Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 262

 

       Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд явуулж,

      Нэхэмжлэгч Сүхбаатар аймаг, Баруун-Урт сумын 1 дүгээр баг, Амгалан 3-04 тоотод оршин суух, Н.Э  нэхэмжлэлтэй

    Хариуцагч Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын 9-21 тоотод байрлах, “Д” ХХК-д  холбогдох,

     Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 23.600.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуяа, хариуцагчийн төлөөлөгч Д.Ч, хариуцагчийн өмгөөлөгч Д.Урансувд, нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Н.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би “Д” ХХК-ийн менежер Батчимэгтэй 2014 оны 4 сарын 30-ны өдөр палкан байшингийн материал нийлүүлэх худалдан авах гэрээ байгуулж 8:6 харьцаатай мансардгүй байшин бариулахаар болсон боловч хүүхэд маань томсгохоор тохиролцож 10:8 харьцаатай мансардтай байшинг бариулахаар тохирч энэ хэмжээндээ тохирсон төлбөр болох 15.000.000 төгрөгийг бэлнээр төлсөн. Байшин барих явцад гэрээний үүргээ биелүүлээгүй хаяад явсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлж байcан. Шүүхийн шийдвэрийн дагуу тус компани дутуу материалаа авчирч ажилчид нь барилгаа барьж эхэлсэн боловч өөрийнх нь өгсөн 30 палкнаас 10 палк дутаасныг сүүлд ажилласан бригадын хүмүүс хэлсэн. Барилгыг барихдаа зураг төслийн дагуу хийгээгүй, маш чанаргүй, буруу барьсан учраас хоёр удаа буулгаж дахин барьсан. 2015 оны 4 сард ашиглалтанд оруулна гэсэн боловч хойшлуулсаар одоог хүртэл байшинг барьж дуусгаагүй байна. Би дээврийн төмөр 800.000 төгрөгөөр, хар цаас 300.000 төгрөгөөр авч өгсөн. Үүнийг дээвэрт хэрэглэсэн боловч одоо дээвэр нь муруй, сарий хийгдсэн учраас дээврийг хуулж дахин хийлгэх шаардлагатай байна. Харин төмөр, хар цаасыг хуулахаар дахин ашиглах боломжгүй болох тул би хохироход хүрээд байна. Мөн нуруу модыг буулгаж дахин хийхдээ ухчихсан чанаргүй модоор хийсэн учраас хүчтэй салхи шуурганд тогтохгүй маш чанар муутай болсон. Ингэж байшинг хугацаанд нь чанартай бариагүйгээс бид барилгын дотоод засал бусад ажлаа гүйцээж байшиндаа орж чадахгүй хохирч байна. Энэ компани гэрээний үүргээ биелүүлээгүй нэг жил таван сарын хугацаа хэтрүүлээд байна. 3-4 удаа ажилчид нь ирж ажилласан боловч компани цалингаа өгөхгүй байна, хоол тамхины мөнгөгүй байна гээд ажлаа хаячихаад яваад өгдөг байсан. Дээвэр чинь муруй байна гэж хэлэхээр ажилчид нь цахилгаан хөрөөгөө өөдөөс шидэж элдвээр доромжилж, зодох гэж заналхийлж байсан... Одоо гэрээний биелэлт 60 орчим хувьтай л гэж бодож байна. Манай гэр бүлийнхэн сэтгэл дундуур үнэхээр их гомдож байна. Гэрээгээр бид төлбөрийг хугацаанд нь төлөхөөр тохирсон. Үүргээ биелүүлсэн... Гэрээгээр хугацаандаа бариагүй удаашруулсан, хойшлуулсан тохиолдолд 5%-ийн хүүтэй төлбөр төлөхөөр тохиролцсон тул энэ төлбөр 5.500.000 төгрөг гаргуулахыг хүсч байна. Мөн дээврийн төмрийн үнэ 800.000 төгрөг, хар цаасны үнэ 300.000 төгрөг, ажилчдынх нь дутаасан 10 ширхэг палкны үнэ 350.000 төгрөг, нийт 6.950.000 төгрөгийг гаргуулж, хохиролгүй болгохыг хүсч өргөдөл гаргав гэжээ.

