Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2023/0689

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.С-гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж , С.С

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Ч, А.Б

Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрйин 000  дугаар тогтоолыг хүчингүй болгох, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 000 дугаар тушаалыг хүчингүй болгох, Урьд эрхэлж байсан Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг хариуцагч Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яаманд 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр шуудангаар хүргүүлсэн Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны  Хүүхдийн эрх, хамгааллын бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллах хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, шийдвэрлэж хариу өгөхийг даалгах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 0604 дүгээр  шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Ч, А.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 128/2023/0120/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нь “Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрйин 000  дугаар тогтоолыг хүчингүй болгох, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 000 дугаар тушаалыг хүчингүй болгох, Урьд эрхэлж байсан Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг хариуцагч Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яаманд 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр шуудангаар хүргүүлсэн Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны  Хүүхдийн эрх, хамгааллын бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллах хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, шийдвэрлэж хариу өгөхийг даалгах-аар маргасан байна. 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 0604 дүгээр шийдвэрээр “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.1, 27.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-д заасныг баримтлан Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 000  дугаар тогтоолыг нөхцөл байдлыг тодруулж дахин шинээр акт гаргах хүртэл 1 сарын хугацаатай түдгэлзүүлж, үлдэх нэхэмжлэлийн шаардлага болох Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 000 дугаар тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох; ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг Гэр бүл, Хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яаманд 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүргүүлсэн Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны Хүүхдийн эрх, хамгааллын бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллах хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, шийдвэрлэж, хариу өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:

3.1. Анхан шатны шүүх ... Г.С  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/400 дугаар тушаалаар Хүүхэд, залуучууд, ахмад настан, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн шинжээчээр ажиллаж байсан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/88 дугаар тушаалаар ахлах түшмэл, дөтгөөр зэрэг, мөн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/400 дугаар тушаалаар ахлах түшмэл ТЗ-9-3 зэрэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/381 дүгээр тушаалаар ахлах түшмэл, гутгаар зэрэг дэвийг тус тус олгосон бөгөөд эрхэлсэн түшмэлийн мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байна.

3.2. Төрийн албаны зөвлөлөөс Г.С д олгосон эдгээр зэрэг дэв, ажилласан байдлыг тооцохдоо "ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх" хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. Учир нь Г.С  Төрийн албаны зөвлөлд гомдол гаргах үеийн байдлаар төрийн албанд 23 жил 7 сар, дэс түшмэлийн албан тушаалд 9 жил 1 сар ажилласан бөгөөд түүний ажилласан жилийн туршлагыг дэлгэрүүлэн үзвэл 1993 оны 08 дугаар сараас 2006 оны оны 2 дугаар сар хүртэл Хөвсгөл аймгийн Рашаант, Их уул сумын ерөнхий боловсролын дунд сургуульд багш, 2006 оны 02 дугаар сараас мөн оны 10 дугаар сар хүртэл Монгол Улсын Их Сургуульд эрдэм шинжилгээний ажилтан, багш, 2006 оны 10 дугаар сараас 2009 оныг дуустал Их Британы болон Японы хүүхдийг ивээх сан олон улсын байгууллагад менежер, 2010 оны 01 дүгээр сараас 2012 оны 10 дугаар сар хүртэл Хүүхдийн төлөө газрын Олон нийтэд түшиглэсэн хүүхдийн хөгжил хамгааллын менежер, Хүүхдийн төлөө үндэсний газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/52 дугаар тушаалаар тус газрын хүний нөөц хариуцсан мэргэжилтэн, мөн газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/14 дүгээр тушаалаар Гэр бүлийн боловсролын арга зүй, сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, мөн даргын 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Б/50 дугаар тушаалаар Хүүхдийн хөгжил, оролцооны бодлого хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн, мөн даргын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/81 дүгээр тушаалаар Хүүхдийн оролцоо, иргэний нийгмийн хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/190 дүгээр тушаалаар Хүн амын хөгжлийн газрын Хүүхэд, гэр бүл, ахмад настан, залуучуудын хөгжлийн хэлтсийн Хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын бодлого төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн, мөн даргын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/400 дугаар тушаалаар Хүүхэд, залуучууд, ахмад настан, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн шинжээч, мөн даргын 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Б/66 дугаар тушаалаар Хүн амын хөгжлийн газрын Хүүхдийн эрх, хамгааллын бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд тус тус ажилласан байдаг.

