Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 101/2019/00237/и |
Дугаар | 001/ХТ2021/00290 |
Огноо | 2021-03-30 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 001/ХТ2021/00290
2021 03 30 001/ХТ2021/00290
.................ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч П.Золзаяа, Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2019/01951 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1776 дугаар магадлалтай,
.................ХХК-ийн нэхэмжлэлтэй
.................СӨХ-нд холбогдох
Гэрээний үүрэгт 29 842 390 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Аж ахуйн гэрээний нэмэлт өөрчлөлт хэсгийн 8 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн өмгөөлөгч Т.Мөнхсүлдийн гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нармандах, хариуцагчийн өмгөөлөгч Т.Мөнхсүлд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани нь 2016 оны 6 дугаар сараас эхлэн .................хотхонд хэрэглээний халуун, хүйтэн ус, дулааныг нийлүүлж, бохирыг татан зайлуулж эхэлсэн. Үүний дараа хариуцагч .................СӨХ нь 2016 оноос эхлэн өнөөдрийг хүртэл манай байгууллагатай хэрэглээний халуун, хүйтэн ус, дулааны эрчим хүч худалдан авах гэрээг байгуулалгүйгээр хэрэглээний халуун, хүйтэн ус, дулааны эрчим хүчийг хэрэглэж ирсэн. Талуудын хооронд 2016, 2017 онуудад гэрээ байгуулагдаж чадаагүй хэдий ч Иргэний хуулийн 196 дугаар зүйл, Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16, 3.1.17, 3.1.18, 3.1.19 дэх хэсэг, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13, 3.1.14 дэх хэсэгт тус тус заасны дагуу талуудын хооронд гэрээ байгуулагдсанд тооцож, хариуцагч нь ашиглалтын төлбөр төлөх үүрэгтэй юм. Хариуцагч хамгийн сүүлд 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 611 177 төгрөгийг төлбөрт төлсөн. 2016 оны 10 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сар хүртэл хэрэглээний ус, дулааны төлбөрийг төлөөгүй тул нийт 31 310 365 төгрөгийг гаргуулахаар шаардсан ба 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 1 467 974 төгрөгийг төлсөн тул уг дүнгээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, үлдэх 29538 126 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Даваадорж би 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр тус СӨХ-ны гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байгаа бөгөөд СӨХ анх байгуулагдсан цагаас эхлэн СӨХ-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Долгоржав нь тухайн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзээд мөнгө төлөөгүй байсан. Б.Долгоржав нь өөрийн хүсэлтээр 2018 онд ажлаасаа гарч, 2018 оны 05 дугаар сард СӨХ-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Даваасүрэн нь оршин суугчдын бүх гишүүдийн хурал хийлгүйгээр .................ХХК-тай гэрээ хийж их хэмжээний мөнгө төлөхөөр тохиролцож график гарган үүнийг төлөх зорилгоор айл бүрийн СӨХ-ны төлбөр дээр 10 000 төгрөг дур мэдэн нэмж төлүүлэх шийдвэр гаргасан. Үүнийг нь оршин суугчид эсэргүүцэн бүх гишүүдийн хурлыг хуралдуулж удирдах зөвлөлөө бүрэн өөрчлөн сонгож, шинээр байгуулагдсан удирдах зөвлөлд чиглэл өгч, Б.Даваасүрэнг ажлаас чөлөөлж, гэрээг хүчингүй болгох, .................ХХК-д төлсөн З 000 000 төгрөгийг эргүүлэн нэхэмжлэх, мөн айл бүхний СӨХ-ны төлбөр дээр нэмсэн 10 000 төгрөгийг хасч тооцуулах чиглэл өгсөн.Тухайн гэрээг байгуулахад .................ХХК-ийн захирал Э.