Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цогийн Одмаа |
Хэргийн индекс | 128/2020/0785/З |
Дугаар | 128/ШШ2021/0126 |
Огноо | 2021-02-10 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 128/ШШ2021/0126
2021 оны 02 сарын 10 өдөр Дугаар 128/ШШ2021/0126 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: "Г" ХХК,
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс,
Нэхэмжлэлийн шаардлага: ...Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 244 дүгээр шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, "Г" ХХК-ийн хайгуулын XV-****** тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгах тухай
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ёндон нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч "Г" ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Г" ХХК нь Завхан аймгийн Завханмандал, Ургамал сумдын нутаг дахь Магнай уул нэртэй талбайд 6467.68 гектар XV-****** дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг бөгөөд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаанд буюу 2017 оноос хойш 3 жилийн хугацаанд манай компани их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулан хайгуулын ажил хийж ирсэн.
Уг тусгай зөвшөөрлийн хугацаа 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр дуусахаар байсан тул Ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу "Г" ХХК-иас хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдөл болон холбогдох баримт бичгүүдийн хамт эрх бүхий байгууллагад хүргүүлсэн ба кадастрын бүртгэлийн EX-***** дугаарт бүртгэгдсэн.
Ийнхүү тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай өргөдөл гаргаснаас хойш Ашигт малтмал, газрын тосны газраас 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 8/2913 дугаар албан бичгээр Танай компани Ашигт малтмалын тухай хуулийн 34.2 дахь хэсэгт заасан хугацаанд дараахь тусгай зөвшөөрлийнхөө ээлжит жилийн төлбөрөө төлсөн тухай нотлох баримтаа ирүүлээгүй тохиолдолд уг хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдэхийг мэдэгдэж байна гэх агуулга бүхий мэдэгдэл ирүүлсэн ба бид дараа жилийн тусгай зөвшөөрлийн төлбөрөө урьдчилан төлсөн тухай баримтаа дахин хүргүүлсэн ба Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 22.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд бүртгэнэ гэж заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл сунгагдаж байна гэж ойлгосон болно.
Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 8/3193 дугаар албан бичгээр "Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 07 дугаар cарын 10-ны өдрийн 244 дүгээр шийдвэрээр дээрх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн" гэх агуулга бүхий мэдэгдэл хүргүүлсэн нь огт үндэслэлгүй байна.
Дээрх мэдэгдэлд дурдсанчлан 244 дүгээр шийдвэрийн үндэслэлд "Танай компанийн эзэмшлийн ХV-****** дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахыг хүссэн өргөдлийг хянахад байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан тухай баримт байхгүй" гэжээ.
Манай компанийн зүгээс тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахтай холбоотойгоор байгаль орчны менежментийн төлөвлөгөөг сумын Засаг даргаар батлуулж, дээрх хуульд заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийн хамт хавсарган хүргүүлсэн байтал бүрдүүлбэр дутуу гэж үндэслэлгүйгээр дүгнэн хайгуулын тусгай зөвшеерлийн хугацаа сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн нь бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй бол төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзаж энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ зохицуулсан.
Гэтэл "Г" XXK-ийн хувьд дээрх хуульд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчид болон ашигт малтмал эрэх, хайх, ашиглахад тавигдах ерөнхий шаардлага, тусгай зөвшөөрлийн төлбөр болон хайгуулын ажлын зардлын доод хэмжээ, түүнийг баталгаажуулах талаарх нөхцөл, шаардлагыг бүрэн хангаж байх тул тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах үндэслэл бүрдээгүй болно.
Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно" гэж заасан боловч дээрх 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн мэдэгдэлд дурдсан Кадастрын хэлтсийн даргын мөн өдрийн 244 дүгээр шийдвэртэй холбоотойгоор манай компанид сонсох ажиллагаа явуулаагүй, тус шийдвэр гарсны дараа нь мэдэгдлийг манай компани руу хүргүүлсэн болно.