3.3. Г.С г Хүүхдийн төлөө үндэсний газарт 2012 оноос хүний нөөц хариуцсан мэргэжилтнээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд 2018 онд шилжин ажиллах хүртэл хугацаанд төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэлийг баталсан Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байсан. Энэхүү тогтоолоор Засгийн газрын агентлагийн мэргэжилтний албан тушаал дэс түшмэлийн ангиллын ТЗ-6 зэрэглэлд, Засгийн газрын агентлагийн ахлах мэргэжилтний албан тушаал дэс түшмэлийн ТЗ-7 зэрэглэлд тус тус хамаарч байсан болно. Мөн Г.С гийн ажиллаж байсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын Хүүхэд, гэр бүл, ахмад настан, залуучуудын хөгжлийн хэлтсийн Хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын бодлого төлөвлөлт хариуцсан мэргэжилтний албан тушаал дээрх тогтоолын дагуу дэс түшмэл ангиллын Т3-7 зэрэглэлд хамаарна. Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэнтэй холбогдуулан Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоол хүчингүй болж, Засгийн газрын 2019 оны 275 дугаар тогтоолоор төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн баталсан. Уг тогтоолоор яамны мэргэжилтний албан тушаал дэс түшмэл, ТЗ-7 ангилал, зэрэглэлд хамаарна. Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/400 дугаар тушаалаар Г.С  Хүүхэд, залуучууд, ахмад настан, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн шинжээчээр, мөн даргын 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Б/66 дугаар тушаалаар Хүн амын хөгжлийн газрын Хүүхдийн эрх, хамгааллын бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд тус тус томилогдсон байдаг. Өөрөөр хэлбэл, яамны шинжээчийн албан тушаал нь төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл баталсан Засгийн газрын 2019 оны 275 дугаар тогтоолоор ахлах түшмэлийн ангиллын, ТЗ-9 зэрэглэлд хамаарна. Тодруулбал, Г.С гийн яаманд шинжээчээр ажилласан 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 6 сар 15 хоногийн хугацаа нь ахлах түшмэлийн албан тушаалд ажилласанд тооцогдоно. Түүнчлэн Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэнтэй холбогдуулан Улсын Их Хурлаас төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журмыг шинэчилж баталсан бөгөөд уг тогтоолоор яамны шинжээчид ахлах түшмэлийн зэрэг дэв олгох бөгөөд Г.С г яаманд мэргэжилтнээр ажиллаж байх цаг хугацаа буюу 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/88 дугаар тушаалаар ахлах түшмэлийн дөтгөөр зэргийг шинээр олгосон, мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/381 дүгээр тушаалаар ахлах түшмэлийн гутгаар зэрэг дэвийг ахиулан олгосон шийдвэрүүд тус тус дээрх тогтоолыг зөрчсөн байдаг. Тодруулбал, Г.С  яаманд мэргэжилтний албан тушаалд ажиллаж байхад 2019 онд яамны Төрийн нарийн бичгийн дарга эрх хэмжээгээ хэтрүүлэн ахлах түшмэлийн зэрэг дэв олгосон, түүнчлэн шинжээчийн албан тушаалд нэг жил ажилласны дараа ахлах түшмэлийн гутгаар зэрэг дэвийг ахиулан олгох ёстой атал шинжээчийн албан тушаалд ажиллаад 6 хоногийн дараа зэрэг дэвийг ахиулан олгосон нь тус тус хууль бус болсон.

