээдэд хүргүүлэх шүүх, прокурор, мөрдөгчийн шийдвэр, бусад баримт бичгийг шүүх, прокурор, мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагын захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулна.” гэж хуульчилсан байх тул прокурорын шийдвэрийг баталгаат шууданд хүргүүлснийг тухайн этгээдэд танилцуулсан гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаас үзэхэд хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын шийдвэрийг зөвхөн хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэхээр хуульчилсан бөгөөд яллагдагч Б.Бг эрүүгийн 181200359 дугаартай хэрэгт хохирогчоор тогтоогоогүй болно. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” хэмээн хуульчилсан бөгөөд эрүүгийн 181200359 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Бг хохирогчоор тогтоох хуулийн үндэслэл тогтоогдоогүй байна.

4. Яллагдагч Б.Бд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр яллагдагч Б.Б, түүний өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ нар нь “Б.Бд эрүү шүүлт тулгасан асуудлыг хангалттай шалгаж тогтоогоогүй, эрүүгийн 181200359 дугаартай хэргийг хааж шийдвэрлэсэн прокурорын шийдвэртэй танилцаагүй гэж санал гаргасан бөгөөд анхан шатны шүүх тус шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 151, Архангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 11 дугаартай магадлалд тус тус заасан Б.Бд эрүү шүүлт тулгасан асуудлыг бүрэн дүүрэн шалгаагүй, 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 10 тоот прокурорын тогтоолыг Б.Бд танилцуулаагүй, түүний эрхийг зөрчсөн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан байдаг. Гэтэл 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2019/ШЗ/298 дугаартай шүүгчийн захирамжид хохирогч Б.Баярсайхан, С.Н, Ж.А, П.Б, Ц.Б, Э.Ариунжаргал нар нь 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нэг цаг хугацаанд нэг ижил утга агуулга бүхий өргөдөл бичиж өгсөн байгааг анхаарах, гэрч Н.Бат-Эрдэнийн 3 дугаар хавтаст хэргийн 234 дүгээр хуудсанд өгсөн мэдүүлэг, хохирогч П.Б нарын мэдүүлгийн зөрүүг гаргах зэрэг ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагатай гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь дээрх асуудлуудыг урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр огт хэлэлцээгүй бөгөөд энэ нь шүүх хуралдааны бичлэгээс тодорхой харагдана. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр хэлэлцэгдээгүй асуудлыг хэргийг прокурорт буцаах тухай захирамжид бичсэн байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийг ноцтой зөрчсөн байна. Иймд Б.Бд холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2019/ШЗ/298 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив. Шүүх хуралдаанд прокурор оролцуулж өгнө үү.” гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:

“Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 298 дугаартай шүүгчийн захирамж хууль зөрчсөн байгаа учраас захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. Мөн яллагдагч Б.Б хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дахин гэмт хэрэг үйлдсэн, тухайн хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж шалгаад өөр прокурор хяналт тавьж ажиллаж байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж дахин гэмт хэрэг үйлдсэн бол таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл болно. Тийм учраас яллагдагч Б.Бд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байх.” гэв.

 

Яллагдагчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

“Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдсан асуудлуудын талаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд яригдсан. Иймд хэргийг буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй байна. Прокуророос Б.Бд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилье гэж байгаатай санал нийлэхгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дахин гэмт хэрэг үйлдсэн гэж байна. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхээр тогтоогдоогүй байгаа. Мөн Б.Б гэм буруу дээрээ маргаж байгаа. Намайг байцаалтад хамт ороход хулгай хийсэн гэх цаг хугацаанд эхнэрээ үзүүлээд Архангай аймгийн эмнэлэгт явж байсан асуудал нь тогтоогддог. Хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай мөрдөгчөөс прокурорт шилжүүлсэн байдаг. Иймд таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дах хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурор Н.Цогтбаярын бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.

            Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийг мөрдөн шалгах явцад эрүү шүүлт тулгаж, худал хэрэг хүлээлгэсэн гэх оролцогчийн гомдлыг хэрэгт хувийн сонирхолгүй, Б.Бгийн биед тухайн үед гэмтэл учирсан эсэхийг харсан гэх этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авахуулах талаар гаргасан өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзах, хэн гэх эмчид үзүүлэхээр хандсан, эмчлүүлэгчийн карт авч ирэх талаар эмч зөвлөж явуулсан эсэхийг хуульд заасан хүрээнд бүрэн шалгах, мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Бгийн боловсролтой эсэхийг тогтоох зорилгоор сургуульд сурч байсан талаарх баримтыг хэрэгт хавсаргасан бөгөөд уг баримтанд Б.Бг 5 дугаар анги хүртлээ суралцаж байсан талаар хавтаст хэргийн 245 дугаар хуудсанд авагдсан байна. Дээрх баримтаас дүгнэхэд Б.Бг бичиг үсэг мэддэг, боловсролтой гэж үзэхэд эргэлзээтэй байх тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийг оролцуулж эрхийг нь хангах нь зүйтэй байна.

     

             Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 298 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон

 

                                                          ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 298 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т тус тус зааснаар гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Т.ДАВААСҮРЭН

           ШҮҮГЧИД                                      М.МӨНХДАВАА

                                                                  В.ЦЭЦЭНБИЛЭГ