| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 102/2016/01824/и |
| Дугаар | 095 |
| Огноо | 2017-01-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 095
| 2017 оны 01 сарын 02 өдөр | Дугаар 210/МА2017/00095 |
“Зууны чавхдас” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2016/05435 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч “Зууны чавхдас” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Т.Ганхуягт холбогдох,
6 549 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн
Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэбулган
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэнцэцэг нар оролцов.
Нэхэмжлэгч “Зууны чавхдас” ХХК-ийн захирал Ш.Болормаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Т.Ганхуяг нь “Зууны чавхдас” ХХК-тай 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 07/10 дугаартай зээлийн гэрээг байгуулж 3 500 000 төгрөгийг нэг сарын 6 хувийн хүүтэй зээлсэн. Мөн өдөр барьцааны гэрээ байгуулж зээлийн барьцаанд 57-96 УБН улсын дугаартай “Хондо СR-\/” маркийн автомашиныг тавьсан. Бид 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 1 сарын хугацаатай гэрээ байгуулсан боловч гэрээнд заасан хугацаанд мөнгөө өгөлгүй 1 жил болж байна. Зээлийн төлбөрийг төлөхийг олон удаа шаардсан боловч төлөөгүй. Иймд Т.Ганхуягаас үндсэн зээл 3 500 000 төгрөг, 12 сарын хүү 2 541 000 төгрөг, алданги 508 200 төгрөг нийт 6 549 200 төгрөг гаргуулж өгнө үү. Барьцаанд тавьсан автомашиныг хүн авдаггүй, зээлийн төлбөрт үнэ нь хүрэхгүй байна гэжээ.
Хариуцагч Т.Ганхуягийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Миний бие 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 3 500 000 төгрөгийн зээл авч, зээлийн барьцаанд 57-96 УБН улсын дугаартай “Хондо СR-\/” маркийн автомашиныг тавьсан. Нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 3 500 000 төгрөг, алданги 508 200 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Харин “Зууны чавхдас” ХХК-тай 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 30 хоногийн буюу 1 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэйгээр мөнгө зээлсэн. Тэгэхээр нэг сарын хүү 210 000 төгрөг болж байхад 2 541 000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй ба зээлийн гэрээг сунгаагүй. Зээлийн хүүд 210 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Иймд зээлийн хүү 210 000 төгрөг, алданги 508 200 төгрөг, үндсэн зээл 3 500 000 төгрөг нийт 4 218 200 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 286 дугаар зүйлийн 286 дугаар зүйлийн 286.5 дахь заасныг баримтлан хариуцагч Т.Ганхуягаас 4 218 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Зууны чавхдас” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 331 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 119 737 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Ганхуягаас 82 441 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.
Хариуцагч Т.Ганхуяг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
...Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны 102/ШШ2016/05435 шийдвэрээр Д.Ганхуяг надаас 4 218 200 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Эхнэр хүнд өвчтэй, төлбөрийн чадваргүй байгаа. “Зууны чавхдас” ХХК-тай зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулж 57-96 УНБ улсын дугаартай авто машиныг “Зууны чавхдас” ХХК-ийн нэр дээр шилжүүлээд өгсөн. Иймд нэхэмжлэгч нь зээлийн төлбөрийг шаардах эрхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч “Зууны чавхдас” ХХК нь хариуцагч Т.Ганхуягт холбогдуулан үндсэн зээл 3 500 000 төгрөг, зээлийн хүү 2 541 000 төгрөг, алдангид 508 200 төгрөг, нийт 6 549 200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч 4 218 200 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрөн маргажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд “Зууны чавхдас” ХХК нь Т.Ганхуягт 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 3 500 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцон зээлийн гэрээ байгуулсан байна. /хэргийн 3 дугаар тал/
Зохигчдын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний агуулгатай, талууд зээлийн хүү, алданги төлөх талаар гэрээндээ тусгасан, хүчин төгөлдөр гэрээ байх тул нэхэмжлэгч “Зууны чавхдас” ХХК нь хариуцагч Т.Ганхуягаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3 500 000 төгрөг, 1 сарын хүү 210 000 төгрөгийг гэрээгээр тохиролцсон хугацаанд “Зууны чавхдас” ХХК-д төлөөгүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хэтэрсэн хугацааны алдангийг шаардах эрхтэй.
Хариуцагч Т.Ганхуяг нь зээлийн барьцаанд тавьсан түүний эзэмшлийн 57-96 УБН улсын “Honda CR-V” маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах агуулгатай тайлбарыг гаргаж, нэхэмжлэгч “Зууны чавхдас” ХХК нь зээлийн гэрээний үүргийг барьцааны хөрөнгөөр хангуулах шаардлага гаргаагүй тул шүүх уг асуудлыг шийдвэрлэх боломжгүй юм.
Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт зааснаар үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үндсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг үүрэг гүйцэтгэгчид буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд үүрэг гүйцэтгээгүй тохиолдолд хөдлөх эд хөрөнгө нь үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжихээр хуульд заасан.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.4-т “Зээлдэгч барьцаанд тавих автомашинаа зээлийн барьцаанд байх хугацаанд “Зууны чавхдас” ХХК-ийн нэр дээр шилжүүлнэ. Тохиролцсон хугацаанд төлбөрийг бүрэн төлж дуусгасны дараа зээлдэгчид автомашиныг нь эргүүлэн нэр дээр нь шилжүүлэн өгнө” гэж тохиролцсоноос үзэхэд барьцаанд байгаа хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах, түүнийг зээлдэгчийн эзэмшилд шилжүүлснээр үүргийн гүйцэтгэлийг тооцохоор тохиролцож, фидуцийн гэрээний харилцаа, үүрэг үүссэн гэж үзэхгүй юм.
Дээрх үндэслэлээр давж заалдсан хариуцагчийн гомдлыг хүлээн авч, хангах боломжгүй болно.
Иймд анхан шатны шүүх хариуцагч Т.Ганхуягаас үндсэн зээл 3 500 000 төгрөг, хүү 210 000 төгрөг, алданги 508 200 төгрөг нийт 4 218 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Зууны чавхдас” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 331 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Т.Ганхуягийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2016/05435 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Т.Ганхуягийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Т.Ганхуягийн төлсөн 82 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Ц.ИЧИНХОРЛОО