Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2023/0686

 

 “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б

Нэхэмжлэлийн шаардлага: Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын “Баянгол дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч Г.А, Ц.Б нарын 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн “Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийг баталгаажуулсан” 260018013 тоот акт болон Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 15 дугаар тогтоолоор тус тус баталгаажуулсан 1 021 321 449.00 төгрөгийн илүү төлөлтийг нэхэмжлэгч “Д” ХХК-д буцаан олгуулах саналаа холбогдох баримт бичгийн хамт Сангийн яаманд хүргүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох,

Дээрх тогтоолоор тус тус баталгаажсан 1 021 321 449.00 төгрөгийн илүү төлөлтийг нэхэмжлэгч “Д” ХХК-д буцаан олгуулах саналаа хуулийн дагуу холбогдох баримт буцаан олгох саналыг Сангийн яаманд хүргүүлэхийг Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газарт даалгуулах,

Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 02/918 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 925 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Ц.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 128/2022/0770/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Д” ХХК-иас Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газарт холбогдуулан “Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын “Баянгол дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч Г.А, Ц.Б нарын 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн “Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийг баталгаажуулсан” 260018013 тоот акт болон Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 15 дугаар тогтоолоор тус тус баталгаажуулсан 1 021 321 449.00 төгрөгийн илүү төлөлтийг нэхэмжлэгч “Д” ХХК-д буцаан олгуулах саналаа холбогдох баримт бичгийн хамт Сангийн яаманд хүргүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, дээрх тогтоолоор тус тус баталгаажсан 1 021 321 449.00 төгрөгийн илүү төлөлтийг нэхэмжлэгч “Д” ХХК-д буцаан олгуулах саналаа хуулийн дагуу холбогдох баримт буцаан олгох саналыг Сангийн яаманд хүргүүлэхийг Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газарт даалгуулах, Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 02/918 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.  

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 925 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2, 15.7, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан “Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын “Баянгол дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.А, Ц.Б нарын 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн “Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийг баталгаажуулсан” 260018013 тоот акт болон Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 15 дугаар тогтоолоор тус тус баталгаажуулсан 1 021 321 449.00 төгрөгийн илүү төлөлтийг нэхэмжлэгч “Д” ХХК-д буцаан олгох саналыг Сангийн яаманд хүргүүлэхийг Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газарт даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үлдэх шаардлага болох сүүлд нэмэгдүүлсэн “Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 02/918 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:

Бид нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын “Баянгол дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.А, Ц.Б нарын 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн “Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийг баталгаажуулсан” 26008013 тоот акт болон Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 15 дугаар тогтоолоор тус тус баталгаажуулсан 1.021.321.449.00 төгрөгийн илүү төлөлтийг нэхэмжлэгч “Д” ХХК-д буцаан олгуулах саналаа холбогдох баримт бичгийн хамт Сангийн яаманд хүргүүлэхгүй байгаа” эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, “Д” ХХК-ийн илүү төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох саналыг Сангийн яаманд хүргүүлэхийг Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газарт даалгуулах, Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 02/918 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах” хэмээн дээрх гурван нэхэмжлэлийн шаардлага гаргаж холбогдох үндэслэл, тайлбарыг бичгээр болон шүүх хуралдаанд амаар гаргасан болно. Гэвч анхан шатны шүүх хэт нэг талыг барьж холбогдох хуулиудыг буруу хэрэглэж тайлбарласан, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, шүүх тухайн шийдвэрийг гаргахад нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзэж үнэлэлгүйгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

3.1. Шүүгч шийдвэрийн тогтоох хэсгээ буруу хууль үндэслэсэн тухайд:

Шүүгч шийдвэрээ гаргахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон тогтоож хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан. Тухайн шийдвэрийн тогтоох хэсэгт хуульд үндэслэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-ийг баримталсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь шүүгч шийдвэрээ уншиж сонсгохдоо зөвхөн “Баянгол дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагчийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 260018013 тоот акт нь саналын шинжтэй баримт бичиг бөгөөд заавал биелүүлж хэрэгжүүлэх үүрэг хариуцагчид үүсээгүй тул хэргийг хэрэгсэхгүй болголоо” хэмээн тайлбарласан. Мөн “гуравдугаар нэхэмжлэлийн шаардлага болох Том татвар төлөгчийн газрын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 02/918 дугаартай албан бичгийг хүчингүй болгосноор энэхүү хэргийг шийдвэрлэхэд шууд ач холбогдолгүй байна” гэсэн боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар энэхүү хэрэг нь шүүхэд хэлэлцэгдэх явцад захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш байна гэж огт хэлээгүй юм.

