Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 01413

 

       “О” ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

    Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШШ2018/00821 дүгээр шийдвэртэй, “О” ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй, М.Э-д холбогдох

   Орон сууцны ашиглалтын зардалд 3 965 355 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ж, Ж.И, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

   Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.И шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О салбар “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-8” нь Сүхбаатар дүүргийн оршин суугч иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг ус, дулаанаар ханган ажилладаг. Тус дүүргийн 3 дугаар хороо, 10 дугаар байрны 85 тоотод оршин суух М.Э нь 2015 оны 01 дүгээр сараас 2017 оны 9 дүгээр сар хүртэлх хугацааны хэрэглэсэн ус, дулааны төлбөрөө төлөөгүй байна. Уг айл 2015 оны 993 106 төгрөг, 2016 оны 1 021 386 төгрөг, 2017 оны 01-9 дүгээр сар хүртэлх 685 729 төгрөгийг төлөөгүй байна. Төлбөрийг төлж барагдуулахыг удаа дараа шаардаж гэрээр нь очихоор хаалгаа тайлдаггүй, оруулдаггүй, төлбөрөө төлдөггүй. Уг айл нийтийн орон сууц тул Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх зааснаар үндсэн төлбөр 2 700 222 төгрөг, алданги 1 265 133 төгрөг, нийт 3 965 355 төгрөгийг гаргуулж өгнө үү.

          Хариуцагчийнх тоолуургүй тул холбогдох хууль тогтоомж, яам, Зохицуулах хорооноос батлагдсан тарифийн дагуу төлбөр тооцсон. Усны хувьд нэг хүний ахуйн хэрэглээний тоолуургүй айлд задгайгаар өдөрт 200 литр усаар тооцох тухай Байгаль орчны яамнаас 2008 онд баталсан тариф, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлилгээний зохицуулах зөвлөлийн 2014, 2016 онд батлагдсан нэгж үнийн тарифыг баримтлан хоног бүрээр, 2015 оны 01-5 сард 7 ам бүлтэй, 2015 оны 6 сараас хойш 5 ам бүлтэйгээр тус тус тооцсон. Ам бүлийн хувьд хариуцагч 3 ам бүлтэй гэж байгаа ч баримтгүйгээс гадна тухайн айлд байцаагч байнга очиж, хороотой тулгахад 7 байснаа 5 болсон байсан. Харин сүүлд хамт амьдарч байсан ээж нь нас барснаар ам бүл 4 болсон гэж Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооноос бидэнд тодорхойлж өгсөн. Хэрэв хэрэглэгч айл өрхийн ам бүлд өөрчлөлт орсон тохиолдолд өөрсдөө ирж хасуулах, гэрээгээ байгуулах үүрэгтэй ч уг айл өнөөг хүртэл манайхтай ирж уулзаагүй, гэрээ хийдэггүй. Дулааны тухайд ам бүл харгалздаггүй. Харин дулааны улирал буюу жил бүрийн 5 дугаар сарын 15-наас 9 дүгээр сарын 15-ныг хүртэл хагас тарифаар, бусад хэсэгт бүтэн тарифаар, мөн засвар үйлчилгээ хийх үед хасч тооцдог.

        Тухайн айлын талбайн хэмжээг 51 м.кв-аар тооцож, Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 205 дугаар тогтоолоор хуучны орон сууцны айл өрхийн дулааныг тооцохдоо талбайн хэмжээнд ашиггүй талбайн хэсгийг хамруулж төлбөр тооцохоор тогтоосон байдаг. Алдангийн хувьд банк, манайхтай байгуулсан гэрээний дагуу тооцсон. Манайх ус, дулааны төлбөр нэхэмжилж байгаа бөгөөд цахилгааныг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ хариуцдаг. Манайх зөвхөн дуудлага дамжуулдаг. Хариуцагчийн тайлбарт дурдсан гэм хорын асуудал манай байгууллагад хамааралгүй. Иймд М.Э-оос хэрэглэсэн ус, дулааны төлбөрт 3 965 355 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

        Хариуцагч М.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Би О-тай ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй. Харин нэхэмжлэгч нь иргэн Б.Э-тэй орон сууц ашиглах тухай хэлцэл хийсэн байдаг. Энэ хэлцэлтэй холбоотой буюу Б.Э-гээс үүргийн гүйцэтгэл шаардсан нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сард Сүхбаатар дүүргийн шүүхээр шийдвэрлүүлсэн. Б.Э 8 ам бүлээр хэлцэл хийсэн, харин манайх 3 ам бүлтэй байхад 8 ам бүлээр тооцож ашиглалтын зардал нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн “найдвартай цахилгаан эрчим хүчээр хангана” гэсэн гэрээний нөхцлөө зөрчин миний 2 800 000 төгрөгийн цахилгаан хэрэглэгдэхүүнийг шатааж гэм хор учруулсан. Энэ гэм хорыг О-аас нэхэмжлэхэд та манайхтай гэрээ хийгээгүй тул хохирлыг хариуцахгүй. Өөрөөр хэлбэл, тантай эрчим хүч болон бусад үйлчилгээгээр найдвартай ханган үүрэг гүйцэтгэхгүй хэмээн тайлбарладаг. Иймд М.Э нь О-ын өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй. Мөн хэрэглэсэн ус, дулааны төлбөрийг бүхэлд нь тооцсон, цэвэр бохир усыг хэдэн ам бүлээр тооцсон, Эрчим хүчний тухай, Хот суурин ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулиудын тодорхой заалтууд нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай эсэх тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

      Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтан М.Э-оос 2 700 222 /хоёр сая долоон зуун мянга хоёр зуун хорин хоёр/ төгрөг гаргуулж, О ОНӨААТҮГ-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 265 133 төгрөгийг хэсгийг хэрэгсэхгүй болгож,

        Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78 396 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 58 153 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б давж заалдах гомдолдоо: “О” ОНӨААТҮГазар нь Б.Э-гээс 2016 оны 12 дугаар сард 8-н ам бүлээр тооцож 2 444 676 төгрөг нэхэмжилсэн ба шүүх уг мөнгийг М.Э-оос гаргуулахдаа 8-н ам бүлээр тооцож шийдвэрлэсэн байна. М.Э нь 4-н ам бүлтэй болох нь тогтоогджээ гэж шийдвэртээ тусгасан байна.

     Иймд 2016 оны 12 дугаар сар хүртэлх төлбөрийг 4-н ам бүлээр тооцож, 1 222 338 төгрөгөөр тогтоож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

          Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

          Нэхэмжлэгч “О” ОНӨААТҮГ нь хариуцагч М.Э-д холбогдуулан орон сууцны ашиглалтын зардалд 3 965 355 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

    Хэрэгт нэхэмжлэгч талын гаргаж өгсөн тооцооны хуудас /хх-58-77/, зохигчдын тайлбараар Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 10 дугаар байрны 85 тоот хаягт  Б.Э гэдэг хүний нэр дээр 2015 оны 01 дүгээр сараас 2017 оны 09 дүгээр сар хүртэлх хэрэглээний ус, дулааны төлбөр төлөгдөөгүй үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй боловч талууд уг төлбөр тооцооноос хариуцагч М.Э, ямар хэмжээгээр төлөх талаар маргасан.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар шүүх тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмаар явагдах учиртай.

        Хариуцагч М.Э нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлбөрийн хэмжээг 4 ам бүлээр тооцох байхад 8 ам бүлээр тооцсон тул үнийн дүнгийн хэмжээгээр зөвшөөрөхгүй гэж тайлбар гаргасан /хх-20/ ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шааардлагаас 1 477 882 төгрөгийн хэмжээнд зөвшөөрч байна гэж давж заалдах гомдол гаргажээ.

        Хэрэгт авагдсан О-ийн санхүүгийн тэмдэг бүхий хэрэглэгчийн тооцооны хуудсаар 2015 оны 01-04 дүгээр сард Б.Э-гийн нэр дээр ам бүл-7, 2015 оны 05 дугаар сараас 2017 оны 08 дугаар сард Б.Э-ийн нэр дээр  5 ам бүлээр тооцон хэрэглээний ус, дулааныг тооцсон, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны Засаг дарга дээрх хаягт М.Э ам бүл 4 амьдардаг гэж тодорхойлсон болон хариуцагчийн тайлбарууд хоорондоо зөрүүтэй байхад шүүх хэргийн нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчсөн байна.

    Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Б.Э, М.Э нар нэг нь нөгөөгийнхөө үүргийг хариуцана гэдгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолсон гэж үзэхгүй.

      Хэдийгээр нэхэмжлэгч байгууллага хариуцагч М.Э-ийн төлөх төлбөрийн хэмжээг баримтаар нотолж чадаагүй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар талуудын тайлбар нотолгооны хэрэгсэл болох тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбартаа зөвшөөрсөн үнийн дүн болох 1 477 882 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нотлох баримттай танилцуулаагүй гэж гомдол гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт заасан хэргийн оролцогч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хэргийн материалтай танилцах эрхээ өөрөө хэрэгжүүлээгүй байх тул анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж үзнэ. Тиймээс энэ талаарх гомдол үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШШ2018/00821 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “2 700 222” гэснийг “1 477 882” гэж, “1 265 133” гэснийг “2 487 473” гэж, 2 дахь“58 153” гэснийг “38 596” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариууцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34 270 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                ШҮҮГЧИД                                           С.ЭНХТӨР

                                                                                                            Д.БАЙГАЛМАА