Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 1029

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 01 дүгээр хороо, 2 дугаар хороолол, сөүл гудамж, 14 дүгээр байр, 41 тоотод оршин суух, Сартуул овогт Батдэлгэрийн Гэрэлмаа /РД:мэ72060703/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 46 дугаар байр, 701Б тоотод оршин байх, “Есөн шижир” ХХК /РД:сф79071832/-д холбогдох

 

“Есөн шижир” ХХК-ийн захирлын 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн “Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай” 182 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, илүү цагаар ажилласан нэмэгдэл хөлст 196,428 төгрөг, ээлжийн амралтын олговорт 103,772 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбат, хариуцагчийн өмгөөлөгч О.Баясгалан /0973/, П.Ганбилэг /2528/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Б.Гэрэлмаа миний бие 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр “Есөн шижир” ХХК-ийн хүний нөөцийн менежерийн албан тушаалд 3 сарын туршилтын хугацаатай томилогдож хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Ингээд туршилтын хугацаанд шахуу ажиллаж байтал 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 39 дүгээр зүйлийн 39.2, байгууллагын дотоод журмын 3.3 дахь заалтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн. Тухайн өдөр миний ажлыг хүлээж авсан бөгөөд ажлаас халсан тухай тушаалыг гаргаж өгөөгүй. Ажлаас чөлөөлсөн тухай тушаалыг миний бие авахаар 3 удаа очиход “ерөнхий захирал М.Гантулгад компанийн бүх тушаал байгаа” гэх шалтгаанаар өгөөгүй. Тушаалыг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “Есөн шижир” ХХК-ийн хүний нөөцийн менежерээс хүлээн авсан. Ингээд Хөдөлмөрийн тухай хуульд заасан эрхийнхээ дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Намайг ажлаас чөлөөлсөн тушаалд хөдөлмөрийн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалтыг удирдлага болгосон ба энэхүү заалт нь ажил олгогчийн санаачлагаар ажлаас чөлөөлж болох тухай ерөнхий заалт бөгөөд яг ямар зөрчил, шалтгааны улмаас хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа тухайгаа дээрх тушаалд дурдаагүй. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг удирдлага болголгүй шийдвэрлэсэн. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 39.2 дахь заалтыг удирдлага болгосон бөгөөд энэхүү хуулийн заалт нь ажилтан өөрөө хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоход удирдлага болгох заалт байгаа. Харин байгууллагын дотоод журамтай миний бие танилцаагүй учир дотоод журмын 3.3 дахь заалт ямар харилцааг зохицуулсан заалт гэдгийг миний бие мэдэхгүй байна.   Иймд “Есөн шижир” ХХК-ийн захирлын 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн тушаал илт хууль бус шийдвэр учир хүчингүй болгож, Б.Гэрэлмаа намайг “Есөн шижир” ХХК-ийн хүний нөөцийн менежерийн ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай бичилтийг нөхөн хийлгүүлж баталгаажуулах тухай шаардлагыг гаргаж байна гэжээ. 

Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн шаардлагадаа: Б.Гэрэлмаа нь “Есөн шижир” ХХК-д хүний нөөцийн менежер албан тушаалд 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон бөгөөд ажиллаж байх хугацаандаа ямар нэг сахилгын зөрчил гаргалгүй ажиллаж байсан.

Нэг. Илүү цагаар ажилласан нэмэгдэл хөлсийг нэхэмжлэх тухай

“Есөн шижир” ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 2.5 дахь хэсэгт заасны дагуу ажилтан бүр долоо хоногийн бямба гариг бүрийн 10.00 цагаас ажиллах үүрэг хүлээдэг. Энэ нь цагийн тайлан болон бямба гаригт ирээгүй тохиолдолд ажлын цагаас хасагдах, цаашлаад сахилгын хариуцлага тооцох үндэслэл болж, албан ёсоор ажилтнууд ирцээ бүртгүүлдэг. Миний бие 2017 оны 8 дугаар сарын 26, 2017 оны 9 дүгээр сарын 02, 09, 16-ны өдрүүдэд ажилласан боловч миний илүү цагийн хөлсийг Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлд заасны дагуу илүү цагийн нэмэгдэл хөлсийг 1.5-аар бодож өгөөгүй болно. Иймд энэ хугацаанд ажилласан нийт илүү цаг 20 цагийн нэмэгдэл хөлсийг компанийн санхүүгийн тооцоонд тулгуурласан 1 цагийн хөлс 6547.62 төгрөгөөр тооцож 1.5 дахин нэмэгдүүлж 9821.43 төгрөгөөр тооцон 20 цагт ногдох нийт 196,428 төгрөгийг нэхэмжилж байна.