Гэтэл шүүгч шийдвэрээ бичгээр гаргаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-ийг үндэслэхдээ Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 02/918 дугаартай албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг агуулаагүй байх тул захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш байна хэмээн дүгнэсэн байна.

Бид захиргааны актыг хүчингүй болгуулах талаар нэхэмжлэл гаргаагүй бөгөөд бидний гаргасан гурван нэхэмжлэлийн шаардлага нь хоорондоо уялдаа холбоо бүхий юм. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д ““Эс үйлдэхүй” гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасны дагуу эс үйлдэхүйтэй холбоотойгоор захиргааны шүүх харьяалан шийдвэрлэх нэхэмжлэл гаргасан юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2-т “Нэхэмжлэлийг энэ хуулийн 54.1-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзахдаа шүүгч захирамж гарган татгалзсан шалтгааныг зааж, уг нэхэмжлэлийг дахин гаргах, эсхүл хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг хэрхэн засахыг зааж, нэхэмжлэлийг буцаана” гэж, 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж тус тус зааснаар хууль зүйн агуулга нь шүүх хэргийн оролцогчдын маргасан асуудал бүрт шүүх дүгнэлт хийх ёстой.

Дүгнэлтэд шийдвэр гаргасан үндэслэлээ тайлбарлах ёстой боловч яагаад татварын байцаагчийн акт саналын шинжтэй болох тухай огт тайлбарлаагүй байдаг.

Харин талуудын маргаагүй асуудлаар дүгнэлт хийх шаардлагагүй байтал маргаан таслах зөвлөлийн нэгэнт шийдэж, талууд маргаагүй асуудлыг шүүх буруу тайлбарлаж шийдвэр гаргасан.

Өөрөөр хэлбэл маргаан таслах зөвлөлийн шийдвэрийн талаар талууд огт маргаагүй ба уг шийдвэрт нийцүүлэн нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг хэрхэн олгох тухай процессын маргаан үүссэн юм.

Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар хүлээн авахаас татгалзахдаа хариуцагчийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 02/918 дугаартай албан бичгээр өгсөн хариуг яагаад захиргааны акт биш, захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргаан гэж үзэж буй үндэслэлээ тайлбарласангүй. Уг албан бичиг нь манай байгууллагад хаяглагдсан бөгөөд бидний нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг авах хүсэлтэд татгалзсан агуулгатай байгаагаараа Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан захиргааны актын шинжийг бүрэн агуулсан байдаг. Мөн уг албан бичгээр хариуцагч нь манай байгууллагын илүү төлсөн татварыг буцаан авах хүсэлтэд хуульд байхгүй үндэслэл зааж татгалзсан байдаг тул уг албан бичиг нь хууль бус бөгөөд үүний улмаас бид илүү төлсөн татвараа буцаан авч чадахгүй хохирч байгааг шүүх анхаарсангүй.

Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2019 оны 260018013 дугаартай актаар манай байгууллагын Нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг хянан шалгаж, тус татварын хэлтсийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 01/1859 дүгээр албан бичгээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2-т заасны дагуу Татварын ерөнхий газарт баталгаажуулахаар хүргүүлсэн байдаг.

Улмаар Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын улсын байцаагч нараас Татварын ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.2-т “татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын том татвар төлөгч хариуцсан нэгж нь энэ хуулийн 45.1-д заасан саналыг хүлээн авч нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг хянан шалгаж, баталгаажуулсан акт үйлдэнэ” гэж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7-д “...15.1.2-д зааснаар ирүүлсэн хүсэлт, саналыг хүлээн авснаас хойш ажлын долоон өдөрт багтаан хянаж...” гэж заасны дагуу хянаж, татварын улсын байцаагч нарын 2020 оны НӨ-21200000002 дугаар нөхөн ногдуулалтын актыг үйлдсэн, уг нөхөн ногдуулалтын актыг Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2021 оны 15 дугаартай тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Маргаан таслах зөвлөл нэгэнт шийдсэн тохиолдолд Том татвар төлөгчийн газар нь манай байгууллагын татварын илүү төлөлтийг дахин шалгах эрх зүйн үндэслэл байхгүй, харин Татварын ерөнхий хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д “Нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгосон буюу өөрчилсний улмаас бүрэн буюу хэсэгчлэн буцаан олгох татвар, торгууль, алдангийг татварын буцаан олголтын актаар баталгаажуулна” гэж заасны дагуу “буцаан олголтын акт”-ыг үйлдэж Сангийн яаманд хүргүүлэх үүрэгтэй байхад хариуцагч нь маргаан бүхий 02/918 дугаартай албан бичгийн агуулга нь “...манай газар хяналт шалгалт зохих журмын дагуу хийх болохыг үүгээр мэдэгдэж байна” гэсэн хариу өгсөн нь Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т “илүү төлсөн татварыг буцаан авах татвар төлөгчийн эрхийг үгүйсгэж, бидний үйл ажиллагаанд хүндрэл учруулах зэрэг сөрөг үр дагавар үүсгэж” байна.