3.4. Гэтэл анхан шатны шүүх Г.С г төрийн захиргааны ямар ангилал, зэрэглэлд хамаарах албан тушаалд ажилласан эсэхийг эрх бүхий байгууллагаас баталсан дүрэм журмын дагуу нягтлан шалгахгүйгээр хууль бусаар олгосон зэрэг дэвийн тушаалыг үндэслэн ахлах түшмэлийн албан тушаалд 4 болон түүнээс дээш жил ажилласан байх хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан туршлагын тусгай шаардлагыг хангасан гэж дүгнэсэн нь эрх зүйн үндэслэлгүй болжээ. Өөрөөр хэлбэл, Г.С гийн яаманд шинжээчээр ажилласан 6 сар, 15 хоногийн хугацааг ахлах түшмэлийн албан тушаалд ажилласан гэж тооцох бөгөөд уг хугацааг 4 болон түүнээс дээш хугацаагаар ахлах түшмэлийн албан тушаалд ажилласантай адилтгасан нь хууль бус болсон байна. Г.С  Удирдлагын академийн эрхэлсэн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн бөгөөд мэргэшлийн шаардлагыг хангаагүй, зөрчсөн гэж Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 000  дугаар тогтоолоор дүгнээгүй болохыг дурдах нь зүйтэй.

3.5. Анхан шатны шүүх Яамны мэргэжилтний албан тушаалаас агентлагийн нэгжийн даргын албан тушаалд шилжүүлэн томилох шийдвэрт Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль /цаашид Ковидын хууль гэх/-ийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасныг үндэслэн шилжүүлэн томилсон. Тодруулбал, бүх нийтийн болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед төрийн байгууллагын үйл ажиллагаа тасралтгүй, хэвийн үргэлжлэх зарчмын хүрээнд мөн хуулийн үйлчлэлийн хугацаанд төрийн албаны сул орон тоог нөхөх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд Сонгон шалгаруулалт явуулахгүйгээр, Төрийн албаны тухай хуулийн 22, 23 дугаар зүйлд заасан ерөнхий болон тусгай шаардлага хангасан албан хаагчийг тухайн албан тушаалд тодорхой хугацаатай томилох боломжийг олгохоор зохицуулжээ. Г.С г шилжүүлэн томилсон цаг хугацаанд Ковидын хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан бөгөөд энэ хугацаанд Төрийн албаны тухай хуульд заасан сонгон шалгаруулалт хийх журам, зохицуулалт хэрэгжихгүй байсан. Эдгээр зохицуулалтаас үзэхэд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/100 дугаар тушаалаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүүхдийн эрх, хамгааллын бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Г.С г Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын  тушаалд шилжүүлэн ажиллуулсан нь Төрийн  албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан журмыг зөрчсөн гэж үзсэн Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 000  дугаар тогтоол үндэслэл бүхий болоогүй” гэж дүгнэсэн нь үндэслгүй байна.

3.6. Г.С г яамны мэргэжилтнээс агентлагт нэгжийн даргын албан тушаалд шилжүүлэн томилсон цаг хугацаанд Ковидын хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан хэдий ч уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиас бусад хуулийн дагуу олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээг зохион байгуулах, албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ” гэж заасан. Тодруулбал, бүх нийтийн болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед төрийн байгууллагын үйл ажиллагаа тасралтгүй, хэвийн үргэлжлэх зарчмын хүрээнд Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэлийн хугацаанд төрийн албаны сул орон тоог нөхөх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд сонгон шалгаруулалт явуулахгүйгээр, Төрийн албаны тухай хуулийн 22, 23 дугаар зүйлд заасан ерөнхий болон тусгай шаардлага хангасан албан хаагчийг тухайн албан тушаалд тодорхой хугацаатай томилох боломжийг нээсэн зохицуулалт гэж ойлгоно.

3.7. Г.С  төрийн албанд ажилласан хугацааны шаардлагыг хангаж байгаа боловч ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх хуульд заасан туршлагын тусгай шаардлагыг хангахгүй байх тул Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасныг зөрчиж эрхэлсэн түшмэлийн албан тушаалд шилжүүлэн томилсон байдаг.Тодруулбал, анхан шатны шүүх Ковидын үйлчлэлийн хугацаанд Төрийн албаны тухай хуулийн 22, 23 дугаар зүйлд заасан ерөнхий болон тусгай шаардлага хангасан албан хаагчийг тухайн албан тушаалд тодорхой хугацаатай томилох боломжийг олгохоор зохицуулжээ гэж буруу дүгнэсэнтэйгээ уялдуулж Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 000  дугаар тогтоолыг үндэслэлгүй гэж дүгнэх боломжгүй юм. Нөгөөтээгүүр Ковидын хуулийн үйлчлэлийн хугацаа дуусгавар болсон, төрийн албаны сонгон шалгаруулалтууд хэвийн байдлаар үргэлжилж байгаа, Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт "тусгай шалгалтыг энэ хуулийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих тохиолдолд ... авна." гэж заасан. Г.С  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан тушаалд ажиллах ямар ч тохиолдолд зайлшгүй төрийн албаны тусгай шалгалт өгөх хуулийн зохицуулалттай.