Хоёр. Ээлжийн амралтын олговор нэхэмжлэх тухай

Миний бие 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл ажилласан бөгөөд ажиллаж байх хугацаандаа ээлжийн амралт тооцуулан авч байгаагүй болно. Иймд Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 тоот тушаалд заасны дагуу 1 сард ногдох ээлжийн амралтын хоног 2,00 бөгөөд үүнийг ажилласан хугацаанд ногдуулвал 2,00 өдрөөр тооцогдож байна. Учир нь миний бие улсад 24 жил ажилласан болно. Иймд 2005 оны дундаж цалин хөлс тооцох журмын дагуу нэг хоногийн дундаж цалин хөлсийг тооцвол 51,886 төгрөг болж байгаа бөгөөд 2,00 хоногт тооцвол нийт 103,772 төгрөгийг ажилласан хугацааны ээлжийн амралтын олговорт нэхэмжилж байна гэжээ.  

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй. Үүнд: 1. Б.Гэрэлмаа нь нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо “Тухайн өдөр миний ажлыг хүлээж авсан бөгөөд ажлаас халсан тушаалыг гаргаж өгөөгүй ажлаас чөлөөлсөн тухай тушаалыг миний бие авахаар 3 удаа очиход өгөөгүй ба 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүний нөөцөөс авсан...” гэжээ. Хөдөлмөрийн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан. Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа шийдвэрийг 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч мөн өдрөө ажлаа хүлээлгэн өгч тойрох хуудсаа зуруулсан байна. Гэтэл тухай шийдвэрийг хүлээн авснаас хойш буюу нэг сарын дотор гаргах байтал 1 сар 21 хоногоор хэтрүүлэн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэл гаргасан байна. Энэ нь Иргэний хуулийн 74 дүгээр зүйлд заасан 74.1, Хөдөлмөрийн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсүүдэд заасан хугацааг хэтрүүлсэн байна. Б.Гэрэлмааг туршилтын хугацаагаар 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр ажилд авсан бөгөөд энэ нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн.  Б.Гэрэлмаа нь хүний нөөцийн менежерээр ажиллаж байсан. Тэрээр тушаалаа авч хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох шийдвэр гарсан болохыг сайтар ойлгож, улмаар тойрох хуудсаа бүрэн зуруулж ажлаа хүлээлгэн өгч, холбогдох тооцоогоо бүрэн хийсэн үйл баримтаар ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан болох нь нотлогдоно.   

2. Б.Гэрэлмаа нь нэхэмжлэлийн 2 дахь үндэслэлээ “хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалтыг удирдлага болгосон ...яг ямар зөрчил, шалтгааны улмаас хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа тухайгаа тушаалд дурдаагүй байдаг...” гэжээ. Хөдөлмөрийн хуулийн 39 ба 40 дүгээр зүйл нь хөдөлмөрийн байнгын гэрээнд хамаарах бөгөөд туршилтын гэрээ гэдэг нь “та манай ажилтан биш” гэсэн үг. Ажил олгогч өөрийн өмчийн болон байгууллагын хэвийн үйл ажиллагаагаа хангахын тулд хэзээ ч хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох эрхтэй байдаг хөдөлмөрийн эрх зүйн харилцааны төрөл юм. Мөн ажилтан Б.Гэрэлмаа тухайн үед өөрийн өргөдөл өгсөн бөгөөд түүнийх нь дагуу хөдөлмөрийн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь заалтыг баримтлан тушаал гаргасан юм. Б.Гэрэлмаа нь дараагийн хүндээ ажлаа хүлээлгэн өгсөн боловч өөрийн хувийн хэрэг бүх бичиг баримтаа аваад явсан байдаг бөгөөд хүний нөөцөөр ажлыг нь хүлээж авсан З.Нарангуа, ажилтан Б.Азжаргал нар Б.Гэрэлмаагаас авч явсан хувийн хэргийг авчирахыг утсаар ярьж мөн мессежээр олон өдөр, олон удаа шаардаж байж хэд хоногийн дараа авчруулахад ба хувийн хэргээс гарах өргөдөлөө авч үлдсэн байсан. Харин ажлаа хүлээлгэн өгсний дараа “миний цалинг дутуу бодож өгсөн байна гэсэн бүрэн олгож өгнө үү” гэсэн өргөдөл гаргасан бөгөөд бид 2017 оны 10 дугаар сарын 26-нд хариуг нь бичгээр өгсөн үйл баримтыг огт болоогүй мэтээр нэхэмжлэл гарган шүүхэд үнэн зөв мэдүүлэх үүргээ зөрчсөн байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Гэрэлмаа нь 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр “Есөн шижир” ХХК-ийн хүний нөөцийн менежерээр 3 сарын хугацаатай туршилтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. Ажиллаж байх хугацаандаа сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. Гэтэл түүнийг 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 39 дүгээр зүйлийн 39.2, байгууллагын дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар ажлаас чөлөөлсөн. Ажил олгогчийн зүгээс түүнийг ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2 нь ерөнхий зохицуулалттай заалт байгаа. Ажил олгогчийн зүгээс ямар үндэслэлээр чөлөөлсөн нь тодорхойгүй. Тушаал нь эрх зүйн үр дагавар бий болгож байгаа учраас тушаалын үндэслэл агуулга нь тохирч байх ёстой. Гэтэл уг тушаалын үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо ямар үндэслэл агуулгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь тодорхойгүй.  Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т зааснаар ажил хүлээлцсэн хамгийн сүүлийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж тооцдог. Ажлаас халагдсан өдөрт нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийг гардуулах, тушаалыг гардуулах үүрэгтэй. Гэтэл тушаалыг гардуулахгүй байж байгаад 2017 оны 11 сарын 30-ны өдөр тушаалыг танилцуулж, тушаалын хуулбарыг өгсөн бөгөөд тушаал танилцуулсан байдлаар Б.Гэрэлмаагаар гарын үсэг зуруулсан байгаа. Энэ талаар хэрэгт хавсаргагдсан байгаа бөгөөд хуулийн дагуу тушаал гардаж авснаас хойш 1 сарын дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Уг эрхийн дагуу нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн үндсэн шаардлага нь ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн үндсэн шаардлагатай. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Тодруулбал, нэхэмжлэгч нь илүү цагаар ажилласан нэмэгдэл хөлст 196,428 төгрөг, ээлжийн амралтын олговорт 103,772 төгрөг гаргуулахаар өөрийн шаардлагаа ихэсгэсэн бөгөөд энэ талаар бичгээр гаргасан тайлбараа дэмжиж байна.

Хариуцагч талаас Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийг буруу тайлбарлаж байна. Хуульд зааснаар ажлаас халсан аливаа тушаалаа ажил олгогч бичгээр ажилтанд өгөх үүрэгтэй. Тушаал гардаж авахыг эх хувиар нь авахыг ойлгох бөгөөд хуулбар өгөхийг ойлгохгүй. Өмнөх шүүх хуралдаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар тушаал танилцуулсан тухай баримт гаргуулах хүсэлт гаргасан боловч хариуцагчийн зүгээс тушаал танилцуулсан баримт байхгүй тухай тайлбарласан. Ажил олгогч нь тушаалын эх хувийг өгөх үүрэгтэй байгаа. Үүнээс шалтгаалан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй. Мөн хариуцагч тал туршилтын ажилтан бол үндсэн ажилтан биш гэж тайлбарлаж байна. Энэ талаар Улсын дээд шүүхийн тогтоолоор зохицуулсан бөгөөд туршилтын ажилтанг үндсэн ажилтан биш гэж ойлгохгүй гэж тайлбарласан. Туршилтын ажилтан бол хугацаатай хугацаагүй гэж ялгагддаг. Эцэст нь хэлэхэд Б.Гэрэлмаад тушаал танилцуулсан гэх баримт нь байхгүй. Б.Гэрэлмаа нь тушаалаа гардаж авах талаар хүсэлт гаргаж байсан бөгөөд тухай бүрт нь хариуцагч боломжгүй байгаа гэсэн хариу хэлсэн байдаг. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ. 

