Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2020/0762

 

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 10 өдөр Дугаар Улаанбаатар хот

128/ШШ2020/0762

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: З ХХК

Хариуцагч: А М Г Т Г

Нэхэмжлэлийн шаардлага: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу А М Г Т Г-ын 2020 оны 1/1588 дугаар захиргааны актыг хууль бус болохыг тогтоож, шаардагдах захиргааны актыг гаргахыг хариуцагч А М Г Т Гт даалгах.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... Манай компани 2008 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн *** сумын нутаг дэвсгэрт *** нэртэй газарт 812 га талбайд ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулах ХV-****** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг тухайн үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжийн дагуу Ашигт малтмалын газраас авсан. 2008-2012 оны хооронд бид өөрийн хөрөнгөөр нийтдээ 103.622.000 /нэг зуун гурван сая зургаан зуун хорин хоёр мянга/ төгрөгийг зарцуулж уг талбайд хайгуулын уйл ажиллагаа явуулсны үр дүнд 2012 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр нөөцийн тайланг хэлэлцүүлэн батлуулж нийг 289.69 га талбайд МV-****** дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг одоогийн Ашигт малтмал газрын тосны газраас авсан.

Гэтэл 2009 оны Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасны дагуу тухайн газруудын хилийн заагийг Засгийн газраас 2012 оны 194 дүгээр, 2015 оны 289 дүгээр тогтоолоор тус тус баталсан. МV-****** дугаартай ашиглалтын зөвшөөрөлтэй талбай нь Засгийн газрын 2012 оны Хилийн зааг тогтоох тухай 194 дүгээр тогтоол, 2015 оны 289 дүгээр тогтоолоор баталсан усны сан бүхий газрын хамгаалалтын бүстэй 123,95 га талбайгаар хэсэгчлэн давхацсан. Монгол улсын Засгийн газрын эдгээр тогтоолуудаар манай компанийн эзэмшлийн МV-****** дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь хориглосон талбайтай давхцаж ашигт малтмал ашиглах үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон.

Манай компани өөрийн тусгай зөвшөөрөл бүхий талбайд үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон боловч тусгай зөвшөөрлийн төлбөрийг өнгөрсөн хугацаанд цаг тухай бүрд нь төлж ирсэн. Ингээд уг талбайд аливаа үйл ажиллагаа явуулах боломжгүй тул 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Ашигт малтмал, газрын тосны газарт нөхөх олговрын асуудлыг шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан.

Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас 2020 оны 06/1149 дугаар албан бичгээр тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор авах хүсэлтээ геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хандана уу" гэх хариу ирүүлсэн бол Ашигт малтмал, газрын тосны газраас 2020 оны 1/1588 дугаар албан бичгээр Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, Засгийн газрын 2015 оны 120 дугаар тогтоолоор батлагдсан урсац бүрэлдэх эхийн бүсэд олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж эхэлсэн, тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох арга хэмжээг авах, нөхөн сэргээлт хийлгэх журмын дагуу хориглосон талбайн хилийн заагтай давхцалтай хэсгийг хасуулж, үлдсэн талбайд олборлолт явуулж, нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулах боломжтойг үүгээр мэдэгдье" гээд бидний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхээс татгалзсан.

Бид Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6, Засгийн газрын 2010 оны 299 дүгээр Ашигт малтмал эзэмшигчид нөхөх олговор олгох тухай тогтоолын дагуу усны сан бүхий газрын хамгаалалтын бүстэй давхацсан хэсэгтээ нөхөх олговор авах хүсэлтийг гаргасан. Засгийн газрын 299 дүгээр тогтоолын хавсралтын 4.1 дэх хэсэгт заасны дагуу бид нөхөх олговор авах хүсэлтээ хариуцагчид гаргах эрхтэй ба хариуцагч нь уг журмын 4.2 дахь хэсэгт заасны дагуу бидний хүсэлтийг хүлээн авснаас хойш 30 өдөрт багтаан манай компанийн авах нөхөх олговрын хэмжээг тодорхойлж, тодорхойлолтыг холбогдох бичиг баримтын хамт Сангийн яаманд хүргүүлэх үүрэгтэй.

Гэтэл хариуцагч нь бидний хүсэлттэй огт хамааралгүй хориглосон хязгаарласан талбайн давхцалтай хэсгийг хасуулж үлдэх хэсэгт олборлолт явуулж, нөхөн сэргээлт хийхтэй холбоотой харилцааг зохицуулсан Засгийн газрын 2015 оны 120 дугаар тогтоолыг үндэслэж бидний хүсэлтийг шийдвэрлэхээс хууль зүйн үндэслэлгүйгээр татгалзсан.

