Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2019/ДШМ/47

 

 2019           06           03                                          2019/ДШМ/47

 

Б.Т, Д.Г, Б.Г,

Х.Б, Б.Т нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

         

  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Бмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимаас ЗҮ сум дахь Сум дундын шүүхтэй цахимаар холбогдон хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: Э.Б,

            Шүүгдэгч: Б.Т, Д.Г,

            Шүүгдэгч Б.Т-ын өмгөөлөгч: Ж.Чимэг,

            Шүүгдэгч Д.Гын өмгөөлөгч: Э.Ганбат,

            Шүүгдэгч Б.Т-ийн өмгөөлөгч: Х.Сэргэлэнбат,

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Х.Б, Х.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн ЗҮ сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2019/ШЦТ/40 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Б.Т, Д.Г, Б.Г, Б.Т, Х.Б нарт холбогдох, эрүүгийн 201510010014 дугаартай, 9 хавтас, 2020 хуудас бүхий хэргийг шүүгдэгч Б.Т, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Чимэг, Х.Сэргэлэнбат, Ц.Эрдэнэбат, хохирогчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нарын гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Бмаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 09 дүгээр сарын .....-ний өдөр Дорнод аймгийн ... суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ээж, ах, эгч нарын хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, Хэрээд овогт Б-ын Т /РД:........,

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын ....-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж 2 дүүгийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, Охин овогт Д-ийн  Г/РД:....... нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар,

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 03 дугаар сарын 27....-ны өдөр Дорноговь аймгийн ......... суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Дорноговь аймгийн ЗҮ сумын Нэгдсэн эмнэлэгт ......... ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, Зүүн цоор овогт Б-ын Г/РД:ЕБ8......./,

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 11 дүгээр сарын .-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Дорноговь аймгийн ЗҮ сумын Нэгдсэн эмнэлэгт..........ажилтай, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, Зээрдүүд овогт Х-ийн Б/РД:ХЯ7.........../,

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982  оны 04 дүгээр сарын ...-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Дорноговь аймгийн ЗҮ сумын ........ ажилтай,  ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Б-ын Т/РД: ЖЭ................../ нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35.5 дахь хэсгийг журамлан мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар тус тус Дорноговь аймгийн ЗҮ дэх сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Э.Болороос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 Шүүгдэгч Б.Т, Д.Г нар бүлэглэж 2015 оны 01 дүгээр сарын 15-ны шөнө 23 цагийн орчимд ЗҮ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт гудамж талбайд Н.М-ыг зодож түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,

шүүгдэгч Х.Б 2015 оны 01 дүгээр сарын 15-16 нд шилжих шөнө ЗҮ сумын Нэгдсэн эмнэлэгт ерөнхий жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байхдаа яаралтай түргэн тусламж үзүүлэх үүргээ,

шүүгдэгч Б.Г 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ЗҮ сумын Нэгдсэн эмнэлэгт мэс заслын эмчийн үүрэг гүйцэтгэж байхдаа үзлэг хийх багаж хэрэгсэл байхгүй гэх шалтгаанаар эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ,

шүүгдэгч Б.Т 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ЗҮ сумын Нэгдсэн эмнэлэгт мэс заслын эмчийн үүрэг гүйцэтгэж байхдаа оношийг буруу тогтоож эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ тус тус зохих ёсоор биелүүлээгүйн улмаас өвчтөн Н.М нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Хэрээд овогт Бн Т, Охин овогт Д-ийн Г нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг,

шүүгдэгч Зүүн цоор овогт Б-ын Г, Зээрдүүд овогт Х-ийн Б, Боржигон овогт Б-н Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас өвчтөн нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар шүүгдэгч Б.Т, Б.Г, Х.Б нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Хэрээд овогт Б-н Т, Охин овогт Д-ийн  Г нарыг тус бүр 5 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т, Д.Г нарын цагдан хоригдсон 359 хоногийн хугацааг эдлэх ялд оруулан тооцохоор,

шүүгдэгч Х.Б, Б.Г, Б.Т нар нь 5 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч нарын эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Х.Бын 0016433, Б.Гийн 0016440, Б.Т-ийн 0016487 дугаартай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарт буцаан олгохоор,

Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар Дорноговь аймгийн ЗҮ сумын Нэгдсэн эмнэлгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Дорноговь аймгийн ЗҮ сумын 2 дугаар баг Тээврийн 1-30 тоотод оршин суух, Боржигон овогт Хашгэрэлийн Бт 1624310 төгрөгийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Дорноговь аймгийн ЗҮ сумын 1 дүгээр баг 74 дүгээр байрны 01 тоотод оршин суух Боржигон овогт Хашгэрэлийн Од 1224310 төгрөгийг, Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхон гудамж 501 тоотод оршин суух, Баярхүү овогтой Балжидын Нод 2934310 төгрөгийг тус тус гаргуулан олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2300000 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгож,

шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т, Д.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих, шүүгдэгч Х.Б, Б.Г, Б.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, иргэний хариуцагч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй  болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Т-ын өмгөөлөгч Ж.Чимэг давж заалдах шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан гомдол, тайлбартаа: Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч Б.Т нар хохиролд Х.О-д 2250000 төгрөг, Х.Бт 1850000 төгрөг, Б.Н-д 540000 төгрөг төлснийг хасч тооцон ... гэж үзлээ гэжээ. Ингэж тодорхойлсон нь миний үйлчлүүлэгч Б.Т хэнд хэдэн төгрөгийн хохирол төлбөр төлсөн нь тодорхойгүй болжээ.  ЭХХШТХуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6, 1.7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөртэй, төлбөргүй талаар нэгд нэгэнгүй заавал шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дурдаж өгөх ёстой гэж ойлгож байна. Шийтгэх тогтоолд шүүгдэгч ...Х.Б, Б.Г, Б.Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож хуулийг буруу хэрэглэсэн гэж ойлгогдохоор бичигдсэн нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна. Мөн Х.Б, Б.Г, Б.Т нарын үйлдсэн гэх 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаа ба шүүх шүүгдэгч нар гэм буруугаа хүлээгээгүй байхад шууд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9 дэх хэсэгт зааснаар ердийн журмаар хянан хэлэлцэж гэдгийг юу гэж ойлгож байгаа вэ гэхээр гэм буруутайд тооцсон бол ял шийтгэл оногдуулаад, оногдуулсан ял шийтгэлийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх ёстой гэж үзэж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар миний үйлчлүүлэгч Б.Т нь гэмт хэрэг үйлдэх үедээ 14 насанд хүрсэн, 16 насанд хүрээгүй байхдаа уг гэмт хэргийг үйлдсэн байдаг учраас энэ хуулийн энэ бүлэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх ял оногдуулах байсан гэж үзэж байна. Одоо ч 21 нас хүрээгүй байгаа учир холбогдох хуулийг хэрэглэх ёстой байсан гэж үзэж байгаа юм. Миний үйлчлүүлэгч мөрдөн байцаалтын шатнаас эхлээд гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд хохирол төлбөрөө төлсөн байдаг. Анхан шатны шүүх хуралдаан дээр хүнд гэмтэл учруулсандаа гэмшиж байна гэж мэдүүлдэг. Хохирогчтой мөрдөн байцаалтын шатнаас эхлээд уулзсан байгаа. Хохирол төлбөрийг өөрийн санаачлагаар төлж барагдуулсан. Ийм учраас ял шийтгэлийг хөнгөрүүлж багасгах хууль зүйн үндэслэлтэй гэв.

Шүүгдэгч Б.Т давж заалдах шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан гомдол, тайлбартаа: Би өөрийнхөө хийсэн үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа гэж мөрдөн байцаалт болон шүүхийн байгууллагын шатанд мэдүүлсэн, хэргээ хүлээж гэмшиж байгаагаа шүүх хурал дээр удаа дараа мэдүүлсэн. Миний эхнэр болох Номинцэцэг ах дүү хамаатан садангүй, бид хоёр 2 хүүхэдтэй, одоо маш хэцүү байдалтай байгаа. Би даалтанд байхдаа ажил хийж ар гэрээ авч явдаг байсан. Энэ байдлыг минь харгалзан үзэж надад оногдуулсан ялыг багасгаж өгнө үү, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас уучлалт гуйж байна гэв.  

Шүүгдэгч Х.Б-ын өмгөөлөгч Х.Сэргэлэнбат давж заалдах шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан гомдол, тайлбартаа: Прокуророос Б.Т-ийг оношийг буруу тогтоож эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж буруутгасан. Гэтэл хавтаст хэрэгт оношийг буруу тогтоосон гэх ямар ч баримт байдаггүй. Харин ч эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэдэг нь 2017-02-21-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр, шинжээч эмч Н.Батзаяагийн мэдүүлэг, шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн мэдүүлэг /1-р хх 197-198/, шинжээч эмч Ц.Ганболдын мэдүүлэг /1-р хх-187-188/, шинжээч эмч Ө.Хашхүүгийн “МУ-ын хэмжээнд эмнэлгийн түвшинд тухайн үрэвслийг эмчлэх боломжгүй” гэх мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна. 2015.01.16-ны өглөө 08 цаг өнгөрч байхад Т эмч үзээд рентген зураг авахуулахаар явуулсан. Хэсэг хугацааны дараа ирэхгүй болохоор нь өөрөө кабинетаасаа гараад очиход талийгаач гадаа байсан ба оруулж ирээд рентгэн зургийг авахуулсан. Рентгэн зургаар ямар нэгэн гэмтэл харагдахгүй байсан учраас “та дотрын эмчид үзүүл, томографикийн зураг авахуулаарай” гэж зөвлөгөө өгөөд явуулсан байгаа. Шинжээчийн дүгнэлтээр талийгаачийн үхэлд хүргэсэн асар олон гэмтлүүд байдаг. Анхан шатны шүүх хуралдаан дээр 3 эмчээс асуусан. Зүүн болон баруун нүдний дээд зовхины цус хуралт рентгэн зургаар харагдах боломжтой юу гэхэд боломжтой, гэхдээ тийм зүйл ажиглагдаагүй гэсэн хариултыг хэлж байсан. Нөгөө талаар талийгаач 2015.01.15-ны өдрийн 23 цагийн орчим гэмтэл авсан байдаг. Ингээд 2015.01.16-ны өглөө 08 цаг өнгөрч байхад Т эмчид үзүүлж рентген зураг авахуулж зөвлөгөө аваад 12 цагийн үед гэр рүүгээ явсан байдаг. Гэтэл талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр олон тооны хугарал гэмтлүүд тогтоогдсон байдаг. Тэгэхээр талийгаач бүхэл бүтэн 19 цагийн хугацаанд яагаад эмнэлэгт дахин хандаагүй, энэ хооронд хаагуур юу хийж явсан талаар тогтоогоогүй явдал нь өөр байдлаар хаа нэг явж байгаад гэмтэл авсан байж болзошгүй хэмээн эргэлзээ төрж байна. Миний үйлчлүүлэгч Б.Т болон бусад эмч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй тул Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Тухайн эмч нар маань гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байгаа учраас хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэнэ гэж байгаа. Прокурор эмч нарт 3 жилийн хорих ял оногдуулах санал оруулсан боловч шүүх тухайн 3 жилийн ялыг оногдуулахгүйгээр шууд хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Т болон бусад эмч нарыг гэм буруугүйд тооцож өгнө үү гэв.

