Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 25

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 А.Жт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

       Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч М.Мөнхдаваа, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

            Прокурор                                            С.Батсүх

            Яллагдагчийн өмгөөлөгч                 Ц.Бат-Эрдэнэ

            Нарийн бичгийн дарга                      Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 335 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Батсүхийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн, А.Жт холбогдох 201603000537 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2000 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 173 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 2 жил хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзах, тус шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, П овогт Аийн Ж

 

А.Ж нь шүүхээс тэнссэн хугацаанд, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Булган сумын 2 дугаар багийн нутаг Шарга морьтын ам гэх газар шороон зам дээр улсын дугааргүй Эко Хаожин маркийн мотоцикль жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч Б.Нарангэрэлийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас А.Жт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 335 дугаартай шүүгчийн захирамжаар:

“Хэрэгт цуглуулсан нотлох баримтуудаас үзэхэд А.Жт холбогдох эрүүгийн хэрэгт дараахь мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх үндэслэлтэй байна. Үүнд: 

Шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 61 дугаартай дүгнэлтэнд А.Жын цусанд 0.9 промиль спиртийн алкоголь илэрсэн, яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоолоор 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 1812005590040 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоолын ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсугай гэснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсугай” гэж өөрчилсөн тогтоолыг яллагдагч А.Жт танилцуулсан боловч мэдүүлэг аваагүй байна. 

Дээр дурдсан нөхцөл байдлуудаар А.Жын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдал байгаа эсэхийг шалгах шаардлагатай байна.

Мөн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 521 дугаартай дүгнэлтэд Б.Нарангэрэлийн биед баруун шилбэ ясны доод 1/3 хэсгийн хөндлөн, гадна хавчаар ясны ташуу далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар дээрх гэмтэл нь тус бүр биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэжээ.

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаартай тушаалын нэгдүгээр хавсралтаар Гэмтлийн зэрэг тогтоох журмыг баталсан. Уг журмын 2.3.1-д гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтэний бүтэц үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан бол хүндэвтэр зэрэгт хамаарна гэж журамласан бөгөөд хохирогч Б.Нарангэрэлийн биед учирсан гэмтлийг тогтоосон шинжээч Б.Отгонжаргалын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 521 дугаартай дүгнэлтэд эрүүл мэндийг сарниулах хугацааг тодорхой заагаагүй, эргэлзээтэй байх тул бүрэлдэхүүнтэй дүгнэлт дахин гаргуулах нь зүйтэй байна.

Дээрх мөрдөн шалгах ажиллагаа нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, яллах дүгнэлт үйлдэх үед үг, үсэг, тооны зэрэг техникийн шинжтэй алдаа гарсан гэж үзэж мөн шинжээчийн дүгнэлтийг дахин бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулах шаардлагатай байх тул шүүх хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзлээ гээд

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Падамба овгийн Аийн Жт холбогдох эрүүгийн 1812005590040 тоот хэргийг Архангай аймгийн Прокурорын газарт буцааж;

Прокурорын гаргасан прокурорын яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг засуулах болон яллагдагчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнийн гаргасан шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах тухай хүсэлтүүдийг тус тус хангаж;

Хэргийг прокурорт очтол яллагдагч А.Жт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж;

Захирамжийг прокурор эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.”

 

Прокурор С.Батсүхийн бичсэн эсэргүүцэлд:

“Архангай аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурор С.Батсүх би, тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын сарын 09-ний өдрийн 335 дугаартай захирамжийг 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

Яллагдагч А.Ж нь шүүхээс тэнссэн хугацаанд, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Булган сумын 2 дугаар багийн нутаг Шарга морьтын ам гэх газар шороон зам дээр улсын дугааргүй эко Нао^п маркийн мотоцикп жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч Б.Нарангэрэлийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тус прокурорын газраас А.Жт холбогдох эрүүгийн 1812005590040 дугаартай хэрэгт 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар 88 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Хэрэгт тус прокурорын газраас урьдчилсан хэлэлцүүлэг зарлах санал гаргасны дагуу тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд:

1. Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоолоор 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 1812005590040 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоолын ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дЗх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсугай гэснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсугай" гэж өөрчилсөн тогтоолыг яллагдагч А.Жт танилцуулсан боловч мэдүүлэг аваагүй байна.

 


Дээр дурдсан нөхцөл байдлуудаар А.Жын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдал байгаа эсэхийг шалгах шаардлагатай байна.