Ингэснээр хариуцагч нь 2020 оны 1/1588 дугаар захиргааны актаар нэхэмжлэгчийн Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нөхөх олговор авах эрхийг зөрчсөн гэж нэхэмжлэгч үзэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. гэжээ.

Хариуцагч А М Г Т Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

... Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхайн кадастрын газрын даргын 2008 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 580 дугаар шийдвэрээр Өвөрхангай аймгийн *** сумын нутаг *** нэртэй 417.06 га талбайд ашигт малтмалын хайгуулын ХҮ-****** дугаартай тусгай зөвшөөрлийг М ХХК-д олгож Ашигт малтмалын газрын даргын 2010 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 89 дүгээр шийдвэрээр З ХХК-д бүхэлд нь шилжүүлжээ.

Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2012 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 285 дугаар шийдвэрээр

Өвөрхангай аймгийн *** сумын нутаг *** нэртэй 282.69 га талбайд ашигт малтмалын ашиглалтын М\/-****** дугаартай тусгай зөвшөөрлийг З ХХК-д олгосон байна. Нэхэмжлэгч З ХХК-ийн Өвөрхангай аймгийн *** сумын нутаг *** нэртэй ашигт малтмалын ашиглалтын М\/-****** дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн зарим хэсэг буюу 123.95 га талбай нь Засгийн газрын 2012 оны 194, 2015 оны 289 дүгээр тогтоолоор тогтоосон усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй хэсэгчлэн хамрагдсан байна.

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж, мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө мөн хуулийн 4.3-т заасан хилийг заагийн дотор олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын дотор геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өргөдөл гаргана. гэж заасны дагуу З ХХК нь ашигт малтмалын ашиглалтын МV-****** дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах хүсэлтээ геологи уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргаагүй байна.

Нөгөө талаар З ХХК-ийн тусгай зөвшөөрлийн 282.69 га талбайн зарим хэсэг буюу 123.95 га талбай нь усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй хэсэгчлэн хамрагдсан тул давхцаагүй хэсэгт үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах боломжтой байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З ХХК нь Ашигт малтмал газрын тосны газрын 2020 оны 1/1588 дугаар захиргааны актыг хууль бус болохыг тогтоож, шаардагдах захиргааны актыг гаргахыг хариуцагч А М Г Т Гт даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 285 дугаар шийдвэрээр Өвөрхангай аймгийн *** сумын нутаг *** нэртэй 282.69 га талбайд ашигт малтмалын ашиглалтын МV-****** дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшсэн.

 Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль баталсантай холбогдуулан гаргасан Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 174 дүгээр, 2012 оны 194 дүгээр тогтоолоор тогтоосон хилийн заагт З ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайн зарим хэсэг хамаарч, үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон боловч уг талбайн үлдэх хэсэг нь ашигт малтмалын нөөцгүй тул талбайг бүхэлд нь буцаан өгч, зөвхөн усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд хамаарсан 123.95 га талбайд ногдох нөхөн төлбөрийг гаргуулахыг хүсжээ.

З ХХК нь 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газарт ...Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хүрээнд уг ашиглалтын талбайд үйл ажиллагаа явуулах болон олборлолт хийх боломжгүй тул Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу нөхөн олговор гаргуулах хүсэлт гаргасан.

Уг хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 1/1588 дугаар албан бичгээр ...Танай компанийн эзэмшлийн Өвөрхангай аймгийн *** сумын нутаг *** нэртэй 282.69 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын MV-****** тоот тусгай зөвшөөрлийн талбай нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4.3-т заасныг үндэслэн гарсан Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 194 дүгээр тогтоол, 2015 оны 289 дүгээр тогтоолоор тогтоосон усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй 123.95 гектар талбай нь давхцал үүссэн байна.

Түүнчлэн Гол, мөрний урсац бүрэлдэх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглалтыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, Монгол улсын Засгийн газрын 2015 оны 120 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу хориглосон талбайн хилийн заагтай давхцалтай хэсгийг хасуулж, үлдсэн талбайд олборлолт явуулж, нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулах боломжтой тул нөхөн олговор гаргуулах хүсэлтийг хүлээн авах боломжгүй. гэж,

Уул уурхайн хүнд үйлдвэрийн яамны 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 06/1149 дүгээр албан бичгээр ... Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор Гол, мөрний урсац бүрэлдэх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох журмыг баталсан. ... Иймд нөхөн олговрын хүсэлтээ Ашигт малтмал, газрын тосны газарт дээрх журмын дагуу гаргаж, Санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар баталгаажуулан Улсын төсөвт тусгуулан шийдвэрлэнэ үү. гэж тус тус шийдвэрлэжээ.