 

Хариуцагчийн өмгөөлөгч О.Баясгалан, П.Ганбилэг нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Үүнд: 1/ Илүү  цагаар ажилласан  нэмэгдэл  хөлс  196,428  төгрөгийн хувьд: Талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т “Ердийн ажлын үргэлжлэх хугацаа Даваа-Баасан гаригт 08:50-17:50 цаг, ...Бямба гаригт 10:00-15:00 цагт сургалт явагдана /Ажилтан зөвшөөрсөн тохиолдолд гарын үсгээ зурна уу/” гэсэн заалт бүхий гэрээний хэсэгт Б.Гэрэлмаа нь зөвшөөрч гарын үсэг зурсан байна. Бямба гаригт тодорхой цагаар ажиллах заалт нь манай байгууллагын үйл ажиллагааны онцлогоос шалтгаалан ажилчдаа чадавхижуулах зорилгоор явагддаг. Хөдөлмөрийн гэрээ байгуулж байгаа ажилтан бүрт энэ хэсгийг тухайлан танилцуулж, өөрийн хүсэлтээр хүлээн зөвшөөрч байгааг баталгаажуулан гарын үсэг зуруулдаг. Хэрэв бямба гаригийн сургалтын цагийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гарын үсгээ зурахгүйгээр, энэ саналаа хэлээд ирэхгүй байх боломж байдаг. Гэвч Б.Гэрэлмаа нь энэ тохиролцоог хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан нь энэ асуудал дээр маргаангүй, хүлээн зөвшөөрч байгаагийн илэрхийлэл юм.

2/ Ээлжийн амралтын олговор нэхэмжлэх шаардлагын тухайд: Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “Ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ” гэж заасан. Харин ээлжийн амралтыг хэзээ, хэрхэн эдүүлэх талаар хуульд тусгайлан заагаагүй. Нэхэмжлэгч нь туршилтын хугацаанд ажиллаж байсан, ганцхан сар ажилласан учраас ээлжийн амралтын тухай асуудал үүсэхгүй юм. Ээлжийн амралтын эрх нь ч үүсээгүй учраас элжийн амралт, түүний олговорын тухай асуудал яригдахгүй юм.

3/ Ажлаас үндэслэлгүй халагдсан талаар гэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

а. Хөдөлмөрийн тухай хуулийн 231.1-д “Ажилтныг ажилд авахдаа мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлага тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгах зорилгоор туршилтын хугацаа тогтоож болно” гэж заасны дагуу Б.Гэрэлмааг манай байгууллагын хүний нөөцийн менежерийн албан тушаалд мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага туршлага, ёс зүйн хандлага, ажлаа хариуцан хийх чадвар, удирдлагын өгсөн үүрэг даалгаварт хэр зэрэг хариуцлагатай хандаж байгаа эсэхийг туршилтын хугацаанд шалгасны үндсэн дээр байгууллагын үндсэн ажилтан болгох эсэхээ шийдвэрлэдэг. Туршилтын 3 сарын хугацаанд бус нэг сарын хугацаанд л Б.Гэрэлмаа нь ажлын хариуцлага алдаж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг цаг тухайд нь биелүүлэхгүй, өгсөн үүрэг даалгаварын гүйцэтгэл дутуу байсан учраас
Б.Гэрэлмаад сахилгын шийтгэл ногдуулах шаардлагагүйгээр Хөдөлмөрийн
гэрээний 7.2.1-д “Албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн хувийн зорилгод
ашиглах, шамшигдуулах, удирдах ажилтнаас өгсөн үүрэг даалгаврыг 80-аас
дээшгүй хувиар биелүүлээгүй бол ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дараах
үндэслэлүүдээр хугацаанаас нь өмнө дангаараа цуцална” гэж заасны дагуу
Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалтууд
баримтлан хөдөлмөрийн гэрээг шууд цуцалсан. Б.Гэрэлмаа нь мөн ажлаас гарах тухай хүсэлтээ өгсөн байсан боловч ажил хүлээлцэх үед хүний нөөцийн менежерийн албан тушаалын эрх мэдлээ ашиглан өөрийн хувийн хэргээ аваад явсан байсан.

