Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 119/2023/0021/З |
Дугаар | 221/МА2023/0708 |
Огноо | 2023-11-29 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2023/0708
Г.Г-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга
Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагч Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О,
Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Орхон аймаг дахь салбар зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж, А.Ө
Нэхэмжлэлийн шаардлага: “Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалын тусгай шалгалт авсан комиссын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэрийн Б.О-д холбогдох хэсэг, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн “Б.Оч-г албан тушаалд томилох, цалин хөлсний хэмжээ тогтоох тухай” Б/28 дугаартай тушаалыг тус тус хүчингүй болгуулах, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалд Г.Г ийг томилуулахаар нэр дэвшүүлэхийг Төрийн албаны зөвлөлийн Орхон аймаг дахь салбар зөвлөлд даалгах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 0024 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Г.Г
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж, А.Ө
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин
Хэргийн индекс: 119/2023/0021/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Г нь “Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалын тусгай шалгалт авсан комиссын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэрийн Б.О-д холбогдох хэсэг, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн “Б.О-г албан тушаалд томилох, цалин хөлсний хэмжээ тогтоох тухай” Б/28 дугаартай тушаалыг тус тус хүчингүй болгуулах, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалд Г.Г ийг томилуулахаар нэр дэвшүүлэхийг Төрийн албаны зөвлөлийн Орхон аймаг дахь салбар зөвлөлд даалгах”-аар маргажээ.
2. Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 0024 дүгээр шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.3, 33 дугаар зүйлийн 33.2.2, 33.12, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Г.Г-н нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалд Г.Г ийг томилуулахаар нэр дэвшүүлэхийг Төрийн албаны зөвлөлийн Орхон аймаг дахь салбар зөвлөлд даалгаж”, үлдэх “Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалын тусгай шалгалт авсан комиссын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэрийн Б.Очид холбогдох хэсэг, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн “Б.О-г албан тушаалд томилох, цалин хөлсний хэмжээ тогтоох тухай” Б/28 дугаартай тушаалыг тус тус хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.
3. Хариуцагч Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
3.1. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн зарим хэсгийг буюу “Г.Г ийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэхийг Төрийн албаны зөвлөлийн Орхон аймаг дахь салбар зөвлөлд даалгах"-ыг хангаж шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 33, 34 дүгээр зүйлд заасныг тус тус заасныг зөрчиж байна. Төрийн албан тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.12 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албаны шалгалтыг цахим хэлбэрээр зохион байгуулж болно. Төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт өгөх болзол, журам, төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журмыг Засгийн газартай зөвшилцөн төрийн албаны төв байгууллага батална” гэж заасан байна. Үүнийг үндэслэн Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолын 1-р хавсралтаар “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол журам”-ыг баталж дагаж мөрдөж байсан. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хэмжээнд төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтыг зөвхөн уг журмыг үндэслэн зохион байгуулж байсан.
3.2. Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалын тусгай шалгалтыг 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулсан бөгөөд дээрх журмын үйлчлэлд хамаарч байна. Ингээд Б.О, Г.Г нар уг шалгалтад бүртгүүлэн оролцсон. Төрийн албаны зөвлөлийн Орхон аймаг дахь салбар зөвлөлөөс дээрх журмын дагуу шалгалтын зохион байгуулсан болно. Нэхэмжлэгч Г.Г нь шалгалтын зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. Төрийн албан төв байгууллагаас уг гомдлыг хянаж үзээд Орхон аймаг дахь салбар зөвлөлийн тусгай шалгалтын үйл ажиллагаа Төрийн албаны тухай хуульд нийцсэн, зөрчөөгүй гэсэн хариуг 2023 оны 04 дүгээр сарын 10-ны 01/818 албан бичгээр ирүүлсэн. Нэхэмжлэгч Г.Г нь уг тусгай шалгалтын зохион байгуулалт, үйл ажиллагаа нь Төрийн албаны тухай хууль, “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам"-ыг зөрчсөн, улмаар нэхэмжлэгч миний эрхийг ноцтой зөрчсөн тул эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаж нэхэмжлэл гаргахдаа Б.О-г тухайн албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага /туршлага/-ыг хангахгүй байхад салбар зөвлөл түүнд илт, давуу байдал олгож шалгалтад оруулсан нь Төрийн албаны тухай хууль, Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор баталсан журмыг зөрчиж байна” гэсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл бөгөөд тодруулбал Б.О нь шалгалтад бүртгүүлэхдээ Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны А17, 2021 оны А/13, 2022 оны А/06 дугаар тушаалуудыг хуурамчаар үйлдэн нөхөн бүрдүүлж Хяналт, шинжилгээ, үнэлгээний чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан байх тухайн албан тушаалын тодорхойлолтын туршлага гэх шаардлагыг хангаагүй байхад түүнийг бүртгэж шалгалтад оруулсан нь холбогдох хууль, тогтоомжийг зөрчиж байна” гэж шаардлагаа үндэслэсэн.