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлахдаа уг тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор төлөх бөгөөд холбогдох журмыг Засгийн газар тогтооно. гэж,

Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө гэж тус тус зохицуулжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор батлагдсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журмын 3.1-д Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн зөвхөн гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхацсан хэсэгт нөхөх олговрыг тооцож олгоно.гэж,

Үүнээс үзэхэд ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг тусгай хэрэгцээний зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авахад нөхөх олговор олгохоор журамлаж, уг нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхийн тулд тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохиролцож олгох асуудлыг шийдвэрлүүлэхээр холбогдох яам, Засгийн газарт хүргүүлэх үүргийг Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу Ашигт малтмал, газрын тосны газарт олгосон байна.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор батлагдсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журмын 4.2-т Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ журмын 4.1-д заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 30 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох нөхөх олговрын хэмжээг тодорхойлж, тодорхойлолтыг холбогдох бичиг баримтын хамт санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл энэ хугацааг дахин 30 хоногоор сунгаж болно. гэж зааснаар нэхэмжлэгчээс нөхөн олговор авахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлүүлэхээр эрх бүхий байгууллагуудад хүргүүлэх үүргээ Ашигт малтмал, газрын тосны газар биелүүлээгүй.

Ашигт малтмал, газрын тосны газраас 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 8/1400 дугаар албан бичгээр З ХХК нь ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн ээлжит жилийн төлбөр болох 49.955.300 төгрөг, 2008-2013 онуудад хийсэн хайгуулын ажлын зардал 53.666.700 төгрөгийн зардал гаргасныг нотолсон баримт ирүүлсэн.

Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 3 дугаар 23-ны өдрийн дүгнэлтээр XV-****** дугаар тусгай зөвшөөрөл нь Засгийн газрын 2012 оны 194, 2015 оны 289 дүгээр тогтоолоор батлагдсан гол, мөрний урсац бүрэлдэх эхтэй давхцалгүй, ойн сантай давхцалгүй, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй 123.95 га давхцалтай... гэсэн лавлагаа,

Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 8/4315 тоот албан бичгээр З ХХК-ийн ... ашиглалтын MV-****** дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн батлагдсан нөөц нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу хориглож хязгаарласан талбайтай давхцаж байгааг харуулсан тойм зураг,

Усны газрын 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 01/131 тоот албан бичгээр ...ашигт малтмалын ашиглалтын MV-****** дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй 123.95 га талбай нь давхцалтай болохыг харуулсан зургийг тус тус ирүүлсэн.

Эдгээр нотлох баримтаар З ХХК-ийн тусгай зөвшөөрлийн 282.69 га талбайн зарим хэсэг болох усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцсан 123.95 га талбай нь ашигт малтмалын нөөцтэй бөгөөд үлдэх хэсэгт нь ашигт малтмалын нөөц байхгүй болох нь тогтоогдож байх тул хариуцагчийн гаргасан З ХХК-ийн тусгай зөвшөөрлийн 282.69 га талбайн зарим хэсэг буюу 123.95 га талбай нь усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй хэсэгчлэн хамрагдсан тул давхцаагүй хэсэгт үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах боломжтой. гэх тайлбар үндэслэлгүй байна.

Иймд З ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 1/1588 дугаар захиргааны актыг хууль бус болохыг тогтоож, З ХХК-ийн ашиглалтын MV-****** дугаартай тусгай зөвшөөрлийн талбайгаас усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй хэсэгчлэн давхацсан 123.95 га талбайд нөхөн олговор гаргуулах хүсэлтийг шийдвэрлэхийг хариуцагч А М Г Т Гт даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, 14 дүгээр зүйлийн 14.4, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч З ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 1/1588 дугаар захиргааны акт хууль бус болохыг тогтоож, З ХХК-ийн ашиглалтын MV-****** дугаартай тусгай зөвшөөрлийн талбайгаас усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй хэсэгчлэн давхацсан 123.95 га талбайд нөхөн олговор гаргуулах хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч А М Г Т Гт даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН