Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 096

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2017/00096

 

 

 

 

 

 

 

 

 

 “Эм Си Пи Си Жи Ар” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2016/01068 дугаар шийдвэртэй

                       

Нэхэмжлэгч “Эм Си Пи Си Жи Ар” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яаманд холбогдох

 

            Гэрээний үүргийн гүйцэтгэлд 64 454 784 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч Зам тээврийн хөгжлийн яамны дэд сайд Б.Цогтгэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:           Б.Сансар-Од

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч                                       Ж.Энхчулуун 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч               Ш.Нямдулам

                                                                                   Б.Билгүүн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:              Г.Шинэцэцэг нар оролцов.

 

             Нэхэмжлэгч “Эм Си Пи Си Жи Ар” ХХК-ийн ерөнхий захирал Ж.Батсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сансар-Од шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус компани нь Зам, тээврийн яамны захиалгаар 2008 онд Бага улаан даваа-Манхан чиглэлийн 103.3 км авто замын, 2008 онд Өлгий-Хашаатын даваа чиглэлийн 120 км авто замын инженерийн нарийвчилсан зураг төслийг тус тус боловсруулан хүлээлгэн өгсөн, зураг төсөл зохиогч байгууллага юм. Захиалагч Зам, тээврийн яам төсөл хэрэгжүүлэгч баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх төслийн нэгжийн 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 1204 тоот албан бичиг, Зам, тээврийн яамны 2015 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 08/5035 тоот албан бичгүүдээр зохиогчийн хяналт хийлгүүлэх захиалга тус тус ирүүлж, үүний дагуу "Эм Си Пи Си Жи Ар" ХХК зохиогчийн хяналтыг хийж, 2014 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 352/14 тоот албан бичиг, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 327/15 тоот албан бичгээр дүгнэлтүүдийг хүргүүлсэн. Бид дүгнэлт гаргаж хүргүүлснээр Хавчигийн хавцал-Манхан сум чиглэлийн 28.3 км улсын чанартай авто зам 2014 онд, Өлгий-Хашаатын даваа чиглэлийн 120 км авто замын эхний 60 км улсын чанартай авто зам 2014 онд албан ёсоор ашиглалтанд орж, улсын комисс хүлээн авсан юм. Манай байгууллагын зүгээс хариуцагчид 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 353/1 тоот, 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 16/16 тоот болон 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 169/16 тоот албан бичгүүдээр удаа дараа мэдэгдсэн, санхүүжилтийн тооцоо нэхэмжлэлийг 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 289/15 тоот албан бичгээр хүргүүлсэн боловч, өнөөдрийг хүртэл ямар нэгэн шалтгаангүйгээр ажил гүйцэтгэх гэрээний хөлсийг олгогдохгүй байна. Бид өөрсдийн хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнгээ нэгэнт Төрийн захиргааны төв байгууллагад хүлээлгэн өгч, захиалагчийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн. Иймд нэхэмжлэгч "Эм Си Пи Си Жи Ар "ХХК-ийн, Хавчигийн хавцал-Манхан сум чиглэлийн 28.3 км авто замын барилгын ажил зохиогчийн хяналт хийж гүйцэтгэсэн ажлын үнэ 20 942 182 төгрөг, Өлгий-Хашаа-даваа чиглэлийн 120 км авто замын эхний 60 км авто замын барилгын ажилд зохиогчийн хяналт хийж гүйцэтгэсэн ажлын үнэ 43 512 602 төгрөгийг Зам, тээврийн хөгжлийн яамнаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яамны сайд Д.