Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2023/0737

 

“Т-О” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан

Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цолмонгэрэл

Нэхэмжлэгч: “Т-О” ХХК

Хариуцагч: УБЕГ-ын ХЭУБГ

Гуравдагч этгээд: “Т” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “Т-О” ХХК-ийн оноосон нэртэй давхардуулан бусдыг төөрөгдүүлэх, ижил төсөөтэй, ялгагдах шинжгүй “Т” ХХК оноосон нэрийг баталгаажуулсан эрх зүйн харилцаа байгааг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх, “Т” ХХК оноосон нэр баталгаажуулсныг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2023/0700 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 128/2023/0459/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Т-О” ХХК-иас УБЕГ-ын ХЭУБГт холбогдуулан “Т-О” ХХК-ийн оноосон нэртэй давхардуулан бусдыг төөрөгдүүлэх, ижил төсөөтэй, ялгагдах шинжгүй “Т” ХХК оноосон нэрийг баталгаажуулсан эрх зүйн харилцаа байгааг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх, “Т” ХХК оноосон нэр баталгаажуулсныг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2023/0700 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны/-ийн 16 дугаар зүйлийн 16.8-д заасныг тус тус баримтлан “Т-О” ХХК-иас УБЕГ-ын ХЭУБГт холбогдуулан гаргасан “Т-О” ХХК-ийн оноосон нэртэй давхардуулан бусдыг төөрөгдүүлэх, ижил төсөөтэй, ялгагдах шинжгүй “Т” ХХК оноосон нэрийг баталгаажуулсан эрх зүйн харилцаа байгааг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх, “Т” ХХК оноосон нэр баталгаажуулсныг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2023/0700 дугаар шийдвэр түүнийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах”

3.1. Шүүх Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д “Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төстэй байж болохгүй”  гэснийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

“Т-О” ХХК нь 2006 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Тэнүүн дэлгэр, Капитал сервис гэдэг хоёр компани нэгдэж нийтийн тээврийн, тээврийн чиглэлээр “Т-О” ХХК-ийг шинээр үүсгэн байгуулсан. Тэнүүн гэдэг үг нь “Т” ХХК-ийн нэрнээс авсан бол Огоо гэдэг нь “Капитал авто сервис” ХХК-ийн үүсгэн байгуулагч А.Гийн гэр бүлийн гишүүд найзууд дунд дуудагддаг нэр нь юм. Өөрөөр хэлбэл “Т-О” ХХК нэр нь иргэний хувийн мэдээллийг агуулсан нэр юм.

3.2. Гэтэл “Т” ХХК нь 2014 онд үүсгэн байгуулагдсан байх бөгөөд хуучин “Т-О” ХХК-ийн хувьцаа эзэмшигч байсан С.Мягмарсүрэн нь компаниас гармагцаа төд удалгүй “Т” ХХК гэх нэрээр компани байгуулсан байна. Одоо БНСУ-ын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжээр бүртгэгдсэн байна.

Мөн “Т” ХХК-ийн ажлын байр болон вэб сайтандаа байрлуулсан лого нь “Т-О” ХХК-ийн логотой маш ижил төстэй байх бөгөөд нэг төрлийн буюу тээврийн салбарт үйл ажиллагаа явуулдаг байна.

Өөрөөр хэлбэл “Т” ХХК нь “Т-О” ХХК-ийн нэртэй төстэй, андуурагдахаар бусдыг төөрөгдүүлэхээр байх бөгөөд логог дуурайлган хийсэн, ижил төрлийн салбарт үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан нь анхнаасаа тус нэрийг санаатайгаар сонгон төсөөтэй байдлаар ашигласан, улмаар зах зээлд амар хялбараар нэвтрэх танигдахад ашигласан байна.

3.3. 2023 оны 1 сард жүжигчин А фэйсбүүк хуудсандаа “Т” ХХК-ийн БНСУ-д ажилтан зуучлана гэх лайвыг хиймэгц иргэд танай “Т-О” ХХК гадаадад ажилтан зуучилж байгаа юм уу гэж андууран бидэнд хандсанаар бид ийм нэртэй компани байгаа болохыг анх мэдсэн. Хамгийн сүүлчийн жишээ гэвэл ногоон автобусны хэргээр хүн намын хэсэг гишүүд хуулийн зөвлөх О.Батхүү болон цахим орчинд олон тооны хүн “...”Т-О” ХХК нь автобус завсарлуулахаар БНСУ-д ажилтан гаргаж байсан байна, Тэнүүн Огоо компани нь БНСУ-ын иргэн хувьцаа эзэмшдэг” гэх утгатай пост, мэдэгдлийг хийсэн. Өөрөөр хэлбэл нийтэд “Т” ХХК-ийг манай компани гэх ойлголт бий болсон, андуурагдахаар төсөөтэй байгаа болох нь нотлогдож байна.

Гэтэл шүүх шийдвэрийн үндэслэх хэсгийн 13-т “Маргаан бүхий тохиолдолд хууль болон журмын заалтыг зөрчөөгүй байна”, 14-т “... хуулийн этгээдүүдийн нэр хоорондоо давхардахгүй “транс” гэдэг үгээр ялгагдаж байх тул хариуцагчийн гуравдагч этгээдийн нэрийг бүхэлдээ нэхэмжлэгчийн нэртэй ижил бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй нэрийг бүтээсэн гэж буруутгах үндэслэлгүй байна”, 15-т “... тус компаниуд нь нэг зах зээлд өрсөлдөгч нар биш байх тул төөрөгдөл үүссэн гэх үндэслэлгүй тогтоогдохгүй байна” гэж үзсэн нь бодит байдалд Иргэний хуулийн 27.3 дугаар зүйлд заасан бусдыг төөрөгдүүлэхээр ижил төстэй байж болохгүй гэсэн хуулийн шаарлагад нийцэхгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Иймд нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2023/0700 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

4. Хариуцагч талаас давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “Т-О” ХХК-иас УБЕГ-ын ХЭУБГт холбогдуулан “Т-О” ХХК-ийн оноосон нэртэй давхардуулан бусдыг төөрөгдүүлэх, ижил төсөөтэй, ялгагдах шинжгүй “Т” ХХК оноосон нэрийг баталгаажуулсан эрх зүйн харилцаа байгааг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх, “Т” ХХК оноосон нэр баталгаажуулсныг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг УБЕГ-ын ХЭУБГт холбогдуулан гаргажээ.

3. Хэргийн үйл баримтыг үзвэл нэхэмжлэгч “Т-О” ХХК-ийн хувьд анх иргэн С.Э, А.Г нарын хооронд 2006 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан “Тэнүүн огоо” хязгаарлагдмал хариуцлагатай компани байгуулах тухай гэрээ”-г үндэслэн улсын бүртгэлийн байгууллагаас 2006 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “Т-О” ХХК /РД:5103258/-ийг улсын бүртгэлийн 9011047057 дугаарт бүртгэж, 0000089213 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон байна.

3.1.  Харин гуравдагч этгээд “Т” ХХК-ийн хувьд тус компанийн хувьцаа эзэмшигчийн 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 01 дугаартай “Т” ХХК-ийг үүсгэн байгуулах шийдвэр”-ийг үндэслэн улсын бүртгэлийн байгууллагаас 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдөр “Т” ХХК /РД:5874262/-ийг улсын бүртгэлийн 9011500126 дугаарт бүртгэж, 0000086331 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ олгожээ.

3.2. Нэхэмжлэгч талаас “... “Т-О” ХХК нь 2006 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Тэнүүн дэлгэр, Капитал сервис гэдэг хоёр компани нэгдэж нийтийн тээврийн, тээврийн чиглэлээр “Т-О” ХХК-ийг шинээр үүсгэн байгуулсан ... гэтэл “Т” ХХК нь 2014 онд үүсгэн байгуулагдсан байх бөгөөд хуучин “Т-О” ХХК-ийн хувьцаа эзэмшигч байсан С.Мягмарсүрэн нь компаниас гармагцаа төд удалгүй “Т” ХХК гэх нэрээр компани байгуулсан байна ... мөн “Т” ХХК-ийн ажлын байр болон вэб сайтандаа байрлуулсан лого нь “Т-О” ХХК-ийн логотой маш ижил төстэй байх бөгөөд нэг төрлийн буюу тээврийн салбарт үйл ажиллагаа явуулдаг. Өөрөөр хэлбэл “Т” ХХК нь “Т-О” ХХК-ийн нэртэй төстэй, андуурагдахаар бусдыг төөрөгдүүлэхээр байх бөгөөд логог дуурайлган хийсэн, ижил төрлийн салбарт үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан нь анхнаасаа тус нэрийг санаатайгаар сонгон төсөөтэй байдлаар ашигласан, улмаар зах зээлд амар хялбараар нэвтрэх танигдахад ашигласан байна” гэж тайлбарлан маргаж байна.

4. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны/-ийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль тогтоомж нь Иргэний хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж заасны дагуу хуулийн этгээд байгуулах, түүнийг улсын бүртгэлд бүртгэх, улсын бүртгэл хөтлөхтэй холбоотой харилцаанд Иргэний хууль эрх зүйн эх сурвалж болох бөгөөд Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д “Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй” гэж заажээ.

4.1. Хуулийн дээрх зохицуулалтыг үзвэл хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан байж болохгүйгээс гадна бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байхыг хориглосон байна.

4.2. Дээрх тохиолдолд “Т-О” ХХК, “Т” ХХК гэсэн нэрс нь “транс” гэсэн үг байгаагаас үл хамааран бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төстэй гэж үзэхээр байна.

4.3. Гэтэл анхан шатны шүүх “... транс гэдэг үгээр ялгагдаж байх тул ... нэхэмжлэгчийн нэртэй ижил, бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй нэрийг бүртгэсэн гэж буруутгах үндэслэлгүй байна” гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна. Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй.

5. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны/-ийн 16 дугаар зүйлийн 16.8-д “Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан эсэхийг холбогдох бүртгэх байгууллага цахим хэлбэрээр шалгаж баталгаажуулна” гэж заасан.

5.1 Хариуцагч нь гуравдагч этгээд “Т” ХХК-ийн нэр нь нэхэмжлэгч “Т-О” ХХК-ийн нэрс нь “бусдыг төөрөгдөлд оруулахаар ижил, төсөөтэй” байгааг анхаарч үзэлгүй, “Т” ХХК-д нэрийн баталгаажуулалтын хуудас олгож, хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэсэн нь Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.8-д тус тус заасантай нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

6. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа “Т-О” ХХК-ийн оноосон нэртэй давхардуулан бусдыг төөрөгдүүлэх, ижил төсөөтэй, ялгагдах шинжгүй “Т” ХХК оноосон нэрийг баталгаажуулсан эрх зүйн харилцаа байгааг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх, “Т” ХХК оноосон нэр баталгаажуулсныг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... гуравдагч этгээдийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулахаар маргасан” гэж залруулан тайлбарласан тул шүүх бүрэлдэхүүн “Т” ХХК-ийг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.

6.1. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2023/0700 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны/-ийн 16 дугаар зүйлийн 16.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т-О” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Т” ХХК-ийг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

    

 

ШҮҮГЧ                                                                       О.ОЮУНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН

еРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