Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 136

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2017/00136

 

 

 

 

 

 

 

 

 

Ш.Нямдоржийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 101/ШШ2016/05756 дугаар шийдвэртэй

                       

Нэхэмжлэгч Ш.Нямдоржийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Х.Бат-Өлзийд холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 52 570 700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч        Б.Тунгалагтуяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга          Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ш.Нямдоржийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч Л.Банзрагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ш.Нямдорж нь Х.Бат-Өлзийтэй харилцан тохиролцож 2015 оны 2 дугаар сарын 4-ний өдөр 2 сарын хугацаатай зээлийн гэрээг сарын 3 хувийн хүүтэй, үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцааны гэрээг байгуулсан. Тус гэрээний дагуу 35 000 000 төгрөгийг Х.Бат-Өлзийд бэлнээр олгосон. Үлдэгдэл 15 000 000 төгрөгийг авах шаардлагагүй боллоо гээд аваагүй болно. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч Х.Бат-Өлзий нь зээлээ төлнө гэсээр өнөөдрийг хүрсэн. Гэвч бодит үр дүн гараагүй л байна. Зээлийн гэрээний 1 дэх хэсэгт гэрээг 2015 оны 2 дугаар сарын 4-ний өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр хүртэлх 2 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй байгуулсан бөгөөд нэг сарын хүүгийн хэмжээ  1 050 000 төгрөг бөгөөд 2 сарын хүү 2 100 000 төгрөг, алдангийг 2015 оны 4 дүгээр сарын 4-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 417 хоногоор тооцож 15 470 000 төгрөг, нийт 52 570 700 төгрөгийг Х.Бат-Өлзийгөөс гаргуулж барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Х.Бат-Өлзий шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би энэ нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. 2015 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн зээлийн гэрээг байгуулах болсон шалтгаан нь надад н.Пагмадулам гэж хүн 5 тэрбум төгрөгийн зээлийг гаргаж өгнө гэж хэлсэн байсан. Энэ зээлийг гаргаж өгөхийн тулд урьдчилгаа мөнгө хэрэгтэй гэж байсныг би Ш.Нямдоржийн эгч Ш.Оюунбилэгт хэлсэн. Тэр энэ тухай мэдээд дүү Ш.Нямдоржоос 35 000 000 төгрөгийг надаар зээлийн гэрээ хийлгүүлж авхуулсан. Энэ мөнгийг зээл бүтээхээр амласан н.Пагмадуламд өгснийг дээрх хүмүүс мэдэж байсан. Хэрэв зээл бүтсэн бол Ш.Нямдорж, Ш.Оюунбилэг нар надаас өөрсдийн бизнест ашиглахаар мөнгө зээлж авахаар ярилцсан байсан. Гэвч бидний авахаар хөөцөлдөж байсан зээл надаас хамааралгүй бүтээгүй болохыг бүгд мэдэж байсан. Иймд тохиолдолд би ганцаар энэ эрсдэлийг үүрч бусдад өгсөн 35 000 000 төгрөгийг хүү алдангийн хамт төлөх болж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, хариуцагч Х.Бат-Өлзийгөөс 52 570 700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Нямдоржид олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлсөн 420 810 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Бат-Өлзийгөөс улсын тэмдэгтийн хураамжид 420 810 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Нямдоржид олгож,

Хариуцагч Х.Бат-Өлзий төлбөрийн үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан, Жинст боржигон овогт Баасанжавын Буянжаргалын эзэмшлийн, үйлчилгээний орон сууцны зориулалттай, нэгж талбарын 168010/0083 дугаар бүхий 360 м.кв газрыг эзэмших эрхийг албадан дуудлага худалдаанд оруулж, төлбөр барагдуулахыг Шүүхийн шийдвэр биелүүлэх албанд даалгаж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч Х.Бат-Өлзий Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

...Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3-рт “...360 м.кв газрыг эзэмших эрхийг албадан дуудлага худалдаанд оруулж төлбөр барагдуулахыг даалгасан нь гуравдагч этгээдийн эрхийг ноцтой зөрчсөн заалт болж байна. Анхнаасаа зээлийн гэрээ 35 000 000 төгрөгийн зээл авч өгнө гэж тухайн үед урьдчилгаа нэхэж байсан. н.Пагамдулам гэгч хүнд очиж байгааг мэдэж байсан. Тэр зээл бүтэхээр 1 тэрбум төгрөг зээлж авна гэж тохиролцсоны дагуу түүний урьдчилгаа болгож энэ 35 000 000 төгрөгөө өгч байсан. Тэгээд тэр хүнд луйвардуулсан гэдгээ сүүлд хэн хэн нь мэдсэн. Би мөн адил их хэмжээний хохирол амсаж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж алданги болох 15 470 000 төгрөгийг хасч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон тооцооны талаар өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ш.Нямдорж нь хариуцагч Х.Бат-Өлзийд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл үндсэн зээл 35 000 000 төгрөг, хүү 2 100 000 төгрөг, алданги 15 470 000 төгрөг, нийт 52 570 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах эрхгүй тул зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Зохигчид 2015 оны 2 дугаар сарын 4-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, зээлдэгч Х.Бат-Өлзий нь 50 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, гэрээний үүргийг хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд 0.1 хувийн алданги тооцохоор, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангахаар харилцан тохиролцсон байна.

 

Талуудын хооронд байгуулсан дээрх зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар бичгээр байгуулсан хүчин төгөлдөр гэрээ байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч Ш.Нямдорж нь зээлдэгч буюу хариуцагч Ш.Бат-Өлзийгөөс үндсэн зээл, гэрээгээр тохиролцсон хүү, алданги шаардах эрхтэй.

 

Дээрх гэрээгээр зээлдэгч Х.Бат-Өлзий нь 50 000 000 төгрөгийг зээлэхээр тохиролцсон боловч 35 000 000 төгрөгийг шилжүүлэн авсан талаар зохигчид маргаагүй тул уг хэмжээнээс зээлийн гэрээний дагуу үүсэх үүргийг тооцсон нь үндэслэлтэй болжээ.

 

Харин шүүх зээлийн гэрээний хугацаа хэтрүүлсэн алдангийг буруу тооцсон байгааг зөвтгөх шаардлагатай байна. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр дууссан тул мөн өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүртэл тооцоход 1 жил 1 сар 14 хоног буюу зээлийн төлбөрийг эргэн төлөх хугацааг нийт 404 хоногоор хэтрүүлжээ. Иймд хариуцагч Х.Бат-Өлзийгийн гүйцэтгээгүй үүрэг үндсэн зээл 35 000 000 төгрөг, хүү 2 100 000 төгрөг, нийт 37 100 000 төгрөгт 0.1 хувийн алданги тооцоход хоногийн 37 100 төгрөг, үүнийг хугацаа хэтрүүлсэн 404 хоногоор тооцоход 14 988 400 төгрөгийн алданги төлөх үүрэгтэй байх тул хариуцагчаас нийт 52 088 400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн шаардлагаас 482 300 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хэргийн 12 дугаар талд Б.Буянжаргалаас Ш.Бат-Өлзийд 2015 оны 2 дугаар сарын 4-ний өдөр олгосон итгэмжлэл авагдсан байгаа бөгөөд уг итгэмжлэлээр Б.Буянжаргал нь өөрийн өмчлөлийн нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавих эрхийг олгосон байх бөгөөд уг итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангажээ.

 

Хариуцагч Х.Бат-Өлзий нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Б.Буянжаргалын эзэмшлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах нэгж талбарын 168010/0083 дугаартай 360 м.кв талбай бүхий газар, мөн дүүргийн 3 дугаар хороо, Төмөр замын 3 дугаар байрны 1 тоот, 39.8 м.кв орон сууцыг барьцаалсан байна. .

 

Анхан шатны шүүх барьцааны гэрээний оролцогч талыг буруу тодорхойлсноос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг шийдвэрлэхдээ, барьцааны зүйлийн өмчлөгч Ш.Буянжаргалын эрх ашиг хөндөгдөхөөр байхад түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй атлаа уг өмчлөх хөрөнгийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдсэн нь буруу юм.

 

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасан “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэм хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” бөгөөд өмчлөгч Ш.Буянжаргалыг эд хөрөнгөө барьцаалуулагчийн хувьд Иргэний хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгосон гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байхад түүнийг оролцуулахгүй өмчлөлийн зүйлийн үнээс худалдан борлуулж үүргийн  гүйцэтгэлийг хангуулахаар шийдсэн нь учир дутагдалтай юм.

 

Иймд барьцааны гэрээний тал бус этгээд Х.Бат-Өлзийд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ш.Нямдорж нь 2015 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулахаар шаардахад энэ шийдвэр саад болохгүй болно.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ Нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 101/ШШ2016/05756 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “…281.1” гэсний дараа “282 дугаар зүйлийн 282.3” гэж нэмж, “…52 570 700 төгрөг…” гэснийг “…52 088 400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.Нямдоржид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 482 300 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож гэж, 

Шийдвэрийн 2 дахь заалтын “…420 810 төгрөг…” гэснийг “…418 392 төгрөг…”  гэж,

Шийдвэрийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, 4 дахь заалтын дугаарыг “3” болгон тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

           

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Х.Бат-Өлзийгийн төлсөн 235 300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                  ШҮҮГЧИД                             А.МӨНХЗУЛ

 

Ц.ИЧИНХОРЛОО