Мөн хянах хугацаа аль хэдийн өнгөрч, үүнээс хойш нэг жил гаруй хугацаа болжээ. Захиргааны байгууллага ингэж ажлаа хийж байхад анхан шатны шүүх өмөөрч хаацайлсан шийдвэр гаргажээ.

Татварын албан нь Татварын ерөнхий хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т зааснаар “татвар төлөгчийн хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хүндэтгэх үүрэгтэй”, 76 дугаар зүйлийн 76.1.3-т зааснаар “татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, түүнийг хэрэгжүүлэх боломжийг хангах, тэдэнд итгэл үзүүлэх” зарчмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгох ёстой атал хариуцагч Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газар нь дээрх албан бичгээр хуульд байхгүй үйл ажиллагаа буюу “дахин хяналт шалгалт хийх”-ээр мэдэгдэж байгаа нь бидний хүсэлт шийдвэрлэгдэхгүй байх, улмаар нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын маргаан дахин дахин үүсэж дуусахгүй байх сөрөг үр дагаврыг үүсгэж байна.

3.2. Улсын байцаагчийн актыг саналын шинжтэй баримт бичиг хэмээн буруу дүгнэсэн тухайд:

Анхан шатны шүүхийн шийдвэрт “эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ шийдвэрийнхээ 8 дахь хэсэгт “Нэхэмжлэгчийн үндэслэл болгож буй Баянгол хэсэгт дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагчийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 260018013 тоот акт нь дээрх хуульд заасан саналын шинжтэй баримт бичиг бөгөөд үүнийг хариуцагч Том татвар төлөгчийн газраас заавал биелүүлж хэрэгжүүлэх үүрэг хуулиар үүсээгүй байхад хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлгүй” гэж тайлбарласан нь хуульд нийцэхгүй, хууль бус үндэслэл болжээ.

Баянгол дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.А, Ц.Б нарын 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн “Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийг баталгаажуулсан” 26008013 тоот акт нь Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.15-д ““нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт” гэж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд зааснаар албан татвар суутган төлөгчийн татварын ногдуулалт, төлөлтийг татварын алба хянан, баталгаажуулсан баримт бичгийг” гэсний дагуу заавал биелэгдэх шинжтэй улсын байцаагчийн хянан баталгаажуулсан акт юм.

Аймаг нийслэл дүүргийн улсын байцаагчийн актыг хариуцагч тал саналын шинжтэй албан бичиг гэж шүүх хуралдаанд тайлбарласныг манай тал няцааж дүүргийн улсын байцаагчийн акт нь заавал биелэгдэх шинжгүй, санал байдаг юм бол бусад тохиолдлуудын актууд юу болох вэ, хэрэв шүүх ингэж шийдвэрлэвэл хуульд нийцэхгүй буруу жишиг тогтох эрсдэлийг хэлсэн.

Учир нь Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.26-д ““татварын акт” гэж татварын улсын байцаагчийн үйлдсэн нөхөн ногдуулалтын акт, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт, татварын буцаан олголтын актыг” мөн хуулийн 6.1.27-д “татварын буцаан олголтын акт” гэж татварын албаны үндэслэлгүйгээр илүү хураасан мөнгөн дүнд алданги тооцож олгоход үйлдэх баримт бичгийг” тус тус ойлгохоор хуульд тодорхой зохицуулсан байна.

Хуульд саналын шинжтэй баримт бичиг гэсэн ямар нэг зохицуулалт, ойлголт огт тусгагдаагүй. Аливаа улсын байцаагчийн акт нь хууль зүйн үр дагавар бүхий заавал дагаж мөрдөх шинжтэй баримт бичиг болно. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д зааснаар “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэсэн байдаг.

