Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 738

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,  

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Наадамчдын гудамж, Хүннү мол хаягт оршин байх, “Хүннү молл” ХХК /РД:5716373/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн ард аюуш гудамж, 35-1 тоотод оршин байх, “Жаргал кашмер” ХХК /РД:5643325/-д холбогдох,

 

35,441,741.73 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Учралбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Атарболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хүннү молл” ХХК нь “Жаргал кашмер” ХХК-д 2014 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр “Хүннү молл” дэлгүүрийн В1 давхарын 10В тоот үйлчилгээний өрөөг 3 жилийн хугацаатай түрээслэхээр “Түрээсийн гэрээ” байгуулсан. Гэвч “Жаргал кашмер” ХХК нь гэрээ байгуулсан үеэс хойш 2015 оны 12 дугаар сард 50,000 төгрөг, 2016 оны 02 дугаар сард 3,000,000 төгрөг, 2016 оны 8 дугаар сард 1,300,000 төгрөг тус тус төлснөөс өөр түрээсийн төлбөр төлөөгүй. 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр “Жаргал кашмер” ХХК нь гэрээг цуцлах тухай хүсэлтийг “Хүннү молл” ХХК-д ирүүлсэн. 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “Хүннү молл” ХХК нь хүсэлтийг хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгож гэрээг цуцлан, түрээсийн болон цахилгааны төлбөрийн үлдэгдэл болох 23,705,644.92 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны дотор төлж барагдуулах тухай албан шаардлагыг“Жаргал кашмер” ХХК-д хүргүүлсэн. 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “Жаргал кашмер” ХХК нь түрээсийн төлбөрт 23,705,644.92 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч, 2016 оны 10 сараас 2016 оны 12 сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд хуваарийн дагуу төлж барагдуулах тухайгаа мэдэгдсэн. 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Хүннү молл” ХХК нь түрээсийн төлбөр 23,705,644.92 төгрөгийг хуваарийн дагуу 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулах хугацаа өгсөн ч “Жаргал кашмер” ХХК нь өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байна. “Хүннү молл” ХХК-ийн зүгээс “Жаргал кашмер” ХХК-ийн хүсэлтийн дагуу түүний үйл ажиллагааг дэмжих зорилгоор 2015 оны 8 дугаар сараас 2016 оны 6 дугаар сар хүртэлх түрээсийн төлбөрийг сарын 2,021,250 төгрөг байсныг 1,000,000 төгрөг болгож бууруулж үйл ажиллагааг нь дэмжсэн. Гэрээний 11 дүгээр зүйлийн 11.1-т заасны дагуу эхний 30 хоногт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар, үүнээс цааших хугацаанд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцохоор гэрээнд заасан. 2015 оны 3 дугаар сараас 2015 оны 4 дүгээр сар хүртэлх хугацааны алдангийг 0.3 хувиар тооцсон бөгөөд 2015 оны 4 дүгээр сараас 2016 оны 8 дугаар сар хүртэлх хугацааны алдангийг 0.5 хувиар тооцсон болно. Алдангийн нийт хэмжээ 35,953,407.23 төгрөг болж, үндсэн үүргийн дүн болох 23,472,193.55 төгрөгийн 50 хувиас хэтэрсэн тул алдангийн хэмжээг 11,736,096.78 төгрөг болгон бууруулж тооцсон болно.  Иймд 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр буюу гэрээг цуцлах өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 23,472,193.55 төгрөг, түүний алданги 11,736,096.78 төгрөг, цахилгааний төлбөр 225,379.00 төгрөг, нийтдээ 35,441,741.73 төгрөгийг “Жаргал кашмер” ХХК-иас гаргуулж “Хүннү молл” ХХК-д олгуулж өгнө үү гэжээ. 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Учралбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Хариуцагч “Жаргал кашмер” ХХК болон нэхэмжлэгч “Хүннү молл” ХХК-иуд нь хамгийн анх 2014 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр “Хүннү молл“ дэлгүүрийн Б1 давхарын 10В тоот үйлчилгээний өрөөг 3 жилийн хугацаагаар түрээслэхээр харилцан тохирч хариуцагч тал түрээслэх талбайгаа тохижуулах ажлаа эхэлсэн. Ингээд 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр талууд түрээсийн гэрээг бичгээр байгуулсан. “Хүннү молл” ХХК нь дөнгөж шинээр байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж эхэлж байсан учир түрээслэгч нар хөнгөлөлт олгож байсан. Тийм ч учраас бид түрээсийн гэрээг 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан боловч хариуцагч байгууллагад тохижох, үйлчлүүлэгчээ татах хугацааг олгож 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс эхэлж түрээсийн төлбөрийг авахаар болсон.

Ингээд хариуцагчийн төлөх ёстой түрээсийн төлбөрийг дараах байдлаар тооцсон. Үүнд:

1/ 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар түрээсийн төлбөр нь 894,193.55 төгрөг болсон.

2/ 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл түрээсийн төлбөрийг бид 1 сарын 2,310,000 төгрөгөөр тооцсон.

3/ 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 1 сарын түрээсийн төлбөрийг 1,100,000 төгрөгөөр тооцсон.

4/ 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 1 сарын түрээсийн төлбөрийг 2,794,000 төгрөгөөр тооцсон.

Үүнээс хариуцагч нь 2015 оны 12 дугаар сард 50,000 төгрөг, 2016 оны 02 дугаар сард 3,000,000 төгрөг, 2016 оны  8 дугаар сард 1,300,000 төгрөг, нийт гэрээний төлбөрт 4,350,000 төгрөг төлсөн. Бусад түрээсийн төлбөрийг өдий хүртэл төлөөгүй. 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр түрээсийн гэрээг цуцлах тухай хүсэлтийг ирүүлсэн. 2016 оны 10 дугаар сарын 13-нд “Хүннү молл” ХХК хүсэлтийг хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон түрээсийг гэрээг цуцалсан. Түрээсийн гэрээг цуцлахдаа түрээсийн төлбөр болон цахилгааны төлбөрт төлөөгүй үлдэгдэлийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны дотор төлж барагдуулна уу гэж “Жаргал кашмер” ХХК-д албан бичиг илгээсэн. Гэвч хариуцагч төлбөрийг огт төлөөгүй. Бид анх түрээсийн төлбөрт 23,472,193.55 төгрөг, алданги 11,736,096.78 төгрөг,  цахилгааны төлбөрт 233,451.40 төгрөгийг нэхэмжилж шүүхэд хандсан. Нэхэмжлэл дээрээ 225.379 төгрөг гэж буруу бичсэн байна. Гэвч бид өнөөдрийн шүүх хуралдаан дээр цахилгааны төлбөрт 233,451.40 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна. Иймд нийтдээ 35,208,290.33 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгуулж өгнө үү. 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасан үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг хийлгэх гэдэг нь барилгыг бүхэлд нь түрээслэх тохиолдолд бүртгүүлэх шаардлагатай байдаг бөгөөд уг түрээсийн гэрээний хувьд байрыг бүхлээр нь түрээслээгүй. Гэрээний хувьд талбай түрээслэж байгаа бөгөөд үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх хуулийн шаардлага байхгүй. Б1 давхарын 10В тоот талбайг түрээслэж байсан. Менежментийн төлбөрийг дурдсан бөгөөд уг төлбөрийг тайлагнах, тайлбарлах үүргийг хүлээгээгүй бөгөөд, түрээсийн төлбөр, талбайн төлбөр зэрэг 2 ангилал нь нийлж түрээсийн гэрээний төлбөр болж байгаа. Уг төлбөрийн задаргаа, тооцоог тайлагнах үүрэг хүлээгээгүй. Хэрэглэгчийн төлбөр гэдэг нь түрээслэгч талын хэрэглэсэн төлбөр биш үйлчлүүлэгчийн хэрэглэсэн зардал болно. “Хүннү молл” ХХК болон “Жаргал кашмер” ХХК-иудын хооронд 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан “Худалдааны хамтран ажиллах гэрээ”-хэрэгт авагдсан байгаа. Хариуцагч нь “...бид түрээсийн төлбөрийг өөрсдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнээр төлж барагдуулсан” гэсэн тайлбарыг шүүхэд гаргаж байгаа нь үндэслэлгүй. Бид зүгээр хариуцагч байгууллагын барааг өөрсдийн дэлгүүрээр дамжуулж зарахыг уг гэрээгээр тохирсон болохоос биш эдгээр өгсөн барааг нь түрээсийн төлбөрт тооцно гэж огт тохироогүй. Хэрэв хүсвэл эдгээр барааг нь буцаагаад өгчих бүрэн боломжтой, одоо ч зарагдаагүй байж байгаа гэжээ.  