Шүүгдэгч Д.Гын өмгөөлөгч Э.Ганбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх шийтгэх тогтоолыг гаргахдаа 2 дахь заалтаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байгаа. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох шаардлага нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хэрэглэж, ял шийтгэл оногдуулахгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгох заалт байгаа. Мөрдөн байцаалтын шатанд болон прокурорын шатанд хэрэгжүүлэх заалт байгаа. Харин шүүгдэгч нар гэм буруугийн талаар маргасан тохиолдолд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10.9 дүгээр зүйлд зааснаар ердийн журмаар хэлэлцэх буюу эрүүгийн хариуцлагыг оногдуулаад, уг оногдуулсан ялыг эдлүүлэхээс өршөөн хэлтрүүлэхээр шүүхийн тогтоол гарах ёстой. Хуулийг буруу хэрэглэсэн тогтоол гарсан. Энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл байна гэж үзсэн учраас давж заалдах гомдол гаргаагүй. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах учраас энэ үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломж байна гэж үзвэл Д.Г-т оногдуулсан  ялыг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялын доод хэмжээний 3/2-оос багагүйгээр оногдуулж өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Шүүгдэгч Д.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Сэргэлэнбат өмгөөлөгчийн ярьсныг дэмжиж байна. Талийгаач эмнэлэгт очихдоо гэмтэлгүй байсан мөртлөө дахин эмнэлэгт очихдоо зулгаралт үүссэн байсан. Энэ талаар шалгуулах боломжтой бол шалгуулмаар байна. Би талийгаачид хүрээгүй болохоор гомдолтой байна. Би өөрийн биеэр гар хүрээгүй. Энэ хүүхдүүдтэй явж байгаад ийм хэрэгт холбогдсондоо харамсаж байна. Би гэм буруугүй байхад надад ял оногдуулсанд гомдолтой байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015.01.15-ны шөнө манай аав утасны дугаараа хэлж өгөх чадваргүй, согтолттой байсан. Өглөө намайг очиход аавын маань чихнээс цус гарчихсан, дух нь овойгоод хавдчихсан байсан. Би эмч нарыг ажлаа дутуу хийсэн гэж үзэж байгаа. Өглөө аавыгаа аваад явах гэтэл эмч нар надад ингэсэн, тэгсэн гэж юу ч хэлээгүй. Шөнө хэдэн цагт ирсэн талаар нь ч хэлээгүй. Г эмч надтай уулзана гээд уулзаагүй. Т эмч дээр ороход боолтны сувилагч дээр ороод ир гэсэн. Боолтны сувилагч зүслэг хийнэ, их овойсон байна гэж байсан. Т эмч даралт үзье гээд даралтны аппарат нь байхгүй болохоор бид нар харьсан. Аав “эмч нар намайг үзэж өгөхгүй байна” гээд гадаа сууж байсан. Бид нар өөрсдөө Т эмч дээр ирсэн. Дотрын эмчид үзүүлэх гэтэл дотрын эмч “цус ханхлаад байна, гадаа байж бай” гэсэн. Бид нар аавынхаа хувцасыг сольж амжаагүй. Сонсоод л хоол цай хийгээд шууд эмнэлэг дээр очсон байгаа. Хоол цай идүүлэхэд босч чадахгүй байсан. Аав маань босохоор л толгой эргээд байна гээд байсан. Байнга хэвтрийн байдалтай байсан. Дотрын эмчид үзүүлчихээд аавыгаа гэр рүүгээ аваад явсан. Дотрын эмч өвчин намдаах эм л бичиж өгсөн. Манай аав 1 цагийн алдад гэртээ харьсан. Түүнээс хойш ерөөсөө гэрээс гараагүй. Байнгын хэвтрийн байдалтай байсан. Намайг 9 гээд ажлаа тараад ирэхэд аавынх нь толгой эргээд босч чадахгүй байна гэж байсан. 10 өнгөртөл би хамт суусан. Аав маань манай эмэгтэй дүүтэй хамт амьдардаг байсан. Аавын бие өвдөөд гээд өглөө 6 цагийн алдад эмнэлэгт аваачсан. Тэр үед аав маань орчиндоо харьцах чадваргүй байсан. Гадуур явж өөр гэмтэл авсан гэж бодохгүй байна. Ээж маань өргөмөл хүүхдүүд байсан болохоор бид нар хамаатан садангаа мэдэхгүй. Аавын талынхантай харьцаа байдаггүй байсан. Намайг 5-6 настай байхад л ээжтэй маань ханилж сууж байсан. Түүнээс хойш 30 жил аавтайгаа хамт амьдарч байгаа. Эмээ болон аавын дүү нар гэж 4 хүн байдаг юм билээ. Тэд нартай харилцаа байхгүй. Нэр усыг нь ч мэдэхгүй. Хохирлын мөнгийг дүү Х.Бтээ гаргуулж өгмөөр байна. 3 хувааж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүгдэгч Б.Т, Д.Г нарыг гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байна гэж үзэж байна. Уг нь анх хэргээ хүлээж байснаа дараа, дараагийн шатанд хэргийг хийгээгүй гээд байгаа. Миний хувьд гомдолтой байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ хүүхдүүдэд, эмч нарт гомдолтой байна. Миний аавыг энэ хүүхдүүд гэр рүү нь явуулчихсан байсан бол эмнэлэг дээр очихгүй байсан. Тийм учраас энэ хүүхдүүдэд маш их гомдолтой байна гэв.