Бид нэхэмжлэлийн үндэслэлдээ Том татвар төлөгчийн газарт 2022 оны 02 дугаар сарын 15 болон 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр удаа дараа хүсэлт гаргасан талаараа дурдсан, мөн Татварын ерөнхий хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7-д дурдсанаар хариуцагч нь хүсэлтийг ажлын 7 өдрийн дотор хянаж баталгаажуулалтын акт үйлдэж, 2 хоногийн дотор Сангийн яаманд хүргүүлэх хуулийн зохицуулалт байсаар байхад шууд “хуулийн үүрэг үүсээгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, Татварын ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.2, 72 дугаар зүйлийн 72.1 дэх заалтууд болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7-д “Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 15.1.2, 15,4, 15.6-д зааснаар ирүүлсэн хүсэлт, саналыг хүлээн авснаас хойш ажлын долоон өдөрт багтаан хянаж буцаан олгох татварын хэмжээг тодорхойлж, энэ тухай албан татвар төлөгчид бичгээр буюу цахим хэлбэрээр мэдэгдэж, буцааж олгох албан татварын хэмжээ, өрийн дүн зэргийг хянан баталгаажуулж, албан татвар буцаан олгох саналыг ажлын хоёр өдөрт багтаан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ” гэж ямар нэгэн хоёрдмол утгагүйгээр, эрх олгосон агуулгагүйгээр үүрэг болгож тодорхой заасан тул хариуцагч захиргааны байгууллага нь илүү төлөлтийг баталгаажуулж холбогдох саналыг төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх үүрэгтэй юм.

Гэтэл шүүх хуулийн дээрх зохицуулалтыг “...харьяалах татварын байцаагчийн саналыг үндэслэн Татварын ерөнхий газрын улсын байцаагчийн актаар эцэслэн баталгаажихаар байна” гэж Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагчийн хязгааргүй эрх мэтээр хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Учир нь шүүхийн тайлбарласан Том татвар төлөгчийн газрын татварын байцаагчийн эрх хэмжээ хэрэгжээд дууссан, уг эрхийн хүрээнд гарсан нөхөн ногдуулалтын актыг маргаан таслах зөвлөл хүчингүй болгож шийдвэрлэснийг анхаараагүйгээс Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагчийн “нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах” үйл ажиллагаа дахин дахин явагдах, татвар төлөгчийн илүү төлөлтийг баталгаажуулж өгөхгүй байх нөхцөлийг бүрдүүлэхээр байна.

Зүй нь Татварын ерөнхий хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх заалтын дагуу хариуцагч нь баталгаажуулалтын актыг шууд олгох үүрэгтэй юм.

3.3. Татварын Маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг харгалзаагүй тухайд:

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 10-д “Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн хувьд дээрх хуульд зааснаар Баянгол дүүргийн татварын хэлтсээс ирүүлсэн санал нь татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын актаар буцаан олгох татварын хэмжээ нь эцсийн байдлаар тодорхойлогдон баталгаажаагүй, харин ч эсрэгээрээ татвар төлөх ёстой гэсэн акт гарсан нь тодорхой байхад нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох ажиллагаа хуулийн дагуу хийгдсэн байхад нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зорчиж буцаан олгуулах саналыг Сангийн яаманд хүргүүлээгүй гэж хариуцагчийг буруутгах боломжгүй” гэж дүгнэсэн нь өөр хоорондоо зөрчилтэй, утга нь ойлгомжгүй байна.

Уг хэсэгт “...эсрэгээрээ татвар төлөх ёстой гэсэн акт гарсан нь тодорхой байхад, нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох ажиллагаа хуулийн дагуу хийгдсэн байхад” гэж дүгнэсэн нь бодит байдлаас зөрүүтэй байна. Бид буцаан олголт аваагүй тул нэхэмжлэл гаргасан, мөн манай байгууллагад нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн НӨ-21200000002 тоот актыг Татварын маргаан таслах зөвлөлийн 15 дугаартай тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн байхад шүүх бодит байдлаас зөрүүтэй дүгнэлт хийж, хуулийн үндэслэлгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчимд нийцэхгүй байна.

2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн НӨ-21200000002 дугаартай нөхөн ногдуулалтын акт үйлдсэн нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нийцэхгүй, бусад татварын улсын байцаагчдын шийдвэр, акттай зөрчилдсөн, өмнөх татварын байцаагчдын актыг хүчингүйд тооцоогүй байдаг.