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж буй “Хүннү молл” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс хүлээн зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Манай компани “Хүннү молл” дэлгүүрийн В1 давхарын 10В үйлчилгээний талбайг бусад ноолууран тасгуудтай түрээслэхээр тохиролцож, гэрээ хийсэн боловч “Хүннү молл” ХХК нь талбайн дүүргэлт, мөн менежмент хийж чадахгүй байсан учир ямар ч борлуулалт байгаагүй. Ингээд В1 давхарт байсан бүх ноолууран тасгууд болох компаниуд гарсан. Эхний ээлжинд түрээснээс чөлөөлж зөвхөн менежментийн төлбөрийг авна гэж тохиролцсон боловч менежмент хийж чадаагүй. “Хүннү молл” ХХК-ийнзахиргаанд талбай чөлөөлөх хүсэлт удаа дараа өгсөн боловч түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан учир шийдэж өгөхгүй байсаар бусад түрээслэгч аж ахуйн нэгжүүдээс хамгийн сүүлд гарсан. Энэхүү хугацаанд сул зогсолт хийж түрээсийн төлбөрийг их хэмжээгээр гүйлгэсэн. Мөн түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан болохоор “Хүннү молл” ХХК-тай ярилцан тохиролцсоны дагуу хүүхдийн хувцас болох нийт 12,456,000 төгрөгийн барааг түрээсийн төлбөртөө тооцон өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. 

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Атарболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Иргэний хуулийн 318 дугаар зүйлд зааснаар 318.3-т зааснаар түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж заасан байдаг. Гэтэл талуудын байгуулсан түрээсийн гэрээг бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй учир хуулийн шаардлага хангаагүй, хүчин төгөлдөр бус гэрээ  байна.  

Талуудын 2014 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан гэрээнд Менежментийн төлбөр гэсэн заалт байгаа. Менежментийн төлбөрт ус цахилгаан, халаалтын систем, харилцаа холбоо, гал түймрийн даатгал, менежментийн ажилтнууд, хамгаалалт, гэх зэрэг төлбөрүүд байгаа. Гэтэл уг тооцоо нь задаргаагүй бүхэл мөнгө байгаа бөгөөд  нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. “Жаргал кашмер” ХХК-иас “Хүннү молл” ХХК-д талбай чөлөөлөх тухай хүсэлтийг 4 удаа гаргаж байсан бөгөөд “Хүннү молл” ХХК нь ямар ч хариу өгөөгүй. Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.3-т зааснаар нэмэлт зардлуудыг талууд тохиролцсон бол төлнө гэж заасан. Гэтэл эдгээр нэмэлт зардал нь түрээсийн төлбөрийг нэхэмжилж байгаа бөгөөд задаргаа, тайлагнах тухай болон задаргааг хийхгүй байгаа нь нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Тооцоолол гаргаж өгөхгүй, тооцоолол үндэслэлгүй ерөнхий байдлаар тооцсон алданги, төлбөр байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 

