Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 097

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2017/00097

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.Отгонбаяр нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2016/00940 дүгээр шийдвэртэй

                       

Нэхэмжлэгч С.Отгонбаяр, Д.Алтаннавч нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч “Монь-Ивээл” ХХК-нд холбогдох

 

            Талбайн зөрүүний үнэ 5 214 000 төгрөгийг үлдэгдэл төлбөр 10 000 000 төгрөгөөс хасч тооцуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Монь-Ивээл” ХХК нь нэхэмжлэгч С.Отгонбаярт холбогдуулан 13 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч:           Э.Хэрлэнхүү

                                                                                        Д.Эрдэнэчимэг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:                    М.Цэндсүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга                     Р.Янжинлхам нар оролцов.

 

            Нэхэмжлэгч С.Отгонбаяр, Д.Алтаннавч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хэрлэнхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иргэн С.Отгонбаяр, Д.Алтаннавч нар нь 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр “Монь Ивээл” ХХК-тай №В05/505 тоот, №В05/506 тоот Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж тус компанийн Хан Уул дүүргийн 3 дугаар хороонд баригдаж байсан орон сууцны зориулалттай барилгын 5 давхрын 506 тоот 68.76 м.кв, 5 давхрын 505 тоот 52.36 м.кв орон сууцнуудыг худалдан авсан. Тус гэрээг байгуулах үед орон сууцны барилгын ажил явагдаж байсан бөгөөд барилгын компанийн удирдлагуудтай харилцан тохиролцож худалдан авсан орон сууцнуудын дотор зохион байгуулалтыг өөрчлөн нэгтгэсэн. 2015 оны 2 дугаар сард орон сууцандаа орсон. Тухайн үед 10 000 000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байсан ба орон сууцнуудын талбайн хэмжээ нь м.кв-ын зөрүүтэй эсэхийг нягтлах зорилгоор үлдэгдэл төлбөрийг төлөөгүй. 2015 оны 3 дугаар сарын 6-ны өдөр “Инжкон” ХХК-иар орон сууцнуудыг хэмжүүлэхэд 505 тоот орон сууц нь гэрээнд заасан 52.36 м.кв талбайтай байхаас 50.50 м.кв хэмжээтэй байж 1.86 м.кв дутуу, 506 тоот орон сууц нь гэрээнд заасан 68.76 м.кв байхаас 68.25 байж 0.51 м.кв дутуу нийт 2.37 м.кв талбай гэрээнд заасан талбайн хэмжээнээс дутсан. Орон сууц захиалгаар бариулах гэрээнд заасан хэмжээнээс дутсан м.кв-ын үнэ нь тухайн үеийн ханшаар бодоход /2.37*2 200 000=5 214 000/ төгрөг болох бөгөөд 10 000 000 төгрөгийн үлдэгдэл төлбөрөөс 5 214 000=4 786 000/ дээрх м.кв-ийн зөрүүг хасан 4 786 000 төгрөгийг “Монь Ивээл” ХХК-д төлөх саналыг удаа дараа гаргасан ч бидний саналыг хүлээж аваагүй үлдэгдэл төлбөрөө төлөхийг шаардсаар байна.  Иймд “Монь Ивээл” ХХК-тай байгуулсан 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн орон сууц захиалгаар бариулах №В05/505 тоот гэрээ, мөн өдрийн №В05/506 тоот гэрээний дагуу Хан Уул дүүргийн 3 дугаар хороо 41Б байрны 5 давхар 505, 506 тоот худалдан авсан орон сууцны нийт талбайн хэмжээнээс дутсан 2.37 м.кв талбайн зөрүүний үнэ 5 214 000 төгрөгийг “Монь Ивээл” ХХК-д орон сууцны төлбөрт төлөх 10 000 000 төгрөгийн үлдэгдэл төлбөрөөс хасаж тооцуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Монь Ивээл” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Батбаяр шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн тайлбарлахдаа:

Иргэн С.Отгонбаяр, Д.Алтаннавч нар нь барилгын ажил үргэлжилж байх үед буюу 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр №В05/505, №В05/50б тоот тус тус гэрээнүүдээр 416 барилгын 5 дугаар давхрын 505 /52.36м2/, 506 /68 76м2/ тоот байруудыг захиалж, 2 байраа нэгтгэж 1 байр болгоод дотоод зохион байгуулалтыг нь өөрчлүүлэх хүсэлт тавьсан. Нэг байран дээрээ орон сууцны ипотекийн 8 хувийн зээлэнд хамрагдах хүсэлтэй байна гээд гэрээгээ тус тусад нь хийхээр бидэнд хүсэлт тавьсны дагуу асуудлыг шийдвэрлэж өгсөн. Иргэн С.Отгонбаяр нь манай компанид 16 082 400 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байсан боловч байрандаа орох хүсэлт удаа дараа гаргасан учир 2015 оны 2 дугаар сарын 15-ны өдөр акт үйлдэж орон сууцыг хүлээлгэн, өгч байрандаа орсон. Байрандаа жижиг засвар хийх, банн угаалтуураа солих нэрээр 2 082 400 төгрөгийг үлдэгдэл төлбөрөөсөө хасуулсан. Мөн дараа нь газар шорооны ажил дээр экскаватороор хашааны суурийн нүх ухуулах жижиг ажил гүйцэтгүүлэн 4 000 000 төгрөгийг үлдэгдэл төлбөрөөсөө хасуулж үлдсэн 10 000 000 төгрөгийг нэн даруй төлөхөөр ерөнхий захиралтай тохиролцсон юм. Гэтэл тус иргэн нь захиалсан байрныхаа талбайг хэмжүүлэн 2,37 м.кв талбай дутсан гэдэг зүйл ярьж эхэлсэн. Анх орон сууцыг худалдан авах үед гэрээний дагуу 505 тоот орон сууцны нийт талбайн хэмжээ 52.36 м.кв, 506 тоот орон сууцны нийт талбайн хэмжээ 68.76 м.кв байхаар харилцан тохиролцсон. Нэхэмжлэгч нь орон сууцны талбайн хэмжээг тогтоолгохоор “Инжкон” ХХК-иар хэмжилт хийлгэсэн. Уг хэмжилтээр 505 тоот орон сууцны нийт талбайн хэмжээ 50.50 м.кв, 506 тоот орон сууцны нийт талбайн хэмжээ 68.25 м.кв талбайн хэмжээтэй байна гэсэн дүгнэлт гарсан байсан бөгөөд нэхэмжлэгч нар уг дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Харин хариуцагч компанийн зүгээс “Гранд Тек” ХХК-иар 505, 506 тоот орон сууцнуудад хэмжилт хийлгэхэд нэхэмжлэгч 505, 506 дугаартай орон сууцнуудыг нийлүүлээд дизайныг нь өөрчилж, засварласан тул талбайн хэмжээ нийтдээ 120.52 м.кв байна гэсэн дүгнэлт гарсан. Ингээд талууд тус тусдаа шинжээч томилуулан хэмжилт хийлгүүлж, талбайн хэмжээс дээр маргаж байсан учраас шүүхээс шинжээч томилсон. Шүүхээс томилогдсон шинжээчийн хэмжилтэнд 505 тоот орон сууцны нийт талбайн хэмжээ 51.40 м.кв, 506 тоот орон сууцны нийт талбайн хэмжээ 67.97 м.кв талбайн хэмжээтэй байна гэсэн дүгнэлт гарсан. Анх талуудын харилцан тохиролцсон гэрээнд зааснаас 505 тоот орон сууцны нийт талбайн хэмжээ 0.96 м.кв-ын зөрүүтэй. 506 тоот орон сууцны нийт талбайн хэмжээ 0.79 м.кв-ын зөрүүтэй дүгнэлт гарсан байна. Сүүлийн томилогдсон шинжээчийн дүгнэлтийн талаар ямар нэгэн байр сууриа илэрхийлж, нэхэмжлэгч тал маргаагүй.Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэсний дараа орон сууцыг хүлээлгэн өгөхөд 1 м.кв нэмэх, хасах хэлбэлзэл гарна гэж талууд харилцан тохиролцсон учир иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч “Монь Ивээл” ХХК-ийн ерөнхий захирал Baiyila шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Орон сууц захиалгаар бариулах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан төлбөрийн үлдэгдэл 10 000 000 төгрөгийг төлөөгүй. Гэрээний 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт зааснаар үүргээ биелүүлж, төлбөрөө төлөөгүй 7 хоногийн хугацаа хэтэрсэн тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгээс 0.1 хувийн алданги тооцно гэж заасан. Орон сууцны үлдэгдэл төлбөр төлөхгүй 11 сарын хугацаа өнгөрсөн. Иймд үндсэн төлбөрийн үлдэгдэл 10 000 000 төгрөг, алданги 3 300 000 төгрөг нийт 13 300 000 төгрөгийг нэхэмжлэгч С.Отгонбаяраас нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч С.Отгонбаяр, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Хэрлэнхүү нар сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. “Монь Ивээл” ХХК-д гэрээний дагуу төлөх ёстой 10 000 000 төгрөгийн үлдэгдэл төлбөр байгаа. Тухайн маргаан бүхий орон сууц нь 2015 оны 2 дугаар сард ашиглалтад ороход нэхэмжлэгч эхлээд м.кв-ын зөрүү байгаа эсэхийг тогтоогоод, үлдэгдэл төлбөрийг төлөх эсэх асуудлыг шийдвэрлүүлэх тухай саналыг тавихад хариуцагч “Монь Ивээл” ХХК нь хүлээн зөвшөөрөөгүй. Орон сууцны м.кв-ын зөрүүтэй эсэхийг хүний нүдээр хараад шууд илрүүлэх боломжгүй тул “Инжкон” ХХК-иар хэмжилт хийлгүүлж, 2.37 м.кв-ын зөрүү төлбөрийг хасаад, үлдэгдэл 4 788 000 төгрөгийг төлнө гэхэд “Монь Ивээл” ХХК нь хүлээн зөвшөөрөөгүй учир шүүхэд нэхэмжлэл гаргасан. Орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу ажил гүйцэтгэгч компани нь ямар нэгэн эд хөрөнгийн доголдолгүй эд хөрөнгийг захиалагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан. Ингээд нэхэмжлэгч Иргэний хуулийн 209 дүгээр зүйлд заасны дагуу гэрээний үүргийг гүйцэтгэхээс татгалзсан. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар нэхэмжлэгч С.Отгонбаяр, Д.Алтаннавч нарын талбайн зөрүүний үнэ 5 214 000 төгрөгийг үлдэгдэл төлбөр 10 000 000 төгрөгөөс хасч тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, “Монь Ивээл” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэгч С.Отгонбаяраас 13 000 000 төгрөг гаргуулан хариуцагч “Монь Ивээл” ХХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118 822 төгрөг, хариуцагч “Монь Ивээл” ХХК-иас сөрөг нэхэмжлэл гаргахад төлсөн 224 450 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Отгонбаяраас 224 450 төгрөгийг гаргуулан хариуцагч “Монь Ивээл” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хэрлэнхүү Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

...Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2016/00940 тоот шүүхийн шийдвэр нь хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглээгүй, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг тал бүрээс нь бодитой байх талаас нь үнэлээгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах гомдлыг гаргаж байна. Учир нь маргаанд оролцогч талууд хоорондоо байгуулсан “Орон сууц захиалгаар байгуулах гэрээ”-ний 1 дүгээр зүйлийн 1.3-дахь заалтад "Захиалагчид санал болгож буй талбай нь ажлын зургаар тооцоолсон бөгөөд гадна ханын дотор талаас эсрэг хананы дотор хэсэг хүртэл хэмжээн дээр  тагтыг 0.7 хувиар бууруулан тооцсон хэмжээг нэмсэн бөгөөд бүрэн гүйцэтгэл хийгдсэний дараа уг хэмжээнд 1 хувийн нэмэх, хасах хэлбэлзэл гарч болох бөгөөд энэ нь гэрээний үнэд нөлөөлөхгүй ..." гэж заасан байх ба хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу шүүхээс шинжээчээр томилсон "Эм Эм Инженеринг" ХХК-ийн хийсэн дүгнэлтээр 505 тоот орон сууцны талбайн хэмжээ нь 51.40 м.кв /0.96 м.кв дутуу/, 506 тоот орон сууцны талбайн хэмжээ нь 67.97 м.кв /0.79 м.кв дутуу/ байгаа нь тус гэрээнд заасан хэмжээнээс буюу 1 хувийн хэлбэлзлээс илүү байгаа нь талуудын хооронд байгуулсан гэрээний заалтад нийцэхгүй байх байна. Анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 13637 тоот захирамжаар орон сууцны м.кв-ын хэмжээг тогтоолгохоор  "Эм Эм Инженеринг" ХХК-ийн гаргасан дүгнэлтээр 1.75 м.кв талбай дутуу болох нь тогтоогдсон. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ гэрээний 1.3-т заасан орон сууцны талбайн хэмжээг барилгын зураг төсөлд үндэслэн сууцны гадна хананы дотор талаас тооцоолж, гүйцэтгэл хийгдсэний дараа 1 хувийн нэмэх хасах хэлбэлзэл гарч болох бөгөөд энэ нь гэрээний үнэд нөлөөлөхгүй гэж тохиролцсон, энэ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт "гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасантай нийцсэн" гэж тайлбарлаж байгаа боловч Монгол Улсад мөрдөгдөж буй "Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал" MNS6058:2009 стандартыг талууд гэрээгээр тохиролцон өөрчлөх, зөрчиж болно гэсэн ойлголт биш юм. Иймд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2016/00940 тоот шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

