Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
Хэргийн индекс | 128/2019/0722/З |
Дугаар | 128/ШШ2020/0708 |
Огноо | 2020-11-02 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 128/ШШ2020/0708
2020 оны 11 сарын 02 өдөр Дугаар Улаанбаатар хот
128/ШШ2020/0708
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч С.Ганбат, шүүгч Ц.Одмаа нар тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э ХХК /РД:*******/
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Тушаал хүчингүй болгох тухай А/355 дугаар тушаалын Э ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа, иргэдийн төлөөлөгч Д.З, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мө нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Э ХХК нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А/222 дугаар захирамжаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд орших ***анд аялал жуулчлалын зориулалтаар 1.0 га газрыг 5 жилийн хугацаатайгаар ашиглах зөвшөөрөлтэй болж ****** дугаар Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээг авсан.
Улсын тусгай хамгаалалттай газар нутаг, дэвсгэрт газар ашиглах тухай 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2015/077 тоот гэрээг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга болон Хан-Уул дүүргийн Засаг даргатай тус тус байгуулсан бөгөөд улмаар хөрш залгаа газар ашиглагч нараас шалтгаалан ашиглах зөвшөөрөл бүхий газрын хилийн цэс өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Улсын тусгай хамгаалалттай газар нутаг, дэвсгэрт газар ашиглах тухай 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2018/131 тоот гэрээг шинээр баталгаажуулах хүсэлтээ Хан-Уул дүүргийн Засаг даргад удаа дараа хүргүүлээд байгаа бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 сарын 10-ны өдрийн Тушаал хүчингүй болгох тухай А/355 дугаар тушаал гарах хүртэл уг гэрээг Хан-Уул дүүргийн Засаг дарга баталгаажуулаагүй байсан болно.
Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь 2019 оны 07 сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалаараа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь заалтаар Богдхан уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд Аялал жуулчлалын зориулалтаар хууль зорчин газар олгосон гэсэн үндэслэлээр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/222 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Э ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалсан.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана гэж заасан бөгөөд уг зүйлийн 4 дэх хэсэгт Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрт ашиглуулах газрын зориулалт, орших бүс, байршил, зааг, хэмжээ, дангаар буюу дундаа ашиглах талаар тодорхой заана гэж заасан байна.
Өөрөөр хэлбэл байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн төв байгууллага болох Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрлийг олгохдоо холбогдох хамгаалалтын захиргаа, орон нутгийн Засаг даргын саналыг үндэслэн тодорхой бус, байршил бүхий газарт хуулиар хориглоогүй зориулалтаар газар ашиглах зөвшөөрөл олгодог бөгөөд Дархан цаазын газрын хязгаарлалтын бүсэд Аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглахыг хориглосон зохицуулалт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд байхгүй юм.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд Дархан цаазат газрын, хязгаарлалтын бүсэд байгаль орчинд нь сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлтэйгээр явуулж болох үйл ажиллагааны төрлийг тодорхойлон заасан бөгөөд уг зүйлийн 7-д аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ...зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах гэж, Аялал жуулчлалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1. дэх заалтад аялал жуулчлал" гэж хувь хүн өөрийн байнга оршин суудаг газар нутгаасаа нэгээс 183 хүртэлх хоногийн хугацаагаар амралт, сувилал, танин мэдэхүйн зорилгоор болон шашин шүтлэг, ажил мэргэжлийн шугамаар оор газар нутагт аялал явахыг ойлгоно гэж тус тус тодорхойлсноос үзвэл Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д заасан аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байр гэдэг нь аялал, жуулчлал хийж яваа хүмүүсийг түр буудаллуулж, хоноглуулах зориулалт бүхий амралт, жуулчны баазын зориулалттай орон байр гэж ойлгогдож байгаа бөгөөд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд Дархан цаазат газрын бүсэд явуулахыг хориглосон үйл ажиллагааны төрлийг заахдаа уг зүйлийн 5-д энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаас өөр барилга байгууламж барихыг хориглоно гэж заасан нь Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох зориулалтаар зохих журмын дагуу барьсан байр, сууцнаас өөр зориулалттай барилга байгууламж барихыг хориглож байгаа болохоос биш Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д заасан аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг барих, ашиглахыг хориглосон зүйл биш юм.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт тусгай хамгаалалттай газар нутгийн зөвшөөрөгдсөн бүс дэх суурин газрын ерөнхий төлөвлөгөө, шинээр байгуулах аялал, жуулчлалын бааз, амралт, сувиллын байршил, төслийг холбогдох төрийн захиргааны төв байгууллагуудтай хамтран хянан батлах гэсний дагуу нэхэмжлэгч Э ХХК нь Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн дэглэмд нийцүүлэн, байгалийн унаган төрх, байдлыг алдагдуулахгүй, газрын хөрс, хэвлийг ухаж гэмтээхгүйгээр, шаардлагатай тохиолдолд зөөвөрлөн авч явах боломжтой аялагч, амрагч зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалттай байр сууц бүхий Зочид буудал-Аялал жуулчлалын төслөө Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Үнэлгээ, Аудитын хэлтсийн шинжээчээр хянуулан, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан, 2016-2021 онд хэрэгжүүлэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн, Ерөнхий шинжээчээр батлуулсан бөгөөд тус үнэлгээнд Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулахад зайлшгүй анхаарч хэрэгжүүлэх үйл ажиллагаа болон сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах, дүйцүүлэн хамгаалах арга хэмжээ, эрсдэлийн үнэлгээ, Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө, Орчны хяналт шинжилгээний хөтөлбөр зэргийг тодорхой тусгасан байдаг.
Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны вэб сайтад 2018 оны оны 11 сарын 21-ний өдөр тавигдсан Газар ашиглах эрхийг дуусгавар болгох мэдэгдэлтэй танилцаад Э ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт хандан 2018 оны 12 сарын 27-ны өдрийн 19 дугаартай Залруулга гаргах тухай албан бичгээр хандсан бөгөөд тус газрын дарга нь 2019 оны 02 сарын 19-ний өдрийн 10/1029 тоот албан бичгээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргад хандан хариу ирүүлэхийг мэдэгдсэний дагуу Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2019 оны 03 сарын 19-ний өдрийн №303 тоот албан бичгээр Э ХХК-ийн хамгаалалтын захиргаанд 2018 онд ирүүлсэн тайлбар мэдэгдэлтэй танилцахад бичиг баримтын бүрдэл бүрэн байсан болно. Иймд Э ХХК-ийг цуцлах жагсаалтаас хасах нь зүйтэй юм гэсэн хариуг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газарт хүргүүлсэн нэхэмжлэгч компанийн аялал жуулчлалын зориулалтаар 1.0 га газар ашиглахдаа бичиг баримтын болон газар ашиглалтын ямар нэгэн зөрчилгүй учир газар ашиглах эрхийг цуцлах үндэслэл байхгүй байсан тул хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь огт хамааралгүй үндэслэлээр, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг буруу хэрэглэн нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалсан байгаа юм.
Байгаль орчны сайдын 2002 оны 117 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан Тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлал явуулах журам-ын аль алинд нь Дархан цаазат гарын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах, байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зөвшөөрөлтэйгөөр аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг барих, ашиглахыг зөвшөөрөхөөр тус тус заасан байна. Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2019 оны А/355 дугаар тушаалаараа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар 17.3 дахь заалтаар Богдхан уулын Дархан цаазын газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар хууль зөрчин газар олгосон гэсэн үндэслэлээр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/222 дугаар тушаалыг хүчингүй болгож нэхэмжлэгч Э ХХК- ийн газар ашиглах эрхийг цуцалсан нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг буруу хэрэглэсэн, утга агуулгын илэрхий алдаатай, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй байхад түүний газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байна.
Иймд хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 7 сарын 10-ны өдрийн Тушаал хүчингүй болгох тухай А/355 дугаар тушаал нь утга агуулгын илэрхий алдаатай байх бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй байхад түүний газар ашиглах эрхийг хүчингүй болгосон Захиргааны акт илт хууль бус акт байх тул хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 7 сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын Э ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
...Улсын тусгай хамгаалалтай Дархан цаазат газарт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7-д аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах; гэж заасан зориулалтаар зөвхөн газар ашиглах эрх олгодог. Э ХХК-д Улсын тусгай хамгаалалттай дархан цаазат Богдхан уулын ***анд аялал жуулчлалын зориулалтаар 1 га газар ашиглах хүсэлт гаргаж, барилга байшин барих зураг төслөө ирүүлснээр хүсэлтийн дагуу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/222 дугаар тушаалаар Богдхан Уулын дархан цаазат газрын ***ны хязгаарлалтын бүсэд 1,0 га талбай бүхий газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгожээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 7 дугаар сарын 10-ний өдрийн А/355 дугаар тушаалын гол үндэслэл нь сайдын эрх мэдэл болох Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дархан цаазат газарт хориглох үйл ажиллагаа болох 12 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгож Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 17.3 дах хэсэгт заасан Байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалын зориулалтаар олгож болох заалтыг Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд энэ хуулийн 11.7, 12 дугаар зүйлийг зөрчин аялал жуулчлалын зориулалтаар олгосон тул тушаалыг хүчингүй болгосон.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн заалтыг буруу хэрэглэн тушаал гаргаснаар дархан цаазат газар аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгох ёсгүй байтал Байгалийн цогцолборт газрын зориулалт болох аялал жуулчлалын зориулалтаар олгосноор Төрийн бодлого, хуулийг хэрэгжүүлэх боломжгүй болж, нийтийн эрх, ашиг зөрчигдөж, байгаль экологи болон дархан цаазат газрын унаган төрх, байгалийн төлөв байдал, дэглэмийг алдагдуулж барилга байшин барих төсөл, эскиз зураг гаргаж төрийн холбогдох байгууллагаар батлуулсан нь тодорхой юм.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас захиргааны акт гарах болсонтой холбогдуулан урьдчилан мэдэгдэх мэдэгдлийг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 дахь хэсэгт заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны mne.mn сайтын мэдээ, мэдээллийн зарлал, тендерийн хэсэгт 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр, цуцлах иргэн, аж ахуйн нэгжүүдэд сонсох ажиллагааны мэдэгдлийг байршуулсан болно. Мөн Захиргааны актыг гарсныг мэдэгдэж Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 43 5, 43.6-д зааснаар 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Өдрийн сонин-ны 16 дугаар нүүрт байршуулсан, баталгаат шуудангаар явуулсан, мөн гардуулсан болно. Иймд дээрх тушаал хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: ... Аялал жуулчлалаар олгосныг зөвшөөрөхгүй байна. Хариуцагчийн зөв гэж дэмжиж байна. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын Э ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хуульд заасан журмаар хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбарыг үнэлж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Э ХХК-д Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А-222 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газар ***анд аялал жуулчлалын зориулалтаар 1.0 га газрыг 5 жилийн хугацаагаар ашиглуулахаар шийдвэрлэж, 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах ****** тоот гэрчилгээ олгож, Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 2015/077 дугаар Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээг байгуулжээ.
Богдхан уулын дархан цаазат газрын бүсийн хилийн заагийг Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор баталсан бөгөөд Э ХХК-ийн ашиглаж байсан маргаан бүхий газар нь Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарч байна.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор газрыг байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болох-оор заасан боловч, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах гэж дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн дэглэм буюу тус бүсэд байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлтэйгөөр явуулж болох үйл ажиллагааг тодорхой заажээ.
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/222 дугаар тушаалаар Э ХХК-д Богдхан Уулын дархан цаазат газрын ***ны хязгаарлалтын бүсэд 1,0 га талбай бүхий газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгосон нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7, 12 дугаар зүйлд заасныг зөрчсөн нь нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж, дархан цаазат газрын унаган төрх, байгалийн төлөв байдал, дэглэмийг алдагдуулж байна гэж үзэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 7 дугаар сарын 10-ний өдрийн А/355 дугаар тушаалаар хүчингүй болгосон.
Хариуцагч нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1-д тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах; бүрэн эрхийн хүрээнд Э ХХК-д газар ашиглуулсан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А-222 дугаар тушаалыг хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно, 48.2.2-т бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн гэж заасантай нийцсэн байна.
Тодруулбал, хариуцагчийн Э ХХК-д газар ашиглах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгосон бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн гэх үндэслэл нь Тусгай хамгаалалттай газар нутагт орчны бүсийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т Дархан цаазат болон байгалийн цогцолборт газарт үзүүлж байгаа буюу үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллийг багасгах, арилгах, урьдчилан сэргийлэх, тухайн газар нутгийг хамгаалахад иргэдийн оролцоог өргөжүүлэх, тэдний ахуй амьдралаа баталгаажуулах, байгалийн баялгийг зохистой ашиглах шаардлагыг харгалзан тогтоосон газар нутгийг орчны бүс гэнэ. гэж заасан нийтийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хангах агуулгатай нийцжээ.
Мөн маргаан бүхий акт гарсан хугацаа нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно. заасан хугацаанд багтсан байна.
Шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр нэхэмжлэгч Э ХХК нь ашиглаж байсан газар буюу А, Б талбарт ямар нэгэн үйл ажиллагаа явуулж эхлээгүй, маргаан бүхий газрын зэргэлдээ газруудад суурьшлын бүс үүссэн нөхцөл байдалтай, мөн нэхэмжлэгчээс маргаан бүхий газарт байгаль орчны ерөнхий үнэлгээ хийлгэж, Зочид буудал, аялал жуулчлалын цогцолборын төсөл боловсруулан батлуулсан гэх боловч эдгээр үндэслэлээр болон нэгэнт суурьшлын бүс үүссэн гэх шалтгаанаар хариуцагчийн хууль бус шийдвэрээ хүчингүй болгох бүрэн эрхийг хөндөж маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгчийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын Э ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг баримтлан ТОГТООХ нь:
1.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7, 27 дугаар зүйлийн 1, 33 дугаар зүйлийн 1, Тусгай хамгаалалттай газар нутагт орчны бүсийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-д зааснаар Э ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын Э ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ С.ГАНБАТ
Ц.ОДМАА