Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 142/2019/00594/и |
Дугаар | 001/ХТ2021/00293 |
Огноо | 2021-03-30 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 001/ХТ2021/00293
2021 03 30 001/ХТ2021/00293
.................ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч П.Золзаяа, Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2019/00804 дүгээр шийдвэр,
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 09 дугаар сарын 05-ны өдрийн 128 дугаар магадлалтай,
.................ын нэхэмжлэлтэй
.................өд холбогдох
96-96 ОРА улсын дугаартай Hyundai Sonata-7 маркийн автомашины өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч .................ийн 96-96 ОРА улсын дугаартай Hyundai Sonata-7 маркийн автомашиныг .................ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, үндэслэлгүйгээр авсан 375 000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч ................., хариуцагчийн өмгөөлөгч М.Мэндбаяр нарын гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Содхүү, хариуцагч ................., түүний өмгөөлөгч М.Мэндбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ................. нь иргэн .................өөс мэдээллийн биржийн зарын дагуу Sonata-7 маркийн 9696ОРА дугаартай автомашиныг 8.000.000 төгрөгөнд үнэ тохирч худалдан авахаар болж 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр түүний данс гэх Хас банкны 5000096865 тоот данс руу 8.000.000 төгрөгийг шилжүүлж уг өдрөө автомашиныг хүлээн авсан. Тухайн автомашиныг өөрийн өмчлөлд шилжүүлэх, худалдах, худалдан авах гэрээг хийе гэтэл гэрээгүй шууд шилжүүлж болдог, тиймээс ах нь зав гарахаараа нэр дээр чинь шилжүүлж өгнө гэсэн. Ингээд худалдан авснаас хойш нэг сар болоход нэрээ шилжүүлж өгөөгүй ба би шинэ автомашин авахаараа номероо өөртөө шилжүүлж авна, эсвэл чи номерын мөнгө 1.000.000 төгрөг өгөөд нэрээ шилжүүлж ав гэж загнаж дарамтлах болсон. Түүнээс хойш би тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлж өгөхийг шаардсан боловч шилжүүлж өгөхгүй хүлээж бай гэсээр өдий хүрсэн. Мөн энэ маргааны үеэр буюу 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр би машинтайгаа хүний машины араас мөргөж осол гаргасан. Автомашины бичиг баримт нэр дээр шилжээгүй болохоор .................рүү ярьж даатгалаа гаргуулж авмаар байна гэтэл өө ах нь гаргуулаад өгье гээд Хаан даатгалыг дуудаж материал бүрдүүлэлт хийгдсэн. Даатгалд даатгалын үнэлгээний төлбөр болох 60.000 төгрөг, хохирогчийн машины хохиролд 1.145.000 төгрөг гарсан ч үүнээс илүү машины гупер 380.000 төгрөг, хойд багажны хаалга 400.000 төгрөг, хойд 2 гэрэл 600 000 төгрөг, Улаанбаатар хот очиж ирэх болон сэлбэгүүдийг нааш ачуулахад 290.000 төгрөг, засварын хөлсөнд 500.000 төгрөг, нийт хохиролд 2.230.000 төгрөгийг төлж барагдуулсан. Хохирогчийн хохирлыг барагдуулсан тул хохирлын мөнгө даатгалаас олгох 1.145.000 төгрөг тээврийн хэрэгсэл эзэмшигчийн дансанд 2019 оны 04 дүгээр сарын 03-нд шилжиж орсон бөгөөд ................. нь энэхүү мөнгийг дансанд оронгуут дүүдээ гаргаад өгнө гэсэн ч тодорхойгүй шалтгаанаар гаргаж өгөхгүй намайг хохироож байна. Иймд ................. намайг Sonata-7 маркийн 96-96ОРА дугаартай автомашины өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.