                                                                ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн гэрээний харилцаанд хамааралтай хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай.

Нэхэмжлэгч С.Отгонбаяр, Д.Алтаннавч нар нь хариуцагч “Монь Ивээл” ХХК-д холбогдуулан талбайн зөрүү 5 214 000 төгрөгийг орон сууцны үлдэгдэл төлбөр 10 000 000 төгрөгөөс хасч тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргаж, гэрээний үүрэг болон алдангид 13 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Орон сууцны талбайн зөрүүгээс гарах мөнгийг тус орон сууцны үлдэгдэл төлбөрөөс хасч тооцох тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Гүйцэтгэгч буюу хариуцагч “Монь ивээл” ХХК нь захиалагч буюу нэхэмжлэгч С.Отгонбаяр, Д.Алтаннавч нартай 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” байгуулан, С.Отгонбаяр нь Хан-Уул дүүргийн 3-р хороо нутаг дэвсгэрт баригдаж буй Ивээл орон сууцны хотхоны 41Б байрны 5 давхрын 506 тоот 68.76 м.кв 3 өрөө орон сууцыг, Д.Алтаннавч нь 505 тоот 2 өрөө 52.36 м.кв орон сууцыг тус тус захиалан бариулах, хариуцагч нь орон сууцыг барьж хүлээлгэн өгөхөөр тус тус тохиролцжээ. /хэргийн 4-11 дүгээр тал/

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийж, гарын үсэг зурсан байх бөгөөд талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч нар нь гэр бүлийн гишүүд байх бөгөөд гэрээнд заагдсан Хан-Уул дүүргийн 3-р хороо нутаг дэвсгэрт баригдсан “Ивээл” орон сууцны хотхоны 41Б байрны 5 давхрын 506 тоот 68.76 м.кв болон 505 тоот 2 өрөө 52.36 м.кв орон сууцыг нэгтгэсэн үйл баримт тогтоогдсон байна.