Энхтуяаг СӨХ-ны удирдах зөвлөлд оруулсан байсныг хууль бус, ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзсэн байдаг. Орцны дулаан, гараашийн зорчих хэсгийн дулааны төлбөр нэхэмжлэх нь буруу. Учир нь орцны дулааны хэрэглэгч нь СӨХ биш бөгөөд дулааны мөнгө хураах тусгай зөвшөөрөл бүхий байгууллага биш учраас СӨХ-ны төлбөрт орцны дулааны мөнгийг оруулж оршин суугчдаас хураалгүй өдий хүрсэн. Би энэ ажлыг аваад 2018 оны 10-р сард тодорхой тайлбарлаж холбогдох хуулийн дагуу орцны дулааныг тухайн давхарт байгаа 8 айлд ногдуулж дулааны төлбөр авах эрх бүхий байгууллага нь авч байх ёстой гэсэн албан тоот өгсөн. Үүнд .................ХХК нь 2019 оны 01 дүгээр сарын 15-нд 72 тоот албан бичгээр СӨХ нь гараашийн зорчих хэсгийн дулаан, орцны халаалтын төлбөрийг төлөх ёсгүй гэдгийг хүлээн зөвшөөрч шинээр гэрээ байгуулж хамтран ажиллахыг хүссэн. Гараж ийн зорчих хэсгийн дулааны мөнгө нэхэмжилсэн, үүнийг бүх гишүүдийн хурлаар үндэслэлгүй гэж үзсэн. 108-106 дугаар байрны доорхи гараж нь бүгд хувь хүмүүс худалдаж авсан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй. Хэрвээ машин зогсоолд тавих, гарах, зориулалттай зорчих хэсгээс дулааны мөнгө авах шаардлагатай бол тухайн зогсоолыг өмчилж авсан эздээс нь авах ёстой. Гараж эзэмшээгүй нийт оршин суугч 760 айлын СӨХ-ны төлбөрөөс төлөх ёсгүй. .................ХХК нь өөрийн эзэмшлийн 3-5автомашиныг олон жил гаражид тавьж байгаа, СӨХ гаражийн дулааны мөнгө хураадаггүй гэдгийг мэдэж байх ёстой. .................ХХК нь дулааныг зохицуулалттай хангах зөвшөөрлөө 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр авсан атлаа 2016 оноос эхлэн төлбөрийн нэхэмжлэл гаргаж зохиомол өр үүсгэж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд нэхэмжилсэн мөнгийг төлөх үндэслэлгүй, .................ХХК болон СӨХ нь уг мөнгийг оршин суугчдаас хурааж байгаагүй учраас нөхөж хураах боломжгүй гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Харуул АлтайСӨХ болон .................ХХК-ийн хооронд 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Аж ахуйн гэрээ байгуулагдсан бөгөөд гэрээний нэмэлт өөрчлөлт 8 дахь заалтаар өмнөх төлбөр тооцоог 5,6,7-р сард 5 000 000 төгрөгөөр хуваан төлж барагдуулах графикийг тохиролцсон байдаг. .................СӨХ-ийг төлөөлж гэрээ хэлцэл байгуулах эрх хэмжээг удирдах зөвлөл шийдвэрлэх эрхтэй бөгөөд хяналтын зөвлөл гэрээ хэлцэл байгуулах эрхгүй байдаг. Гэтэл 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Аж ахуйн гэрээ байгуулахдаа 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хяналтын зөвлөл хуралдаж гэрээ байгуулах эрх олгосон нь хууль бус юм. Гэтэл .................ХХК 2016 оноос 2018 оны 05 сарын хүртэлх хугацаанд СӨХ- ийн талбайд хамаарахгүй, иргэдийн өмчилж авсан гаражийн талбай, орцны дулаан, гараашийн зорчих хэсгийн дулаан төлбөрийг төлүүлэхээр тохиролцсон нь хууль зүйн үндэслэлгүй. СӨХ нь дулаан үйл ажиллагаа эрхэлдэг, дулаан төлбөрийг хураах эрхгүй байгууллага, тухайн үед .................ХХК дулаан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй байсан. .................ХХК нь 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр тусгай зөвшөөрөл анх удаа авсан тул .................ХХК энэ хугацаанаас өмнө дулааны үйл ажиллагаа явуулах эрхгүй байсан. СӨХ-ны оршин суугчдын бүх гишүүдийн хурал хийлгүйгээр .................ХХК-тай Б.Даваасүрэн дур мэдэн СӨХ-ийн дүрмийг зөрчиж гэрээ байгуулагдсан. Иймд 2018 оны 05 дугаар сарын 23-ний өдөр байгуулсан Аж ахуйн гэрээ гэрээний нэмэлт өөрчлөлт 8 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбартаа: Хүчин чадлаас шалтгаалаад худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр айл өрхүүдэд дулааныг нийлүүлдэг. Хүчин чадлаас давсан тохиолдолд тусгай зөвшөөрлийн үндсэн дээр дулаан нийлүүлдэг. Үүний дагуу нэхэмжлэгч .................ХХК 2016, 2017 онуудад Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-тай дулааны эрчим хүчийг худалдах, худалдан авах гэрээ байгуулаад, .................