Бид шүүх хуралдаанд мэтгэлцэхдээ энэхүү 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр НӨ-21200000002 тоот актыг Татварын Маргаан таслах зөвлөлийн 15 дугаартай тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.10-д “Маргаан таслах зөвлөл нь татварын актаар баталгаажуулсан дүнг өөрчлөх, хүчингүй болгох, хэвээр үлдээх, түдгэлзүүлж татварын албанд буцаах шийдвэрийн аль нэгийг гаргах бөгөөд уг шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна” гэсний дагуу хүчингүй болгосон, мөн энэхүү шийдвэрийг мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.18-д “Маргаан таслах зөвлөлийн гаргасан шийдвэрийг зөвхөн шүүхийн шийдвэрээр өөрчилнө” гэсэн боловч уг шийдвэр өнөө хүртэл хүчинтэй байгаа тул нөхөн ногдуулалтын акт нь хүчингүй болж Баянгол дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.А, Ц.Б нарын 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн “Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийг баталгаажуулсан” 26008013 тоот актын хэрэгжилтийг хангуулах талаар хариуцагч хуульд заасан үйлдлээ хэрэгжүүлэхгүй эс үйлдэхүй үзүүлж байгаа талаар мэтгэлцсэнийг шүүх мөн харгалзан үзэж шийдвэртээ дүгнэлт хийгээгүй байна.

Мөн шийдвэрийн дээрх хэсэгт “...нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, буцаан олгуулах саналыг Сангийн яаманд хүргүүлээгүй гэж хариуцагчийг буруутгах боломжгүй гэсэн” Татварын Маргаан таслах зөвлөлийн 15 дугаартай тогтоолыг шүүх илтэд үгүйсгэж Татварын ерөнхий хуулийн 46, 47 дугаар зүйлийг огт хайхарсангүй.

Шүүхийн шийдвэрийн 11 дэх хэсэгт “...Маргаан таслах зөвлөлийн тогтоол гарснаар ... тайлангийн үлдэгдэл баталгаажуулах, буцаан олгохтой холбоотой үйл ажиллагаа дуусгавар болсон” гэсэн нь үндэслэлгүй.

Учир нь татварын эрх зүйн харилцаа нь татвар ногдох орлого олж эхэлснээс хойших татвараа тодорхойлох, тайлагнах, тушаах, татварын хяналт шалгалт хийх, татварыг хураах, илүү төлсөн татварыг буцаан олгох, суутгах тооцуулах зэрэг маш олон үйл ажиллагаанаас бүрддэг бөгөөд манай байгууллага нь 2012 оноос 2019 онуудын татварын тайлангаа тухай бүр гаргаж, татварын албанд хүргүүлсэн төдийгүй тухайн онуудын тайлангаар ... төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан авалтын тайлан гаргаж харьяалах татварын албанд тушаасан, энэхүү тайлангуудад өөрчлөлт ороогүй.

Мөн манай байгууллага тайлангаар тодорхойлсон нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан авалтаа авахаар хүсэлт, улмаар шүүхэд нэхэмжлэл гаргаж маргаж байна.

Маргаан таслах зөвлөлийн 15 дугаартай тогтоолоор манай байгууллагад ногдуулсан нөхөн татвар, торгууль, алдангийн асуудлыг шийдвэрлэсэн болохоос бус буцаан олголтын асуудлыг шийдвэрлээгүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу.

Хэрэв шүүх “...нэмэгдсэн өртгийн тайлангийн үлдэгдэл баталгаажуулах, буцаан олгохтой холбоотой үйл ажиллагаа дуусгавар болсон” гэж үзэж байгаа бол Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж, харьяа татварын албанд тушаана. Татвар төлөгч дараах үүргийг хүлээнэ”, мөн хуулийн 29.1.3-д “суутгасан татварыг хуульд заасан хугацаанд харьяа татварын албанд үнэн зөв тайлагнах” гэж заасны дагуу манай байгууллагын гаргасан тайлан хэрхэх, тайлангаар илүү гарсан татварыг буцаан авах бидний эрх /Татварын ерөнхий хуулийн 12.1.4/ хэрхэн үгүйсгэгдэх тухайд дүгнэлт хийх ёстой байтал хийсэнгүй ба шүүх хуулийн үндэслэлгүй, дур зоргын шинжтэй шийдвэр гаргажээ.

3.4. Татварын ерөнхий хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийн заалтыг шүүгч дүгнээгүй тухайд:

Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга нь 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хэрэгжихээр дагаж мөрдөх журмын тухай хуульд орсон. Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйл “2008 оны 5 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулиар хяналт шалгалтыг эхлүүлсэн бол уг хяналт шалгалтыг 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн дагуу үргэлжлүүлэн, хянан шийдвэрлэнэ” гэж заасан.

Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын дагаж мөрдөх журмын хуулийн 4 дүгээр зүйлд "2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө" гэж заасан.