 

2. Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаартай тушаалын нэгдүгээр хавсралтаар Гэмтлийн зэрэг тогтоох журмыг баталсан. Уг журмын 2.3.1-д гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан бол хүндэвтэр зэрэгт хамаарна гэж журамласан бөгөөд хохирогч Б.Нарангэрэлийн биед учирсан гэмтлийг тогтоосон шинжээч Б.Отгонжаргалын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 521 дугаартай дүгнэлтэд эрүүл мэндийг сарниулах хугацааг тодорхой заагаагүй, эргэлзээтэй байх тул бүрэлдэхүүнтэй дүгнэлт дахин гаргуулах нь зүйтэй байна.

Дээрх мөрдөн шалгах ажиллагаа нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, яллах дүгнэлт үйлдэх үед үг, үсэг, тооны зэрэг техникийн шинжтэй алдаа гарсан гэж үзэж мөн шинжээчийн дүгнэлтийг дахин бүрэлдэхүүнтэй гаргуулах шаардлагатай...” гэж дүгнэж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаасныг эс зөвшөөрч дараах үндэслэлээр эсэргүүцэж байна.

1. Яллагдагч А.Жт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Прокурорын хяналтын шатанд яллагдагч А.Ж нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон болох нь 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 61 дугаартай дүгнэлт, Тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй эсэхийг шалгасан тэмдэглэл зэргээр тус тус тогтоогдсон тул яллагдагчаар татах тогтоолд нэмэлт оруулах тухай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан өөрчилж, яллагдагч А.Жт танилцуулахыг мөрдөгч Д.Одгэрэлд даалгасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу яллагдагчаар татах тогтоолд оруулсан өөрчлөлтийг яллагдагч А.Жт танилцуулж мөрдөгч нь тэмдэглэл үйлджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлд мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэл үйлдэх аргачлалыг тусгасан дагуу мөрдөгч Д.Одгэрэлд нь яллагдагч А.Жт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан холбогдох эрх үүргийн нь танилцуулж, санал, хүсэлт, гомдолтой эсэхийг нь тодруулж тэмдэглэлд тусгасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 1-т яллагдагчаар татах тогтоолд оруулсан өөрчлөлтийг яллагдагчид танилцуулахыг мөрдөгчид даалгахаар хуульчилсны дагуу мөрдөгч уг тогтоолыг яллагдагч А.Жт танилцуулж, тэмдэглэл үйлдсэн нь хуульд нийцэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд прокурор, яллах дүгнэлт үйлдэх үед яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулж байгаа тохиолдолд яллагдагчаас мэдүүлэг авах зохицуулалт байхгүй юм.

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 24 тоот тогтоолоор прокурорын "яллагдагчаар татах тогтоолд өөрчпөлт оруулах” тухай тогтоолыг мөрдөгч танилцуулахдаа тэмдэглэл үйлдэхгүйгээр уг тогтоолын доод буланд “мэдүүлэг өгөхгүй" гэж яллагдагч нараар бичүүлсэн явдал нь яллагдагч нарт эрхийг нь тайлбарласан, эдлүүлсэн гэж үзэх хангалттай үндэслэл нотолгоо биш болно гэж дүгнэн Эрүүгийн хэрэг шийдвэрлэсэн байгааг анхаарч үзэх нь зүйтэй байна.

Мөн яллагдагч А.Жын гэм буруутай үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдал нь хавтаст хэрэгт авагдсан согтуурлын зэрэг тогтоосон 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 61 дугаартай дүгнэлт, Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болохыг нотолсон лавлагаа зэрэг нотлох баримууд тус тус тогтоогдсон тул энэ чиглэлээр дахин мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгах шаардлагагүй байна.

2. Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Нарангэрэлийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг тогтоосон шинжээч Б.Отгонжаргалын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 521 дугаартай дүгнэлтэд эрүүл мэндийг сарниулах хугацааг тодорхой заагаагүй гэх үндэслэлээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнээс хүсэлт гаргасны зэрэгцээ прокурор уг хүсэлтийг дэмжиж байгаа тул шүүхийн шатанд дахин шинжилгээ хийлгэх боломжтой байна.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.4-т зааснаар Прокурорын яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг засуулахаар2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр прокурорын санаачилгаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийж 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 88 дугаартай яллах дүгнэлтийг дахин гардуулах боломжтой байна.

Иймд Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 335 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив. Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд прокурор оролцох болно.” гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:

“Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 335 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү.” гэв.