б. Манай байгууллагаас ажлаас гарч байгаа хүн бүр бичиг баримтын болон
төлбөр тооцооны ямар нэг тооцоогүй болохыг нотолж тойрох хуудас зуруулж
ажлаас гардаг. Нэхэмжлэгч Б.Гэрэлмаа нь 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр захирлын тушаалын дагуу ажлаас гарч байгаа учраас тойрох хуудас зуруулсан. Хэрэгт авагдсан тойрох хуудсыг харвал Б.Гэрэлмаа нь ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа хүлээн авч, холбогдох бүх албан тушаалтнууд тооцоогүй гэсэн гарын үсэг зурж тойрох хуудсыг хүлээн авсан болох нь нотлогдож байна.

в. Б.Гэрэлмаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тухай
захирлын тушаал 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр гарсан, Б.Гэрэлмаа нь уг тушаалыг тойрох хуудсаа зуруулах үедээ хүлээн авсан болох нь нотлогдож байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч өөрийн шаардлага, татгалзлаа нотолдог. Гэтэл нэхэмжлэгч нь тушаалыг нэг сар гарны дараа буюу 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авсан мэтээр тайлбарлаж байгаа боловч түүнийгээ нотолж чадаагүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэсэн байгаа нь нэхэмжлэгч гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн. Манай байгууллага нэхэмжлэгч Б.Гэрэлмаагийн өмнө үүрэг хүлээхгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа 3 сарын цалин, ээлжийн амралтын олговор, илүү цагийн мөнгийг олгохгүй бас ажлаас үндэслэлгүй халсан асуудал байхгүй учраас ажилд эгүүлэн тогтоох боломжгүй байна. Ийм учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Б.Гэрэлмаа нь 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний дагуу “Есөн шижир” ХХК-д хүний нөөцийн менежерээр 3 сарын туршилтын хугацаанд ажиллаж эхэлжээ. 

 

“Есөн шижир” ХХК-ийн захирлын 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн “Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох тухай” 182 дугаар тушаалаар Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 39 дүгээр зүйлийн 39.2, байгууллагын дотоод журмын 3.3 дахь заалтуудыг үндэслэж хүний нөөцийн менежер Б.Гэрэлмааг 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгосон байна. 

 

Нэхэмжлэгч Б.Гэрэлмаа нь хариуцагч  “Есөн шижир” ХХК-д холбогдуулж тус компанийн захирлын 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн “Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай” 182 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шаардлагуудыг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гаргаж шүүхэд ханджээ. 

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгчийн зүгээс илүү цагаар ажилласан нэмэгдэл хөлст 196,428 төгрөг, ээлжийн амралтын олговорт 103,772 төгрөг гаргуулахаар өөрийн шаардлагаа ихэсгэсэн.  

 

1/ “Есөн шижир” ХХК-ийн захирлын 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн “Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай” 182 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шаардлагын хувьд:

 

Хөдөлмөрийн гэрээний аль нэг тал зөрчигдсөн гэж үзэж буй хөдөлмөрийн шинжтэй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо эрх бүхий этгээдэд хандан сэргээлгэх, хамгаалуулах боломжтой ба шүүхээр хянан шийдвэрлэх маргааны төрлүүдийг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсгүүдэд заасан.

