Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 181/ШШ2018/00821

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ...........байрлах, “ОСНААУГ” ОНӨААТҮГ /Регистрийн дугаар:./-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: . тоотод оршин суух, . овогт . М.Э /Регистрийн дугаар: ./-д холбогдох,

Орон сууц ашиглалтын зардалд 3.965.355 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ичинхорлоо, Р.Жамьянжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын салбар Хэрэглэгчдэд үйлчлэх төв-8 нь Сүхбаатар дүүргийн оршин суугч иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг ус, дулаанаар ханган ажилладаг. Тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар хороо, 10 дугаар байрны 85 тоотод оршин суух М.Э нь 2015 оны 01 дүгээр сараас 2017 оны 9 дүгээр сар хүртэлх хугацааны хэрэглэсэн ус, дулааны төлбөрөө төлөөгүй байгууллагад хохирол учруулж байна. Уг айл 2015 оны 01-12 дугаар сар хүртэлх 993.106 төгрөг, 2016 оны 01-12 дугаар сар хүртэлх 1.021.386 төгрөг, 2017 оны 01-9 дүгээр сар хүртэлх 685.729 төгрөгийг төлөөгүй байна. Төлбөрийг төлж барагдуулахыг удаа дараа шаардаж гэрээр нь очсон ч хаалгаа тайлдаггүй, оруулдаггүй, төлбөрөө төлдөггүй. Уг айл нийтийн орон сууц тул Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар үндсэн төлбөр 2.700.222 төгрөг, алданги 1.265.133 төгрөг, нийт 3.965.355 төгрөгийг  гаргуулж өгнө үү.

Хариуцагчийнх тоолуургүй айл тул холбогдох хууль тогтоомж, яам, Зохицуулах хорооноос батлагдсан тарифийн дагуу төлбөрийг дараах байдлаар тооцсон. Усны хувьд нэг хүний ахуйн хэрэглээнд  тоолуургүй айлд задгайгаар өдөрт 200 литр усаар тооцох тухай Байгаль орчны яамнаас 2008 онд баталсан тариф, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлилгээний зохицуулах зөвлөлийн 2014, 2016 онд батлагдсан нэгж үнийн тарифыг баримтлан хоног бүрээр, 2015 оны 01-5 сард 7 ам бүлтэйгээр, 2015 оны 6 сараас хойш 5 ам бүлтэйгээр тус тус тооцсон. Ам бүлийн хувьд хариуцагч 3 ам бүлтэй гэж байгаа ч баримтгүйгээс гадна тухайн айлд байцаагч байнга очиж, Хороотой тулгахад 7 байснаа 5 болсон байсан. Харин сүүлд хамт амьдарч байсан ээж нь нас барснаар ам бүл 4 болсон гэж Сүхбаатар дүүргийн 3 дугаар Хорооноос бидэнд тодорхойлж өгсөн. Энэ нь нэхэмжилж байгаа хугацаанаас хойш. Мөн хууль, журмаар хэрэв хэрэглэгч айл өрхийн ам бүлд өөрчлөлт орсон тохиолдолд өөрсдөө ирж хасуулах, гэрээгээ байгуулах үүрэгтэй ч уг айл өнөөг хүртэл манайхтай ирж уулзаагүй, гэрээгээ хийдэггүй. Дулааны тухайд ам бүл харгалздаггүй. Харин дулааны улирал буюу жил бүрийн 5 дугаар сарын 15-наас 9 дүгээр сарын 15-ныг хүртэл хагас тарифаар, бусад хэсэгт бүтэн тарифаар, мөн засвар үйлчилгээ хийх үед хасч тооцдог. Уг жишгийн дагуу тухайн айлын талбайн хэмжээг 51 мкв-аар төлбөрийг тооцсон. Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 205 дугаар тогтоолоор хуучны орон сууцны айл өрхийн дулааныг тооцохдоо талбайн хэмжээнд ашиггүй талбайн хэсгийг хамруулж төлбөр тооцохоор тогтоосон байдаг.  Сар бүрийн задаргааг хэрэгт баримтаар өгсөн. Алдангийн хувьд банк, манайхтай байгуулсан гэрээний дагуу тооцсон. Манайх ус, дулааны төлбөр нэхэмжилж байгаа бөгөөд цахилгааныг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” хариуцдаг. Манайх зөвхөн дуудлагыг дамжуулдаг. Хариуцагчийн тайлбарт дурдсан гэм хорын асуудал манайхтай хамааралгүй. Иймд М.Эоос хэрэглэсэн ус, дулааны төлбөр 3.965.355 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “ОСНААУГ” нь М.Эоос нэхэмжилсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. М.Э нь “ОСНААУГ”-тай ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй. Харин нэхэмжлэгч нь иргэн Б.Энхээтэй орон сууц ашиглах тухай хэлцэл хийсэн байдаг. Энэ хэлцэлтэй холбоотой буюу Б.Энхээгээс үүргийн гүйцэтгэл шаардсан нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сард Сүхбаатар дүүргийн шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Б.Энхээ 8 ам бүлтэйгээр хэлцэл хийсэн, харин манайх 3 ам бүлтэй байхад 8 ам бүлээр тооцож ашиглалтын зардал нэхэмжилсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн найдвартай цахилгаан эрчим хүчээр хангана гэсэн гэрээний нөхцлөө зөрчин миний 2.800.000 төгрөгийн цахилгаан хэрэглэгдэхүүнийг шатааж гэм хор учруулсан. Энэ гэм хорыг “ОСНААУГ”-аас нэхэмжлэхэд “та манайхтай гэрээ хийгээгүй тул таны хохирлыг хариуцахгүй, өөрөөр хэлбэл тантай эрчим хүч  болон бусад үйлчилгээгээр найдвартай ханган үүрэг гүйцэтгэхгүй” хэмээн тайлбарладаг. Иймд М.Э нь Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй. Мөн хэрэглэсэн ус, дулааны төлбөрийг бүхэлд нь тооцсон, цэвэр бохир усыг хэдэн ам бүлээр тооцсон, “Эрчим хүчний тухай, Хот суурин ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай гэх мэт хуулиудын тодорхой заалтууд нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай эсэх тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

           Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

        

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

            Нэхэмжлэгч “ОСНААУГ” ОНӨААТҮГ нь М.Эид холбогдуулан орон сууц ашиглалтын зардалд 3.965.355 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргав.

            Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад ... төлөх” гэж,  Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-д “хэрэглэгч цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээний төлбөрийг төлөх” гэж, Эрчим хүчний тухай хуулийн  30 дугаар зүйлийн 30.1.2-т “хэрэглэгч эрчим хүчний /хэрэглэгчийн хэрэгцээнд зориулан үйлдвэрлэсэн цахилгаан, дулаан, шугам сүлжээгээр дамжуулан хэрэглэгчид түгээх метаны хий/ төлбөрөө бүрэн төлөх” үүрэгтэй гэж тус тус заажээ.

            Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол 10 дугаар байр 85 тоот орон сууцны эзэмшигч мөн, тоолуургүй айл өрхийн хэрэглээтэй гэдэгт тус тус маргаагүй байна. Иймд тэрээр тус орон сууцны ус, дулааны төлбөрийг тогтоосон тариф, аргачлалын дагуу зохигчдын хооронд бичгийн гэрээ байгуулагдсан эсэхээс үл хамаарч төлөх үүрэг хуулиар хүлээх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар орон сууц ашиглалтын зардлыг шаардах эрхтэй. 

Хэрэгт авагдсан баримтаар 10 дугаар байрны 85 тоотод оршин суух өрх айл 2015 оны 01-12 дугаар сарын 993.106 төгрөг, 2016 оны 01-12 дугаар сарын 1.021.386 төгрөг, 2017 оны 01-9 дүгээр сарын хоорондох 685.729 төгрөгийн зардлыг төлөөгүй болох нь төлбөр тооцооны дэлгэрэнгүй тайлан, сар бүрийн тооцооны хуудсаар тогтоогдож байх тул ашиглалтын зардлыг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

Хариуцагч усны хэрэглээг 3 ам бүлтэй байхад 8 ам бүлтэйгээр тооцсон гэж маргаж байх боловч дээрх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу нотлох үүргээ хэрэгжүүлээгүйгээс гадна тус байрны 85 тоотод 4 ам бүл оршин суудаг тухай Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн тодорхойлолтоор дээрх тайлбар үгүйсгэгдэж байна. Нөгөөтэйгүүр хэрэглээг тооцсон хугацаанаас хойш хариуцагч М.Эийн ам бүлийн тоонд өөрчлөлт орсон, хэрэглэгч өрхийн ам бүлийн тоонд өөрчлөлт орсныг өөрөө мэдэгдэх, бүртгүүлэх ёстой гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг шүүх буруутгах боломжгүй гэж дүгнэв.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШЗ2016/08442 дугаар шүүгчийн захирамжаар “ОСНААУГ” ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 10 дугаар байрны 85 тоотод оршин суух Б.Энхээд холбогдох хэрэглэсэн ус, дулааны зардалд 2.444.678 төгрөг гаргуулах тухай хэргийг хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосон байх тул хүчин төгөлдөр шийдвэр гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

Мөн нэхэмжлэгчийн үйл ажиллагаанаас шалтгаалж 2.800.000 төгрөгний хохирол учирсан гэж маргаж байх боловч энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүйгээс гадна хавсаргаж ирүүлсэн баримтаас үзвэл 2014 оны 02 дугаар сарын 02-ны өдөр тус байрны цахилгааны босоо магистрал шугам тасарсан гэмтлийн шалтгааныг “хэний буруугаас гэмтэл ямар шалтгаанаар гарсныг тодорхойлоогүй” гэж 2014 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн комиссын дүгнэлтэд дурдсан байх тул нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас хариуцагчид хохирол учирсан гэж үзэх боломжгүй. Түүнчлэн цахилгааныг тусдаа өөр хуулийн этгээд хариуцдаг гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг буруутгах боломжгүй. 

Харин Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д “хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр байгуулна” гэж зохицуулсан, зохигчдын хооронд бичгээр байгуулсан гэрээгүй тул үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй үндэслэлээр алданги төлөхийг нэхэмжлэгч шаардах эрхгүй байна.

 Дээрхийг нэгтгээд хариуцагчаас ашиглалтын зардалд 2.700.222 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаярт өнөөдрийн шүүх хуралдааны товыг 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн ч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч түүний эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтан М.Эоос  2.700.222 /хоёр сая долоон зуун мянга хоёр зуун хорин хоёр/ төгрөг гаргуулж, “ОСНААУГ” ОНӨААТҮГ-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.265.133 төгрөгийг хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  78.396 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 58.153 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

                       

                                    ДАРГАЛАГЧ                                     О.ОДГЭРЭЛ