 

Яллагдагчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

“Яллах дүгнэлтэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллах дүгнэлт гардуулж, прокурорын хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангитай яллах дүгнэлт нь буруу, өөр яллах дүгнэлт гардуулж өгнө үү гэснийг шүүх шийдвэрлэх боломжтой юм болов уу гэдгийг анхаарах хэрэгтэй. Б.Нарангэрэлийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлтэд учирсан гэмтлээр нь биш, хугацаагаар нь гаргасан байдаг. Гэтэл Б.Нарангэрэл нь хэдий хугацаанд бие нь өвдөөд байсан юм бэ, хугацаа нь дөрвөн долоо хоног болсон юм уу үгүй юм уу гэдгийг нь тогтоогоогүй учраас дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийг шүүх хүлээж авсан. Прокурор ч гэсэн энэ хүсэлтийг дэмжсэн. Тийм учраас аль боломжтой байдлаар нь энэ хэргийг шийдвэрлэж өгнө үү. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж болон эсэргүүцэлтэй холбоотой тайлбар байхгүй.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт заасны дагуу прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүй тухайн хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

            Анхан шатны шүүх яллагдагч А.Жт Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан боловч яллагдагч А.Жаас мэдүүлэг аваагүй, А.Жын үйлдэлд хүндрүүлэх нөхцөл байдал байгаа эсэхийг шалгах шаардлагатай, бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах гэсэн үндэслэлээр хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

 

            Яллагдагч А.Ж нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Булган сумын 2 дугаар багийн нутаг Шарга морьтын ам гэх газар шороон зам дээр улсын дугааргүй Эко Хаожин маркийн мотоцикль жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч Б.Нарангэрэлийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 1812005590040 дугаартай прокурорын тогтоолоор яллагдагч А.Жыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, мөрдөгч 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр яллагдагчаас мэдүүлэг авсан байна.

 

            2019 оны 03 сарын 22-ны өдрийн 07 дугаартай прокурорын тогтоолоор 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 1812005590040 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулж, тогтоолыг танилцуулахыг мөрдөгчид даалгасны дагуу мөрдөгч тогтоолыг яллагдагч А.Жт танилцуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3-7.9 дүгээр зүйлд заасан эрх үүргийг тайлбарлан өгч, тэмдэглэл үйлдсэн байх ба яллагдагч А.Ж нь тогтоолтой танилцаад зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна, ямар нэгэн санал хүсэлт байхгүй гэсэн талаар тэмдэглэлд тусгажээ.

 

            Яллагдагч А.Ж болон түүний өмгөөлөгч тогтоолтой танилцаад сонсгосон ялын талаар тайлбар гаргаагүй, баримт сэлт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргаагүй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт мөрдөгч нь яллагдагчаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбарлуулах, эсхүл тодруулах зорилгоор мэдүүлэг авч болно гэж заасан.

 

            Хуульд зааснаар яллагдагчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй.

 

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар яллагдагч А.Ж нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болох нь тогтоогдсон, яллагдагч зүйлчлэл өөрчилснийг хүлээн зөвшөөрсөн байх тул яллагдагчаас заавал байцаалт авах, мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй бөгөөд энэ үндэслэлээр бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.

 

             Харин прокурор яллагдагчаар татах тогтоолд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулсан атал яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхээр тогтоосныг прокурор, шүүгч хэн алин нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.4-т заасан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдаа гэж үзсэн нь буруу бөгөөд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн  байх тул  энэ үндэслэлээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

            Анхан шатны шүүх яллагдагчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтийг хангаж, хэрэгт авагдсан 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 521 дугаартай шинжээчийн дүгнэлтийг дахин бүрэлдэхүүнтэй гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд үүнтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэсэн нь өрөөсгөл болжээ.

 

            Шинжээчийн дүгнэлт гаргуулах ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой учир энэ үндэслэлээр бичсэн прокурорын эсэргүүцэл мөн үндэслэлтэй.

 

            Гэвч энэ тохиолдолд хэрэг нэгэнт прокурорт буцаж буй тул мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулах үүднээс шүүгчийн захирамжийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.     

                         

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг тус тус удирдлага болгон

 

                                                          ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 335 дугаартай шүүгчийн захирамжинд өөрчлөлт оруулж, прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т тус тус зааснаар гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Т.ДАВААСҮРЭН

            ШҮҮГЧИД                                   М.МӨНХДАВАА

                                                                Н.ЭНХМАА