3.3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Б.О-г тусгай шаардлага хангаагүй, хуурамч баримт бичиг ашиглан шалгалтад оролцсон нь “...хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбаруудаар тогтоогдсонгүй” гэж эрх зүйн дүгнэлт хийж хариуцагч дээрх тусгай шалгалтыг зохион байгуулахдаа Төрийн албаны тухай хууль, “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ыг зөрчөөгүй болохыг тогтоосон. Сул орон тоог нөхөх тусгай шалгалт Төрийн албаны тухай хууль, тусгай шалгалтын журмыг зөрчөөгүй боловч тухайн албан тушаалын орон тоо дахин суларсан тул иргэний эрх зүйн байдлыг дээрдүүлэх зорилгоор өмнөх шалгалтын үр дүнгээр шинээр үүссэн сул орон тоонд Г.Г ийг нэр дэвшүүлэхийг даалгасан нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолын 1-р хавсралтаар “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 7 дугаар зүйлийн 7.2-т “салбар зөвлөл нь сонгон шалгаруулалтын тайланг хянаж, шалгалтаар хамгийн өндөр оноо авсан иргэнийг албан тушаалын сул орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлнэ” гэж заасан. Ийнхүү нэр дэвшүүлэх үед томилох эрх бүхий албан тушаалтан нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзаж болох бөгөөд татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй бол тухайн сонгон шалгаруулалтад оролцогчдоос онооны дарааллыг баримтлан нэр дэвшүүлэхээр уг журмын 7 дугаар зүйлийн 7.3, 7.4 дэх хэсэгт заасан байна.
3.4. Энэ нь тусгай шалгалтын үр дүнгээр нэр дэвшүүлэх үед томилох эрх бүхий этгээд нэр дэвшигчийг томилохоос татгалзсан тохиолдолд асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр тогтоосон журам юм. Гэтэл сул орон тоо үүсэхэд тусгай шалгалт зохион байгуулахгүйгээр өмнөх шалгалтын үр дүнг үндэслэн онооны дарааллаар удирдах албан тушаалын нөөцөөс иргэнийг шууд нэр дэвшүүлж болох талаар дээрх журамд заагаагүй. Уг журам нь төрийн жинхэнэ албаны сул орон тоог нөхөх тусгай шалгалтыг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилготой бөгөөд шалгалтын үр дүнг үндэслэж нэр дэвшүүлэх ажиллагаа хийгдэнэ. Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн Орхон аймаг дахь салбар зөвлөлөөс 2023 оны 02 дугаар сард зохион байгуулж Б.О-г нэр дэвшүүлэн Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргаар томилсон Б/28 дугаар тушаал гарсанаар сул орон тоо нөхөгдсөн. Г.Г нь 2023 оны 05 дугаар сард захиргааны хэргийн шүүхэд хандсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.О нь өөрийн хүсэлтээр Төрийн албаны тухай хуульд заасны дагуу өөр төрийн байгууллагад шилжин ажиллахаар болсон. Энэ нь 2023 оны дугаар сард зохион байгуулсан тусгай шалгалт болон энэхүү маргаантай ямар ч холбоогүй асуудал бөгөөд хариуцагч Засаг даргын Тамгын газраас Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтад заасны дагуу сул орон тоо гэж үзэж байгаа.
3.5. Гэтэл өмнөх шалгалтын үр дүнг үндэслэн нэхэмжлэгч Г.Г ийг шинээр үүсч байгаа сул орон тоонд шууд нэр дэвшүүлэхээр Төрийн албаны зөвлөлийн Орхон аймаг дахь салбар зөвлөлд даалгасан нь анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийг буруу хэрэглэж маргааныг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Нөгөө талаар шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх ёстой боловч энэ шаардлагыг хангаагүй шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон ч тус хуулийн 12 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсэхээр байна.
3.6. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2 дахь хэсэг, 121.1.1 дэх заалтыг үндэслэн Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 0024 шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4. Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Орхон аймаг дахь Салбар зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. ... 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулсан тусгай шалгалтын хамгийн өндөр оноо авсан Б.О-г нэр дэвшүүлэхээс татгалзсан тохиолдолд онооны дарааллыг баримтлан 2 дугаарт эрэмбэлэгдсэн Г.Г ийг нэр дэвшүүлэх тухай ойлголт юм. Маргаан бүхий тохиолдолд томилох эрх бүхий этгээд Б.О-г томилохоос татгалзаагүй харин дээрх албан тушаалд томилсон байх тул журмын уг зохицуулалт үйлчлэхгүй юм. Төрийн албаны зөвлөлийн Орхон аймаг дахь Салбар зөвлөлийн 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн “Нэр дэвшүүлэх тухай” 38 дугаар тогтоолоор Б.О -г аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж, томилох эрх бүхий этгээдэд санал хүргүүлсэн болохоос биш Г.Г ийг уг албан тушаалын нөөцөд байгаа талаарх ямар нэгэнд тогтоол шийдвэр гараагүй, түүнчлэн энэхүү нэр дэвшүүлсэн тогтоолын үр дүнгээр Б.О албан тушаалд томилогдоод дараагийн албан тушаалд шилжсэн байх бөгөөд энэхүү тогтоолыг үүргээ гүйцэтгэж, зорилгоо биелүүлсэн гэж үзэх боломжтой. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтад “сул орон тоо” гэж төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсан, өөр албан тушаалд сонгогдсон, томилогдсон, эсхүл төрийн жинхэнэ албан хаагч нас барсны улмаас тухайн албан тушаалын орон тоо суларсан байхыг" гэж заасны дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.О нь төрийн өөр байгууллагад шилжин ажиллах хүсэлт гаргасны дагуу Тамгын газрын хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлж, Орхон аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Захиргаа аж ахуйн албаны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилсон байх тул Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалын сул орон тоо гарсан гэж шүүх зөв дүгнэсэн.
4.2. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө”, 27.1.1 дэх заалтад “төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс”, 27.2 дэх хэсэгт “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоо гарсан өдрөөс хойш энэ тухай мэдээллийг долоо хоногт, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг 21 хоногт багтаан төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлнэ” гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх албан тушаалтан олон нийтэд мэдээлж, эрх бүхий байгууллагад 7 хоногийн дотор мэдээллээ хүргүүлж, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг 21 хоногийн дотор хүргүүлэхээр заажээ. Түүнчлэн удирдах албан тушаалын сул орон тоог төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс сонгон шалгаруулж, нөхөхөөр зохицуулжээ.
4.3. ... удирдах албан тушаалтны нөөц гэж төрийн өндөр албан тушаал хашиж байсан иргэд болон төрийн захиргааны, төрийн үйлчилгээний байгууллагад удирдах албан тушаал эрхэлж байсан, байгаа албан хаагчдын нөөцийг ойлгоно. Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам"-ыг 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн. ... журмын дээрх зохицуулалт нь төрийн албаны шалгалт өгөх харилцааг зохицуулсан төдийгүй ямар тохиолдолд онооны дарааллыг харгалзан нэр дэвшүүлэх урьдчилсан нөхцөлүүдийг журамлан зохицуулсан бөгөөд энэхүү тогтоолоор төрийн албаны тусгай шалгалт өгч, нөөцөд бүртгэгдэх тухай ойлголт нь хүчингүй болсон өмнөх журмын зохицуулалттай ижил юм. Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.4 дэх хэсэгт “Хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг буцаан хэрэглэхгүй” гэж заасан.