Иймд анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь зөв болжээ.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагадаа “…хариуцагч байгууллагаас авсан орон сууцыг хэмжүүлэхэд 505 тоот 2 өрөө орон сууц нь 1.86 мкв талбай дутуу, 506 тоот орон сууц нь 0.51 м.кв дутуу гэх үндэслэл зааж, гэрээнд заасан хэмжээнээс дутсан 2.37 м.кв үнэ 5 214 000 төгрөгийг орон сууцны үнийн үлдэгдэл төлбөр 10 000 000 төгрөгөөс хасч тооцуулна гэсэн үндэслэл заажээ.

Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэсэн ажилд ямар нэгэн доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш 6 сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргах эрхтэй байдаг.

Талууд 2015 оны 2 дугаар сарын 15-ны өдөр орон сууцыг хүлээлцсэн акт үйлдэн нэхэмжлэгч нар орон сууцаа хүлээн авсан үйл баримтын талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгч талаас хариуцагч байгууллагад тухайн байрны талбайн зөрүүгийн талаар удаа дараа шаардлага гаргаж, талууд 2015 оны 3 дугаар сарын 7-ны өдөр “Инжкон” ХХК болон 2015 оны 10 дугаар сарын 6-ны өдөр “Гранд тек” ХХК-иар хэмжилт хийлгүүлсэн цаг хугацаанаас үзэхэд нэхэмжлэгч нар гомдлын шаардлагаа хуульд заасан хугацаанд гаргасан байх тул хариуцагчийн гомдлын шаардлага гаргах хугацаа хэтэрсэн гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор орон сууцны талбайн хэмжээг тогтоосон “Инжкон” ХХК-ийн 2015 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн “ Орон сууцны талбайн хэмжилтийн тайлан”-г шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байх бөгөөд уг дүгнэлтээр 506 тоот орон сууцны талбай нь 68.25 м.кв, 505 тоот орон сууцны талбай нь 50.50 м.кв гэж тогтоожээ. /хэргийн 12-13 дугаар тал /

Хариуцагч нэхэмжлэлийн дээрх шаардлагыг эс зөвшөөрч “Гранд тек” ХХК-ийн 2015 оны 10 дугаар сарын 6-ны өдөр хийсэн орон сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийж, түүний талбайг тооцсон дүгнэлтийг ирүүлсэн байх бөгөөд уг дүгнэлтээр 505, 506 орон орон сууцны нийт талбай нь 120.52 м.кв гэж гарсан байна. /хэргийн 113-115 дугаар тал/

Зохигчид маргааны зүйл болж буй орон сууцны талбайд хэмжилт хийлгэсэн зөрүүтэй дүгнэлтүүдийг шүүхэд ирүүлж, хэн аль нь нөгөө талынхаа ирүүлсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй маргасан байх тул шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар шинжээч томилж “Эм Эм Инженеринг” ХХК-ийн 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 08-01/2016 тоот шинжээчийн дүгнэлтээр 505 тоот 2 өрөө орон сууцны талбайн хэмжээ 51.40 м.кв, 506 тоот 3 өрөө орон сууцны талбайн хэмжээ 67.97 м.кв болохыг тогтоосон, талууд уг дүгнэлтийн талаар маргаагүй болно. Иймд уг дүгнэлтийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарах нотлох баримтын хэмжээнд үнэлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журамд нийцнэ.

Дээрх шинжээчийн дүгнэлтээс үзэхэд талуудын хооронд байгуулсан гэрээний 1.1-д зааснаар 5 давхрын 506 тоот орон сууц нь 68.76 байхаас 67.97 м.кв буюу 0.79 м.кв-аар бага, 505 тоот орон сууц нь 52.36 м.кв байхаас 51.40 м.кв байгаа буюу 0.96 м.кв-аар бага болох нь тогтоогджээ. /хэргийн 123-131 дүгээр тал/

            Талуудын байгуулсан В05/505, ¹В05/506 тоот “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-нүүдийн 1.3-дахь заалтад “Захиалагчид санал болгож буй талбай нь ажлын зургаар тооцоолсон бөгөөд гадна ханын дотор талаас эсрэг хананы дотор хэсэг хүртэл хэмжээн дээр тагтыг 0.7 хувиар бууруулан тооцсон хэмжээг нэмсэн бөгөөд бүрэн гүйцэтгэл хийгдсэний дараа уг хэмжээнд 1 хувийн нэмэх хасах хэлбэлзэл гарч болох, энэ нь гэрээний үнэд нөлөөлөхгүй байхаар заажээ.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээний агуулгыг үгийн шууд утгаар тайлбарлах учиртай бөгөөд гэрээний уг заалтаас үзэхэд талууд ажлын талбайн хэмжээг нийт талбайн 1 хувиас бага байж болохыг нэхэмжлэгч буюу захиалагч тал хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

            Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д зааснаар “Ажил гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй” бөгөөд орон сууцны талбайн зөрүү талуудын гэрээгээр тохиролцсон 1 хувийн хэлбэлзлээс илүү буюу орон сууцны талбай 0.79 м.кв /1 хувь нь 0.68/ болон 0.96 м.кв-ын /1 хувь нь 0.52/ зөрүүтэй байх тул нэхэмжлэгч С.Отгонбаяр, Д.Алтаннавч нар Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-д зааснаар дутуу талбайн хэмжээгээр ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулахаар шаардах эрхтэй.

Иймд орон сууцны талбайн зөрүү нь гэрээнд заасан хэлбэлзэлд багтсан гэж дүгнэсэн нь анхан шатны шүүхийн дүгнэлт буруу, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байх ба харин хариуцагчийн гаргасан 1 хувийн зөрүүг 1 м.кв талбайн зөрүү гэж үзэж, уг зөрүүг тооцоогүй гэх татгалзал хууль зүйн үндэслэлгүй болно.  

Нэхэмжлэгч нарын худалдан авсан орон сууцуудын талбайн зөрүү гэрээнд заасан хэмжээнээс 1.2 м.кв дутуу байх тул талбайн зөрүү үнэ болох 1 210 000 төгрөгийн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Нэхэмжлэгч нар тус бүрийн шаардах эрхийг тодорхойлоогүй, уг орон сууцнууд нэгтгэгдсэн ба хамтран үүрэг гүйцэтгүүлэгчийн хувиар шаардсан байх тул тус бүрээр нь бус нийт дүнгээр нь тооцож нэхэмжлэлийг хангах нь Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.1 дэх хэсэгт заасанд нийцнэ гэж үзэв.

Орон сууцны үнийн үлдэгдэл төлбөр, алдангийг төлүүлэх талаар гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Хариуцагчийн гаргасан орон сууцны үнийн үлдэгдэл 10 000 000 төгрөг, алданги 3 300 000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч нар эс зөвшөөрч “...тохирсон хэмжээнээс бага хэмжээтэй орон сууц нийлүүлсэн учир алдангийг төлөхгүй...” гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь ажил гүйцэтгэх гэрээний үр дүнг нэхэмжлэгч нар хүлээн авсан үйл баримт зохигчдын тайлбараар тогтоогдсон бөгөөд талбайн хэмжээ дутуу байгаа нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-т заасан ажлын хөлс төлөх үүргээ биелүүлэхээс татгалзах үндэслэл болохгүй.