Хариуцагч ................. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие өөрийн өмчлөлийн Соната 7 маркийн 9696 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг .................ад 10.000.000 төгрөгийн үнээр худалдан борлуулах тухай хэлэхэд 9.000.000 төгрөгөөр худалдан авах, 8.000.000 төгрөгийг нь бэлэн төлөх харин үлдсэн 1.000.000 төгрөгийг нь дараа төлөх, 1.000.000 төгрөг төлөгдсөний дараа тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн өгөхөөр тохиролцсон. Тохиролцсон ёсоор миний бие автомашины эзэмшлийг түүнд шилжүүлэн өгсөн бөгөөд тэрээр одоог болтол 1.000.000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй байгаа болно. Тэрээр автомашиныг унаж яваад 2019 оны 02 дугаар сард өөрийн буруутай үйлдлийн улмаас осолд оруулж автомашиныг эвдэж гэмтээсэн. Үүнийгээ ч тэрээр хүлээн зөвшөөрч нэхэмжлэлдээ бичсэн байна. Би түүнээс үлдэгдэл 1.000.000 төгрөгөө төлөхийг удаа дараа шаардсан боловч автомашин осолд орсон түүнийг засуулах мөнгийг 1.000.000 төгрөгтөө тооцлоо хэмээн хэлж төлөхөөс татгалзсан. Үүнийг миний бие зөвшөөрөх боломжгүй тул автомашин худалдах тохиролцооноос татгалзаж байгаа тухай түүнд мэдэгдэж өөрийн өмчлөлийн автомашины эзэмшлийг надад шилжүүлж өгөхийг түүнээс удаа дараа шаардсан. Тэрээр автомашиныг надад буцаан өгнө гэхдээ автомашины эвдрэл гэмтлийг засаад хэвийн байдалд нь оруулж өгье гэж хэлээд гуйсан тул би түүний Хаан банкны дансанд 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр өөрийн автомашины эвдрэлийг засварлуулах зорилгоор 375.000 төгрөг шилжүүлсэн болно. Тээврийн хэрэгслийг унаж ашиглаж байгаа атлаа татвар, хураамжийг төлөөгүй бөгөөд одоо өмчлөгчөөр тогтоолгоно гэж нэхэмжлэл гаргаж байгааг ойлгохгүй байна. Нэгэнт ................. 1.000.000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд гэрээнээс би татгалзаж түүнд энэ талаар мэдэгдсэн тул автомашины эзэмшлийг буцаан авах болно. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч ................. шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие өөрийн өмчлөлийн Соната 7 маркийн 9696 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдах зорилгоор Мэдээллийн бирж телевизэд зар өгсөн. Уг зарын дагуу .................ад автомашинаа 10.000.000 төгрөгийн үнээр худалдан борлуулах тухай хэлэхэд 9.000.000 төгрөгөөр худалдан авах, 8.000.000 төгрөгийг нь бэлэн төлөх харин үлдсэн 1.000.000 төгрөгийг нь төлөгдсөний дараа тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн өгөхөөр тохиролцсон. Миний автомашин ямар ч сэв, зураас байхгүй сайхан автомашин байсан бөгөөд тэрээр автомашиныг унаж яваад 2019 оны 02 дугаар сард өөрийн буруутай үйлдлийн улмаас осолд оруулж автомашины эвдэж гэмтээсэн. Үүнийгээ ч тэрээр хүлээн зөвшөөрч нэхэмжлэлдээ бичсэн байна. Би түүнээс үлдэгдэл 1.000.000 төгрөгөө төлөхийг удаа дараа шаардсан боловч автомашин осолд орсон түүнийг засуулах мөнгийг 1.000.000 төгрөгтөө тооцлоо хэмээн хэлж төлөхөөс татгалзсан. Үүнийг миний бие зөвшөөрөх боломжгүй тул автомашин худалдах тохиролцооноос татгалзаж байгаа тухай түүнд мэдэгдэж өөрийн өмчлөлийн автомашины эзэмшлийг надад шилжүүлж өгөхийг түүнээс удаа дараа шаардсан. Тэрээр тээврийн хэрэгслийг унаж ашиглаж байгаа атлаа татвар, хураамжийг төлөөгүй бөгөөд одоо өмчлөгчөөр тогтоолгоно гэж нэхэмжлэл гаргаж байгааг ойлгохгүй байна. Нөгөөтээгүүр тээврийн хэрэгслийн өмчлөх эрх нь тээврийн хэрэгслийн бүртгэлд бүртгэгдсэнээр үүсдэг бөгөөд миний өмчлөх эрх тээврийн хэрэгслийн бүртгэлд бүртгэлтэй байгаа юм. Иймд Соната 7 маркийн 9696 ОРА Улсын дугаартай миний өмчлөлийн тээврийн хэрэгслийг .................ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, үндэслэлгүйгээр авсан 375.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2019/00804 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 234.1., 56 дугаар зүйлийн 56.1.8, 492 дугаар зүйлийн 492.1.-д заасныг тус тус баримтлан Жамсрангийн .................ыг /ФБ83051317/-г 9696 ОРА улсын дугаартай Hyundai Sonata-7 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоож, хариуцагч .................ийн 96-96 ОРА улсын дугаартай Hyundai Sonata-7 маркийн автомашиныг .................ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, үндэслэлгүйгээр авсан 375.000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142.950 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82.100 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 142.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч .................ад олгож шийдвэрлэжээ.