4.4. Анхан шатны шүүх “Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөx болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ыг 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр заасан байх тул иргэний эрх зүйн байдлыг дордуулсан хууль, журмыг хэрэглэхгүй байх нь эрх зүйт төрийн үндсэн зарчимд нийцнэ” гэж дүгнэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.4 дэх хэсэгт заасан хуульд тусгайлан заасан зохицуулалтыг олж дүгнээгүй байж хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа захиргааны хэм хэмжээний акт болох 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр батлагдсан журмыг хэрэглэхгүй, хүчингүй болсон журамд нийцүүлж нэр дэвшүүлнэ гэж Салбар Зөвлөлийг буруутгаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Өөрөөр хэлбэл, Иргэний болон Эрүүгийн хуульд хуулийг буцаан хэрэглэх нарийвчилсан харилцааг зохицуулсан бөгөөд Захиргааны ерөнхий хууль, Төрийн албаны тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хууль тогтоомжийг буцаан хэрэглэх зохицуулалт байхгүй бөгөөд хуульд заагаагүй бол захиргааны хэм хэмжээний актыг буцаан хэрэглэхгүй байхаар зохицуулсан зохицуулалтыг буруу хэрэглэн тайлбарласан байна ... Засгийн газрын 2022 оны 487 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, албан тушаалын жагсаалт"-д заасны дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын албан тушаал нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалд хамаарах тул удирдах албан тушаалыг гүйцэтгэх албан тушаал болгож Төрийн албаны тухай хууль тогтоомжийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
4.5. Хэлтсийн даргын тусгай шалгалтад оролцож, хамгийн өндөр оноо авч, салбар зөвлөлөөс нэр дэвшүүлж, уг албан тушаалд томилогдсон Б.О өөрийн хүсэлтээр албан тушаалаас чөлөөлөгдөөгүй, төрийн байгууллагуудын удирдлагууд харилцан тохиролцож, албан хаагчийн өөрийн саналыг авч, төрийн өөр байгууллагын албан тушаалд шилжүүлэн томилсон, мөн Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.4 дэх хэсэгт “... захиргааны хэм хэмжээний актыг буцаан хэрэглэхгүй” гэж заасныг зөрчиж, төрийн албаны буюу тухайн албан тушаалын шалгалтад нөөц гэх зохицуулалт байхгүй байхад Г.Г нь нөөцөд байгаа тул онооны дарааллаар нэр дэвшүүлэхийг салбар зөвлөлд даалгаж шийдвэрлэсэн нь хууль, эрх зүйн үндэслэлгүй, хуулийг зөрчсөн шийдвэр болсон байна.
4.6. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар “Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалын тусгай шалгалт авсан комиссын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэрийн Б.Очид холбогдох хэсэг, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн “Б.О -г албан тушаалд томилох, цалин хөлсний хэмжээ тогтоох тухай” Б/28 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалд Г.Г ийг томилуулахаар нэр дэвшүүлэхийг Төрийн албаны зөвлөлийн Орхон аймаг дахь Салбар зөвлөлд даалгах” гэж тодорхойлсон бөгөөд “Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалын тусгай шалгалт авсан комиссын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэрийн Б.О-д холбогдох хэсэг, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн “Б.О -г албан тушаалд томилох, цалин хөлсний хэмжээ тогтоох тухай” Б/28 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон энэхүү шаардлагын хүрээнд Б.О-н эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байхад Б.О -г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцох шаардлагагүй гэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан дүгнэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан байна.
4.7. Иймд Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 0024 дүгээр шийдвэрийн Төрийн албаны зөвлөлийн Орхон аймаг дахь Салбар зөвлөлд холбогдох хэсэг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1, 121.1.4 дэх заалтад тус тус заасны дагуу хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын Төрийн албаны зөвлөлийн Орхон аймаг дахь Салбар зөвлөлд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
2.1. Нэхэмжлэгч Г.Г ээс Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, Төрийн албаны зөвлөлийн Орхон аймаг дахь салбар зөвлөлд тус тус холбогдуулан “Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалын тусгай шалгалт авсан комиссын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэрийн Б.О-д холбогдох хэсэг, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 17-ний өдрийн Б.О -г албан тушаалд томилох, цалин хөлсний хэмжээ тогтоох тухай Б/28 дугаартай тушаалыг тус тус хүчингүй болгуулах, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалд Г.Г ийг томилуулахаар нэр дэвшүүлэхийг Төрийн албаны зөвлөлийн Орхон аймаг дахь салбар зөвлөлд даалгах”аар маргасан байна.