Прокурор Э.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Ж.Чимэг өмгөөлөгч хохирол төлбөрийн талаар шийтгэх тогтоолд тодорхой дурдаагүй гэж байна. Прокурорын яллах дүгнэлт дээр 2500000 төгрөгийг шүүгдэгч Б.Т, Д.Г нар төлсөн гэж дурдсан байдаг. Шийтгэх тогтоолын тогтоолд төлөгдөөгүй төлбөрийг дурдаад явчихсан юм билээ. 2500000 төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд төлсөн гэдэг нь яллах дүгнэлт болон хэргийн материалаас харагдаж байгаа. Мөн эмч нарт ял оногдуулж байж өршөөл үзүүлэх байсан гэж хэллээ. Шүүх тайлбарлахдаа ялыг хэрэгсэхгүй болгоно гэж Өршөөл үзүүлэх тухай хуульд заагаагүй учраас Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар гэм буруутайд тооцоод хэрэгсэхгүй болгоно. Ердийн журам гэдэг маань гэм буруугийн шүүх хуралдаанаар гэм буруутай эсэх нь тогтоогдсоны эцэст Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх асуудал нь яригдана. Гэм буруу тооцогдоод Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэсэн гэж шүүх тайлбарлаж хэлсэн. Шүүгдэгч Б.Тын хувьд анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй учраас Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломж байгаагүй. Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт шүүхээс 18 насанд хүрсэн 21 насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл журмаар ял оногдуулна гэж заасан учраас шийтгэх тогтоол гаргахад шүүгдэгч нар 21 насанд хүрсэн байсан учраас энэ заалтыг хэрэглэх боломжгүй байсан гэж дүгнэж үзэж байгаа. Ийм учраас анхан шатны шүүх үүн дээр зөв шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Х.Сэргэлэнбат өмгөөлөгчийн хувьд талийгаачийг 2 шүүгдэгчид зодуулснаасаа хойш гэртээ очоод ямар нэгэн гадны нөлөөгөөр тархиндаа гэмтэл авчихсан юм биш үү, үүнийг шалгаж тогтооё гэж байна. Энэ асуудал өмнө нь ч яригдаж байсан. Хэрэгт авагдсан материалаас харахад Х.Б тухайн үед аавтайгаа байж байсан ба Х.Бийн мэдүүлгээр аав гэрээсээ гараагүй гэдэг мэдүүлгийг өгдөг. Хамт байсаар байгаад 17-ны өглөө эмнэлэг дээр очсон байдаг. Гадагшаа гарах боломж байгаагүй, бусдад өөр байдлаар зодуулах боломж байгаагүй гэдгийг мэдүүлдэг. Хажуу айлд ах нь байдаг ба гэрээсээ гараагүй гэдгийг гэрчилсэн гэрчийн мэдүүлэг байгаа. Энэ хүн анх эмнэлэгт үзүүлэхдээ дух нь овойчихсон, цаана нь цус хурчихсан байдалтай байсан. Тархины гэмтлийн улмаас талийгаач нас барсан нь Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 220 дугаартай дүгнэлтэнд байгаа. Тархиндаа цус хурчихсан байна. Тархийг нь нээж үзье гээд Г эмч хэлдэг. Анх 15-нд тархиндаа гэмтэл авсан гэдэг нь тогтоогдож байгаа.

Э.Ганбат өмгөөлөгчийн хувьд Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн гэсэн, үүнд тайлбар хэлсэн байгаа. Мөн шүүгдэгч Д.Гт Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх ёстой гэж байна. Гэтэл шүүгдэгч Д.Г, Б.Т нар нь анх мөрдөн байцаалтын шатанд анхан шатны шүүх хуралдаан дээр ч гэсэн Д.Г миний үйлдлээс болоогүй, Б.Тын үйлдлээс болсон. Шүүгдэгч Б.Т нь миний үйлдлээс болоогүй, Д.Гын үйлдлээс болсон гэж хоёулаа гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй учраас Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.О, Б.Н-ын гаргасан баримтууд давхардсан. Нийт 10734274 төгрөгийг нэхэмжилсэн. Энэ мөнгийг 50, 50%-иар хувааж авна гэсэн хохирогчийн нарын мэдүүлэг хэрэгт байгаа. 2019.04.01-ний өдрийн шүүх хуралдаан дээр Х.О хохирол төлбөрийг зөвхөн би авна гэж мэдүүлсэн. Б, Н нарт гаргуулахаар саналыг тавьсан. Шүүгдэгч нарын өгсөн 5 сая төгрөгийг хохирогч нар хувааж авсан байгаа. Хохирол төлбөр анхнаасаа маргаантай байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Шүүгдэгч Х.Б-ын өмгөөлөгч Ц.Эрдэнэбат давж заалдсан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь авч үзэлгүйгээр шийтгэх тогтоол гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд ЭХХШТХуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д заасныг зөрчсөн. Х.Быг өвчтөнд яаралтай тусламж үзүүлэх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь огт үндэслэлгүй. Х.Б нь талийгаач Н.Мыг 2015 оны 01 сарын 15-ны шөнө 00 цагийн орчим хүлээн авч баруун нүдний зөөлөн эдийн няцрал, хөхрөлт, духны хэсгийн цус хуралт, артерийн даралт ихсэх өвчин, 2 дугаар зэрэг онош тавьж өвчин намдааж, даралт бууруулах эмчилгээ хийн шархыг цэвэрлэн боолт хийж ажиглалтанд хонуулсан байдаг юм. Энэ хэрэгт нийт 7 удаагийн 21 шинжээч дүгнэлт гаргасан байдаг бөгөөд дүгнэлтээр шүүгдэгч Х.Быг буруутгасан нэг ч дүгнэлт гараагүй байхад анхан шатны шүүх нь зөвхөн санал зөрсөн С.Одончимэг шинжээчийн дүгнэлтийг гол нотлох баримт болгон Х.Быг гэм буруутайд тооцож шийтгэх тогтоол гаргасан нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл шинжээч эмч нарын гаргасан удаа дараагийн дүгнэлтүүдээр Х.Б нь өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор хийж гүйцэтгэсэн гэх дүгнэлтүүдийг няцаасан хууль зүйн дүгнэлт огт хийгээгүй бөгөөд харин эсрэгээр санал зөрж гаргасан шинжээчийн дүгнэлтийг гол нотлох баримтанд тооцож хэргийг шийдвэрлэсэн нь дээрх хуулийн заалтыг зөрчжээ. Гэрч, хохирогч нарын мэдүүлгээр Х.Б-ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон гэж дүгнэсэн нь огт үндэслэлгүй бөгөөд Х.Б нь талийгаачийн ар гэрийн хүмүүстэй огт уулзаагүй, талийгаачийг зодуулсан шөнө ар гэр нь ирээгүй, маргааш өглөө нь ирсэн байдаг юм. 2002 оны Эрүүгийн хуулийн 106 дугаар зүйлийн 106-д заасан гэмт хэргийн обьектив болон субьектив талын шинжийг тогтоохдоо эмнэлгийн ажилтан өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болон тусламж үзүүлэх үүргээ огт биелүүлээгүй болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоож эмнэлгийн ажилтан Эрүүл мэндийн тухай хуульд заасан үүрэг болон стандартыг зөрчсөн болохыг тогтоосны дараа эрүүгийн хариуцлага оногдуулах зарчимтай юм. Гэтэл эмч Х.Б өвчтөнд тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй талаар ямар ч шинжээчийн дүгнэлт гаргаагүй. Иймд анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэлтэй зөв дүгнэлт хийж чадаагүй, хэргийг шийдвэрлэхдээ ЭХХШТХуулийн 39.5 дугаар зүйлийн 39.5.1.1, 39.6 дугаар зүйлийн 39.6.1.3-т заасныг зөрчсөн тул Х.Бт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хохирогч Б.Нын өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар давж заалдсан гомдолдоо: Шүүгдэгч Б.Т, Д.Г нар нь 2015 оны 01 дүгээр сарын 15-ны шөнө асан Н.Мыг бүлэглэн зодож түүний биед хүнд гэмтэл учруулсан. Эмч Х.Б, Б.Т, Б.Г нар талийгаачид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх үүргээ биелүүлээгүйгээс Н.М нас барсан юм. Шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг зөрчиж хууль буруу хэрэглэж шийдвэрлэсэн. Талийгаачийн ээж Б.Н нь Х.Б, Х.О нарыг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоохыг татгалзсаар байхад тэднийг хууль ёсны төлөөлөгч гэж тогтоосон нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож талийгаачийн хууль ёсны төлөөлөгчөөр Б.Н-ыг тогтоож өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч, өмгөөлөгч нарын гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

             Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгчөөс хэргийн оролцогчдын “хуулийн өмнө эрх тэгш” байх эрхийг бүрэн хангасан байх буюу хавтаст хэргийн материалтай танилцуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцжээ.

Хавтаст хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох гэмт хэргийн талаар Цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл/1-рхх-11, 25/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл/1-р хх37-39/, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл/1-р хх 40-45/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.О/1-р хх 69-71/, Х.Б /1-р хх 73-75, 117-119, 4-р хх-224/, Б.Н /1-р хх 79-81/ нарын мэдүүлгүүд, гэрч О.Азжаргал /1-р хх 91-94/, Ө.Батзүрхээ/1-р хх 97-100, 3-р хх1-2/, Н.Энхзаяа/1-р хх 101-103/, Ч.Гантулга /1-р хх 104-106/, Б.Ганбат /1-р хх 111-114/, Х.Жасрайсэнгэ/1-р хх 128-129/, Л.Алдархишиг /1-р хх 130-131/, Б.Энхтайван/1-р хх 132-133/, О.Цэрэнбүтэд /1-р хх 136-137/, Г.Мөнгөнцэцэг /1-р хх 142/, Х.Сэргэлэнбат/1-р хх 152-153/, Л.Одгэрэл /3-р хх 3-4/ нарын мэдүүлгүүд, шүүгдэгч Б.Гийн гэрчээр болон сэжигтэн, яллагдагчаар өгсөн/1-р хх 134-135, 2-р хх 74-75, 4-р хх-195/, шүүгдэгч Х.Бын гэрчээр болон сэжигтэн, яллагдагчаар өгсөн/1-р хх 138-139, 2-р хх 70-71, 4-р хх-199/, шүүгдэгч Б.Тийн гэрчээр болон сэжигтэн, яллагдагчаар өгсөн /1-р хх 140-141, 2-р хх 77-78, 4-р хх 203-205/, шүүгдэгч Б.Тын сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн /2-р хх 44-46, 49-50/, шүүгдэгч Д.Гын сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн /2-р хх 56-63/ мэдүүлгүүд, шүүгдэгч нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /4-р хх 125-130/, шүүгдэгч нарын шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлгүүд /5-р хх 149-202/, шинжээчийн 2015-01-26-ны өдрийн 220 дугаар дүгнэлт /1-р хх-164/, 2015-03-26-ны өдрийн 346 дугаар дүгнэлт /1-р хх 169-172/, 2015-06-19-ний өдрийн 715 дугаар дүгнэлт /1-р хх 175-177/, 2015-09-02-ны өдрийн 945 дугаар дүгнэлт/1-р хх 185-188/, 2015-10-06-ны өдрийн 1144 дүгээр дүгнэлт /3-р хх-21/, 2016-05-23-ны өдрийн 532 дугаар дүгнэлт /4-р хх 179-185/, 2017-02-21-ний өдрийн давтан дүгнэлт/5-р хх-161/-үүд, шинжээч эмч нарын мэдүүлгүүд /1-р хх-193, 195, 197, 3-р хх-27, 28, 4-р хх 216-218, 5-р хх-210, 228/ зэрэг   нотлох баримтуудад дүн шинжилгээ хийж үзэхэд:

Шүүгдэгч Б.Т, Д.Г нар бүлэглэж 2015 оны 01 дүгээр сарын 15-ны шөнө 23 цагийн орчимд ЗҮ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт гудамж талбайд Н.Мыг зодож, түүний эрүүл мэндэд “амь насанд аюултай гавал тархины хүнд гэмтэл” гэмтэл буюу хүнд хохирол учруулсан,

шүүгдэгч Х.Б 2015 оны 01 дүгээр сарын 15-16 нд шилжих шөнө ЗҮ сумын Нэгдсэн эмнэлэгт ерөнхий жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байхдаа яаралтай түргэн тусламж үзүүлэх үүргээ,

шүүгдэгч Б.Г 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ЗҮ сумын Нэгдсэн эмнэлэгт мэс заслын эмчийн үүрэг гүйцэтгэж байхдаа үзлэг хийх багаж хэрэгсэл байхгүй гэх шалтгаанаар эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ,

шүүгдэгч Б.Т 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ЗҮ сумын Нэгдсэн эмнэлэгт мэс заслын эмчийн үүрэг гүйцэтгэж байхдаа оношийг буруу тогтоож эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ тус тус зохих ёсоор биелүүлээгүйн улмаас өвчтөн Н.М гавал тархины идээт үрэвслийн улмаас нас барсан үйл баримт тогтоогджээ.

Мөрдөн байцаалтын явцад цугларсан, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт болох хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.О, Х.Б, Б.Н, гэрч Б.Ганбат, О.Азжаргал, Ч.Гантулга, Н.Энхзаяа, Ө.Батзүрхээ, Б.Сугар, Б.Оргилсайхан, С.Түвшинбат, Х.Жасрайсэнгэ, О.Цэрэнбүтэд, Т.Сэргэлэнбат нарын мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээнгийн 220, 346, 715, 945, 1144, 532 болон 2017-02-21-ний өдрийн дүгнэлтийг тус тус бусад нотлох баримттай харьцуулж, эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үзэхэд хэрэгт цугларсан баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасан хуулийн шаардлагад нийцсэн, тухайн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтат мэдээллүүд байх ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нараас хуульд заасны дагуу үнэн зөв мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгч Б.Т, Д.Г нарыг бүлэглэн хохирогч Н.Мыг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Х.Б, Б.Г, Б.Т нарыг эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс өвчтөн Н.М нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүхээс гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан гэж дүгнэн хэргийг эцэслэж хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад болон шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн жинхэнэ байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Х.Б, Б.Г, Б.Т нарыг эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч Н.М “...гавал тархины идээт үрэвслийн улмаас нас барсан” нь шинжээчийн дүгнэлтүүд болон шинжээч Ө.Хашхүү, Б.Эрдэнэбулган нарын мэдүүлэг,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.О, Х.Б нарын мэдүүлэг, түргэн тусламж дуудлагын хуудас, яаралтай тусламжийн хуудас, яаралтай тусламж үйлчилгээний хуудас, гавал тархины гэмтлийн оношилгоо, эмчилгээний MNS5979-1:2009 стандарт, ЗҮ сумын Нэгдсэн эмнэлэгт эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх журам зэрэг нотлох баримтаар тогтоогдсон талаар мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.О, Х.Б нар мэдүүлгийнхээ эх сурвалжийг  тодорхой зааж мэдүүлснийг шийтгэх тогтоолд тодорхой ойлгомжтой тодорхойлсон байна.

Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.2 дахь хэсэгт зааснаар “...осол, гэмтлээс амь насанд нь аюултай байдал бий болсон иргэнд эмнэлгийн тусламжийг ямар ч нөхцөлд үзүүлэх” үүргээ биелүүлээгүйг эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй гэж үзнэ.

Мөн шүүгдэгч Х.Б, Б.Г, Б.Т нар осол, гэмтлээс амь насанд нь аюултай байдал бий болсон өвчтөнд эмнэлгийн тусламжийг ямар ч нөхцөлд үзүүлэх үүргээ биелүүлээгүй буюу эмчилгээ тусламж үзүүлэхээс зайлсхийсэн, ажилдаа хайнга, хариуцлагагүй хандсан, үйлчилгээг бүрэн гүйцэд үзүүлээгүй, зөв оношилж, эмчлээгүй талаар  Х.Оэс “...2015-01-16-ны өглөө 07 цагийн орчим эмнэлэг дээр очоод аавтай уулзах үед толгойн баруун хэсэгт хавдаж, арьс нь язарсан, нэг нүд хавдаад тагларсан байсан...Би 2015-01-17-ны өглөө 07 цаг өнгөрч байх үед 2-3 минутын зайтай 2 удаа эмнэлгийн 9661313 дугаарын утас руу залгаж “урьд шөнө танай эмнэлэгт хүнд зодуулаад очиж хоносон хүн бие нь муудаад байна, дуудлага өгье” гэж хэлтэл нэг эмэгтэй эмч “очих боломжгүй, өөрсдөө авч ир” гэж 2 удаа хэлсэн. Ямар шалтгаанаар очих боломжгүй гэдгээ ч тайлбарлаж хэлээгүй” гэж, Х.Бийн “...аавын баруун нүд тагларчихсан, нулимсны сүв байдаг хэсгээс цус гарч байсан, зүүн нүд нь бас хавдчихсан байсан, мөн толгойны дух болон духны дээд хэсгээр нэлээд том овойгоод хавдартай болчихсон, духны гол үрчлээ хэсгээр цус хурчихсан, хамар нь дотогшоогоо далийчихсан, чихэгдчихсэн байсан” гэж, гэрч О.Цэрэнбүтэд “...Н.Мыг хүлээн авах дээр авч ирээд Х.Б эмчийн хамт үзлэг хийхэд артерийн даралт 180/120, баруун дух овойж хавдсан, баруун нүд хавдаж аньсан байсан” гэж тус тус мэдүүлснийг шүүгдэгч Б.Г, Х.Б, Б.Т нар үгүйсгээгүй байна.