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 128 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2019/00804 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтанд ...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 234.1., 56 дугаар зүйлийн 56.1.8, 492 дугаар зүйлийн 492.1.-д заасныг тус тус баримтлан Жамсрангийн .................ыг /ФБ83051317/-г 9696 ОРА улсын дугаартай Hyundai Sonata-7 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоож, хариуцагч .................ийн 96-96ОРА улсын дугаартай Hyundai Sonata-7 маркийн автомашиныг .................ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, үндэслэлгүйгээр авсан 375.000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэснийг ...Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1.-д зааснаар .................ыг 9696 ОРА улсын дугаартай Hyundai Sonata-7 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоож, иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 492 дугаар зүйлийн 492.1.-д зааснаар хариуцагч .................ийн хууль бус эзэмшлээс машиныг албадан чөлөөлүүлж, үндэслэлгүйгээр авсан 375.000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч .................ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч ................., хариуцагчийн өмгөөлөгч М.Мэндбаяр нар хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Гомдлын үндэслэл: Шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд хүчин төгөлдөр гэж үзсэн нь үндэслэл муутай болсон. Учир нь 9696 ОРА улсын дугаартай соната-7 маркийн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч нь 9 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон бөгөөд үүнийг гэрч Д.Цагаангөлөг шүүх хуралдаанд улсын дугаартай нь 9 000 000 төгрөгөөр, номергүй бол 8 000 000 төгрөг гэж тохирсон гэж мэдүүлсэн. Автомашины өмчлөгч нь өөрийн тээврийн хэрэгслийг хэдэн төгрөгөөр худалдах нь түүний эрхийн асуудал бөгөөд улсын дугаар нь азын дугаар тул худалдах үнийг тухайн улсын дугаарын онцлог нь тохируулан нэмж үнэ санал болгох өмчлөгчийн эрхийн асуудал юм. Нөгөө талаас .................ийн хувьд номерыг худалдах талаар тохироогүй бөгөөд зөвхөн улсын дугаар нь азын дугаар тул 9 000 000 төгрөгөөр автомашинаа зарна гэдэг тохиролцоог л .................тай тохиролцсон. Дээрх автомашиныг 9 000 000 төгрөгөөр худалдан авах тохиролцоо хийгдсэн талаар гэрч Д.Цагаангөлөг шүүх хуралдаан дээр мэдүүлсэн байтал шүүх энэхүү гэрчийн мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмаар үнэлэх асуудлыг бүрэн хэрэгжүүлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадсангүй. Өөрөөр хэлбэл ................. нь .................тэй тохиролцсон Соната 7 маркийн 9696 улсын дугаартай тээврийн хэрэгслийг 9 000 000 төгрөгөөр худалдан авах тохиролцоог зөрчиж 8 000 000 төгрөгөөр тээврийн хэрэгслийг худалдан авах боломжийг шүүх бүрдүүлж өгч байгаад гомдолтой байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр эсэх асуудалд шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж Иргэний хуулийн ерөнхий ангийн холбогдох зохицуулалтыг хэрэглээгүй нь буруу болсон. Учир нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд хүчин төгөлдөр бус байх хэлцлүүдийг нэрлэн заасан байх бөгөөд хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл хүчин төгөлдөр бус байх талаар 56.1.8-д заажээ. Авто тээврийн хэрэгсэл нь хэдий хөдлөх хөрөнгө боловч Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.2-т Хууль буюу гэрээнд заасан тохиолдолд хөдлөх эд хөрөнгө болон түүнтэй холбоотой эрх болон мэдэгдлийг улсын бүртгэлд бүртгүүлнэ гэж заасан. Үүнээс үзвэл Авто тээврийн тухай хуулийн 171 дүгээр зүйлээр Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлтэй холбоотой харилцааг зохицуулсан ба 1711-д Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн тээврийн хэрэгсэл өмчилж авснаас хойш 72 цагийн дотор аймаг нийслэл дэх авто тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харъяа байгууллагад бүртгүүлнэ гэж заасан. Энэхүү бүртгэлийг хийх журмыг “Зам, тээврийн хөгжлийн сайд”-ын 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 192 дугаар тушаалаар баталж тавдугаар зүйл Өмчлөгчийн бүртгэл, 5.2. Авто тээврийн хэрэгслийн өмчлөгчийг бүртгэхдээ дараах баримт бичигт үндэслэнэ, 5.2.3-т Нотариатаар баталгаажуулсан гэрээ хэлцэл /худалдах, худалдан авах, бэлэглэх, зээлийн гэрээ гэх мэт/ гэж заасан ба бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн байх шаардлагыг тавьсан байна. Гэтэл ................., ................. нарын хоорондох амаар тохиролцсон тохиролцоо нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн бүх зүйлээ талууд харилцан буцааж өгөх үүрэгтэй байх хуулийн зохицуулалтыг баримтлан .................ийн автомашиныг .................ын хууль бус эзэмшлээс гаргуул .................өд олгох ёстой байсныг шүүх дүгнэж чадсангүй. Хэрэв шүүх гэрээ хүчин төгөлдөр гэж үзэж байгаа тохиолдолд энэхүү хэрэгт Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж заасныг хэрэглэх ёстой байсан. Сөрөг нэхэмжлэлийн нэг шаардлага болох 375 000 төгрөгийг .................аас гаргуулах тухай шаардлагыг шүүх хүчингүй болгосон нь үндэслэлгүй болсон. Учир нь дээрх 375 000 төгрөгийг ................. .................өөс авахдаа автомашиныг чинь засуулна гэж хэлээд авсан бөгөөд автомашиныг уг мөнгөөр засуулаагүй бөгөөд уг мөнгийг болон автомашиныг буцааж өгөөгүй байгаа болно. Ийнхүү 375 000 төгрөгийг .................ад ................. өгч буй үйлдэл нь ямар ч гэрээ хэлцэлгүйгээр хийгдсэн ба ................. нь 375 000 төгрөгийг өөрийн өмчлөлд авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар .................аас ................. нь шаардах эрхтэй юм. Мөн ................. нь автомашины үнийг бүрэн төлөхгүй байгаа тул худалдах худалдан авах гэрээнээс татгалзах эрхтэй талаар шүүх дүгнэлт хийгээгүй. Магадлалд “Зохигчдын маргааны зүйл болж буй 9696 ОРА улсын дугаартай авто машиныг 8 000 000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээний дагуу үнийг төлж нэхэмжлэгч .................ын өмчлөлд шилжүүлсэн тул нэхэмжлэгч ................. тухайн эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар шаардах эрхтэй...” гэсэн нь үндэслэлгүй. Учир нь ................. нь автомашины үнэ 9 000 000 төгрөгийг бүрэн төлөөгүй байтал шүүх энэ асуудал дээр үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Нэхэмжлэгч талаас гэрчээр оролцуулсан Д.Цагаангөлөг нь шүүх хуралдаан дээр 9 000 000 төгрөгөөр худалдах худалдан авах талаар тохиролцсон талаар тодорхой ойлгомжтой хэлсэн бөгөөд энэ нь шүүх хуралдааны тэмдэглэл болон анхан шатны шүүхийн шийдвэрт тусгагдсан байтал анхан болон давж заалдах шатны шүүхүүд нотлох баримтыг бодитойгоор үнэлж чадсангүй. Мөн давж заалдах шатны шүүх 375 000 төгрөгийг .................аас гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэл дээр дүгнэлт бичиж чадаагүй нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасан зохицуулалтыг хэрэглээгүй болохыг харуулж байна. Энэ нь давж заалдах шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглэлгүйгээр хариуцагч .................ийг 375 000 төгрөгөөр хохирч үлдэхэд хүргэсэн үндэслэлгүй шийдвэр боллоо. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч ................. нь хариуцагч .................өд холбогдуулан 9696 ОРА улсын дугаартай Hyundai Sonata-7 маркийн автомашины өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг, хариуцагч нь уг машиныг нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, үндэслэлгүй авсан 375 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.
Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан байна. Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэснээс гадна сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодорхойлж чадаагүй анхан шатны шүүхийн алдааг залруулаагүй байна.
Иймд магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ. Хяналтын журмаар гаргасан хариуцагч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.
1.Талууд 2018 оны 09 сарын 05-ны өдөр, Hyundai Sonata-7 маркийн 9696 ОРА улсын дугаартай авто машиныг худалдах, худалдан авахаар амаар тохиролцож, ................. нь 8 000 000 төгрөгийг, ................. автомашиныг тус тус харилцан шилжүүлсэн боловч 1 000 000 төгрөгийг төлөх эсэх асуудал зохигчийн хоорондох маргааны зүйл болсон, үүнээс хамаарч тээврийн хэрэгслийн өмчлөх эрх шилжээгүй үйл баримт тогтоогджээ.
Зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцсэн байна.
Худалдан авагчид шилжүүлсэн эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ ................. биелүүлээгүй, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үүргийг хангуулахыг шаардсан, анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсгийг хэрэглэсэн нь буруу болжээ.
Нэхэмжлэгч нь 8 000 000 төгрөгийг төлснөөр ................. нь машин болон тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлэн өгснөөс үзвэл эд хөрөнгийн үнийг төлснөөр худалдагч эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзнэ. Хариуцагч ................. машиныг 9 000 000 төгрөгөөр худалдахаар тохирсон нэхэмжлэгч 1 000 000 төгрөгөө өгөөгүй учир улсын бүртгэлийг шилжүүлээгүй гэж байгаа боловч татгалзлаа нотолж чадаагүй байна. Талууд хэлцэл хийснээ үйлдлээр нотолсон тул гэрч Д.Цагаангөлөгийн мэдүүлэг хариуцагчийн татгалзлыг хангалттай нотолж чадаагүй байна.
2. Хариуцагч .................ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гэрээнээс татгалзсан агуулгатай байхад шүүх уг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг зөв тодорхойлж чадаагүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тул залруулах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар талуудын аль нэг нь гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй байдаг байна.
Нэхэмжлэгч гэрээний үүргээ зөрчсөн нь хэрэгт байгаа баримтын хүрээнд тогтоогдоогүй тул хариуцагч гэрээнээс татгалзах эрхгүй, улмаар машиныг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй юм.
Хариуцагчийн зүгээс 375 000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн байх боловч хариуцагч нь уг мөнгийг буцаан шаардах Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй байна.
Иймд сөрөг нэхэмжлэлд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэн, хууль хэрэглээний дээрх өөрчлөлтийг шийдвэрт оруулна.
3. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэснээ ойлгомжтой тусгаж чадаагүй байна. Маргааны нөхцөл байдлаас үзэхэд эхлээд үндсэн нэхэмжлэлийг, дараа нь сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэж тус тусад нь тусгах нь зүйтэй байв. Шийдвэрийн тогтоох хэсэг ойлгомжтой, биелэгдэх боломжтой байдлаар илэрхийлэгдсэн байх нь шүүхийн шийдвэрт тавигдах хуульд заасан шаардлага юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 128 дугаар магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2019/00804 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг баримтлан .................ийн нэр дээр бүртгэлтэй 9696 ОРА улсын дугаартай Hyundai Sonata-7 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг .................ад шилжүүлж, .................ын нэр дээр бүртгэхийг бүртгэлийн байгууллагад даалгасугай.” гэж, 2 дах заалтыг “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул автомашиныг .................ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, үндэслэлгүйгээр авсан 375 000 төгрөгийг гаргуулах .................ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2, 3, 4 дэх заалтыг 3,4,5 гэж дугаарыг тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 142 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА
Х.СОНИНБАЯР
Г.ЦАГААНЦООЖ
Д.ЦОЛМОН