Ганбат шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зам, тээврийн яамнаас /хуучнаар/ 2015 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 08/5035 тоот албан бичгээс зохиогчийн хяналт хийлгүүлэх хүсэлт хүргүүлсэн боловч "Эм Си Пи Си Жи Ар" XXК нь Зам, тээврийн яамтай /хуучнаар/ гэрээ байгуулаагүй нь Барилга хот байгууллагын сайдын 2015 оны 185 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Барилгын явцад зохиогчийн хяналт тавих дүрэм"-ийн 2.1-т "Зураг төсөл зохиогч захиалагчтай гэрээ байгуулан барилгын ажилд зохиогчийн хяналт тавих зураг төсөл зохиогч нь 3 төрлийн хяналт тавихаар заасан, 2.3-т "Энэ дүрэмд заасан хяналт  тавих  хэлбэрийг  зураг  төсөл   зохиогч, барилгын гүйцэтгэгчтэй тохиролцож гэрээгээр зохицуулна...", 3.2.1-т "захиалагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр зураг төсөл зохиогчийн хяналт тавих" гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 185 дугаар тушаал батлагдахаас өмнө Зураг, төсөл зохиогч барилгын ажилд хяналт тавихтай холбоотой харилцааг дэд бүтцийн хөгжлийн сайдын 1999 оны 196 дугаар тушаалын хавсралтаар баталсан "Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх дүрэм"-ээр зохицуулж ирсэн бөгөөд баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх төслийн нэгжийн 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 1204 тоот албан бичгээр зохиогчийн хяналт хийлгүүлэх хүсэлт хүргүүлсэн боловч гэрээ байгуулсан нь дэд бүтцийн хөгжлийн сайдын 1999 оны 196 дугаар тушаалын хавсралтаар баталсан "Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх дүрэм"-ийн 1.9-т "Зохиогчийн хяналтыг барилгын захиалагч, зураг төслийн байгууллагын хооронд аж ахуйн гэрээ байгуулах үндсэн дээр хийнэ." гэж заасныг ноцтой зөрчсөн байна. Мөн Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх төслийн нэгж нь тус яамыг төлөөлөх эрх зүйн үндэслэл байхгүй. Уг төслийн нэгжээс албан бичиг явуулж зохиогчийн хяналт хийлгүүлэхийг хүссэн, Зам, тээврийн яамнаас 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 08/5035 тоот албан бичгийг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Жаргалаас явуулсан нь Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5-д "Яамыг гадаад, дотоодод Монгол Улсын сайд, хуульд өөрөөр заагаагүй бол түүний даалгаснаар болон өөрийн эрх хэмжээний асуудлаар Төрийн нарийн бичгийн дарга төлөөлнө" гэж заасныг зөрчсөн байна. Иймд "Эм Си Пи Си Жи Ар" ХХК болон Зам, тээврийн яамны /хуучнаар/ Төрийн нарийн бичгийн даргын хооронд ямар нэг хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зураагүй тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэг 43.2.1, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1 дэх хэсгийн 196.1.2-т заасныг тус тус зөрчигдөж, гэрээ, хэлцэл хийгдсэн гэж үзэх эрх зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ "Бид өөрсдийн хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнгээ нэгэнт Төрийн захиргааны төв байгууллагад хүлээлгэн өгч, захиалагчийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн" гэсэн нь үндэслэлгүй болох нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт "Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ" гэж заасны дагуу харилцан тохиролцож эрх эдэлж, үүрэг хүлээхээр заасан баримт бичиг үйлдэгдээгүйгээр нотлогдож байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 20 942 182 төгрөг, 43 512 602 төгрөгийг хэрхэн тооцож гаргасан, ямар баримт бичгийг үндэслэн шаардаж байгааг нэхэмжлэлийн үндэслэлдээ дурдаагүй нь Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт заасныг зөрчжээ. Иймд Иргэний хуулийн холбогдох заалтууд, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох заалт болон "Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны 185 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт тавих дүрэм"-ийн дээр дурдсан холбогдох заалтууд зөрчигдсөн байх тул "Эм Си Пи Си Жи Ар" ХХК-ийн шаардаж буй нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсгийн 115.2.3-т заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч Зам тээврийн хөгжлийн яамнаас 64 454 784 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Эм Си Пи Си Жи Ар” ХХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 649 494 төгрөгийн 480 223 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 169 270.08 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч Зам тээврийн хөгжлийн яамнаас улсын тэмдэгтийн хураамжид 480 223.92 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Эм Си Пи Си Жи Ар” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Зам, тээвэр хөгжлийн яамны дэд сайд Б.Цогтгэрэл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

..."Эм Си Пи Си Жи Ар" ХХК нь зохиогчийн хяналтын дүгнэлт гаргахаас өмнө болон зохиогчийн хяналтын дүгнэлт гаргасны дараа захиалагчтай гэрээний талаар болон үнэ хөлсний талаар хэлэлцэн тохиролцсон зүйл хэргийн материалд байхгүй бөгөөд энэ нь "Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хөлсийг төлөх талаар тохиролцоогүй байхад шүүхээс төлөх ёстой гэж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Мөн зураг төсөл зохиогчийн хяналтын дүгнэлт нь барилгын ажлын явцад хяналт хийсний үндсэн дээр гаргадаг дүгнэлт бөгөөд барилгын ажил эхлэхэд гэрээ байгуулан ямар төрлийн хяналт тавих, ажлын хөлс хэдэн төгрөг байх зэрэг үнэ хөлсийг захиалагчтай тохироогүй нь Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1999 оны "Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх дүрэм"-ийн 1.9-т, 5.1, Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны 185 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт тавих дүрэм"-ийн 2.1-т заасныг тус тус "Эм Си Пи Си Жи Ар" ХХК зөрчсөн байтал шийдвэрийн үндэслэл хэсэгт дурдаагүй нь 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Мөн Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаас "Эм Си Пи Си Жи Ар" ХХК-д ажил гүйцэтгүүлэхээр ямар нэг байдлаар хүсэл зоригоо илэрхийлсэн зүйл байхгүй бөгөөд "Эм Си Пи Си Жи Ар" ХХК-ийн зүгээс зардлын тооцоо, гэрээний төсөл зэргийг зохиогчийн хяналтын дүгнэлт гаргахаас өмнө болон дараа захиалагчийн төлөөлөх эрх бүхий этгээдэд /Төрийн нарийн бичгийн дарга/-д хандаагүй. Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг шүүгч шийдвэрт тусгаагүй, анхаарч үзээгүй. Дээр дурдсанчлан зохиогчийн хяналтын дүгнэлт нь барилгын ажлын явцад хяналт тавьсны үндсэн дээр хийгддэг ажиллагаа бөгөөд нэхэмжлэгч "Эм Си Пи Си Жи Ар" ХХК нь Хавчигийн хавцал-Манхан сум чиглэлийн 28.3 км авто замын барилгын ажил, Өлгий-Хашаатын даваа чиглэлийн 120 км авто замын эхний 60 км авто замын барилгын ажил эхлэхэд захиалагчтай барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийж гүйцэтгэх гэрээ байгуулаагүй, ажлын хөлс, зардал зэргийг тохироогүй байж зохиогчийн хяналтын дүгнэлт гаргасан нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т "Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материал үйлдвэрлэх, зураг төсөл зохиогч, хөрөнгө оруулагчаас чанарын хяналт тавих, худалдан борлуулахтай холбогдсон ажиллагааг гэрээгүйгээр гүйцэтгэхийг хориглоно" гэж заасныг "Эм Си Пи Си" Жи Ар” ХХК зөрчсөн байна. Иймд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 343 дугаар зүйлийн 343.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль"-ийн 40 дүгээр зүйлийн 40.1, 116 дугаар зүйлийн 116.3 дахь заалтууд, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6 болон Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1999 оны 196 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх дүрэм", "Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны 185 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт тавих дүрэм"-ийн холбогдох заалтууд зөрчигдсөн байх тул "Эм Си Пи Си Жи Ар" ХХК-ийн шаардаж буй 64 454 784 төгрөгийн нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                                ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, эргэлзээгүй талаас нь харьцуулан дүгнэж, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг зөв тодорхойлж, хэргийг шийдвэрлэсэн байна.

 

            Нэхэмжлэгч “Эм Си Пи Си Жи Ар” ХХК нь хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яаманд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 64 454 784 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, талуудын хооронд бичгийн гэрээ байгуулаагүй тул ажлын хөлс төлөхгүй гэж маргажээ.

 

            Хэрэгт авагдсан бичгийн баримт болон зохигчдын тайлбараас үзэхэд анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний хүрээнд ажил гүйцэтгэгч захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэг хүлээх бөгөөд уг гэрээг бичгээр байгуулах талаар хуульд тухайлан заагаагүй тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.10 дахь хэсэгт зааснаар болон бичгээр хийгээгүй нь уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй тул хариуцагчийн энэ талаарх тайлбар үндэслэлгүй байна. 

 

Иймд нэхэмжлэгч “Эм Си Пи Си Жи Ар” ХХК хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яамнаас гүйцэтгэсэн ажлын хөлс буюу 28.3 км авто замын санхүүжилтэд 20 942 182 төгрөг, 60 км авто замын санхүүжилтэд 43 512 602 төгрөг, нийт 64 454 784 төгрөг төлөхийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй юм.

 

Талууд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан эсэх талаар маргаж байх бөгөөд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан гэрээг байгуулах хэлбэрийг хуулиар тухайлан заагаагүй тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан аман болон бичгийн хэлбэрийн алинаар ч хэлцэл хийж болно.

 

            Хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яам нь 2015 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 08/5035 дугаар, 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 1204 дугаар албан бичгээр Хавчигийн хавцал-Манхан сумын чиглэлийн 28.3 км, Өлгий-Хашаатын даваа чиглэлийн 60 км авто замын гүйцэтгэсэн ажилд зохиогчийн дүгнэлт гаргуулж ирүүлэхийг нэхэмжлэгч “Эм Си Пи Си Жи Ар” ХХК-д хүсч байсан болох нь хэргийн баримтаар тогтоогджээ. /хэргийн 5, 55 дугаар тал/

 

Нэхэмжлэгч “Эм Си Пи Си Жи Ар” ХХК нь хариуцагч Зам тээврийн яамны /хуучнаар/ захиалгаар Хавчигийн хавцал-Манхан сумын чиглэлийн 28.3 км /20 942 182 төгрөгийн/, Өлгий-Хашаатын даваа чиглэлийн 60 км /43 512 602 төгрөгийн/ авто замын барилгын ажлыг зураг төслийн дагуу хийж гүйцэтгэсэн болох нь Зам, тээврийн яамны хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дүгнэлтээр тогтоогдож байна. /хэргийн 7-23, 61-86 дугаар тал/

 

Иймд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт зааснаар “Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авсан болохоо үйлдлээр илэрхийлсэн бол хэлцэл хийгдсэн” гэж үзэх бөгөөд хариуцагч Зам, тээврийн яамнаас гаргасан хүсэлтийн дагуу нэхэмжлэгч “Эм Си Пи Си Жи Ар” ХХК нь ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөн талаарх баримтыг хариуцагч баримтаар няцаагаагүй тул талуудын хооронд хэлцэл хийгдсэн гэж үзнэ. /хэргийн 5 дугаар тал/

 

            Зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдаагүй нь хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яамыг ажлын хөлс төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна” гэж заасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлыг хүлээн авсан болох нь талуудын тайлбар болон хэргийн баримтаар тогтоогдсон бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй байна.

 

            Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан Өлгий-Хашаат чиглэлийн 60 км авто зам, Хавчигийн хавцал-Манхан чиглэлийн 28.3 км автозамын барилгын ажилд зохиогчийн хяналт хийх зардлын тооцоог үндэслэн ажлын хөлсийг тооцсоныг буруутгах үндэслэлгүй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан бөгөөд хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, гэрээг бичгээр байгуулах ёстой байсан гэх тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Зам, тээвэр хөгжлийн яамны дэд сайд Б.Цогтгэрэлийн гаргасан “шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, хууль буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2016/01068 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яам нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД                               А.ОТГОНЦЭЦЭГ

 

Ц.ИЧИНХОРЛОО