Орон сууцны үлдэгдэл төлбөрт 10 000 000 төгрөг төлөгдөөгүй байгаа үнийн дүнгийн асуудлаар зохигчдын хэн аль нь маргаагүй, хариуцагч “Монь Ивээл” ХХК нь нэхэмжлэгч С.Отгонбаяр, Д.Алтаннавч нараас ажил гүйцэтгэх гэрээнд заасны дагуу орон сууцны үлдэгдэл төлбөрөө төлөхийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

Орон сууц захиалгаар бариулах гэрээний 2.1-д захиалагч нь ажлын үр дүнг 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр багтаан хүлээлгэж өгөхөөр тохиролцсон байх боловч талууд 2015 оны 2 дугаар сарын 15-ны өдөр акт үйлдэж орон сууцыг хүлээн авсан асуудлаар маргаагүй тул уг хугацаагаар захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцно.

Гэрээний 4.1-т “…түлхүүр гардан авахдаа үлдэгдэл төлбөрийг төлнө” гэж талууд тохиролцсон байх тул 2015 оны 2 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч нар Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар төлбөрөө бүрэн төлж барагдуулах үүрэгтэй байсан гэж үзнэ. Иймд орон сууцны үлдэгдэл төлбөр 10 000 000 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулан хариуцагч байгууллагад олгох хууль зүйн үндэслэлтэй болно

Мөн гэрээний 8.2-т “Захиалагч нь 4.1-т заасан төлбөр төлөх хугацааг 7 хоног хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгэгч нь 3 удаа утсаар болон бичгээр сануулах ба сануулга авснаас хойш 7 хоногийн дотор төлөөгүй тохиолдолд үнийн дүнгээс хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө” гэж тохиролцжээ. Иймд хариуцагчийн хувьд гэрээнд заасан энэхүү нөхцөл бүрдсэн тохиолдолд  Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нараас алданги шаардах эрхтэй.

Хариуцагчийн итгэмжлэгдэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа нэхэмжлэгч нарт 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр үлдэгдэл төлбөрөө төлөх талаар албан ёсоор мэдэгдэл өгч, нэхэмжлэгч Д.Алтаннавч гарын үсэг зурж хүлээж авсан гэсэн тайлбарыг гаргасан байх бөгөөд хариуцагчийн уг тайлбарыг нэхэмжлэгч нар үгүйсгээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч нар нь шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэг хүлээдэг бөгөөд мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн өмгөөлөгчийн тайлбар зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно. Иймд хариуцагчийн дээрх тайлбарыг үндэслэн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгч нарт гэрээний 8.2-т заасан төлбөр төлөх хугацааны талаар сануулга өгсөн гэж үзэх бөгөөд уг өдрөөс 7 хоногийг тооцон 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд алданги тооцож төлүүлэх нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцнэ.

Нэхэмжлэгч нарын хариуцагчид төлөх алдангийн хэмжээ нь /10 000 000 *0.1 хувь *47 хоног/ 470 000 төгрөг байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг энэ хэсгээр хангах нь зүйтэй.

Дээр дурьдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжтой байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь  заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ний өдрийн 183/ШШ2016/00940 дугаар шийдвэрийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т зааснаар “Монь-Ивээл” ХХК-иас 1 210 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Отгонбаяр, Д.Алтаннавч нарт олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 4 004 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Отгонбаяр, Д.Алтаннавч нараас 10 470 000 төгрөг гаргуулж “Монь-Ивээл” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2 530 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж  

шийдвэрийн 2 дахь заалтын “…нэхэмжлэгч С.Отгонбаяраас 224 450 төгрөгийг гаргуулж “Монь Ивээл” ХХК-д олгож ” гэснийг “…нэхэмжлэгч С.Отгонбаяраас 182 470 төгрөгийг гаргуулж “Монь Ивээл” ХХК-д олгож, “Монь Ивээл” ХХК-иас 33 590 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Отгонбаяр, Д.Алтаннавч нарт олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хэрлэнхүүгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98 374 төгрөгийг буцаан олгохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ                        

                                         ШҮҮГЧ                               А.ОТГОНЦЭЦЭГ      

Ц.ИЧИНХОРЛОО