        Нэхэмжлэгч Н.Н.Э нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаа тодруулахдаа:  

    ...Хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагааны явцад тус компаниар угсруулсан барилгын чанар ашиглагдах боломжгүй байна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Өөрөөр хэлбэл, тухайн барилгад ашигласан материал нь чанаргүй, шувуу нурууны мод нь цууралт үүссэн хэт нарийхан жигд бус хэмжээтэй мод хэрэглэснээс дээвэрт  хотойлт үүссэн, ханын тэгш хэм алдагдсан цүлхийсэн, муруй ханын 4 тал доош унжсан, цонх, хаалга гажсан. Байшингийн суурь зарим хэсэгт нь хундаам цутгаагүй зэргээс бүх гажилт үүссэн. Иймд уг компанитай байгуулсан гэрээнээс татгалзаж, урьдчилан төлсөн материалын үнэ болон барих хөлс нийт 15.000.000 төгрөг, хохирол 1.100.000 төгрөг, мөн гэрээний дагуу алданги 7.500.000 төгрөг, нийт 23.600.000 төгрөг нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн билээ. Гэтэл хяналтын шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойгүй байсан гэсэн учир шаардлагыг ялгаж салгаж тайлбарлах шаардлага үүссэн гэж ойлголоо.

      Миний хувьд энэ байгууллагын зар сурталчилгаа, төлөөлөгчийн танилцуулгаас уг компани нь өөрсдөө материалаа гарган газар дээр нь авчирч үл хөдлөх хөрөнгийг барьж угсарч өгнө, гадна дотно засал хийлгэвэл үнэ хөлс нь нэмэгдэх юм байна гэж ойлгосон. Төлөөлөгч нь гэрээний маягт гаргаж ирээд бөглөөд гарын үсэг зуруулсан. Одоо харахад байшингийн материал нийлүүлэх гэрээ гэсэн нэртэй гэрээн дээр гарын үсэг зуруулсан байна. Захиалагч миний хүсэл зориг бол тухайн компанийн барьдаг, угсарч өгдөг байшинг бариулж авах, материалын үнэ, ажлын хөлсийг нь тохирсон ёсоор төлөх л зорилготой байсан. Харин гадна, дотно заслаа өөрсдөө хийнэ гэж ярьсан. Анх байгуулсан гэрээнд тохирох хөлс мөнгөө ярьчихаад байтал манай хүү байшинг мансардтай хийлгэхээр болж, компанийн зүгээс загварыг хараад барьж чадна гэж зөвшөөрсөн. Материалын үнэ болон ажлын хөлсөнд 15.000.000 төгрөг нэхсэнийг бид тохирсон хугацаандаа төлсөн. Бид өөрсдийн талаас гаргаж өгөх дээврийн төмөр, хар цаасаа саадгүй гаргаж өгсөн.   

       Гэрээгээр компани өөрсдөө материалаа гаргаж манай газар дээр байшин барьж өгөх л гэрээ байсан. Барьж өгсөн байшин нь шаардлага хангахгүй байсан учир компанийн зүгээс 2 удаа буулгаж зассан боловч засаж чадаагүй орхисон. Өөр хүмүүсээр засуулъя гэхэд их өндөр хөлс нэхэж байна. Тэгээд ч материал нь шаардлага хангахгүй, энэ компани өөр материал гаргаж засахгүй гэсэн учир миний бие мөнгөө буцааж авъя гэсэн. Энэ байгууллага өөрсдийн хөрөнгөө татаж авна биз. Би мэргэжлийн хүн биш учир уг барилгын материалын чанар ажлын үр дүнд хэрхэн нөлөөлөхийг байшинг барьж байх үед мэдэх боломжгүй байсан. Мөн дам нуруу хийх эсэх, тулаас хийх эсэх, хийвэл хаана хийх вэ гэдгийг мэдэхгүй учир дам нуруугүй хий гэж би хэлээгүй. Дам нуруу, тулаас гэх мэт зайлшгүй хийх шаардлагатай зүйлээ ажил гүйцэтгэгч тал буюу мэргэжлийн компанийн хувьд өөрсдөө зохицуулах ёстой байсан. Манай талаас байшингийн загварын талаар саналаа хэлэхэд анхнаасаа болно гэж хэлсэн. Энэ үед манай барилгын хийц загвартай тохирохгүй, боломжгүй, ийм ийм эрсдэл, нэмэлт ажиллагаа гарна гээд татгалзаж болох байсан. Загвар өөрчилсөн асуудал нь гэрээ хийснээс хойш 3-4 хоногийн дараа яригдсан юм. Захиалагч миний хувьд үүргээ биелүүлсэн, манай талаас ямар нэгэн буруу байхгүй гэж үзэж байна. ...Иймд гэрээнээс татгалзаж 15.000.000 төгрөгөө нэхнэ. Нэхэмжлэлийн шаардлагаас 7.500.000 төгрөгийг хасч байна. Харин хар цаас, дээврийн төмөр дахин ашиглах шаардлага хангахгүй тул үнийг нь нэхэмжилнэ гэжээ. 

      Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 6 сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх болсон шалтгаан нь хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагааны явцад тус компаниар угсруулсан барилгын чанар ашиглагдах боломжгүй байна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсантай холбоотой. Шинжээчийн дүгнэлтээр чанаргүй материалаар барьсан тул барилгын ихэнх хэсгийг шинээр гүйцэтгэх шаардлагатай гэсэн. Хариуцагч тал барилгыг дахин засварлаж янзлахгүй гэсэн тул бид гэрээнээс татгалзаж 15.000.000 төгрөгөө буцааж авах шаардлага гаргасан. Мөн дээврийн төмөр, хар цаасны үнэ болох 1.100.000 төгрөг, алданги 7.500.000 төгрөг нэхэмжилсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас алданги 7.500.000 төгрөгнөөс татгалзсан байгаа. Тухайн байшинг засварлахын тулд сууринаас нь эхлэн янзлах шаардлагатай болсон. Байшинг өөр хүнээр янзлуулъя гэхэд зөвхөн өө сэвийг дарахад 2.5 сая төгрөг, материалыг солиход 5.0-6.0 сая төгрөг болохоор байна гэсэн. Миний хувьд гэрээний талаар тодруулж ярья гэж бодож байна. “Д” ХХК нь 2014 онд Сүхбаатар аймаг дээр төлөөлөгчтэй болж, төлөөлөгчөөрөө дамжуулан “Манай компани өөрсдийн материалаар байшин барьж өгнө” гэсэн зар тараасан. Захиалагч зөвхөн үнийг төлөх нөхцөлтэй байсан. Энэ зарын дагуу Н.Э болон нутгийн хүмүүс очиж гэрээ байгуулсан. Тухайн үед чанартай материалаар барина, манай компани материалаа өөрсдөө татна гэж хэлээд гоё гоё байшингийн зургууд үзүүлсэн байдаг. Тэгээд Н.Э нь 8х6 харьцаатай, мансардгүй байшинг 7.500.000 төгрөгөөр бариулахаар тохирч 6.500.000 төгрөгийг материалын зардалд, 1.000.000 төгрөгийг ажлын хөлсөнд авахаар болсон байна. Мөн 2014 оны 5 сарын 17-ны үед материалаа буулган барилгаа 5-7 хоногийн хугацаанд барьж өгнө, хэрэв амласан хугацаандаа байшингаа барьж дуусгахгүй бол 0.5 хувийн хүү буцаан төлнө гэсэн хууль зүйн хувьд шаардлага хангахгүй гэрээг байгуулсан байдаг. Энэ гэрээ нь худалдах худалдан авах гэрээ ч юм шиг, эсхүл ажил гүйцэтгэх гэрээ ч юм шиг ойлгомжгүй харагддаг. Гэрээ хийснээс 3 хоногийн дараа Н.