Ийнхүү тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаас татгалзсан шийдвэр нь үндэслэлгүй байх тул дээрх шийдвэрийг эс зөвшөөрч эрх бүхий албан тушаалтанд 2020 оны 08 дугаар cарын 07-ны өдөр гомдол гаргахад Ашигт малтмал газрын тосны газраас 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1/3695 дугаар албан бичгээр "Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан шийдвэрийг хууль бус гэж үзвэл холбогдох хууль шүүхийн байгууллагад хандан шийдвэрлүүлэх боломжтой болно" гэх хариу ирүүлсэн байх бөгөөд 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр уг хариу албан бичгийг шуудангаар хүлээн аваад ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Ингэхдээ "Г" XXК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн эх хувийг Ашигт малтмалын газарт гаргаж өгсән байгаа тул тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хуулбар хувийг, мөн Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн мэдэгдэл, 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн мэдэгдэл зэрэг нь манай компанид эх хувиараа байхгүй тул хэвлэмэл хувийг тус тус хавсаргав. Мөн Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 244 дүгээр шийдвэр нь манайд хүргэгдээгүй тул Ашигт малтмал газрын тосны газраас гаргуулах боломжтой гэж үзэж байна.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШЗ2020/7353 дугаар захирамжид "Г" XXК-ийн ХV-***** дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг даалгах" нэхэмжлэлийн шаардлагын тухайд хариуцагч ямар эс үйлдэхүй гаргасан нь тодорхойгүй байх тул тодруулах шаардлагатай гэж шүүх үзэв" гэж, мөн ...Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 244 дүгээр шийдвэр хууль бус эсэхийг шийдвэрлэснээр "Г" XXK-ийн XV-****** дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгагдах эсэх, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах зүйтэй байна" гэжээ.
Дээр дурдсанчлан нэхэмжлэгч "Г" XXК-ийн зүгээс хуульд заасан журмын дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдөл болон холбогдох баримт бичгүүдийн хамт эрх бүхий байгууллагад хүргүүлсэн.
Гэтэл хариуцагч эс үйлдэхүй гаргасан биш, харин манай компанийн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 244 дүгээр шийдвэр гаргасан.
Улмаар нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т "Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана:" гээд, 106.3.4-д "захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр... хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах;" гэж заасны дагуу Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 244 дүгээр шийдвэр хууль бус болохыг тогтоож, "Г" XXК-ийн XV-****** дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг даалгах" нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно.
Ийнхүү Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 244 дүгээр шийдвэр буюу Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан үндэслэл нь хууль бус болох нь тогтоогдсоноор манай компанийн дээрх тусгай зөвшөөрлийн хугацаar cунгах эрх зүйн нөхцөл бүрдэх юм.
Иймд Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 244 дүгээр шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, "Т" XXK-ийн XV-****** дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан "Г" XXК-ийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гаргасан нэхэмжлэлд дурдсан ашигт малтмалын хайгуулын тусrай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 244 дүгээр шийдвэр хууль бус болохыг тогтоож, "Г" XХК-ийн XV-****** дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.
Завхан аймгийн Завханмандал, Ургамал сумдын нутаг "Магнай уул" нэртэй 6467.68 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV-****** дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 296 тоот шийдвэрээр "Г" ХХК-д 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр олгожээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3, 38.1.4-т зааснаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөг сумын Засаг даргаар батлуулах үүргийг тусгай зөвшөөрөл эзэмшигч хүлээсэн байдаг.
Дээрх үүргээ биелүүлж ажиллахын зэрэгцээ Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, сум, дүүргийн Засаг даргаар батлуулсны үндсэн дээр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар сунгуулах эрхтэй байхаар хуульчилсан.
Нэхэмжлэгч "Г" XXК-ийн хувьд дээрх хуулиар хүлээсэн үүргүүдээ биелүүлээгүй байна.
Тодруулбал хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулж ирүүлсний үндсэн дээр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хуулийн зохицуулалтыг хангаагүй байна.
Дээрх хуульд заасан үүргээ биелүүлээгүй, холбогдох баримтыг хавсаргаж ирүүлээгүй байсан тул Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 22 дугаар зүйлийн 22.1.3 дахь хэсэг, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6 4 дэх хэсгийг тус тус баримтлан Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 244 дүгээр шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын XV-****** дугаар бүхий тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын хүрээнд хэргийг хэлэлцэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч "Г" ХХК нь Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 244 дүгээр шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, "Г" ХХК-ийн хайгуулын XV-****** тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Маргаан бүхий захиргааны акт болох Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 244 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, 22 дугаар зүйлийн 22.1.3, Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн "Г" ХХК нь Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахыг хүссэн өргөдөлдөө Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан тухай баримтаа ирүүлээгүй гэх үндэслэлээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсныг нэхэмжлэгчийн зүгээс хайгуул хийх талбайдаа батлуулан өгсөн, сум дамнан байрласан газарт менежментийн төлөвлөгөөг батлуулах шаардлагагүй гэж, хариуцагчийн зүгээс 2 сум дамнан байрлах газарт тус бүрт нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан тухай баримтаа ирүүлээгүй учраас цуцалсан гэж маргажээ.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 296 дугаар шийдвэрээр Завхан аймгийн Завханмандал, Ургамал сумдын нутаг дахь Магнай уул нэртэй газар 6467,68 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын XV-****** тоот тусгай зөвшөөрлийг "Г"ХХК-д 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг дуусах хүртэлх 3 жилийн хугацаатай олгожээ.
Ашигт малтмалын хайгуулын XV-****** тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 1 дүгээр хавсралтаас үзвэл нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн 1 дэх жилийн төлбөрийг 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр, 2 дахь жилийн төлбөрийг 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр, 3 дахь жилийн төлбөрөө 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төлсөн талаар тэмдэглэгээ хийгджээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө гэж зааснаар ашигт малтмалын хайгуулын ХV-****** дугаар тусгай зөвшөөрлийн ээлжит 4 дэх жилийн төлбөрийг нэхэмжлэгч нь 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс өмнө төлөх ёстой байсан байна.
Ашигт малтмал газрын тосны газрын 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 8/2913 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан хугацаанд дараах тусгай зөвшөөрлийнхөө ээлжит жилийн төлбөрөө төлсөн тухай нотлох баримтаа ирүүлээгүй тохиолдолд уг хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдэхийг мэдэгджээ.
Гэтэл нэхэмжлэгч "Г" ХХК нь 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Х********к ХХК-ийн 100900000752 тоот төгрөгийн дансанд "Г" ХХК үйлчилгээний хөлс 1,000,000 төгрөг, "Г" ХХК лицензийн төлбөр 2,830,000 төгрөгийг төлсөн байх ба Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн Өргөдөл бүртгэлийн EX-****** дугаартай Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авсан тухай тодорхойлолтод "Г" ХХК-иас хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахыг хүссэн өргөдлийг 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр бүртгэн үйлчилгээний хөлсөнд 1,000,000/689.66 төгрөг төлсөн баримтыг хүлээн авав гэжээ.
Түүнчлэн нэхэмжлэгчээс Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 04/21 дугаар албан тоотоор ...2020 оны сунгалт хийлгэх хугацааг хожуу гаргасан нь компанийн захирал Ц.Б нь БНХАУ-руу албан томилолтоор 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр явсан бөгөөд цар тахал гарсантай холбоотойгоор БНХАУ-д хилийн хоригт орсон. Мөн цар тахлын улмаас манай байгууллага хөл хорины дэглэмд шилжсэн байсан тул сунгалт хийлгэх боломжгүй байдалд хүрсэн. Ц.Б-ын гадаад паспортын хуулбарыг хавсаргав гэжээ.
Хавсаргасан гадаад паспортын хуулбарт 2019 болон 2020 онуудад хилээр гарсан талаарх штамп дарагдсан байх ба шүүхээс 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1/7604, 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1/9428 тоот албан бичгүүдээр Хил хамгаалах ерөнхий газраас Ц.Б-ын 2019-2020 онуудад хил нэвтэрсэн талаарх лавлагааг шаардахад 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2-5а/8917, 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 7/10354 тоот албан бичгүүдээр Ц.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш улсын хил нэвтэрсэн бүртгэл авагдаагүй байна, гадаад паспортын нүүрэн тал болон 11,13 дугаар хуудасны хуулбар дахь штампны дардсууд нь хилийн шалган нэвтрүүлэх албанд ашиглаж байгаа штампны дардасны эх загвартай таарахгүй байна гэжээ.