Энэ хэрэгт нийт 7 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан байх ба зарим дүгнэлтэд шүүгдэгч Х.Б, Б.Г, Б.Т нарыг хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй болохыг тодорхой заагаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4-т зааснаар шинжээчийн дүгнэлтийг шүүх ... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй хэдий ч  2015-06-19-ний өдрийн 715 дугаар дүгнэлтэд “жижүүр эмч Х.Б зохих ёсоор үзлэг шинжилгээ хийгээгүй байгаа тул эмчилгээг стандартын дагуу хийсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна, цаг алдалгүй эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн бол амь насыг аврах боломжтой байсан, ЗҮ сумын Нэгдсэн эмнэлгийн эмч нар өвчтөнийг зохих журмаар хүлээн авч эмчилгээ үйлчилгээ хийсэн бол оношийг зөв тогтоох боломжтой байжээ” гэж,  2015-09-02-ны өдрийн 945 дугаар дүгнэлтэд “Амь нас аврах боломж байсныг үгүйсгэхгүй ...” гэж, 2016-05-23-ны өдрийн 532 дугаар дүгнэлтэд “Гэмтлүүд бие биетэйгээ уялдаж үүссэн тул салангид дүгнэх боломжгүй, ... Аль ч шатлалын эмнэлэгт мэс заслын эмчилгээ хийхгүй, шимэгдүүлэх эмчилгээ хийнэ. Амь аврагдах эсэх нь эмчлүүлэгчийн биеийн байдал, эмчилгээний үр дүнгээс хамаарна. ...” гэж, шинжээч Ө.Хашхүүгийн “...Сумын эмнэлгийн түвшинд 3 эмчийн хувьд оношийг зөв тодруулж, эмчилгээ хийх ур чадвар хүрээгүй ...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.О, Х.Б нарын дээрх мэдүүлэг нотлогдсон төдийгүй тэдгээрийг хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүргээ биелүүлсэн гэж үзэв.

Иймээс Эрүүгийн хуулийн 106 дугаар зүйл “Өвчтөнд тусламж үзүүлэхгүй байх” буюу “Эмч, эмнэлгийн ажилтан өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлээгүй буюу зохих ёоор биелүүлээгүй”-гээс өвчтөн нас барсан бол шүүхээс мөн хуулийн 106.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж, шүүх гэм буруутайд тооцож шийдвэрлэдэг учиртай.

Дээрх хуульд заасан “Хүндэтгэх шалтгаангүйгээр” гэдгийг эмнэлгийн мэргэжилтний эрүүл мэндийн байдал, ар гэрт нь гачигдал гарсан, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан бусад гамшиг тохиолдсон, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх шаардлагатай эм, тариа, багаж, тоног төхөөрөмж байгаагүй зэрэг хувь хүнээс өөрөөс нь үл хамаарах бусад нөхцөл байдлыг ойлгох бөгөөд “Зохих ёсоор биелүүлээгүй” гэдгийг Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсэгт заасан “Эмнэлгийн мэргэжилтэн үүрэг”-ээ гүйцэтгээгүй, биелүүлээгүйг ойлгоно.

Хэдийгээр ЗҮ сумын нэгдсэн эмнэлэгт тархины гэмтлийг оношлох тоног төхөөрөмжгүй байсан гэх боловч тухайн эмнэлгийн дарга Х.Сэргэлэнбат ”тархины хүнд гэмтэл” учирсан талаар оношийг зөв тогтоож, өвчтөний гэр бүлийн хүсэлтээр өвчтнийг “Гэмтэл согог судлалын Үндэсний төв”- рүү эмчийн хамт илгээсэн нь хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан хэрэгт байгаа нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Х.Б, Б.Г, Б.Т нарыг “эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч Н.М “...гавал тархины идээт үрэвслийн улмаас нас барсан” буюу “Өвчтөнд тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.Т, Д.Г Х.Б, Б.Г, Б.Т нарын гэм буруугийн талаарх шийтгэх тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгч Б.Т, Д.Г нарт 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч нарт тус бүрд 5 жил хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, шүүгдэгч Х.Б, Б.Г, Б.Т нарыг эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас өвчтөн Н.М нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн буюу гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний эцэст Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь “Шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний эцэст Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэнэ” гэсэн холбогдох хуулийн зохицуулалтад нийцсэн, хуулийг зөв хэрэглэсэн байна.

Хэдийгээр гэмт хэрэг үйлдэх үед буюу 2015-01-15-ны өдөр шүүгдэгч Б.Т 16 настай, шүүгдэгч Д.Г 17 настай байсан хэдий ч тэдэнд Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлд заасан “Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” тухай зохицуулалтыг анхан шатны шүүх хэрэглээгүйг буруутгах үндэслэлгүй төдийгүй “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэж үзэхгүй бөгөөд энэ нь зайлшгүй хэрэглэх ёстой хуулийн зохицуулалт биш юм.

Түүнчлэн шүүгдэгч Б.Т, Д.Г нарыг бие, сэтгэхүйн хувьд өсвөр насны гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй учир Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар буюу тэднийг хорин нэгэн насанд хүрээгүй өсвөр насны хүн гэж үзэж, энэхүү хуулийн тусгай зохицуулалтад хамааруулан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй, хувийн байдал, хохирол төлбөр төлсөн зэргийг харгалзан шүүгдэгч Б.Т, Д.Г нарт Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн” гэмт хэрэгт таван жилээс арван хоёр жил хорих ялын доод хэмжээ  болох 5 жил хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хүнд биш байх ба гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд чиглэсэн, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

Мөн Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасан нь зайлшгүй хэрэглэх зохицуулалт биш ба шүүгдэгч нарын хувийн байдал гэм буруугаа хүлээгээгүй зэргийг харгалзан шүүхээс уг заалтыг хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн нь үндэслэлтэй.

Харин энэхүү эрүүгийн хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Х.О, Х.Б нарыг тогтоосон нь зөв байх ба тэдгээр нь Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4-т заасан “Гэр бүлийн гишүүн”-д хамаарч байх тул мөрдөгчийн Х.О, Х.Б нарыг “хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон” тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирол гаргуулахтай холбоотой заалт болон шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцохдоо, мөн өршөөл үзүүлэхдээ хэрэглэсэн хууль хэрэглээний тухайд алдаатай буюу шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байх тул энэ үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй.