Эы хүүхэд нь нэгэнт байшин бариулж байгаа юм чинь том мансардтай байшин бариулъя гээд “Д” ХХК-ийн төлөөлөгч Батчимэгт өөрийн гар зургаа харуулсан. Тэгэхэд манай компани энэ байшинг барьж өгч чадна, үнэ ханш нь 15 сая төгрөг болно гэсэн. Н.Э өөрөө байшингийн гадаад, дотоод заслыг хийнэ гэж тохирсон. 15 сая төгрөгийг Н.Э нь шилжүүлж 2014 оны 6 сарын эхээр барилгын материал буусан. Тэгээд 6 сараас эхлэн барилгын ажил хийгдэж эхэлсэн. Ажилчид нь 5 хоног ажиллаж байгаад 6 сарын 23-ны өдөр палкаа зүсүүлэх шаардлагатай байна гээд Дорнод аймаг яваад 2, 3 сар алга болсон. Н.Э нь шүүхэд хандаж алданги хохирлоо төлүүлэхээр болж, 2 тал эвлэрээд байшингаа тохирсон хугацаанд барьж дуусгана гэж тохирсон. Ингээд 9 сар хүртэл ажиллаж байгаад барилгын ажилчид нь цалин буухгүй байна, хоол хүнс, тамхины мөнгөгүй боллоо гээд ажлаа хаяад явсан. Чулуунбаатартай холбогдон танай хүмүүс чинь явчихлаа, дээврийн ажил чинь дутуу байна гэхэд удахгүй очлоо гэж хэлдэг байсан. Байшинг барихдаа 2 удаа нурааж байсан. ...Шинжээч томилогдоход “Д” ХХК-ийн төлөөлөгч Батчимэг, шинжээч, бид 3 байшингийн суурийг ухаж үзсэн. Тэгэхэд байшингийн зарим хэсэгт хундаам суулгаагүй байсан. Үүнээс болж байшин 2 талаараа сууж эхэлсэн. Байшингийнхаа дээвэр дээр гарахад ч даахааргүй, ширүүн салхийг ч тэсвэрлэхээргүй байна гэдгийг шинжээч тогтоож өгсөн. Бид ажил гүйцэтгэгчийн материалаар хийсэн барилгыг худалдаж авч байгаа болохоос биш барилгын материал худалдаж аваагүй. Барилгын чанар ямар байна вэ гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан зургаар тодорхой харагдаж байгаа. 2 сая төгрөгийг ажлын хөлсөнд авсан атлаа ажил үүргээ хийж гүйцэтгэж чадаагүй. Барилгын компанид захиалга өгч байшин бариулж байгаа тул тус компани нь барилгын чанар, материалыг бүрэн хариуцах учиртай. Бид байшингийн дээвэрт хийх хар цаас, дээврийн төмрийг өөрсдийн мөнгөөр захиалж авчруулан байшингийн дээвэрт хийсэн. Одоо тус хар цаас, дээврийн төмрийг дахин ашиглах боломжгүй болсон тул түүний үнийг нэхэмжилнэ. Иймд гэрээнээс татгалзаж 15.000.000 төгрөгийг хар цаас, дээврийн төмрийн үнэ болох 1.100.000 төгрөгийн хамт 16.100.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

     Хариуцагч “Д” ХХК-ийн төлөөлөгч, тус компанийн дэд захирал ажилтай Д.Чулуунбаатар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Э нь манай компанийн менежер Батчимэгтэй 2014 оны 4 сарын 30-ны өдөр 8х6 харьцаатай мансардгүй байшинг барихаар гэрээ байгуулсан боловч 10х8 харьцаатай мансардтай болгон барихаар тохиролцож 15.000.000 төгрөгийг авсан нь үнэн. Солонгост ажилладаг хүү нь ирж бариулах байшингийнхаа зургийг гаргаж өгсөн. Манай талаас зөвхөн захиалагчийн хүсэлтийн дагуу байшингийн торхыг л босгож өгөх байсан. Захиалагч байшингийн гадна болон дотор засвараа өөрсдөө хийж гүйцэтгэнэ гэж тохирсон. Хүүгийнх нь хэлсэн загвараар 10х8 хэмжээтэй мансардтай байшинг 2014 оны 5 сарын сүүлээр барьж эхэлсэн. Энэ байшин нь дотор талдаа таазгүй, дотор загвар нь Солонгос хэв маягтай бариулна гэсэн. Барилгыг барьж байх хугацаанд энэ айл хундаам цутгахаас эхлээд бүхий л үйл явцад хяналт тавьж байсан. Бид байшингийн суурь нүхийг ухахдаа хүртэл гүн нь яаж байна, өргөн нь болж байна уу гээд байнга үзүүлж харуулж байсан. Ингээд бидний ажил дуусч байшинг дээвэрлэх үед Сүхбаатар аймагт дээврийн төмөр байгаагүйн улмаас энэ айл дээврийн төмрөө гаргаагүй учир ажил зогссон бөгөөд бид дараагийн ажилдаа орохоор хүмүүсээ татсан. Удалгүй дээврийн төмөр ирчихлээ гэхэд нь бид очих боломжгүй байна гэдгээ хэлсэн. Сар гаран хугацаанд очиж чадахгүй байснаас болж Н.Э нь Сүхбаатар аймгийн шүүхэд хандаж бид 600.000 төгрөгийн алданги төлсөн. Палк мод 30 ширхэг яагаад дутсан бэ гэвэл 2х1.8м хэмжээтэй 3 ширхэг цонхтой 1.50-м цонх 1 ширхэг цонхны тавцангын палк болон таазны палк нийт 30 ширхэгийг бид нийлүүлсэн. Захиалагч нь байшингаа жоохон өөрчлөх хэрэгтэй байна гэсэн тул нурааж дахин барьсан. Байшингаа барьж дуусгаад хүлээлгэн өгөхөд хүлээн авсан хүмүүс сэтгэл хангалуун байсан. Манай компани энэ айлын байшинг боломжийн барьж өгсөн. Солонгос улсад ажилладаг хүү нь миний хэлснээр, миний санаснаар, миний бодсон шиг сайхан байшин боллоо гэж над руу утсаар талархан ярьж байсан. Энэ айл анх захиалга өгөхдөө дам нуруугүй бариулна, Солонгост ийм байдаг гээд бариулсан. Би 2014 оны 11 сард нь мужаанаа дахин явуулж байшингийн нэг хэсгийг дам нуруутай, полконтой болгож засч өгсөн. Байшинг хүлээлгэн өгөх үедээ дам нуруугүй байгаа, хурдан дотоод заслаа хийгээрэй гэдгийг хэлсэн. Мэдээж дам нуруугүй байшин дотоод заслыг хийж доороос нь тулгуур хийж өгөхгүй бол хотойж суулт өгөх нь ойлгомжтой. Цонхны хэсгээр суулт өгсний учир нь эднийх том хэмжээтэй цонх захиалсан, мөн цонхоо хурдан хийгээрэй гэдгийг нь хэлсэн. Дээврийн модны хувьд бид байшингийн дээвэр хийдэг модоороо л хийсэн. Чанаргүй модоор хийгээгүй. Манай талаас чанаргүй барилгын материалаар уг байшингийн торхыг бариагүй, чанарын шаардлага хангасан өөрсдийн хэрэглэдэг модон материалаараа л барьсан. Энэ айл хурдан хугацаанд дотоод заслаа хийгээгүйгээс болж нойтон палк модонд цууралт өгч, цонхны хэсгээр суулт өгсөн гэж бодож байна. Бид хугацаандаа энэ айлын байшингийн торхыг барьж хүлээлгэж өгсөн учраас ажлын хөлсөндөө төлсөн мөнгийг буцааж төлж чадахгүй. Бид уг байшинд чанарын шаардлага хангасан материал хэрэглэсэн учраас дахин засварлаж өгөх шаардлагагүй гэж үзэж байна. Дээврийн төмөр болон хар цаасыг дахин ашиглаж болохгүй гэсэн шинжээчийн дүгнэлтэд байхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

      Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь :

    Нэхэмжлэгч Н.Н.Э нь хариуцагч “Д” ХХК-д холбогдуулан 23.600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 7.500.000 төгрөгөөр багасган, 16.100.000 төгрөг нэхэмжилсэн.

     Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулбал: Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан гэрээнээс татгалзах, урьдчилан төлсөн материалын үнэ болон ажлын хөлс 15.000.000 төгрөг, өөрөөс гаргасан материалын үнэ 1.100.000 төгрөг буюу нийт 16.100.000 төгрөг гаргуулахыг хүссэн бөгөөд шүүх хуралдаан дээр нэхэмжлэлээ дэмжсэн болно. Харин хариуцагч тал нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалздаг.

      Нэхэмжлэгч Н.Э нь хариуцагч “Д” ХХК-тай 2014 оны 4 сарын 30-ны өдөр “Палкан байшингийн материал нийлүүлэх, худалдан авах” гэсэн нэртэй гэрээ байгуулжээ.

      Гэрээнд зааснаар хариуцагч “Д” ХХК нь 8х6 мкв, мансартгүй, палкан байшингийн хана, шал, тааз, шувуун болон дам нуруу зэрэг бүх төрлийн модон материалыг 2 вакум цонх, хаалгын хамт нийлүүлэх, материалыг 2014 оны 5 сарын 17-18-ны хооронд нэхэмжлэгчийн гэрийн гадаа хүргэж өгөх, нэхэмжлэгч Н.Н.Э нь худалдах үнэ 7.500.000 төгрөгнөөс 3.500.000 төгрөгийг 2014 оны 4 сарын 30-ны өдөр, материал гэрийн гадаа буух үед үлдэгдэл 4.000.000 төгрөгийг хариуцагчийн дансанд шилжүүлэх үүргийг тус тус хүлээжээ.

     Мөн гэрээнд ...барих хөлс 1.000.000 төгрөг, 57 хоногийн 4 ажилтны байр, хоолыг “Б” тал даана, бензиний ханшийг тухайн үед нь тохиролцоно, тохиролцсон хугацаандаа барихгүй удаашрах, хойшлуулах, хугацаа алдах тохиолдолд “Б” тал урьдчилгаа өгсөн мөнгөө өгсөн өдрөөсөө эхлэн сарын 5 хувийн хүүтэй тооцож буцааж авна, материал буух үед материалын үнийг өгөхгүй удаашруулбал “А” тал үлдэгдэл мөнгөө хоногийн 0.3 хувиар алданги тооцож авна гэж тус тус заасан байна.

      Дээрх гэрээний нөхцлөөс үзэхэд хариуцагч “Д” ХХК нь 8х6 мкв, мансартгүй палкан байшингийн хана, шал, тааз, шувуун болон дам нуруу зэрэг бүх төрлийн модон материалыг 2 вакум цонх, хаалгын хамт нийлүүлэхээр, нэхэмжлэгч нь материалын үнийг төлөхөөр тохиролцсон нь худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулсан байна.  

     Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

      Мөн Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д “Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ” гэж заасан.

   Гэрээний нөхцлөөс харахад 8х6 мкв, мансартгүй палкан байшингийн торхыг босгоход ямар тоо, хэмжээ, чанартай хэдэн төрлийн материал нийлүүлэхээр тохиролцсон нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, худалдах-худалдан авах гэрээний гол нөхцөл болох гэрээний зүйлийн талаар талууд нарийвчлан  тохиролцсон нь тогтоогдохгүй байх тул талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй байна.

       Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж заасан.

     Зохигч талуудын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичмэл баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас үзэхэд нэхэмжлэгч Н.Н.Э нь 8х6 мкв, мансартгүй, шувуун оройтой палкан байшингийн торх бүхий барилгыг тухайн компанийн худалдаж буй материалаар бариулах хүсэл зоригоо илэрхийлснийг хариуцагч “Д” ХХК нь хүлээн зөвшөөрч хүлээн авсан байна.

    “Д” ХХК нь байшингийн торхыг босгох бүх модон материал болон 2 цонх, хаалгыг нийлүүлж, байшингийн торхыг барих, Н.Э нь материалын үнэ болон ажил гүйцэтгэсний хөлсөнд 7.500.000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон нь ажил гүйцэтгэх гэрээний үндсэн шинжийг агуулж байна. Иймд талуудын хооронд Монгол Улсын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэж байна.

      Талууд гэрээ байгуулагдсаны дараа захиалагчийн саналын дагуу байшингийн хэмжээг 10х8 хэмжээтэй, мансардтай болгон өөрчилж, материалын үнэнд 13.000.000 төгрөг, ажлын хөлсөнд 2.000.000 төгрөгийг төлөхөөр тохиролцон гэрээнд нэмэлт оруулж, захиалагч нь ажил гүйцэтгэгчид нийт 15.000.000 төгрөгийг 2014 оны 5 сарын 17-ны өдөр төлсөн талаар тус тус маргаагүй болно.

        Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэгч “Д” ХХК нь өөрийн худалдаж буй материалаар 10х8 хэмжээтэй, мансардтай палкан байшингийн торх босгох ажил гүйцэтгэх, захиалагч Н.Э нь ажлын үр дүнг хүлээн авч материалын үнэ болон ажил гүйцэтгэсний хөлсөнд 15.000.000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээжээ.

      Талууд гэрээгээр тохирсон үүргээ тус тус гүйцэтгэсэн боловч нэхэмжлэгч нь байшингийн торхыг барихдаа чанаргүй материалаар барьсаны улмаас одоо ашиглах боломжгүй болсон, ашиглах боломжгүй байшингийн торхыг энэ компани нь дахин засч өгөх боломжгүй гэсэн учраас гэрээнээс татгалзаж, материалын үнэ болон ажил гүйцэтгэсний хөлсөнд төлсөн 15.000.000 төгрөгөө буцаан авах,  өөрийн гаргасан материалын үнэ 1.100.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чулуунбаатар нь “бид байшинг чанар муутай материалаар хийгээгүй, харин захиалагч тал гадна, дотор заслаа цаг тухайд нь хийгээгүйгээс болж чанарын доголдол үүссэн, бид хугацаандаа байшингийн торхоо барьж ашиглалтанд хүлээлгэж өгсөн учраас дээрх мөнгийг төлөхгүй” гэж маргаж байна.

     Нэхэмжлэгч буюу захиалагч Н.Э нь Монгол Улсын Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-т зааснаар барилга байшингийн доголдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болох бөгөөд уг хугацааг хэтрүүлээгүй байна.

        Монгол Улсын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээхээс гадна мөн хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д зааснаар захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүнг шилжүүлэх үүрэгтэй байна.

     Мөн гэрээнд ажлын үр дүнгийн тоо, хэмжээ, чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэж үзэхээр Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.3-д заажээ.

      Гэтэл хариуцагч талын хүсэлтээр томилогдсон шинжээч, барилга угсралтын мэргэшсэн инженер М.Ганхүүгийн дүгнэлтэд “...барилгын дээврийн шувуу нурууны дүнз нь дээврийн дээрээс ирэх ачааг /хүн дээр нь гарч засвар хийх, байгалийн зурвас хүчтэй салхи, шуурга гэх мэт/ даах боломжгүй нарийн бөгөөд тус дүнзний ханатай бэхлэгдсэн хэсгээс шувуу нурууны үзүүр хэсэг рүү нарийссан, хагаралт, цууралт үүссэн модоор угсарсан тул солих шаардлагатай, тухайн барилгын дээврийн шувуу нурууны дүнз цууралт үүссэн, тулаас хийгдээгүй, нарийн мод ашигласны улмаас хотойлт үүссэн, ханын палк босоо хэвтээ тэнхлэгийн тэгш хэм алдагдаж, гадагш цүлхийсэн тул одоогийн байдлаар дотоод засал хийж зориулалтын дагуу ашиглах боломжгүй, ...тус барилгын шувуу нуруунд төмөр бэхэлгээ болон босоо тэнхлэгийн дагуу тулаас хийгээгүй нь модон хийцэд нөлөөлж хотойлт үүссэн, ...хаалганы зүүн ханын уулзвар бүхий буланд суурь цутгаагүй модон дэр тавьсны улмаас суулт үүсэн хананд хэт завсар гарсан...” гэж тус тус дүгнэснээс үзвэл ажил гүйцэтгэгч талын гүйцэтгэсэн ажлын үр дүнг биет байдлын доголдолтой гэж үзэх үндэслэлтэй байна.

      Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр талууд дээрх байшингийн дээврийг дам нуруугүйгээр босгохоор тохиролцсон гэх байдал тогтоогдохгүй байхаас гадна ажил гүйцэтгэгч тал нь барилгын ажил гүйцэтгэгч компанийн хувьд мэргэжлийн үүднээс байшингийн дам нуруугүй хэсэгт нэмэлт төмөр бэхэлгээ болон босоо тэнхлэгийн дагуу тулаас хийх шаардлагатай болохыг мэдсээр байж дээрх ажлыг гүйцэтгээгүй байна.

      Мөн хариуцагч нь “захиалагч тал байшингаа дам нуруутай хийлгэнэ гэж хэлээгүй” гэж тайлбарлаж байгаа боловч байшинг дам нуруутай, нуруугүйгээр хийлгэх тухай тохиролцоогүй байсан ч уг байшинг зориулалтын дагуу ашиглах боломжтой ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үүргээ зөрчсөн гэж үзнэ.

      Ажлын үр дүнгийн доголдол гарахад захиалагч талын буруутай үйл ажиллагаа байсан болох нь тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгч Н.Н.Э нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2-д заасан шаардах эрхүүдийг гаргах эрхтэй болно.

            Нөгөө талаас гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгч нь өөрийн санал болон зардлаар уг доголдлыг арилгах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгэж өгөх үүрэгтэй боловч хариуцагч нь “...чанарын шаардлага хангаагүй материал хэрэглээгүй учраас дахин засварлах үүрэггүй” гэж тайлбар гаргасан, мөн нэхэмжлэгч нь байшинг барих хугацаанд 2 удаа нурааж засуулсан боловч доголдол арилаагүй, мөн уг байшингийн торх мод дахин ашиглах боломжгүй болсон, мөн хариуцагч компаниар дахин ажил гүйцэтгүүлэхгүй гэх үндэслэлээр өөрсдийн дунд байгуулагдсан гэрээнээс татгалзсан нь үндэслэлтэй байна.

      Өөрөөр хэлбэл, гэрээгээр тохирсон ажлын үр дүн болох байшингийн торх мод баригдсан хэдий ч хариуцагч чанарын шаардлага хангахгүй материалаар байшинг барьсны улмаас байшинг одоо ашиглах боломжгүй талаар шинжээчийн дүгнэлтэд дурдсан, мөн хариуцагч нь шинжээчийн дүгнэлтэд дурдсанаар байшинг засварлахаас татгалзаж байгаа зэргээс нэхэмжлэгч гэрээнээс татгалзахад хүрчээ.

     Хариуцагч  “Д” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг цуцлах үндэслэлтэй байна.

       Түүнчлэн Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.5-д “гэрээг цуцалснаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдвал түүнийг нэгэн адил цуцална, ийнхүү цуцлахад энэ хуулийн 205 дугаар зүйлд заасан журам нэгэн адил үйлчилнэ” гэж заажээ. Иймд энэ хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцаан өгөх үүрэг үүсч байна.   

     Нэхэмжлэгч Н.Э нь өөрөөс гаргасан материалын үнэ болох хар цаас, дээврийн төмрийн үнэ 1.100.000 төгрөгийг хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд тооцон нэхэмжилсэн боловч дээрх эд хөрөнгө нь дахин ашиглагдахгүй болсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

      Иймд нэхэмжлэгч Н.Э, хариуцагч “Д” ХХК-иийн хооронд байгуулагдсан гэрээг цуцалж, хариуцагчаас гэрээний үүрэгт төлсөн 15.000.000 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчийн эзэмшилд байгаа 10х8 хэмжээтэй, мансардтай палкан байшингийн торхыг хариуцагчид олгохоор тус тус шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагаас 1.100.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

        Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Монгол Улсын Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 221 дүгээр зүйлийн 221.5, 355 дугаар зүйлийн 355.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч “Д” ХХК-иас  гэрээний үүрэгт төлсөн 15.000.000 /арван таван сая/ төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч Н.Эд, нэхэмжлэгчийн эзэмшлээс 10х8 хэмжээтэй, мансардтай палкан байшингийн торхыг гаргуулан хариуцагч “Д” ХХК-д тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.100.000    /нэг сая нэг зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Н.Эы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275.950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Д” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 232.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Н.Эд олгосугай.

       3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэхь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

     4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

    5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         С.ГАНЧИМЭГ