Шинэчилсэн найруулга нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөөд үүнээс хойш манай байгууллагын эрх зүйн байдлыг дордуулахаар байсан учраас энэ хууль заалтыг барьж, Татварын ерөнхий газрын Маргаан таслах зөвлөлийн 15 дугаар тогтоолыг гаргасан.

Энэхүү нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын хяналт шалгалтын хугацаа 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр эхэлсэн учраас энэ өмнөх хуулиар бидний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хяналт шалгалт хийх ёстой. Хуулийн энэхүү журам Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 333 дугаар тушаалаар баталсан журмын хэрэглээнд ч нэгэн адил хамаарна.

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол гаргах, түүнийг байгууллага, албан тушаалтнаас шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасныг зөрчсөн гэж үзэж байна. Татварын газраас бидэнд 30 хоногийн дотор хариу өгөх ёстой байдал бидэнд эс үйлдэхүй үзүүлээд ашиг сонирхлыг зөрчөөд 30 хоногийн дотор ямар ч хариу өгдөггүй эс үйлдэхүйг гаргаж байна.

2022 оны 02 дугаар сарын 15, 05 дугаар сар, сүүлд 07 дугаар сарын 06-ны өдрийн хариу илүүлээд байгаа нь 30 хоногийн дотор хариу ирүүлээгүй юм. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2-т зааснаар шуурхай, тасралтгүй байх зарчмыг мөн зөрчөөд байгаа юм. Ийм байдлаар манай гомдол хүсэлт шийдэгдэхгүй 3 жил гаруй хугацаа өнгөрөөд байна. Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас татвар төлөгч манай компанийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөөр байна.

Иймээс өмнө дурдсан тайлбар, үндэслэлийг харгалзан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 925 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Нэхэмжлэгч “Д” ХХК-иас “Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын “Баянгол дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч Г.А, Ц.Б нарын 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн “Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийг баталгаажуулсан” 260018013 тоот акт болон Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 15 дугаар тогтоолоор тус тус баталгаажуулсан 1 021 321 449.00 төгрөгийн илүү төлөлтийг нэхэмжлэгч “Д” ХХК-д буцаан олгуулах саналаа холбогдох баримт бичгийн хамт Сангийн яаманд хүргүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, дээрх тогтоолоор баталгаажсан 1 021 321 449.00 төгрөгийн илүү төлөлтийг нэхэмжлэгч “Д” ХХК-д буцаан олгуулах саналаа хуулийн дагуу холбогдох баримтын хамт буцаан олгох саналыг Сангийн яаманд хүргүүлэхийг Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газарт даалгуулах, Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 02/918 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

2.2. Нэхэмжлэгчээс дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...манай компанийн 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны татвар төлөлтийн байдлыг Баянгол дүүргийн Татварын  хэлтсийн  байцаагч Л.Н, Т.С нар иж бүрэн шалгаад 11 222 389 191.93 төгрөгийн борлуулалтын орлогын экспортын “0” хувьтай экспортын орлогод тооцож, илүү төлөлт 1 094 983 684.80 төгрөг байна гэж “Нэмэгдсэн өртгийн албаны татварын ногдуулалт төлөлтийг баталгаажуулсан 260018001 тоот актыг 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан. Түүнчлэн тус хэлтсийн татварын улсын байцаагч Г.А, Ц.Б нар дахин хянан шалгаад илүү төлөлтийг 1 021 321 449.2 төгрөг байхаар баталгаажуулж 260080013 тоот актыг 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан. Манай компани эдгээр татварын улсын байцаагчдын шийдвэрийг хүлээн зөвшөөрч, татварын илүү төлөлтийг буцаан авах өргөдлөө Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газарт хүргүүлсэн, ...улмаар Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Б.Б, Б.У нараас манай компанид хяналт шалгалт хийж, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НӨ-21200000002 тоот нөхөн ногдуулалтын акт үйлдсэнийг Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 15 дугаар тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн, татварын улсын байцаагч Б.Б, Б.У нар нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.2, 15.7-д заасны дагуу хяналт, шалгалт хийсэн байхад Том татвар төлөгчийн газрын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 02/918 дугаартай албан бичгээр дахин хяналт шалгалт хийхээр тайлбарлаж, манай байгууллагын татварын буцаан олголтын саналыг Сангийн яаманд хүргүүлэхгүй бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироож байна” гэж тайлбарлан маргасан байна.