хотхоны оршин суугч, аж ахуйн нэгж, СӨХ-д хэрэглээний дулаан нийлүүлж эхэлсэн. 2016, 2017 оны гэрээг бартимтаар өгсөн. 2017 оны Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээгээр .................ХХК нь дулааны эрчим хүчийг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-аас авч хотхоны айлуудад дулааныг нийлүүлж, мөнгийг авч нэгтгэн Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-д төлдөг. 2017 онд 11 сард .................ХХК-ийг Эрчим хүчний зохицуулах хороонд ...манай байгууллагын хүчин чадал 10.69 ккалын хүчин чадал бүхий 1 677 дулааны эрчим хүч нийлүүлж эхэлсэн учир манай байгууллагад дулаан нийлүүлэх тусгай зөвшөөрөл олгох тухай хүсэлт гаргасны дагуу 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 190 тоот тогтоолоор тусгай зөвшөөрөл олгосон. Үүнээс өмнө хүчин чадал 10 ккал хүрээгүй учир Худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр айлуудад дулаан нийлүүлж байсан. .................ХХК болон .................СӨХ аль аль нь Авилгын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд хамаарах субъект биш. Гэрээ байгуулах эрхтэй этгээд нь .................СӨХ-ны гүйцэтгэх захирал, гэрээнд хяналт тавих эрхтэй этгээд нь хяналтын зөвлөл. Тиймээс гэрээг нэг талаас .................ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан, нөгөө талаас .................СӨХ-ны удирдах зөвлөлийн дарга, хяналтын зөвлөлийн дарга нар хамтарч байгуулсан. Орцны халаалт, автомашины зогсоолын зорчих хэсэг буюу дундын өмчлөлийн төлбөрийг нэхэмжилж байгаа. .................ХХК оршин суугчдын хувийн өмчлөлийн хэсгийн зардлыг бус орцны халаалт, авто машины зогсоолын зорчих хэсэг гэх мэт дундын өмчлөлийн хэсэгт хамаардаг зардлыг нэхэмжилж байгаа. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд СӨХ-ны чиг үүргийг тодорхой зааж өгсөн. Иргэний хуульд заасны дагуу .................СӨХ дундын өмчлөлийн ашиглалтын зардлыг төлөх үүрэгтэй. Нэмэлт өөрчлөлтөд дурдсан 15 000 000 төгрөгийн талаар .................СӨХ болон .................ХХК-ийн хооронд яригдсан өр төлбөртэй холбоотой асуудлыг хурлын тэмдэглэлд тусгаж, шийдвэрлэсэн асуудлыг гэрээнд нэмэлт өөрчлөлтөөр оруулсан. .................ХХК нэхэмжилж байгаа мөнгийг 100 хувь өөрсдийн өмчлөлд захиран зарцуулдаггүй. Мэргэжлийн байгууллагуудад худалдах, худалдан авах гэрээ, тусгай зөвшөөрлийн үндсэн дээр төлбөрийг төлдөг. Өр төлбөрийн талаар нэхэмжлэгч, хариуцагч нар хуралдаж, хуралдааны тэмдэглэлд тусгагдсан 29 538 126 төгрөгийн өрийг 15 000 000 төгрөг хүртэл бууруулсныг нэмэлт өөрчлөлт хэсэгт гараар нэмж оруулсан гэжээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2019/01951 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч .................СӨХ-ноос 12 411 294.6 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч .................ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын 17 431 095.48 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.9, 56.1.10-т тус тус зааснаар, .................СӨХ болон .................ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан Аж ахуйн гэрээ-ний нэмэлт өөрчлөлт хэсгийн 8 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 314,600 төгрөг, хариуцагчийн сөрөг шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч .................СӨХ-ноос 213 530.7 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч .................ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1776 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ний өдрийн 101/ШШ2019/01951 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг 12 411 294.6 гэснийг 20 579 995 гэж 17 431 095.48 гэснийг 9 262 395 гэж өөрчилж, 3 дахь заалтын 213 530.7 гэснийг 260 850 гэж өөрчилж шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Т.