Нэхэмжлэгч талаас анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулан өгсөн гэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх агуулга бүхий эмнэлгийн баримтууд, харин 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд хэрэгт гаргаж өгсөн гадаад паспортын хуулбарыг 2020 оны 06 дугаар сард Ашигт малтмал, газрын тосны газарт хуулбарлан өгөхдөө тус компанийн нягтлан бодогч н.Б нь хуурамчаар үйлдсэн гэж мэдүүлснийг шүүх дурдах нь зүйтэй байна.
Ашигт малтмал газрын тосны газрын 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 8/3193 дугаар Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахыг хүссэн өргөдлийг хянахад байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан тухай баримт байхгүй тул Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 244 дүгээр шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн болохыг мэдэгджээ.
Өөрөөр хэлбэл талууд нэхэмжлэгчийг тусгай зөвшөөрлийн ээлжит 4 дэх жилийн төлбөрийг төлөөгүй талаар дахин маргаагүй байна.
Улмаар нэхэмжлэгч нь Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Х******нд хандан 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулан өгөх ёстой гэж заасан бөгөөд энэ нь тухайн зөвшөөрлийг сунгахгүй байх шалтгаан болохгүй, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д зааснаар тухайн орон нутгийн төв байгууллага төлөвлөгөөг батлахаас татгалзсан дүгнэлт ирүүлсэн тохиолдолд хуулийн хүрээнд сунгахаас татгалзаж эрхтэй, манайхаас менежментийн төлөвлөгөөг батлан ирүүлсэн гэж гомдол гаргажээ.
Хариуцагчаас 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 1/3695 дугаар албан бичгээр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан баримтаа хавсаргаагүй учраас сунгасан гэх хариуг өгсөн байх ба 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 8/473 тоот тус шүүхэд гаргасан хариу албан бичигтээ "Г" ХХК нь Завхан аймгийн Ургамал сумын Засаг даргаар батлуулж, хайгуулын зөвшөөрлийн хугацаа сунгуулахыг хүссэн өргөдлийн хамт ирүүлээгүй нь өргөдлийн дотоод хяналтын хуудсаар нотлогдож байна гэжээ.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлдээ хавсарган, мөн хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас гаргаж өгсөн болон Кадастрын хэлтсийн бичиг баримтын архивт шүүхээс хийсэн бичиг баримтын үзлэгээр, тус шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1/7605 дугаар Завхан аймгийн Завханмандал сумын Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн албан тоотын хариу болох 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 03/156 дугаар албан тоотоор Магнай уул нэртэй тусгай зөвшөөрлийн талбайд гүйцэтгэх хайгуулын ажлын байгаль хамгаалах төлөвлөгөөг "Г" ХХК-ийн менежер С.Б нь 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ирж батлуулсан байна гэх зэрэг баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн талбайд гүйцэтгэх хайгуулын ажлын байгаль хамгаалах шинэчилсэн төлөвлөгөөг Завхан аймгийн Завханмандал сумын Засаг дарга Т.Д***********наар 2020 онд шинэчлэн батлуулж гарган өгчээ.
2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гаргасан тайлбартаа ...хайгуулын ажил Завханмандал суманд хийгдэнэ, Ургамал суманд хийгдэхгүй гэж маргасан.
Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3, 38.1.4 дэх хэсэгт зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг сумын Засаг даргаар батлуулах үүрэгтэй, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж, сум дүүргийн Засаг даргаар батлуулсны үндсэн дээр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар сунгуулах эрхтэй байхаар хуульчилжээ.
Хуулийн дээрх агуулгаа үзэхэд сум дамнан байршиж буй тусгай зөвшөөрлийн хувьд байршиж буй сумын нутаг дэвсгэр тус бүрт хэрэгжүүлэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөг урьдчилан батлуулах нь тус төлөвлөгөөний байгаль орчноо хамгаалах үндсэн зорилго байна.
Иймд нэхэмжлэгчийн зөвхөн Завханмандал суманд хайгуулын ажиллагаа хийгдэх тул Завханмандал сумын Засаг даргаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулсан гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3, 106.3.14-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3, 38 дугаар зүйлийн 38.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч "Г" ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан ...Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 244 дүгээр шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, "Г" ХХК-ийн хайгуулын XV-****** тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч "Г" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4 дэх хэсэгт тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ОДМАА