Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 515

 

        Н.Г, Б.Г нарт холбогдох

        эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Н.Нарангэрэл,

            шүүгдэгч Н.Г, Б.Г нарын өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг,

            нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 220 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Н.Г, Б.Г нарт холбогдох 1810 0201 80802 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овгийн Н-н Г, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ....... дүүргийн ... дүгээр хороо, ............ дүгээр гудамжны .... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ....../;

2. Б овгийн Б-ны Г, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эх, ах, эгч, дүү, эхнэр, хүүхдийн хамт ....... дүүргийн .. дүгээр хороо, ........ дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ........./;

Н.Г, Б.Г нар нь бүлэглэн 2018 оны 8 дугаар сарын 28-ны орой 21 цаг 40 минутын үед Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “K T” ХХК-ийн хойд талд иргэн Д.Д-ыг араас нь татаж газар унагаан, түүний халаасанд байсан “Samsung G7” загварын гар утсыг дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Н.Г, Б.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Н.Г, Б.Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Г-г 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.Г-г 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Г-н эдлэх 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг, Н.Г-н эдлэх 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ганбатаас 375.000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Д-д олгох, Б.Г, Н.Г нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, Н.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Г гаргасан давж заалдах гомдолдоо: “... Би анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа. Анхан шатны шүүх хуралдаан болох үед хохирогч Д.Д-д хохирлыг барагдуулж амжаагүй байсан. Шүүх хуралдааны дараа хохирлыг барагдуулсан. Хэргийн гэм буруугийн тал дээр миний хувьд маргах зүйл байхгүй. Өөрийн хийсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж, харамсаж байгаа. Мөн би гэмт хэрэг үйлдсэн өдрийнхөө маргааш буюу 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр осолд орж суумгай болсон. Мөн 2 жилийн хугацаанд хэвтрийн дэглэм барьж, эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн эмчийн магадлагаа болон бусад баримт бичиг байгаа. Хоригдож байх хугацаанд бие засахаас авахуулаад бусад зүйл дээр маш хэцүү байдалтай, хүнээс байнга тусламж авч байна. Хамт байгаа хүмүүс төвөгшөөж, өдрөөс өдөрт миний эрүүл мэндийн байдал муудаж байна. Би өндөр настай эх, өөрийн бага насны буюу 6 настай охины хамт амьдардаг. Би эхнэргүй, олон жилийн өмнө салсан. Миний ар гэрийн байдал маш хүнд байна. Мөн өдөрт 1 удаа өвчин намдаах эм ууж байгаа ч тэр нь нэмэр болохгүй байгаа. Хөгшин эх минь байнга энд ирж, эм тариа өгөх боломжгүй байна.

Иймд бусдын хохирол гомдлыг барагдуулж, өөрийн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа, бага насны охин, өндөр настай эхтэйгээ амьдардаг болон миний эрүүл мэндийн байдал, цаашдын эдгэрэх байдлыг харгалзан үзэж, Н.Г-д холбогдох хэргээс миний үйлдлийг тусгаарлан, тодорхой хугацаагаар түдгэлзүүлж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Б.Ганбат, Н.Г нарын өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Б.Г нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 220 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлсэн. Тухайн үед Б.Г нь бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулаагүй байсан учир Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эдлэх боломжгүй байсан. Шүүхийн тогтоол гарсны дараа Б.Г нь бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан болон түүний эрүүл мэндийн байдал, гэм буруугаа хүлээж байгаа байдал зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзан, түүнд оногдуулсан 2 жил 2 сарын хорих ялыг 1 жил болгон хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор Н.Нарангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Б.Г-с “Н.Г-д холбогдох хэргээс миний үйлдлийг тусгаарлан, тодорхой хугацаагаар түдгэлзүүлж өгнө үү” гэсэн давж заалдах гомдол гаргасан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “яллагдагч сэтгэцийн болон бусад хүнд өвчний улмаас хүрэлцэн ирж чадахгүй болох нь шинжээчийн дүгнэлт, эсхүл эмнэлгийн байгууллагын тодорхойлолтоор нотлогдсон бол” гэж заасан. Гэвч тухай үед шүүгдэгч Б.Г шүүх хуралдааны танхимд хүрэлцэн ирсэн учраас хэргийг шийдвэрлэсэн. Ял шийтгэлийг хөнгөрүүлж шийдвэрлэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал тул “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авахад прокурорын хувьд татгалзал байхгүй. ...” гэв.  

                        ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Н.Г, Б.Г нар нь бүлэглэн 2018 оны 8 дугаар сарын 28-ны орой 21 цаг 40 минутын үед Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “K T” ХХК-ийн хойд талд иргэн Д.Д-г араас нь татаж газар унагаан, түүний халаасанд байсан “Samsung G7” загварын гар утсыг дээрэмдсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Д.Д /хх 11-14/, гэрч С.Г /хх 21/, Р.Г /хх 24/, Б.Э /хх 66/ нарын мэдүүлгүүд,

“Samsung G7” загварын гар утсыг “Эрдэнэс” барьцаалан зээлдүүлэх газарт Р.Г нэрээр барьцаалсан талаарх барьцаат зээлийн гэрээ /хх 58/,  

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 43-44/, “Samsung G7” загварын гар утсыг 749.000 төгрөгөөр худалдан авч байсан талаарх зарлагын баримт /хх 46/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Б.Г, Н.Г нарыг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх, шүүгдэгч Б.Г, Н.Г нарын бүлэглэн, хохирогч Д.Д-н эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Мөн шүүгдэгч Б.Г-г анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Н.Г-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсэн нь тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм бурууд тохирсон байна.

Шүүгдэгч Б.Ганбат, Н.Г нарын өмгөөлөгч Н.Эрдэнэчимэгээс “... Б.Г нь бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, түүний эрүүл мэндийн байдал, гэм буруугаа хүлээж байгаа байдал зэргийг харгалзан, түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Учир нь, Н.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа ба давж заалдах шатны шүүх хуралдааны явцад тэрээр хохирогч Д.Д-д гэмт хэргийн улмаас учруулсан хохиролдоо 375.000 төгрөгийг нөхөн төлсөн талаарх баримтыг гарган өгсөн нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан “... гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх ...” тухай хуулийн шаардлагад нийцсэн байна.

Тиймээс шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар тухайн зүйл, хэсэгт заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Харин шүүгдэгч Б.Г-н давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг тусгаарлах, тодорхой хугацаагаар түдгэлзүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул түүний гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.