 

Харин ийнхүү гомдол гаргахад хуулиар тогтоосон хугацаатай байхыг, мөн энэхүү хугацааг хуулиар тогтоосон учир талууд дангаар буюу харилцан тохирч өөрчлөх эрхгүйг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлээр зохицуулжээ.

 

Б.Гэрэлмаагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд “...2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр намайг ажлаас чөлөөлсөн, ...тухайн өдөр миний ажлыг хүлээн авсан бөгөөд ажлаас халсан тушаалыг гаргаж өгөөгүй” гэж дурдагдсан байдал, 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн “Есөн шижир” ХХК-ийн “Тойрох хуудас”, Б.Гэрэлмаагийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “Есөн шижир” ХХК-ийн ерөнхий захирал болон хүний нөөцийн албанд хандаж гаргасан хүсэлт, 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлд нэхэмжлэгч Б.Гэрэлмаа нь 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш ажиллаагүй буюу цагийн бүртгэлд бүртгэгдээгүй байгаа нөхцөл байдлуудыг харьцуулан судлахад нэхэмжлэгч өөрийн эрх зөрчигдсөнийг буюу ажлаас халагдсан болохоо 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр мэдсэн байна.

 

Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 37-41 дүгээр зүйлүүдэд заасан үндэслэл, журмыг зөрчиж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон гэж ажилтан үзвэл шүүхэд гомдол гаргах эрхтэй. Ажил олгогч ажлаас халсан, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон шийдвэрээ ажилтанд бичгээр өгөх үүрэгтэй ба ийнхүү өгсөн өдрөөс эхлэн гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд энэ нь нэг сар байхыг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заажээ. 

 

Харин шийдвэрээ ажилтанд өгөөгүй боловч түүнтэй байгуулсан гэрээг дуусгавар болгосноо тодорхой үйлдлээр илэрхийлсэн тохиолдолд ажилтанд өөрийн эрхээ зөрчигдсөнийг мэдэх бодит боломж үүснэ. Дээр дурдсан Б.Гэрэлмаагийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “Есөн шижир” ХХК-ийн ерөнхий захирал болон хүний нөөцийн албанд хандаж гаргасан хүсэлтийн агуулгаас үзэхэд ажил олгогч Б.Гэрэлмаад “ажлаас халсан тушаал”-ыг гардуулж өгөөгүй, цаашид өгөхгүй болохыг бодитоор мэдсэн гэж үзэхээр байна.

 

Хуулиар тусгайлан тогтоосон уг хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо Иргэний хуулийн 76 дугаар зүйлд зааснаар шаардах эрх үүссэн үеэс, шаардах эрх нь зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс эхлэн тоолох ба нэхэмжлэгч Б.Гэрэлмаагийн хувьд ажлаас буруу халсан тухай гомдлоогаргах эрх 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс нээгдсэн, хөөн хэлэлцэх хугацаа энэ үеэс тоологдоно гэж шүүх дүгнэлээ.   

 

Иймд “Есөн шижир” ХХК-ийн захирлын 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн “Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай” 182 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шаардлагын хувьд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. 

 

2/ Илүү цагаар ажилласан нэмэгдэл хөлст 196,428 төгрөг, ээлжийн амралтын олговорт 103,772 төгрөг гаргуулах тухай шаардлага:

 

Өмнө дүгнэсэнчлэн нэхэмжлэгч өөрийн эрх зөрчигдсөнийг 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр мэдсэн ба ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоос бусад тохиолдолд гомдол гаргах хугацаа 3 сар байхыг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсгээр зохицуулсан.  

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасан тулнэхэмжлэгч нь илүү цагаар ажилласан нэмэгдэл хөлс 196,428 төгрөг, ээлжийн амралтын олговорт 103,772 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаагаа мөн хэтрүүлсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан “Есөн шижир” ХХК-ийн захирлын 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн “Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай” 182 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, илүү цагаар ажилласан нэмэгдэл хөлст 196,428 төгрөг, ээлжийн амралтын олговорт 103,772 төгрөг гаргуулах тухай Б.Гэрэлмаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,660 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                  Н.ХАНГАЛ