1/. Анхан шатны шүүхээс хохирогч Н.М-ыг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардлыг 10.422.930 төгрөг гэж тогтоосон, энэ төлбөрийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.О, Х.Б, Б.Н нарт тэнцүү хувааж, хуваарилсан нь үндэслэлтэй зөв байх боловч шүүгдэгч Б.Т, Д.Г, ЗҮ сум дахь Нэгдсэн эмнэлгээс ижил, тэнцүү хувиар гаргуулаагүй байх ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  тус бүрд ижил тэнцүү буюу 3.474.310 төгрөг олгох, уг төлбөрийг шүүгдэгч, иргэний хариуцагч тус бүрээс 3.474.310 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэх.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Таас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Од төлсөн 2.250.000 төгрөг, Б.Н-д төлсөн 540 000 төгрөг, нийт 2.790.000 төгрөгийг, шүүгдэгч Д.Г-аас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Бт 1.850.000 төгрөг төлснийг тус тус хасаж тооцоход, шүүгдэгч Б.Таас 684310 төгрөгийг, шүүгдэгч Д.Гаас 1.624.310 төгрөгийг,  ЗҮ сум дахь Нэгдсэн эмнэлгээс 3.474.310 төгрөгийг, нийт 5.782.930 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт тус бүрд хуваарилсан 3.474.310 төгрөгөөс шүүгдэгч нараас өгснийг хасаж тооцон, Х.Од 1.224.310 төгрөгийг,  Х.Б-т 1.624.310 төгрөгийг, Б.Н-д 2.934.310 төгрөгийг олгох нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим, шүүгдэгч нарын гэм буруугийн хэлбэрт тохирно.

             2/. Шүүгдэгч Б.Т, Д.Г нарыг гэм буруутайд тооцохдоо гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулиар биш тэдгээрийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэсэн учир Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцохдоо мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй.

3/. Шүүгдэгч Х.Б, Б.Г, Б.Т нарыг  2002 оны Эрүүгийн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан гэм хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон буюу гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөн байсан хуулийг хэрэглэсэн ба хуулийг буцаан хэрэглээгүй тул 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэх шаардлагагүй.

Мөн 2002 оны Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлд “Гэмт хэрэгт хамтран оролцогч” нарыг тодорхойлсон байх ба холбогдох нотлох баримтаар шүүгдэгч Х.Б, Б.Г, Б.Т нарыг мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэхдээ “хамтран оролцсон” буюу мөн хуулийн 35.5-д зааснаар тэднийг “гэмт хэргийг гардан үйлдсэн гүйцэтгэгч” гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул тэдгээрийг  гэм буруутайд тооцохдоо дээр дурдсан Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамласан нь буруу.

    4/. Шүүгдэгч Х.Б, Б.Г, Б.Т нар гэм буруугийн асуудлаар маргасан учир анхан шатны шүүх хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутайд тооцсоны эцэст тэдэнд ял оногдуулахгүйгээр 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийг зөв хэрэглэсэн. Гэхдээ 2015 оны Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэсэн нь үндэслэлгүй байх ба шүүгдэгч нарт ял оногдуулаагүй учраас энэхүү хуулийг хэрэглэх шаардлагагүй буюу мөн л хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэжээ.

Өршөөлийн хуульд ял шийтгэлээс өршөөн хэлтрүүлэх, ялаас өршөөн хасах, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох гэсэн өршөөл үзүүлэх хэлбэр, хүрээг тодорхойлсон байх бөгөөд хууль гарахаас өмнө ял шийтгүүлсэн ялтанд оногдуулсан ялаас өршөөн хэлтрүүлэх бөгөөд харин нэгэнт гэм буруугийн асуудлаар маргаж шүүхээр хэргийг хянан хэлэлцэж байгаа нөхцөлд шүүгдэгчийг гэм буруутай эсэхийг дүгнэсний эцэст түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 10 дугаар зүйлийн 10.9-д нийцнэ. 

Иймд дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолын холбогдох заалтад өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээн, шүүгдэгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1, 1.2, 39.7 дугаар зүйлийн 1, 1.1, 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.5, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн ЗҮ сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2019/ШЦТ/40 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Шүүгдэгч Хэрээд овогт Борын Т, Охин овогт Доржсэмбийн Г нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

шүүгдэгч Зүүн цоор овогт Бурмаажавын Г, Зээрдүүд овогт Халзангийн Б, Боржигон овогт Болдын Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас өвчтөн нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэснийг,

“Шүүгдэгч Хэрээд овогт Борын Т, Охин овогт Доржсэмбийн Г нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг,

шүүгдэгч Зүүн цоор овогт Бурмаажавын Г, Зээрдүүд овогт Халзангийн Б, Боржигон овогт Болдын Т нарыг 2002 оны Эрүүгийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас өвчтөн нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэж,

2 дахь заалтын “Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар шүүгдэгч Б.Т, Б.Г, Х.Б нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэснээс,

“Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,...” гэснийг хасч,

3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1” гэж нэмж,

7 дахь заалтын “Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар Дорноговь аймгийн ЗҮ сумын Нэгдсэн эмнэлгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Дорноговь аймгийн ЗҮ сумын 2 дугаар баг Тээврийн 1-30 тоотод оршин суух, Боржигон овогт Хашгэрэлийн Бт 1624310 төгрөгийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Дорноговь аймгийн ЗҮ сумын 1 дүгээр баг 74 дүгээр байрны 01 тоотод оршин суух Боржигон овогт Хашгэрэлийн Од 1224310 төгрөгийг, Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхон гудамж 501 тоотод оршин суух, Баярхүү овогтой Балжидын Нод 2934310 төгрөгийг тус тус гаргуулан олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2300000 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг,

“Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар шүүгдэгч Б.Таас 684310 төгрөгийг, шүүгдэгч Д.Гаас 1.624.310 төгрөгийг,  ЗҮ сум дахь Нэгдсэн эмнэлгээс 3.474.310 төгрөгийг, нийт 5.782.930 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт тус бүрд буюу Х.Од 1.224.310 төгрөгийг,  Х.Бт 1.624.310 төгрөгийг, Б.Нод 2.934.310 төгрөгийг олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2300000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж тус тус өөрчилж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Т, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Чимэг, Ц.Эрдэнэбат, Х.Сэргэлэнбат, хохирогчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсанаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Т, Д.Г нар 63 хоног цагдан хоригдсныг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

                                                   ШҮҮГЧИД                                   А.САЙНТӨГС

                                                                                                       Н.БОЛОРМАА