3.8. Түүнчлэн, яамны мэргэжилтний албан тушаалаас агентлагийн нэгжийн даргын албан тушаалд шилжүүлэн томилсон шийдвэрт Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 66 дугаар зүйлийн 66.1.3 дахь заалтад тус тус заасныг үндэслэн Төрийн албаны зөвлөлийн даргын 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 38 дугаар тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу ажлын хэсэг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаа, хүний нөөцийн удирдлагын шийдвэрт хяналт шалгалт хйисэн. Хяналт шалгалтын тайланг Төрийн албаны зөвлөлийн хуралдаанд танилцуулж, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын нэр бүхий 6 албан хаагчийг Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчиж томилсныг тогтоож, Зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 391 дүгээр тогтоолоор Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2, 66 дугаар зүйлийн 66.1.3 дахь заалтад тус тус заасны дагуу томилгооны зөрчил арилгах хугацаатай үүрэг даалгаврыг томилох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлсэн. Улмаар Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон хугацаанд эрх бүхий албан тушаалтан хууль бустомилгооны зөрчил арилгаагүй тул Төрийн албаны тухай хуулийн ин 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсэгт заасны дагуу Зөвлөлийн 2022 оны  07 дугаар сарын 07-ны өдрийн 000  дугаар тогтоолоор Г.С г Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан тушаалд шилжүүлэн томилсон газрын даргын  2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/100 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг. Зөвлөлийн 2021 оны 391 дүгээр тоолыг Г.С  хүлээн зөвшөөрдөг бөгөөд гомдол, нэхэмжлэл гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

3.9. Анхан шатны шүүх Түүнчлэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлого, зохицуулалтын газрын Хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн Хүүхдийн эрх, хамгааллын бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Г.С г өөрийнх нь зөвшөөрч, байгууллагын удирдлагууд харилцан тохиролцсоныг үндэслэн Хөдөлмөр,  нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/120, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/100 дугаар тушаалаар тус газрын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан тушаалд шилжүүлэн ажиллуулсан. Гэтэл Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 000  дугаар тогтоолоор зөвхөн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/100 дугаар тушаалыг хүчингүй болгож, харин яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/120 дугаар тушаалыг хэвээр үлдээсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. Хэдийгээр яамны мэргэжилтний албан тушаалаас Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан тушаалд Г.С г шилжүүлэн ажиллуулах шийдвэр гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасныг үндэслэн уг хэсэгт заасан өөрийнх нь зөвшөөрлийг авсан, 2 байгууллагын удирдлагууд харилцан тохиролцсон байх хуулийн урьдчилсан шаардлагыг хангасан атал төрийн захиргааны адил ангиллын албан тушаалд шилжүүлэх хуулийн зохицуулалтыг зөрчиж, ангилал алгасуулж, албан тушаалын төрөл өөрчилж ажиллуулсан нь хууль бус болсныг Зөвлөлийн 2021 оны 391 дүгээр тогтоолоор тогтоосон. Энэ талаар шүүх шийдвэртээ дурдаагүй атал Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/100 дугаар тушаалыг хүчингүй болгож, харин яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны  11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/120 дугаар тушаалыг хэвээр үлдыээсэн гэж дүгнэсэн. Нэг талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/120 дугаар тушаалаар Г.С г агентлагийн мэдэлд шилжүүлсэн, нөгөө талаар Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсэгт хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг Төрийн албаны зөвлөл хүчингүй болгоно гэж заасан бөгөөд Зөвлөлийн 2021 оны 391 дүгээр тогтоолын холбогдох хэсгээр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/100 дугаар тушаалыг хууль тогтоомж зөрчсөн гэж тогтоосон тул Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/120 дугаар тушаалыг хүчингүй болгох боломжгүй юм.

3.10. Анхан шатны шүүх Ийнхүү Г.С г шилжүүлэн ажиллуулсан тушаалыг хүчингүй болгосон боловч ямар ажил албан тушаалд ажиллуулах эсэхийг шийдвэрлээгүй, Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 650 дугаар тогтоолоор ... шаардлага хангасан албан тушаалд Г.С г томилохыг агентлагийн даргад даалгасан нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дахь заалттай нийцээгүй шийдвэр болсон" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. Зөвлөлийн 2021 оны 391 дүгээр тогтоолын холбогдох хэсгээр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/100 дугаар тушаалыг Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчсөн гэж тогтоож, Зөвлөлөөс тогтоосон хугацаанд уг шийдвэрийг гаргасан албан тушаалтан хүчингүй болгох арга хэмжээ аваагүй тул Зөвлөлийн 2022 оны 000  дугаар тогтоолоор хүчингүй болгосон. Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/120 дугаар Г.С г агентлаг руу шилжүүлсэн тушаал хүчин төгөлдөр байх тул агентлагт мэргэжил, мэргэшлийн дагуу албан тушаалд томилохыг даалгасан нь хуульд нийцнэ.

3.11. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэж заасан байхад Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 650 дугаар тогтоолоор шаардлага хангасан албан тушаалд Г.С г томилохыг агентлагийн даргад даалгасан нь хуульд нийцээгүй гэжээ” Өөрөөр хэлбэл, Г.С  Төрийн албаны зөвлөлд холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 000  дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 650 дугаар тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн дүгнэлт хийж шийдвэрлэсэн. Иймд Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 000  дугаар тогтоолыг 1 сарын хугацаатай түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг даалгаж шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 0604 дүгээр шийдвэрийн Төрийн албаны зөвлөлд холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтад заасны дагуу хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын Төрийн албаны зөвлөлд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга: 

4.1. Анхан шатны шүүх хэд хэдэн үндэслэлээр Төрийн албаны зөвлөлий 2022 оны 000  дугаартай Тогтоолыг хуульд нийцээгүй, хууль зөрчсөн захиргааны акт болсон гэх агуулгаар дүгнэсэн ... Гэвч төрийн албаны зөвлөлийн тус тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлээгүй, дахин акт гаргах хүртэл 1 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэгүй болсон гэж үзэж байна. Үүнд: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.11-т “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах  хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” шийдвэр гаргана гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх нь Төрийн албаны зөвлөлийн маргаан бүхий захиргааны акт үндэслэлгүй болсон талаар хэд хэдэн дүгнэлтүүдийг хийсэн. Иймд шүүхийн шийдвэрийн тус дүгнэлтүүд нь өөрөө Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.11-т заасан шүүхийн шийдвэрийг гаргах урьдчилсан нөхцөл болох “нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэх судлах боломжоос хэтэрсэн” гэх нөхцөл байдлыг үгүйсгэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, захиргааны акт хууль бус болох талаар дүгнэлтийг шүүх хийсэн нь захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлийг дэмжиж байгаа хэрэг билээ.

4.2. Анхан шатны шүүх нь шүүхийн шийдвэртээ нэмж тодруулах шаардлагатай гэх зүйлийг тодорхой заагаагүй. Хэрв нэхэмжлэгч нь маргаан бүхий албан тушаалд ажиллах хуулийн шаардлагыг хангасан эсэхийг тодруулах шаардлагатай бол энэ талаарх нотлох баримтууд хэрэгт бүрэн цугларсан. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.11-т заасан шүүхийн шийдвэрийг гаргах урьдчилсан нөхцөл болох “шүүхийн шинжлэн судлах боломжоор хэтэрсэн” гэх нөхцөл байхгүй юм. Өөрөөр хэлбэл, шүүх хэрэгт цугларсан баримтын хүрээнд маргаан бүхий асуудлаар дүгнэлт хийх боломжтой. Мөн нэмэлтээр нотлох баримт шаардлагатай гэвэл нотлох баримт цуглуулсаны үндсэн дээр ч шийдвэрлэх боломжтой байсан. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн захиргааны акт болох Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 000 дугаартай тушаалын хувьд шүүгч дээрх шийдвэрийг гаргаагүй. Өөрөөр хэлбэл, тус захиргааны актын хувьд шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.11-т заасан шүүхийн шийдвэрийг гаргаагүй юм. Иймд тус тушаал нь хүчин төгөлдөр хэвээр үлдэж байгаа. Үүнтэй холбоотой Төрийн албаны зөвлөл дахин шийдвэр гаргасан ч агентлагийн шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэх, нэхэмжлэгчийн эрх сэргэхгүй байх үр дагавар үүсэх эрсдэлтэй болсон. Төрийн албаны зөвлөл шүүхийн шийдвэрийн дагуу дахин ижил агуулгаар шийдвэр гаргах боломжтой. Энэ нөхцөлд нэхэмжлэгч нь Агентлагийн шийдвэртэй дахин маргах эрхгүй байна. Учир нь, шүүхээр нэгэнт шийдвэрлэгдсэн асуудлаар нэхэмжлэгч нь дахин маргах, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй билээ. Иймд Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 000 дугаартай тушаалын үндэслэл болсон Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 000  дугаартай тогтоолын хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.11-т заасан шүүхийн шийдвэр гаргасан мөртлөө Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 000 дугаартай тушаалын хувьд тус шийдвэрийг гаргаагүй нь логик зөрчилдөөнтэй болсон. Өөрөөр хэлбэл, хэрэв үнэхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т заасан шүүхийн шийдвэрийг гаргах үндэслэлтэй бол Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 000 дугаартай Тушаалын хувьд ч тус шийдвэрийг гаргах шаардлагатай билээ. Иймд Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 000  дугаартай тогтоолын хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т заасан шүүхийн шийдвэрийг гаргах бус нэхэмжлэгчийн кэхэмжлэлийн шаардлагыг хангаж, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлтэй байсан гэж үзэж байна.

4.3. Анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн бусад шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тайлбарлахдаа Г.С гийн Төрийн албаны тухай хуулийн 49.1-т Төрийн албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно” гэж 62.1.1-т "Энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй халагдахгүй байх” баталгаа төрийн алба хаах эрхийг хөндсөн шийдвэр үйл ажиллагааг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамнаас гаргаагүй хэмээн тайлбарласан байна. Гэвч Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 000 дугаартай Тушаалаар Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 000  дугаар Тушаалтай холбогдуулан нэхэмжлэгчийг албан тушаалаас чөлөөлсөн. Иймд тус тушаал нь нэхэмжлэгчийн төрийн жинхэнэ алба хаах, хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байгаа шийдвэр билээ. Иймд төрийн алба хаах эрхийг хөндсөн шийдвэр үйл ажиллагааг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар гаргаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Түүнчлэн, тус Тушаал нь Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 000  дугаартай Тогтоолыг хууль ёсны болж чадаагүй талaap дүгнэсэн боловч түүнийг үндэслэж гарсан Тушаалыг хэвээр үлдээж байгаа нь логик зөрчилдөөнтэй байна. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 000 дугаартай Тушаал нь гагцхүү Төрийн албаны 2022 оны 000  дугаартай Тогтоолыг үндэслэж гарсан тул тус хоёр тогтоолд харилцан өөр агуулга бүхий дүгнэлт хийх, шийдвэр гаргах үндэслэлгүй юм.

4.4. Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан “Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хүүхдийн эрх, хамгааллын бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллуулах агуулга бүхий хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Хүсэлтэд хариу өгөхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийг мөн адил хэрэгсэхгүй болгосон. Ийнхүү хэрэгсэхгүй болгосон үндсэлэлээ дараах агуулгаар тайлбарласан байна. Үүнд: "Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 000 дугаартай тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан ... албан тушаалд эгүүлэн тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага болон "Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны Хүүхдийн эрх, хамгааллын бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллуулах агуулга бүхий хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, хүсэлтэд хариу өгөхийг хариуцагчид даалгах" шаардлага нь агуулгын хувьд өөр боловч Г.С гийн хувьд аль албан тушаалд ажиллахаар нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна" гэжээ. Нэхэмжлэгч нь өмнө ажиллаж байсан албан тушаал болох Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. Харин Хөдөлмөр Нийгмийн хамгааллын яамны Хүүхдийн эрх, хамгааллын бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр шийдвэр гаргаж, ажиллуулах Хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, хүсэлтийг шийдвэрлэж, хариу өгөхийг хариуцагчид даалгах шаардлага нь ажилд эргүүлэн томилуулах агуулгагүй юм. Харин өөрийн гаргасан Хүсэлтийг хуульд заасан хугацаанд ямар нэгэн байдлаар шийдвэрлэж, хариу авах агуулга билээ. Тодруулбал, нэхэмжлэгчийг Яамд байсан албан тушаалд буцаан томилох боломжтой, эсвэл томилох боломжгүй гэсэн агуулгаар ямар нэгэн байдлаар хариу авах агуулга байсан. Яамны зүгээс Хүсэлтийн хариу болгож "Яамд ажиллуулах боломжгүй" гэх хариу өгвөл энэ нь "татгалзсан шийдвэр" хэлбэртэй захиргааны акт болох бөгөөд нэхэмжлэгч нь тус шийдвэрийн эсрэг тусдаа маргах байсан. Гэтэл Яам нэхэмжлэгчийн хүсэлтэд хариу өгөөгүй буюу хүсэлтийг шийдвэрлээгүй нь хууль зөрчсөн хэрэг тул өөрийн өргөдөл, гомдол гаргах эрхээ хамгаалуулах үүднээс дээрх нэхэмжлэлийг гаргасан юм.

4.5. Хавтаст хэрэгт нэхэмжлэгчийн Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамд холбогдуулан гаргасан хүсэлтэд өгсөн хариу байдаггүй. Яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа мөн адил нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн гэх агуулгаар тайлбарлаагүй байдаг. Харин хэрэгт яамны зүгээс нэхэмжлэгчид өөр асуудлаар хариу өгч байсан. Яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны явцад тус албан бичгийг нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтэд өгсөн хариу гэж тайлбарласан ч асуулт, хариултын үе шатад өргөдлийг шийдвэрлээгүйгээ хүлээн зөвшөөрсөн. Тодруулбал, шүүх хуралдааны асуултын, хариултын үед шатад нэхэмжлэгчийн хүсэлтэд хариу өгөөгүй болохоо 2023 оны 08 сарын 03-ны өдрийн 2479 дугаартай анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлийн 12 дах хуудасны сүүлийн өгүүлбэрт нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Базар 2023 оны 01 сарын 05-ны өдрийн хүсэлтэд хариу өгсөн зүйл байгаа юу? гэхэд байхгүй гэж хариулдаг, 13 дах хуудас,  3 дахь догол мөрөнд хүсэлт шийдээгүй юм бишүү гэхэд тус хүсэлтэд мэдээллийн шинжтэй хариу өгсөн гэж хүлээн зөвшөөрсөн. Иймд анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан Төрийн албаны зөвлөл болон Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газарт тус тус холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангасан ч энэ нь яамд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй юм. Тодруулбал, яамны хувьд “ажилд томилох” агуулгаар шүүхийн шийдвэр гарахгүй, гагцхүү "Хүсэлтийг шийдвэрлэж, хариу өгөх” агуулгатай шүүхийн шийдвэр гарах билээ. Иймд хэрэв нэхэмжлэгчийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон бол нэхэмжлэгч нь яам дахь ажилдаа орохгүй. Гагцхүү яамд гаргасан хүсэлтийнхээ хариуг аваад дуусгавар болгох боломжтой байсан. Хэрэв шүүх нэхэмжлэгчийг Агентлаг болон яамтай нэгэн зэрэг маргах боломжгүй гэж үзвэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлтэй хоёр захиргааны хэргийг нэгтгэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь “Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны Хүүхдийн эрх, хамгааллын бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллуулах агуулга бүхий Хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Хүсэлтэд хариу өгөхийг хариуцагчид даалгах" шаардлага бүхий нэхэмжлэлийг Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамд холбогдуулан тусад нь гаргасан. Хэрэв тус хоёр захиргааны хэргийг нэгтгээгүй бол эхэлж Төрийн албаны зөвлөлд холбогдох маргаанаа шийдвэрлүүлэх, үүний дараа Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамд холбогдох хэргээ шийдвэрлүүлэх эсэхээ сонгох боломжтой байсан. Тодруулбал, Төрийн албаны зөвлөл болон Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газарт холбогдох захиргааны хэргийн хувьд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэвэл яамд холбогдох нэхэмжлэлээ шийдвэрлүүлэхгүй байх боломжтой. Харин Төрийн албаны зөвлөл болон Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нөхцөлд Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамд холбогдох хэргээ шийдвэрлүүлэх байсан. Энэ нөхцөлд Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газарт ажиллуулах шийдвэр гаргахгүй ч яамд ажиллах эсэх талаар маргах эрх нь нээлттэй үлдэх байсан. Өөрөөр хэлбэл, дээр дурдсан хоёр асуудлыг хамт шийдвэрлэх боломжгүй гэвэл хэргийг нэгтгэсэн нь үндэслэлгүй. Гэвч бидний зүгээс дээрх хоёр нэхэмжлэлийн шаардлагыг хамтад нь шийдэх боломжтой гэж үзэж байна. Учир нь, нэг нэхэмжлэлийн шаардлага нь ажилд эгүүлэн тогтоолгох агуулгатай бол нөгөө шаардлага нь хүсэлт шийдвэрлүүлэх буюу өөр агуулгатай билээ.