Мөнхсүлд хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг 2019 оны 10 сарын 21 өдөр гардан авч танилцаад 26,384,260 /хорин зургаан сая гурван зуун наян дөрвөн мянга хоёр зуун жаран/ төгрөгийн шаардлагын хүрээнд эс зөвшөөрч магадлал “хууль ёсны” бөгөөд “үндэслэл бүхий” байх шаардлагын хангаагүй гэж үзэж давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд: 1.Магадлалд: “Харин тусгай зөвшөөрөл авахаас өмнө нийлүүлсэн дулааны үйлчилгээний төлбөрийг нэхэмжлэгч шаардах эрхтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт буруу болжээ” /магадлал-7 хуудас/ гэж дүгнэсэн боловч “Харуул Алтай” Сөх нь 15,000,000 төгрөгийг “.................” ХХК төлөх үүрэгтэй, уг үүргийг гүйцэтгээгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэл бүхий байна” гэж хэргийн үйл баримтыг буруу үнэлж, буруу дүгнэлт гарган анхан шатны шүүхийн шийдвэрт “12,411,294.6 төгрөг” гэснийг “20,579,995” гэж өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын задаргаанд “гаражийн халаалт 11,384,259.5 төгрөг” нэхэмжилсэн. СӨХ-ийн талбайд хамаарахгүй, иргэдийн өмчилж авсан гаражийн талбайн дулааны төлбөрийг төлүүлэхээр нэхэмжилснийг давж заалдах шатны шүүх хангасан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Манай СӨХ гаражийн дулааны 11,384,259.5 төгрөгийг гаражийн өмчлөгч иргэдээс хураан авч байгаагүй, эдгээр төлбөрийг төлөхөөр хуулиар болон гэрээгээр “.................ХХК-ийн өмнө үүрэг хүлээгээгүй” атал гэж шүүх үүрэг хүлээсэн мэтээр дүгнэн үзсэн нь буруу байна. СӨХ нь дулааны үйл ажиллагаа эрхэлдэггүй, дулаан төлбөрийг хураах эрхгүй байгууллага, “.................” ХХК дулааны үйл ажиллаагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй байхдаа үзүүлсэн дулааны төлбөрүүдийг СӨХ-өөс нэхэмжлэх эрхгүй. Мөн СӨХ нь иргэдээс гаражийн дулааны төлбөрийг хурааж байгаагүй, харин “.................” ХХК нь өөрөө гаражийн дулаан төлбөрийг иргэдээс хураан авч байгаа учраас СӨХ-өөс нэхэмжлэх эрхгүй байна. 2.Магадлалд: “анхан шатны шүүх зөвшөөрөл олгосон хугацаанаас хойшхи ашиглалтын төлбөр 6,831,298 төгрөгийг хариуцагч .................” СӨХ-ноос гаргуулж шийдвэрлэсэн нь буруу болжээ. Учир нь “.................” СӨХ нь 2016 оны 10 дугаар сараас эхлэн цэвэр бохир, халуун хүйтэн усыг бодитоор ашигласан үйл баримт тогтоогдсон байхад зөвшөөрөл олгогдсон хугацаагаар хязгаарласан нь үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн нотлох баримтыг буруу үнэлж шийдвэрлэсэн байна. Үндэслэл нь СӨХЭЗБ, НЗОСБДӨЭХ тухай хуулийн 19.1.1-д Мэргэжлийн байгууллага нь орон сууцны орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд гэрээний дагуу засвар үйлчилгээ хийсэн тохиолдолд зардлыг холбооноос тухай бүр төлүүлэхээр хуульчилсан байдаг. Учир нь “.................” ХХК нь Эрчим хүчний тухай хуулийн 17-р зүйл, Хот, суурин ус хангамж ариутгах татуургын тухай хуулийн 12-р зүйлд заасан тусгай зөвшөөрлийг анх 2018 оны 02 сарын 27-ны өдөр гаргуулж авсан байдаг. Энэ нь тусгай зөвшөөрөл авахаас өмнө үзүүлсэн төлбөрийг хасч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна. 3. Магадлалд: “.................” СӨХ болон “.................” ХХК-ийн хооронд 2018 оны 05 сарын 23-ний өдөр байгуулсан “Аж ахуйн гэрээ” байгуулагдсан бөгөөд гэрээний нэмэлт өөрчлөлт 8 дахь заалт нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэх эрх зүйн үндэслэл тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь .................” СӨХ болон “.................” ХХК-ийн хооронд 2018 оны 05 сарын 23-ны өдөр байгуулсан “Аж ахуйн гэрээ” байгуулагдсан бөгөөд гэрээний нэмэлт өөрчлөлт 8 дахь заалтаар “өмнөх