“Жаргал кашмер” ХХК болон нэхэмжлэгч “Хүннү молл” ХХК-иуд нь хамгийн анх 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “Хүннү молл“ дэлгүүрийн Б1 давхарын 10В тоот үйлчилгээний өрөөг 3 жилийн хугацаагаар түрээслэхээр түрээсийн гэрээг бичгээр байгуулсан. 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр түрээсийн гэрээг байгуулсан боловч нэхэмжлэгч тал 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс эхэлж түрээсийн төлбөрийг авахаар болсон эсэх тал дээр маргахгүй. Гэвч нэхэмжлэгч нь анх амалж байсан шигээ үйлчлүүлэгч авчраагүй, зар сурталчилгаагаа хийхгүй байсан учраас манай байгууллага нь бүтээгдэхүүнээ зарж, борлуулж чадаагүй. Үүнд нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлээгүй буруутай. Бид түрээсийн талбайг 2016 оны 8 дугаар сарын 25-нд хүлээлгэж өгсөн. Гэрээг цуцлах саналаа 2016 оны 02 дугаар сард өгч байсан. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул хоосон талбай, үйлчлүүлэгчгүй байх тул талбайг чөлөөлөх тухай хүсэлтээ өгч байсан. “Хүннү молл” ХХК-ийн менежер болон захирал нар нь танай “Жаргал кашмер” ХХК нь түрээслэхээ больж гарвал бусад түрээсэлж байгаа компаниуд бас дагаад гарна,  талбайн дүүргэлт хийх учир хүлээж бай гэж аман хэлбэрээр хүсэлт тавьдаг байсан. Тэгээд ч бид түрээсийн төлбөрөө өөрсдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнээр төлж барагдуулсан. Бид “Хүннү молл” ХХК болон “Жаргал кашмер” ХХК-иудын хооронд 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан “Худалдааны хамтран ажиллах гэрээ”-г хавсаргасан. Уг гэрээ нь бид төлбөрөө бүрэн төлсөн болохыг нотолно гэжээ.  

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Хүннү молл” ХХК нь хариуцагч “Жаргал кашмер” ХХК-д холбогдуулж түрээсийн төлбөрт 23,472,193.55 төгрөг, алданги 11,736,096.78 төгрөг,  цахилгааны төлбөрт 233,451.40 төгрөг, нийт 35,441,741.73 төгрөгийг шаардаж шүүхэд ханджээ.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч цахилгааны төлбөрт 233,451.40 төгрөг гаргуулах шаардлагаа татгалзаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов. 

 

Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

 

2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “Хүннү молл” ХХК болон “Жаргал кашмер” ХХК-иуд “Түрээсийн гэрээ” байгуулжээ.

 

Дээрх гэрээгээр “Хүннү молл” ХХК нь Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Наадамчдын гудамж, “Хүннү молл” хаягт байрлах “Хүннү молл” барилгын В1 давхарын 35м2 талбай бүхий 10В тоот үйлчилгээний өрөөг 3 жилийн хугацаатай түрээслүүлэх, үүний хариуд “Жаргал кашмер” ХХК нь 2015 оны 3 дугаар сараас 2015 оны 12 дугаар сард 1м2 талбай бүрт 27,500 төгрөг, 2016 оны 01 дүгээр сараас 2016 оны 12 дугаар сар хүртэл хугацаанд 1м2 талбай бүрт 38,500 төгрөг, 2017 оны 01 дүгээр сараас 2017 оны 12 дугаар сар хүртэл хугацаанд 55,000 төгрөгийг менежментийн төлбөр болон НӨАТ-ыг оролцуулахгүйгээр төлөхөөр харилцан тохирсноос үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүсчээ. 

 

Талуудын хооронд 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан “түрээсийн гэрээ”-ний зүйл болох “Хүннү молл” барилгын В1 давхарын 35м2 талбай бүхий 10В тоот үйлчилгээний өрөө нь 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд хариуцагч “Жаргал кашмер” ХХК-ийн эзэмшил, ашиглалтад байсан бөгөөд 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр түрээсийн талбайг хариуцагч суллаж өгсөн болон нэхэмжлэгч “Хүннү молл” ХХК нь түрээсийн төлбөрийг 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс эхэлж авахаар харилцан тохирсон үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

 

Мөн “...хариуцагч нь түрээсийн гэрээ үргэлжлэх хугацаанд буюу 2015 оны 12 дугаар сард 50,000 төгрөг, 2016 оны 02 дугаар сард 3,000,000 төгрөг, 2016 оны  8 дугаар сард 1,300,000 төгрөг, нийт гэрээний төлбөрт 4,350,000 төгрөг төлсөн” гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагчийн зүгээс үгүйсгээгүй. 

 

Хариуцагчийн зүгээс “...улсын бүртгэлд түрээсийн гэрээг бүртгүүлээгүй тул гэрээ хүчин төгөлдөр бус”, “...түрээсийн төлбөрийг хариуцагч нь өөрсдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнээр төлсөн” гэж маргаж байна.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ” гэж заасан.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулагдсан “түрээсийн гэрээ” нь бичгээр байгуулах хуулийн шаардлага хангасан, үл хөдлөх эд хөрөнгийн нэг гэрчилгээтэй барилгыг бүхэлд нь бус тодорхой хэсгийг түрээсэлсэн тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлага хангагдах боломжгүй ба энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй.  

 

Мөн хариуцагчийн зүгээс өөрийн татгалзлыг нотлох гэж “Хүннү молл” ХХК болон “Жаргал кашмер” ХХК-иудын хооронд 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан “Худалдааны хамтран ажиллах гэрээ”-г хавсаргажээ.

 

Талуудын хооронд 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан “түрээсийн гэрээ”-ний төлбөрийг бараа, бүтээгдэхүүнээр төлөхөөр буюу үүргийн гүйцэтгэлийг солихоор харилцан тохирсон нөхцөл байдал дээрх “Худалдааны хамтран ажиллах гэрээ”-нд тусгагдаагүй, ийм нөхцөл байдал хэрэгт цугларсан бусад баримтуудаар тогтоогдохгүй байна. Иймд “...түрээсийн төлбөрийг бараа, бүтээгдэхүүнээр төлсөн” гэх хариуцагч талын тайлбар үндэслэл муутай байна. 

 

Нэгэнт түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйлажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон төлбөр төлөх үүргийг тус тус хүлээдэг тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг буюу 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй юм. 

 

Түүнчлэн хариуцагч гэрээний үүргээ тохирсон хугацаанд биелүүлээгүй болох нь зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан гэрээний хариуцлага буюу алдангийг шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн байна. 

 

Харин гэрээний үүргээ зөрчсөн хариуцагчийн гэм буруу болон гэрээний үүргийг биелүүлж байсан хэмжээ, хугацаа зэргийг харгалзан үзэж алдангийн хэмжээг тал хувиар  бууруулж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж заасантай харшлахгүй гэж шүүх үзэв.

 

Дээрх үндэслэлүүдээр хариуцагч “Жаргал кашмер” ХХК-иас 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөрт 23,472,193.55 төгрөг, алданги 5,868,048.39 төгрөг, нийт 29,340,241 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Хүннү молл” ХХК-д олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Жаргал кашмер” ХХК-иас цахилгааны төлбөрт 233,451.40 төгрөг гаргуулах тухай шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч “Жаргал кашмер” ХХК-иас 29,340,242 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Хүннү молл” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,868,048 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 335,160 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Жаргал кашмер” ХХК-иас 304,651 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Хүннү молл” ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгтзааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгтзааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

  

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                     Н.ХАНГАЛ