2.2. Анхан шатны шүүх “Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.3, 33 дугаар зүйлийн 33.2.2, 33.12, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Г.Г-н нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалд Г.Г ийг томилуулахаар нэр дэвшүүлэхийг Төрийн албаны зөвлөлийн Орхон аймаг дахь салбар зөвлөлд даалгаж, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалын тусгай шалгалт авсан комиссын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэрийн Б.О-д холбогдох хэсэг, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 17-ний өдрийн Б.О -г албан тушаалд томилох, цалин хөлсний хэмжээ тогтоох тухай Б/28 дугаартай тушаалыг тус тус хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
2.3. Учир нь Орхон аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 162 дугаартай албан тоотоор Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн албан тушаалд сонгон шалгаруулах зар болон төрийн албаны тусгай шалгалтыг зохион байгуулах саналыг Төрийн албаны зөвлөлийн Сонгон шалгаруулалтын газарт хүргүүлжээ.
2.4. Улмаар Орхон аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Тусгай шалгалт зохион байгуулах комисс томилох тухай” 01 тоот тогтоолоор комисс томилж, 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр шалгалтыг зохион байгуулж, тус шалгалтад Б.О 96.5 оноотой нэгдүгээрт, Г.Г 86.3 оноотой хоёрдугаарт жагссан байна.
2.5. Төрийн албаны зөвлөлийн Орхон аймаг дахь салбар зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 38 дугаар тогтоолоор Б.О -г Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэн, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/28 дугаар тушаалаар Б.О -г маргаан бүхий албан тушаалд томилж, 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/52 дугаар тушаалаар Б.О-н өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үйл баримт тогтоогдож байна.
2.6. Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.12-д “Төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт өгөх болзол, журам, төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журмыг Засгийн газартай зөвшилцөн төрийн албаны төв байгууллага батална” гэж, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолын 1-р хавсралтаар батлагдсан Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам-ын 7.4-д “...Салбар зөвлөл тухайн сонгон шалгаруулалтад оролцогчдоос онооны дарааллыг баримтлан нэр дэвшүүлнэ, 7.7-д “Төрийн жинхэнэ албаны нөөцөд байгаа нэр дэвшигчийг томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 22.1.3, 22.1.5-д тавигдсан шаардлагыг хангаж байгаа тухай баримтыг холбогдох байгууллагаас авсан байна” гэж тус тус заасан.
2.7. Дээрх хууль, журмын зохицуулалтаас үзэхэд Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам-д заасныг баримтлан төрийн албан тусгай шалгалтыг зохион байгуулсан байх бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1 дэх заалтаар Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмыг баталж, 4 дэх заалтаар 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгажээ.
2.8. Маргаан бүхий энэ тохиолдолд 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төрийн албаны тусгай шалгалт зохион байгуулагдсан тул анхан шатны шүүх “... Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам-ыг 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр заасан байх тул иргэний зүйн байдлыг дордуулсан хууль, журмыг хэрэглэхгүй байх нь эрх зүйт төрийн үндсэн зарчимд нийцнэ” гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.
2.9. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс”, 27.3-т “Энэ хуулийн 27.1-д заасан тохиолдолд томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг холбогдох албан тушаалд томилно” гэж тус тус зааснаас үзэхэд Г.Г , Б.О хэн аль нь уг албан тушаалын нөөцөд байгаа иргэн гэж үзэхээр байна.
2.10. Өөрөөр хэлбэл, Б.О нь тухайн албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцоод нэгдүгээрт эрэмбэлэгдэж, маргаан бүхий албан тушаалд томилогдсон боловч өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн тул тухайн үед мөрдөгдөж байсан Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолын 1-р хавсралтаар батлагдсан Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журмын 7.4-т заасныг хэрэглэж болохоор байна.
2.11. Нөгөө талаар Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д “Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах” гэж заасан тул хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх зарчимтай бөгөөд нэхэмжлэгч Г.Г нь хуулиар тусгайлан шаардсан болзол, нөхцлийг хангасан энэ тохиолдолд тус албан тушаалд томилогдох эрхийг хязгаарлах боломжгүй юм.
2.12. Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 487 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, албан тушаалын жагсаалт”-д заасны дагуу маргаан бүхий албан тушаал нь нутгийн захиргааны удирдах албан тушаалд хамаарч байх тул анхан шатны шүүх “... Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын сул орон тоо нь гүйцэтгэх албан тушаалд хамаарч байх бөгөөд” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй байх боловч зөвхөн энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй.
2.13. Иймд шүүх бүрэлдэхүүн дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 0024 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