төлбөр тооцоог 5,6,7-р сард 5 сая, 5 сая төгрөгөөр хуваан төлж барагдуулна, 5 сард 5 сая төгрөг, 6 сард 5 сая төгрөг, 7 сард 5 сая төгрөг” нийт 15 сая төгрөгийг төлж барагдуулах графикийг тохиролцсон нь ИХ-ийн 56-р зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.9, 56.1.10 дахь заалтуудыг зөрчсөн үндэслэлээр хүчин төгөлдөр бусд тооцуулах дараах үндэслэлтэй. Үүнд: -“.................” СӨХ-ийг төлөөлж гэрээ хэлцэл байгуулах эрх хэмжээг удирдах зөвлөл шийдвэрлэх эрхтэй бөгөөд Хяналтын зөвлөл гэрээ хэлцэл байгуулах эрхгүй байдаг. Гэтэл 2018 оны 05 сарын 23-ны өдөр байгуулсан “Аж ахуйн гэрээ” байгуулахдаа 2018 оны 05 сарын 22-ны өдрийн Хяналтын Зөвлөл хуралдаж гэрээ байгуулах эрх олгосон нь хууль бус юм. - Манай СӨХ-д дундын өмчлөлийн талбайд хамааралгүй, хувь иргэдийн өмчлөлийн талбайд хамаарах төлбөрийг гаргуулахаар тусгасан хууль зөрчсөн. Үндэслэл нь СӨХЭЗБ, НЗОСБДӨЭХ тухай хуулийн 19.1.1-д Мэргэжлийн байгууллага нь орон сууцны орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд гэрээний дагуу засвар үйлчилгээ хийсэн тохиолдолд зардлыг холбооноос тухай бүр төлүүлэхээр хуульчилсан байдаг. Гэтэл “.................” 2016 оноос 2018 оны 05 сарын хүртэлх хугацаанд СӨХ-ны талбайд хамаарахгүй, иргэдийн өмчилж авсан гаражийн талбай, орцны дулаан, гаражийн зорчих хэсгийн дулаан төлбөрийг төлүүлэхээр тохиролцсон нь хууль зүйн үндэслэлгүй юм. СӨХ нь дулаан үйл ажиллагаа эрхэлдэггүй, дулаан төлбөрийг хураах эрхгүй байгууллага, тухайн үед “.................” ХХК дулаан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй байсан. -“.................” ХХК тусгай зөвшөөрөлгүй байхдаа явуулсан үйл ажиллагааны төлбөрийг гаргуулахаар энэ заалтад тусгасан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь “.................” ХХК Эрчим хүчний тухай хуулийн 17-р зүйл, Хот, суурин ус хангамж ариутгах татуургын тухай хуулийн 12-р зүйлд заасан тусгай зөвшөөрөлгүйгээр явуулсан үйл ажиллагааны төлбөрийг СӨХ-өөс гаргуулахаар гэрээнд тусгасан нь хууль зүйн үндэслэлгүй юм. “.................” ХХК нь 2018 оны 02 сарын 27-ны өдөр тусгай зөвшөөрөл анх удаа авсан байдаг тул “.................” ХХК энэ хугацаанаас өмнө дулааны үйл ажиллагаа явуулах эрхгүй байсан. - Гэрээ байгуулах явцад Иргэний хуулийн шударга ёсны зарчим зөрчиж “.................” ХХК-ийн захирал Б.Энхтуяа СӨХ-ны удирдах зөвлөлд оруулсан нь хууль бус ашиг сонирхлын зөрчилтэй ИХ-ийн гэрээ хүчин төгөлдөр байх заалтуудыг зөрчсөн. Учир нь СӨХ бол нийтийн эрх ашгийг хамгаалдаг, НУТББ эрх зүйн байдалтай бөгөөд СӨХ-ийн удирдах зөвлөлд “.................” ХХК-ийн захирал Б.Энхтуяаг оролцуулан Иргэний хуулийн шударга ёсны зарчим зөрчсөн бөгөөд “................. СӨХ-ийн дүрэм, журам, СӨХЭЗБ, НЗОСБДӨЭХ тухай хууль, Авилгын эсрэг тухай хууль, НАНБХАСЗ, АСЗУС тухай хуульд нийцээгүй журмаар гэрээг байгуулсан. - СӨХ-ийн оршин суугчдын бүх гишүүдийн хурал хийлгүйгээр “.................” ХХК-тай гэрээг Б.Даваасүрэн дур мэдэн хийсэн нь холбогдох зөвшөөрлийг СӨХ-ийн гишүүд болон СӨХ-ийн дүрмийг зөрчиж “.................” ХХК-тай гэрээ байгуулагдсан. шийдвэр, магадлалыг өөрчлөлт оруулж хяналтын гомдлыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч .................ХХК нь хариуцагч .................СӨХ-д холбогдуулан, 2016 оны 10 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сар хүртэл хэрэглэсэн цэвэр, бохир, халуун, хүйтэн ус, дулааны төлбөрт 31 310 365 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлээ багасгаж 29 538 126 төгрөг болгосон, хариуцагч 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн “Аж ахуйн гэрээ”-ний нэмэлт өөрчлөлт болох 8 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.
Анхан шатны шүүх хариуцагчаас 12 411 294 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх 20 579 995 төгрөгийг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулжээ.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дүгнээгүй, хэргийн нөхцөл байдал, маргааны зүйлийн талаар Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн эрх зүйн дүгнэлт хийх үүргээ анхан болон давж заалдах шатны шүүх хангалттай биелүүлсэн гэж үзэх боломжгүй байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
.................ХХК хариуцагчийн өмнөөс үүргийг гүйцэтгэсэн эсвэл хангагч, мэргэжлийн байгууллагад хариуцагчийн гүйцэтгээгүй төлбөр тооцоо хэвээр байгаа эсэхийг шүүх тодруулаагүй нь буруу болсноос гадна нэхэмжлэлийн шаардлагад Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан зохицуулалтыг хэрэглэхдээ шаардах эрхийн урьдчилсан нөхцөлийг бүрэн шалгаагүй, ач холбогдол бүхий байдлыг зохигчоос тодруулаагүй нь маргааны үйл баримтыг дүгнэх, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэх боломжгүй байдалд хүргэжээ.
.................СӨХ-ийн харьяа байруудын орц, гаражийг цэвэр, бохир, халуун, хүйтэн ус, дулаанаар хангасны төлбөрийг төлөх эсэх асуудал зохигчийн хоорондох маргааны зүйл болсон байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
Худалдагч нь төлбөрийг шаардахын тулд нийлүүлсэн хөрөнгө, үүнд тохирох үнийг нотолсон байж шаардах эрхээ хэрэгжүүлнэ.
Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний харилцаанд худалдан авагчийн төлөх төлбөрийн хэмжээ буюу үнийг тодорхойлоход Эрчим хүчний тухай хууль, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн дагуу тогтоосон үнэ тарифыг баримтлах ёстой байх ба ус, дулааныг хэрэглэсэн байруудын орц, гараж, СӨХ-ийн конторын талбайн хэмжээ хэд болох, тоолуур байдаг эсэх, хэрхэн баталгаажуулдаг, үнийг тарифын дагуу тогтоосон эсэх талаар шүүх тодруулаагүй, хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг хийгээгүй байна. Нэхэмжлэлд ашиглалтын зардлын тооцоог хавсаргаж өгсөн байх боловч уг баримтад тусгагдсан аргачлал, тооцоог зохигчоос тодруулаагүй, маргааны ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Сууц өмчлөгчдийн холбоо нь нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий байгууллагын өмнө байрны орц, гаражид хамаарах төлбөрийг хариуцах үүрэг хуулиар эсвэл гэрээгээр үүсэх талаар шүүх хууль зүйн дүгнэлт хийх үүрэгтэй болно.
Зохигчийн хооронд төлбөр төлөх асуудлаар 2018 оны 5 сарын 23-ны өдөр байгуулагдсан гэрээ, .................СӨХ-ны хяналтын зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хуралдааны тэмдэглэлээр СӨХ-ны цэвэр, бохир, халуун, хүйтэн ус, дулаан ашиглалтын төлбөр 2016 оноос 2018 оны 04 сар хүртэлх хугацаанд 29 538 126 төгрөг болсон талаар дурдсан, төлбөрийг багасгаж 15 000 000 төгрөг болгосон үйл баримт байх боловч гэрээний хүчин төгөлдөр байдал, төлбөрийн хэмжээ үндэслэлтэй эсэхийг талууд маргасан тул шүүх зохих дүгнэлт хийх ёстой юм.
Хэрэгт авагдсан баримтын хэмжээнд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах боломжгүй тул хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2019/01951 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1776 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төлсөн 289 872 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА
Х.СОНИНБАЯР
Г.ЦАГААНЦООЖ
Д.ЦОЛМОН