4.6. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчиийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарах асуудлыг тодруулаагүй, хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг бүрэн цуглуулаагүй, маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийгээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

2.1. Нэхэмжлэгч Г.С гээс Төрийн албаны зөвлөл, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт тус тус холбогдуулан “Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрйин 000  дугаар тогтоолыг хүчингүй болгох, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 000 дугаар тушаалыг хүчингүй болгох, Урьд эрхэлж байсан Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг хариуцагч Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яаманд 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр шуудангаар хүргүүлсэн Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны  Хүүхдийн эрх, хамгааллын бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллах хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, шийдвэрлэж хариу өгөхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

2.2. Анхан шатны шүүх Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 000  дугаар тогтоолыг нөхцөл байдлыг тодруулж дахин шинээр акт гаргах хүртэл 1 сарын хугацаатай түдгэлзүүлж, үлдэх нэхэмжлэлийн шаардлага болох Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 000 дугаар тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох; ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг Гэр бүл, Хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яаманд 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүргүүлсэн Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны Хүүхдийн эрх, хамгааллын бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллах хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, шийдвэрлэж, хариу өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

2.3. Ийнхүү шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тус бүрт хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлан хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй” гэж, 34 дүгээр зүйлийн 34.1-т “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж, 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж тус тус заасантай нийцээгүй байна.

2.4. Анхан шатны шүүх Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/100 дугаар тушаалаар Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны Хүүхдийн эрх, хамгааллын бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Г.С г Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан тушаалд шилжүүлэн ажиллуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 27.1-т заасан журмыг зөрчсөн гэж үзсэн Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 000  дугаар тогтоол үндэслэл бүхий болоогүй” гэж дүгнэсэн атлаа уг тогтоолыг дахин шинэ акт гаргах хүртэл 1 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна.

2.5. Учир нь Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 000  дугаартай тогтоолыг түдгэлзүүлж шийдвэрлэснээр уг тогтоолыг үндэслэн гарсан Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 000 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой эсэх, нэхэмжлэгч Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн эсэх, цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын болон шимтгэл төлүүлэх шаардлагыг  хэзээнээс тооцож, хэрхэн хангуулахаар маргаж байгааг тодруулж, нэхэмжлэлийн шаардлага тус бүрд хууль зүйн дүгнэлт хийх байжээ.

2.6. Зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаж буй нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-т заасны дагуу нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхой, ямар нэгэн эргэлзээгүйгээр тодорхойлох учиртай. Хэрэв нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байгаа тохиолдолд үүнийг тодруулах нь шүүхийн үүрэг юм. Анхан шатны шүүх шийдвэртээ Г.С гийн хувьд аль албан тушаалд ажиллахаар нэхэмжилж байгаа нь тодорхойгүй гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасантай нийцээгүй байна.

2.7. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 0604 дүгээр  шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                      Г.МӨНХТУЛГА

 

    ШҮҮГЧ                                                     С.МӨНХЖАРГАЛ

 

 ШҮҮГЧ                                                      О.ОЮУНГЭРЭЛ