2.3. Анхан шатны шүүх “...нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох үйл ажиллагаа нь татвар төлөгчийн хүсэлт, түүнийг хянаж баталгаажуулсан харьяалах татварын байцаагчийн саналыг үндэслэн хийгдэх татварын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болох Татварын ерөнхий газрын улсын байцаагчийн актаар эцэслэн баталгаажихаар зохицуулагдсан, ... нэхэмжлэгчийн үндэслэл болгож буй Баянгол дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 260018013 тоот акт нь саналын шинжтэй баримт бичиг бөгөөд үүнийг хариуцагч Том татвар төлөгчийн газраас заавал биелүүлж хэрэгжүүлэх үүрэг хуулиар үүсээгүй байхад хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлгүй, ... нэхэмжлэгчийн хувьд Баянгол дүүргийн татварын хэлтсээс ирүүлсэн санал нь татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын актаар буцаан олгох татварын хэмжээ нь эцсийн байдлаар тодорхойлогдон баталгаажаагүй, харин ч эсрэгээрээ татвар төлөх ёстой гэсэн акт гарсан нь тодорхой байхад нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох ажиллагаа хуулийн дагуу хийгдсэн байхад нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж буцаан олгуулах саналыг Сангийн яаманд хүргүүлээгүй гэж хариуцагчийг буруутгах боломжгүй” гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

            2.4. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Албан татвар суутган төлөгчийн илүү төлсөн албан татварыг дараах журмаар буцаан олгоно”, 15.1.1-д “...буцаан авах хүсэлтээ холбогдох баримтын хамт ... харьяалах татварын албанд ирүүлнэ”, 15.1.2-т “харьяалах татварын албан... хүсэлтийг хүлээн авснаас хойш ... хянан шалгаж, баталгаажуулахаар албан татварыг буцаан олгуулах саналын хамт татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ”, 15.7-д “Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 15.1.2, 15.4, 15.6-д зааснаар ирүүлсэн хүсэлт, саналыг хүлээн авснаас хойш ажлын долоон өдөрт багтаан хянаж буцаан олгох татварын хэмжээг тодорхойлж, энэ тухай албан татвар төлөгчид бичгээр буюу цахим хэлбэрээр мэдэгдэж, буцааж олгох албан татварын хэмжээ, өрийн дүн зэргийг хянан баталгаажуулж, албан татвар буцаан олгох саналыг ажлын хоёр өдөрт багтаан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ” гэж тус тус илүү төлсөн татварыг буцаан олгохтой холбоотой асуудлыг нарийвчлан зохицуулсан байна.    

            2.5. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Баянгол дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч Г.А, Ц.Б нар 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 260018013 тоот актаар нэхэмжлэгч компанийн нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг 1 021 321 449.2 төгрөгөөр баталгаажуулж, уг нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулах саналыг Том татвар төлөгчийн газарт 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 01/2071 дүгээр албан бичгээр хүргүүлжээ.

            2.6. Уг саналын дагуу татварын улсын байцаагч Б.Б, Б.У нар нэхэмжлэгчийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн үлдэгдлийг баталгаажуулах   хэсэгчилсэн    шалгалтыг   хийж   гүйцэтгэх   явцад   “...   2016   онд 1 803 915 402.40     төгрөгийн,      2017      онд      337 384 145.95      төгрөгийн,      нийт 2 141 299 548.35 төгрөгийн Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдсэн ажил үйлчилгээний борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд экспортын “0” хувьтай борлуулалтаар тусган нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж төсөвт төлөөгүй” гэж дүгнэн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн НӨ-21200000002 дугаар   нөхөн   ногдуулалтын  актаар  1 336 972 889.12  төгрөгийн  нөхөн  татвар, 64 420 190.97    төгрөгийн   торгууль,    39 146 445.06    төгрөгийн    алданги,   нийт 1 440 539 525.15 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон байна.

            2.7. Нэхэмжлэгчээс дээрх нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байх ба тус зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 15 дугаар тогтоолоор нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгосон, ингэхдээ “...Татварын улсын байцаагчид “Д” ХХК-ийн “Ажилчин боловсон хүчнээр хангаж хамтран ажиллах гэрээ”-ний  дагуу  хүлээн  авсан  2016  оны 1 803 915 402.40 төгрөгийн, 2017 оны 337 384 145.95 төгрөгийн, нийт 2 141 299 548.35 төгрөгийн үйлчилгээний орлогыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12.1.4-т заасан “экспортын орлого” биш, харин 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан Монгол Улсын хилийн дотор хийдсэн ажил үйлчилгээ гэж үзэн мөн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасны дагуу 10 хувиар албан татвар ногдоно гэж үзсэн нь зөв байна, ... татвар төлөгч “Д” ХХК нь 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн албан бичгээр татварын албанд хандсан байх бөгөөд Татварын ерөнхий газрын Татвар төлөгчтэй харилцах газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 06/3230 дугаар албан бичгээр “... Монгол Улсын аж ахуйн нэгж нь Монгол Улсад оршин суугч бус этгээдтэй ажиллах хүчээр хангах гэрээ байгуулах ажиллаж гадаад улсаас “боловсон хүчний үйлчилгээ үзүүлсний хөлс” хэлбэрээр орлого олохдоо ... тухайн компанид үйлчилгээ үзүүлсний хөлсөнд Нэмэгдсэн өртгийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасны агуу “0” хувь хэмжээгээр албан татвар ногдуулна...”, мөн Татварын ерөнхий газраас Баянгол дүүргийн Татварын хэлтэст 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 02/615 дугаар чиглэл хүргүүлэх тухай албан бичигт “... Монгол Улсын хуулийн этгээд нь гадаад улсын хуулийн этгээд буюу оршин суугч бус этгээдтэй байгуулсан гэрээний дагуу үзүүлсэн үйлчилгээний төлбөр нь гадаадын хуулийн этгээдээс шууд төлөгдөж байгаа тохиолдолд /0/ хувь хэмжээгээр хэрэглэнэ” гэсэн чиглэлийг өгсөн байна, ... захиргааны байгууллага нь удаа дараагийн үйл ажиллагаагаараа гомдол гаргагчид итгэл үүсгэсэн, ... татвар төлөгчийн бус, татварын албаны буруутай үйл ажиллагаа шууд нөлөөлсөн байх тул Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйл болон Татварын ерөнхий хуулийн 76 дугаар зүйлд зааснаар татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэж, тэдэнд итгэл үзүүлэх зарчим”-ыг баримталжээ.

            2.8. Дээрх үйл баримтуудаас дүгнэвэл, нэхэмжлэгч “Д” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлттэй холбоотой татварын улсын байцаагч нарын 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 260018013 тоот актыг хариуцагч Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газраас хянахад илүү төлсөн албан татвар тогтоогдоогүй байх төдийгүй нэхэмжлэгч хуулийн этгээд татвараа Нэмэгдсэн өртгийн албаны тухай хуульд заасан хувь хэмжээгээр үнэн зөв тайлагнаж чадаагүй талаар Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 15 дугаар тогтоолд тодорхой дүгнэсэн байх бөгөөд уг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Нэгэнт буцаан олгох татварын хэмжээ, өрийн дүн нь тогтоогдоогүй учир илүү төлөлтийг баталгаажуулсан акт гаргаагүй буюу буцаан олгох татварын хэмжээ эцсийн байдлаар тодорхой болж баталгаажсан гэж үзэхээргүй байгаа энэ тохиолдолд хариуцагч Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын албан татвар буцаан олгох саналыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлээгүй эс үйлдэхүй нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.2, 15.7-д тус тус заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

            2.9. Хэдийгээр Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 15 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн үлдэгдлийг баталгаажуулах явцад гарсан татварын улсын байцаагч нарын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн НӨ-21200000002 дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгосон боловч энэ нь Баянгол дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.А, Ц.Б нарын 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 260018013 тоот актаар баталгаажуулсан дүнгээр илүү төлсөн татвар гэж үзэн буцаан олгох үндэслэл болохгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Баянгол дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.А, Ц.Б нарын ... 26008013 тоот акт нь Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.15-д заасны дагуу заавал биелэгдэх шинжтэй улсын байцаагчийн хянан баталгаажуулсан акт” гэх гомдлыг хүлээн авч, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч компанийн татварын илүү төлөлтийг баталгаажуулсан актыг “санал”-ын шинжтэй гэж анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлтийг хийжээ.

 

            Нөгөөтээгүүр, Захиргааны хэргийн шүүх Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасны дагуу тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон, захирамжилсан захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан этгээдийн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх бөгөөд нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 02/918 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” 02/918 дугаар албан бичгийг захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй талаар анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв дүгнэлтийг хийж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох “Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 02/918 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” 02/918 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Мөн түүнчлэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б-аас шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт болон холбогдох баримтыг боломжит хугацааны өмнө шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдаан эхэлснээс хойш буюу 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 08 цаг 34 минутад ирүүлсэн болохыг тэмдэглэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 925 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА

 

 

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

 

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН